Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

 

     2021            05              12                                               2021/ШЦТ/104                                         

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч С.Сүрэнхорол,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Э.Б холбогдох эрүүгийн 2134000000089 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, А овгийн Э.Б

                      

                                 Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн В5 гудамжны 2 тоотод иргэн Б.Ц хамт архи ууж байхдаа түүний эзэмшлийн Самсунг А-60 маркийн гар утсыг "хүнтэй утсаар яриад өгье" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний 606.250 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Э.Б:

...Утсыг нь утсаар нь авч өгсөн 540.000 төгрөгөөр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шатанд мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

 

Эрүүгийн 2134000000089 дугаартай хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, “Эй жэй жэй эм” ХХК-ны шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 07/50 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 31-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-55 дугаар хуудас/ болон

хохирогч Б.Ц /хх-ийн 11, 12 дугаар хуудас/, гэрч Ж.Мөнгөнтуяа /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Ж.Жавзандулам /хх-ийн 25 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Н.Б /хх-ийн 29 дүгээр хуудас/, яллагдагч Э.Б /хх-ийн 50 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн В5 гудамжны 2 тоотод иргэн Б.Ц хамт архи ууж байхдаа түүний эзэмшлийн Самсунг А-60 маркийн гар утсыг "хүнтэй утсаар яриад өгье" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний 606.250 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг шилжүүлэн авсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах 

хохирогч Б.Ц ...Бид нилээд согтсон байсан учир яриан дундуур Баярсайхан миний гар утсыг гуйж авч утсаар ярьсаныг тэр үедээ бол санахгүй мартчихсан байсан, сүүлд нь буюу маргааш өдөр нь Жавзандэлгэрийнд очоод утсаа асуухад тэдний хүү Б-г Б ах таны гар утсаар ярина гээд аваад гарч байсан шүү дээ гэж хэлэхийг сонсоод нээрээ биднийг юм яриад сууж байхад утсаар ярина гээд миний гар утсыг авч байсныг санасан юм... /хх-ийн 12 дугаар хуудас/,

гэрч Ж.Мөнгөнтуяагийн ...Цагдаа ирээд манайд бид хоёртой уулзахад үгүй гээд гүрийгээд хэлэхгүй байсан. Тэгээд явсаных нь дараа би уйлаад гуйгаад чи үнэхээр авчихсан юм бол хэл бид нэг байгууллагад ажилладаг хүмүүс учир зүйгээ олж болох байх тэгэхгүй бол асуудал үүсэх гээд байна гэж хэлэхэд би өглөө пивонд явах гээд гарахад гадаа хэвтэж байсан юм. Тэгэхээр нь аваад нуугаад өгөх гэж байтал та хоёр айл руу яваад үгэнд орохгүй пиво уугаад байхаар нь уурандаа та хоёрыг явсаны дараа гараад дугуй засварын хажууд хөдөөний хүн явж байхаар нь зарчихсан гэж хэлсэн... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Ж.Жавзандуламын ...Ингээд маргааш өдөр нь 12 цагийн орчимд Цнад руу утсаар залгаад найз нь гар утсаа хаячихжээ хаана хаясан юм болдоо гэхээр нь би мэдэхгүй Б түрүүлээд гарсан, та хоёр араас нь явсан шүү дээ гэж хэлсэн. Ингээд гэртээ орж ирээд багш чинь гар утсаа хаясан гэнээ гэтэл манай хүү Б өчигдөр орой Ц багшийн гар утсыг Мөнгөнтуяа эгчийн нөхөр гарахдаа хүнтэй утсаар ярина гэж хэлээд аваад гарсан эргэж орж ирээгүй шүү дээ гэж хэлсэн. Ингээд би Ц утсаар залгаад чиний гар утсыг өчигдөр орой Баярсайхан аваад гарсан гэж байна шүү дээ гэхэд харин тийм гэнээ Б надад бас тэгэж хэлсэн гээд утсаа салгасан... /хх-ийн 25 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Н.Б ...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай гэрт орой 19 цагийн орчимд манай ээж Жавзандэлгэр, багш Ц, үйлчлэгч Мөнгөнтуяа нарын хамт ирсэн. Ирээд манайд аавтай нийлээд архи уугаад байж байгаад 20 цаг өнгөрч байхад Мөнгөнтуяа эгч гадагшаа гараад удалгүй нөхрөө дагуулаад орж ирээд дахиад архи ууцгааж байгаад Мөнгөнтуяа эгчийн нөхөр Б ах  багшийн гар утсыг хүнтэй утсаар яриадахъя гэж хэлээд өөрөөс гараас нь аваад гараад явчихсан. Тэгээд л эргэж орж ирээгүй..., ...Тэгтэл маргааш өдөр нь Ц багш Мөнгөнтуяа багш хоёр манайд ирээд багшийнх нь гар утас хаана байна гэж асуухаар нь би өчигдөр орой Мөнгөнтуяа эгчийн нөхөр нь таниас хүнтэй утсаар ярина гэж хэлээд аваад гарсан шүү дээ гэж хэлсэн... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

яллагдагч Э.Б ...Маргааш өглөө нь би босоод намайг пивонд яваад ир гээд Ц намайг 07 цагийн үед 8000 төгрөг өгөөд гар утас алга байна Хаан банкны виза карт алга байна Жавзандэлгэрийнд орхисон юм байхдаа гэж хэлж байсан. Ингээд би пивонд гарах гээд гартал манай хашаан дотор хаалганы хажуу талд гар утас нь хэвтэж байсан ингээд би гар утсыг нь аваад пивонд явж ирэхэд карт маань байна гэж хэлж байсан. Би тухайн үед Ц гар утас мөн гэдгийг мэдэж байсан өгнө гэж бодож байтал манай эхнэртэй нийлээд архи уугаад байхаар нь миний дургүй хүрээд гэрээс гарч яваад авто засварын хажуу талд танихгүй хөдөөний хүнд 80000 төгрөгөөр зарчихсан юм одоо тэр хүнээ танихгүй. .../хх-ийн 50 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

 

Эй жэй жэй эм ХХК-ны шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 07/50 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 31-41 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/, шүүгдэгч Э.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б согтуурсан үедээ иргэн Б.Ц хамт архи ууж байхдаа түүний эзэмшлийн “Самсунг А-60” маркийн гар утсыг "хүнтэй утсаар яриад өгье" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний гар утсыг шилжүүлэн авсан гэм буруутай тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ иргэн Б.Ц хамт архи ууж байхдаа түүний эзэмшлийн “Самсунг А-60” маркийн гар утсыг "хүнтэй утсаар яриад өгье" гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар түүний 606.250 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлджээ.

 

Тэрээр энэхүү бусдын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч буй үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан 606.250 төгрөгийн хохирол, хор уршиг нь санаатай үйлдэлтэй нь шалтгаант холбоотой байна. 

 

Иймд шүүгдэгч Э.Б бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилсан гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 606.250 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. 

  

Шүүгдэгч Э.Б нь гэм хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 606.250 /зургаан зуун зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгөөр үнэлэгдсэн “Самсунг А-60” маркийн гар утсыг биет байдлаар нь буюу 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр худалдан авсан хөх өнгийн гадаргуутай “Самсунг А-60” маркийн гар утас 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхгийг өгч барагдуулсан болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 6-8 дугаар тал/ тус тус тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ ...үнэлгээний төлбөр болох 20.000 /хорин мянга/ төгрөг болон гар утасны зөрүү 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилснээс шүүх үнэлгээний төлбөр 20.000 /хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Б гаргуулж хохирогч Б.Ц олгож, харин гар утасны зөрүү 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Э.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг биет байтлаар нь буцаан төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, түүнчлэн шүүгдэгч Э.Б гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэж оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг таван зуун жаран цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Э.Б оногдуулсан таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар   

Эрүүгийн 2134000000089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.     

  

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

    хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

         36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн Э.Б хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч А овгийн Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Э.Б шүүхээс оногдуулсан таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

5. Шүүгдэгч А овгийн Э.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           

6. Эрүүгийн 2134000000089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Э.Б 20.000 /хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч И овгийн Б.Ц олгож,

Хохирогч И овгийн Б.Ц нэхэмжилсэн зөрүү болох 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А овгийн Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А овгийн Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН