| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 185/2021/0454/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/489 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/489
2021 04 08 2021/ШЦТ/489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч К.Чимгээ /томилолтоор/,
шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Халх овогт Х.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 200 604 123 2791 дугаартай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 2, эхнэрийн хамт, ............ тоот оршин суух бүртгэлтэй, урьд Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн Х овогт Х.Н
Холбогдсон хэргийн талаар:
Х.Н нь 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын автобусны буудал орчим иргэн А.У гараараа цохиж тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Н мэдүүлэхдээ: Би багш нарын баярын өмнөх өдөр ажлаа тарчхаад эхнэртэйгээ “Мөнгөн бар” гэх бааранд суусан. Тэгээд байж байхад манай эхнэр “би нэг найзыгаа дуудсан, чамтай танилцъя” гэж байна гэсэн. Тэгээд У гэх хүн ирээд надтай танилцаад буцаад гараад явсан. Эхнэр бид хоёр шөнийн 03 цаг хүртэл тухайн бааранд суусан. Би Б гэх найз руугаа залгаад эхнэр, бид хоёрыг хүргэж өгөхийг гуйсан. Манай найз ирээд эхнэр бид хоёр машинд суугаад явж байхад У залгасан. Бид Уг “Венус” гээд баарны гаднаас очиж авсан. Тэгээд бид нар явж байхад манай эхнэр, У хоёр маргалдаад байсан. Манай найз машиныхаа дууг чанга тавьсан байсан тул би тэр хоёрыг яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. У машинаас бууна гээд орилоод байсан болохоор Жуковын автобусны буудал дээр түүнийг машинаас буулгасан. Тэгэхэд нэг эмэгтэй машины цонх хагалсан. Би уурлаад яагаад машины цонх хагалж байгаа юм бэ гэхэд “чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгээд би шууд цагдаа дуудсан. Тэгэхэд нөгөө эмэгтэйчүүд араас дагаж байсан машинтайгаа зугтаагаад явсан. Тэгээд цагдаа дээр очоод 30 минут болж байхад У гэх хүн цагдаад дуудлага өгсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.У-гийн өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 00 цаг 05 минутад 90118258 гэсэн дугаараас /hi nz hotod baigaa yumuu/ “хаая найз хотод байгаа юм уу” гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би хэн бэ гэсэн чинь Номин байна гэхээр нь би байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Сансарын Мөнгөн бааранд байна уулзах уу гэхээр нь хэнтэй явж байгаа юм гэж асуусан чинь би нөхөртэйгөө нэг найзтай нь хамт явж байна гэхээр нь би хоёр найзын хамт тэр баарных үүдэнд очоод нөгөө хоёр найзыгаа таксинд суулгаж үлдээгээд би өөрөө дотогш орж найзтайгаа уулзангаа нөхөртэй нь танилцсан. Тэгээд би ажилтай явна дараа тухтай уулзъя гэж хэлээд гараад явсан. Тэгээд 02 цагаас хойш над руу дахин залгаад байхаар нь би утасныхаа дуудлагыг хаачихсан байсан болохоор мэдээгүй байж байгаад 03 цагийн үед баахан залгасан байхаар нь ирэхгүй юм уу гэхээр нь би эхэндээ очиж чадахгүй нь гэж хэлсэн чинь хаана байгаа газраас чинь очиж авъя гэхээр нь би очсон чинь тэгээд машинд нь суугаад явсан чинь нөхөр нь намайг үгээр идээд хэл амаар доромжлоод байхаар нь тэгэхээр нь би машинаас нь буулаа гэсэн чинь зогсохгүй яваад байхаар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жуковын автобусны буудал өнгөрөөд явж байхаар нь машины хаалга онгойлгосон чинь машинаа зогсоохоор нь би буух гэтэл нөхөр нь тэнэг муу гичий бэ гээд миний нүүр рүү цохиод авсан. Тэгээд би нүүрээ дараад авсан чинь араас миний нуруу руу цохиод авсан. Тэгээд манай хоёр найз араас дангаж явж байгаад намайг машинаас буусан чинь ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.А өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай гэр болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 36 дугаар байрны 9 тоотод манай найз У, О бид гурав уулзаад хоол хийж идчихээд хөзрөөр 13 тоглож байсан чинь Угийн оюутан ангийнх нь найз Угийн 91972525 дугаар руу олон удаа залгаад “Сансарт хүрээд ир” гэж дуудаад байсан. Тэгээд У “явж уулзах уу” гэж О бид хоёрт хэлэхээр нь “эмэгтэй хүн дуудаад байгаа юм чинь хальт оччихоод ирье” гэж бодоод гэрээсээ гараад такси бариад /Тоёота приус маркийн яг сайн мэдэхгүй байна/ бид гурав Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбар” нэртэй шөнийн цэнгээний гадна талд ирээд зогсоод У нь тухайн шөнийн цэнгээний газар руу орж найзтайгаа уулзчихаад ирье гэж хэлээд орсон. Тэгээд 5 минут орчмын дараа эргэж найз гэх эмэгтэй У гарч ирээд найзаасаа салаад буцаад О бид гурав такси бариад “I loft” нэртэй шөнийн цэнгээний газар руу явсан. Тухайн газарт 40 орчим минут сууж О бид 2 нэг, нэг шил пиво уучхаад байж байсан ба тухайн үед шөнийн 03 цаг болж байсан байх дахиад Угийн оюутны найз гэх эмэгтэй залгаад караокед байна хүрээд ир гэж хэлэхээр нь бид гурав дахин такси бариад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” нэртэй шөнийн цэнгээний хажуу талд очсон чинь У-г найз нь гэх эмэгтэй машинаас дуудаж гаргаад урд талд байсан тээврийн хэрэгсэл /маркийг нь мэдэхгүй/-д суулгаад шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь О бид хоёр араас нь сууж явсан такситайгаа дагаад явж байсан чинь У нь над руу “Араас дагаад яваарай гэсэн утгатай” фэйсбүүк чат бичсэн юм. Тэгээд О бид хоёр араас нь дагаад явж байсан чинь Угийн сууж явсан тээврийн хэрэгсэл Жуковын музейн хажуугаар урсгал сөрөөд машиныхаа хурдыг нэмсэн, тэгэхээр нь би таксины хүнийг “энэ машиныг алдаж болохгүй, яг араас нь дагаарай” гэж хэлсэн, тэгээд араас нь дагаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудал өнгөрөөд явж байсан чинь урд талын тээврийн хэрэгслийн ард талын баруун талын хаалга онгойж Угийн баруун талын хөл нь газарт чирэгдэж байсан, мөн гар нь хаалгатайгаа нээгдээд гараараа барьчихсан байсан. Би У гэдгийг нь өмсөж явсан хувцас, гутлаар нь мэдсэн, угаасаа анхнаасаа хойд талын баруун талд нь сууж байсан юм. Тэгэхээр нь О бид хоёр сууж явсан таксиныхаа жолоочийг сигналдуулаад урд талын тээврийн хэрэгслийг зогсоосон. Тэгээд О бид хоёр сандраад буугаад очсон чинь У зүүн талынхаа нүүр хэсгээ дараад уйлаад, “жолоочийн эсрэг талын бор царайтай залуу намайг цохичихлоо” гэж хэлээд сууж байсан юм. Тэгээд би Уг цохисон гэх залууд “чи яагаад эмэгтэй хүнийг цохисон юм бэ” гэж асуухад тэр залуу нь “наадах чинь үнэтэй гичий байна” гэж хэлээд зугтах гэж /бага багаар урагшлаад байсан/ оролдохоор нь О нь барьж явсан “Tiger” нэртэй пивоны шилээр машиных нь ард талын цонх руу нь цохиж хагалсан юм. Тэгээд Уг аваад сууж явсан таксиндаа суугаад гэр рүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Оын өгсөн: ..2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Аын гэрт У бид гурав уулзаад хөзөр тоглож байсан ба 00 цаг өнгөрөөд 01 цаг болж байсан чинь Угийн оюутан ангийн найз гэх эмэгтэй залгаад уулзъя гэж олон удаа залгаад байсан ба бид гурав гараад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбар” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна таксигаар очоод У нь оюутан ангийн найзтайгаа уулзах гэж буугаад “Бамбар” нэртэй шөнийн цэнгээний газар руу орсон. Тэгээд 10-15 минутын дараа ганцаараа гарч ирээд бид гурав “I loft” шөнийн цэнгээний газар руу явж очоод А бид хоёр л нэг, нэг шил пиво уугаад бүжиглэж байгаад шөнийн 3 цагийн үед гараад Аын гэр рүү таксигаар явж байсан чинь Угийн найз нь дахиж залгаад Сансарт хүрээд ир, караоке орж дуулъя гэж хэлсэн чинь А нь эмэгтэй хүн дуудаад байгаа юм чинь очиж хальт уулзчихаад харъя гэж хэлээд бид гурав Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пицца хат”-н урд талд ирж зогсоод бид хоёр сууж явсан таксиндаа үлдээд У ганцаараа буусан чинь оюутан ангийн найз гэх үл таних эмэгтэй тосож аваад саарал өнгийн /Улсын дугаар, маркийг нь мэдэхгүй, санахгүй/ суудлын машинд суулгаад шууд хөдөлсөн чинь У нь А руу “ардаас алдахгүй дагаад яваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр дагаад явж байсан чинь тухайн тээврийн хэрэгсэл нь Хил хамгаалах Ерөнхий газар руу доошоо уруудаж байхдаа урсгал сөрөөд давхиад байхаар нь би “нэг л биш боллоо” гэж бодож байсан чинь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлаас Зүүн дөрвөн зам руу явж байсан чинь У-гийн сууж явсан талын хаалга нь онгойгоод хөл нь гарч ирээд байхаар нь таксины ахыг “урдуур нь ч ороод хамаагүй дуут дохиогоо өгөөд зогсоогоорой” гэж хэлсэн чинь тухайн таксины ах дуут дохиогоо өгсөн чинь урд явсан тээврийн хэрэгсэл нь зогссон. Тэгэхээр А бид хоёр машинаас буугаад очсон чинь У нь “намайг зодчихлоо, цохичихлоо” гэж нүүрээ дараад хойд талын баруун талд уйлаад сууж байсан юм. Тэгэхээр нь би цохисон гэх 23-25 орчим настай, бор царайтай жолооны хажууд явсан залууд “эмэгтэй хүн зоддог чи ямар арчаагүй юм бэ” гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь гартаа барьж явсан пивоны шилээр тухайн тээврийн хэрэгслийн хойд талын цонх /шил/-г нэг удаагийн үйлдлээр цохиж хагалсан юм. Тэгээд Уг буулгаж авсан чинь тухайн машинтай хүмүүс нь шууд машинтайгаа яваад өгсөн юм. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаад одоо оройтсон байна, маргааш нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргая гэж бодоод Аын гэр рүү явсан юм. Аын гэрт очоод байж байсан чинь У-гийн оюутны найз нь У руу “машиныхаа цонх хагалах ёсгүй байсан юм, манай нөхөр чамайг цохиж, зодсон зүйл байхгүй шүү” гэж өөрөө шууд бичсэн. Мөн “Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр яг одоо ирэхгүй бол чи болон танай найзууд дуус” гэж дуудахаар нь бид гурав таксигаар дахиж ирээд гомдлоо өгсөн юм. У-г нь У, А бид гурав У-гийн найз руу ямар нэгэн байдлаар нөхрийг чинь Цагдаад өгнө, намайг зодчихлоо гэсэн зүйл огт яриагүй байхад тэр У-гийн найз өөрөө шууд “фэйсбүүк”-ээр чат бичиж эхэлсэн юм. Би тухайн өдөр сууж явсан таксины жолооч, тээврийн хэрэгслийн талаар мэдэхгүй байна. Одоо холбоо барьж чадахгүй. Тэр өдөр У нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй, мөн урьд нь ямар нэгэн маргалдаж, зодолдож, цохисон зүйл байхгүй, нүүрэнд нь гэмтэл, шарх байгаагүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б-ийн өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах У-с дулаан дамжуулах төв 168 дугаар төв дээр ажлын байран дээрээ байж байсан чинь 01 цагийн үед манай найз Х.Н нь над руу залгаад найз нь Сансарын “Мөнгөн бар” гэх нэртэй шөнийн цэнгээний газар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна, чи ирж аваад гэр рүү маань хүргээд өгчих гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 35-20 УБИ улсын дугаартай “Nissan ED” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж очсон юм. Намайг очиход Х.Ннь эхнэрийн хамт пиво уугаад сууж байсан ба тухайн газартаа бүжиглэж, сууж байгаад 03-04 цагийн үед бид гурав тухайн шөнийн цэнгээний газраас гараад Х.Нгэр рүү офицерын тойргийн тэнд явж байсан чинь Номин-Эрдэнэ нь утсаар ярьж байсан /хэнтэй, хэн нь залгаж ярьсан талаар мэдэхгүй/. Тэгсэн чинь Номин-Эрдэнэ нь надад манай найзыг Сансарын “Венус” нэртэй шөнийн цэнгээний газраас очоод авчихъя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд буцаж тухайн газар нь очоод найз У гэх эмэгтэйг аваад дахиад Х.Н гэр рүү КТМС-н зам /арын зам/-р явж байсан чинь Х.Н нь тамхи авч татъя гэж хэлэхээр нь би Хил хамгаалах Ерөнхий газрын хажуугаар доошоо уруудаад Жуковын ард талын автобусны буудлын Түргэн үйлчилгээний цэг рүү явж байсан ба Хил хамгаалах Ерөнхий газрын хажуугаар явах үеэс Номин-Эрдэнэ нь сүүлд авч суусан найз У-тай маргалдаж эхэлсэн ба яг юуны талаар, юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байсан ба би хэрүүл хийгээд байхаар нь машиныхаа дууг чангалсан юм. Тэгсэн чинь “Норжин” үйлчилгээний төвийн урд талын гэрлэн дохио өнгөрөөд явж байсан чинь У гэх эмэгтэй нь “намайг буулга, зогс” гэж орилоод хойд талын баруун хаалгыг онгойлгосон, тэгэхээр нь би Жуковын автобусны буудал руу шахаж орж зогссон юм. Тэгсэн чинь ард талын машинаас юм шиг байна лээ нэг үл таних эмэгтэй “манай найзыг яагаад байгаа юм бэ” гэж хэлээд миний тээврийн хэрэгслийн ард талын шилийг пиво шилээр цохиж хагалсан юм. Тэгээд найз У-гаа аваад хойд талын машинд суугаад хөдлөөд яваад өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Х.Н өгсөн: ...Би тухайн хохирогч гэх эмэгтэйг огт цохиогүй ээ. Хохирогч эмэгтэй, хохирогчийн найз гэх хоёр эмэгтэй болсон асуудлын талаар худлаа ярьсан байна. Тухайн үед машин дотор болсон асуудлыг тэр хоёр эмэгтэй хараагүй юм. Би тэр хохирогч эмэгтэйтэй ямар нэгэн байдлаар цохих битгий хэл, хоорондоо юм ч яриагүй байсан юм.
Уг нь анх тэр хохирогч гэх эмэгтэй нь манай эхнэр рүү залгаад онгорхой караоке олоод өгөөч гэж л уулзах болсон юм. Тэрнээс уулзах шалтгаан байхгүй байсан юм. Тухайн хүмүүс нь болсон хэргийн газраас өөрсдөө яваад өгсөн юм. Тэр үед л Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үед хамт байсан бол асуудал ийм болохгүй байсан юм. Тухайн үед тэр эмэгтэй Цагдаагийн байгууллагад хандаагүй байж, 2 цагийн дараа Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр ирээд гэнэт намайг цохисон гэх мэтээр хэлж өргөдөл өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11529 дугаартай шинжээчийн:
1. А.У-гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.С гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/,
Шүүгдэгч Х.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар болон хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 30, 31, 43, 36-43-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Х.Н нь 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын автобусны буудал орчим иргэн А.Угараараа цохиж тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Угийн өгсөн: ...машинд нь суугаад явсан чинь нөхөр нь намайг үгээр идээд хэл амаар доромжлоод байхаар нь тэгэхээр нь би машинаас нь буулаа гэсэн чинь зогсохгүй яваад байхаар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жуковын автобусны буудал өнгөрөөд явж байхаар нь машины хаалга онгойлгосон чинь машинаа зогсоохоор нь би буух гэтэл нөхөр нь “тэнэг муу гичий бэ” гээд миний нүүр рүү цохиод авсан. Тэгээд би нүүрээ дараад авсан чинь араас миний нуруу руу цохиод авсан. Тэгээд манай хоёр найз араас дангаж явж байгаад намайг машинаас буусан чинь ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.А өгсөн: ...тээврийн хэрэгслийн ард талын баруун талын хаалга онгойж Угийн баруун талын хөл нь газарт чирэгдэж байсан, мөн гар нь хаалгатайгаа нээгдээд гараараа барьчихсан байсан. Би У гэдгийг нь өмсөж явсан хувцас, гутлаар нь мэдсэн, угаасаа анхнаасаа хойд талын баруун талд нь сууж байсан юм. Тэгэхээр нь О бид хоёр сууж явсан таксиныхаа жолоочийг сигналдуулаад урд талын тээврийн хэрэгслийг зогсоосон. Тэгээд О бид хоёр сандраад буугаад очсон чинь У зүүн талынхаа нүүр хэсгээ дараад уйлаад, “жолоочийн эсрэг талын бор царайтай залуу намайг цохичихлоо” гэж хэлээд сууж байсан юм. Тэгээд би Уг цохисон гэх залууд “чи яагаад эмэгтэй хүнийг цохисон юм бэ” гэж асуухад тэр залуу нь “наадах чинь үнэтэй гичий байна” гэж хэлээд зугтах гэж /бага багаар урагшлаад байсан/ оролдохоор нь О нь барьж явсан “Tiger” нэртэй пивоны шилээр машиных нь ард талын цонх руу нь цохиж хагалсан юм. Тэгээд Уг аваад сууж явсан таксиндаа суугаад гэр рүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.О-ын өгсөн: ...У нь “намайг зодчихлоо, цохичихлоо” гэж нүүрээ дараад хойд талын баруун талд уйлаад сууж байсан юм. Тэгэхээр нь би цохисон гэх 23-25 орчим настай, бор царайтай жолооны хажууд явсан залууд “эмэгтэй хүн зоддог чи ямар арчаагүй юм бэ” гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь гартаа барьж явсан пивоны шилээр тухайн тээврийн хэрэгслийн хойд талын цонх /шил/-г нэг удаагийн үйлдлээр цохиж хагалсан юм. Тэгээд Уг буулгаж авсан чинь тухайн машинтай хүмүүс нь шууд машинтайгаа яваад өгсөн юм. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаад одоо оройтсон байна, маргааш нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргая гэж бодоод Аын гэр рүү явсан юм. Аын гэрт очоод байж байсан чинь Угийн оюутны найз нь У руу “машиныхаа цонх хагалах ёсгүй байсан юм, манай нөхөр чамайг цохиж, зодсон зүйл байхгүй шүү” гэж өөрөө шууд бичсэн. Мөн “Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр яг одоо ирэхгүй бол чи болон танай найзууд дуус” гэж дуудахаар нь бид гурав таксигаар дахиж ирээд гомдлоо өгсөн юм. Уг нь У, А бид гурав Угийн найз руу ямар нэгэн байдлаар нөхрийг чинь Цагдаад өгнө, намайг зодчихлоо гэсэн зүйл огт яриагүй байхад тэр Угийн найз өөрөө шууд “фэйсбүүк”-ээр чат бичиж эхэлсэн юм. Би тухайн өдөр сууж явсан таксины жолооч, тээврийн хэрэгслийн талаар мэдэхгүй байна. Одоо холбоо барьж чадахгүй. Тэр өдөр У нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй, мөн урьд нь ямар нэгэн маргалдаж, зодолдож, цохисон зүйл байхгүй, нүүрэнд нь гэмтэл, шарх байгаагүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11529 дугаартай шинжээчийн:
1. А.У-гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.С гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Х.Нгэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Н нь хохирогч А.У цохиж гэмтэл учруулаагүй гэж мэтгэлцэж байх боловч энэ үйл баримтыг няцаасан, үгүйсгэсэн болон эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Х.Н нь энэ талаар мөрдөн шалгах болон шүүхийн шатанд гомдол хүсэлтээ гаргаагүй байх тул тайлбар, мэдүүлгийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Х.Ннь хохирогч А.Угараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Н хохирогч А.У цохиж байгаа гэмт үйлдэл, хохирогч А.Угийн биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11529 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Нгэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд Х.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Н хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Н нь хохирогч А.У-гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч А.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 128.000 төгрөгийг баримтаар ирүүлсэн байх тул шүүгдэгч Х.Нямдаваагаас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Уд олгож шийдвэрлэв. /хх-22-23-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Х.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Халх овогт Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Н 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Н нь 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Н нь 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Х.Н-гаас /РД: / 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Аваасүрэнгийн Уд /РД: олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Н урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ