Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 22

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Н.Д-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ХАМСЗД,

            Хариуцагч: ХАУБХ

Нэхэмжлэлийн шаардлага: “ХАМСЗД-ын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, УБХ-ийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 126/2014/0063/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч ХАМСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нарийн бичгийн дарга Ө.Оюунмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 1989 онд Мөрөн сумын **-д шинээр газар авч түүн дээр сууцны байшин, талх нарийн боовны цех барьж, нөхөр Э 8 хүүхдийн хамт бид 9-лээ амьдарч байсан. 1999 онд миний нөхөр Э нас барж, би 8 хүүхэдтэйгээ 2004 оныг дуустал уг газартаа амьдарч байсан юм. Гэтэл шүүхээс 2013 оны 7 дугаар сард **-д байгаа газарт хашаа байшингийн үнэлгээ тогтооход 7,780,000.0 төгрөгийн үнэлгээтэй гэж гарахад уг газар нь Э.Г, Н.Д нарын нэр дээр байна гэж тодорхойлолт гарсан. 2004 онд уг газраа Э.Г-ийн нэр дээр шилжүүлж, Хас банкнаас зээл авахад 2004 оны 01 дүгээр сарын 21-нд уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээний арын хэсэгт хамтран эзэмшигч Г.Л, Г.Э, Г.П гэсэн нэртэйгээр тамга тэмдэг, он, сар, овог нэр байхгүй хуурамчаар бүрдүүлж гаргасан юм. Харин би 2013 оны 09 дүгээр сарын 03-нд Г.П нь 2 дугаар багийн 5-18 тоотод аав, ах нарын хамт ам бүл 4-лээ гэсэн тодорхойлолт авсан юм. Мөн 2013 оны 03 дугаар сарын 30-нд УБХ-ээс Г.П-ийн иргэний үнэмлэхний лавлагаа авахад дээрх 12 дугаар багийн 5-18 тоотод оршин суудаг гэж гарсан юм. Ингээд 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Л.Э-ийн төрсний бүртгэлийн лавлагааг УБХ-ээс авсан. Гэтэл 2014 оны 02 дугаар сарын 21-нд Мөрөн сумын ** тоотод орших газар нь  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хэн нэгэнд өмчлөгдөөгүй байна гэсэн бичгийг авсан юм. Иймээс УБХ-ийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний ** дугаартай гэрчилгээ болон МСЗД-ын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Э.Дарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ХАМСЗД Д.Х-ын 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №44 дугаар “Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, газар эзэмшүүлэх тухай “захирамж гаргасан. 2003 оны 11 дүгээр сард А.Э гэх хүн анх удаа ** тоотод газар авсан. Ам бүлийн тодорхойлолтод бүртгэгдсэн байдаг. УБХ-ийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/875 дугаар албан тоотод тус хэлтсийн цахим санд иргэн Мөрөн сумын ** тоотод оршин суух Н.Д 2002 он, Э 2004 он, Г 2002 он, Э 2003 он, Г 2002 он, Э 2004 онд тус тус иргэний үнэмлэх авсан талаарх тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Э-ийг 1999 онд нас барсан тухай тодорхойлсон байгаа. Би дээрх хашаанд 1988-2004 он хүртэл амьдарч байгаад нүүсэн. Хүү Э.Г-ийг банкинд хашаа байшингаа барьцаалж зээл авъя гэхэд нь зөвшөөрч, түүнд газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ авахыг зөвшөөрсөн” гэв.

ХАМСЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 44 дугаар захирамжаар ** тоотын 500 м.кв газрыг анх Г-т эзэмшүүлж гэрчилгээг олгосон. 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 500 м.кв газраас 240 м.кв газрыг нь анх Б гэх хүнд шилжүүлсэн байдаг. Үлдсэн 260 м.кв газар нь Г-ийн нэр дээр байдаг. Н.Д-д газар эзэмшиж байсан талаарх эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарч байгаагүй. 2014 оноос хойш нэхэмжлэгч Н.Д газраа өөрөө авна гэх асуудлыг тавьж байгаа. Э.Г нь нас барсан байдаг. Одоо албан ёсны газар эзэмшигчээр Г-ийн эхнэр Л,  2 хүүхэд нь байгаа” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн УБХ-ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[1]: “Иргэн Н.Д-ийн нэхэмжлэлтэй танилцаж холбогдох бүртгэлийг шалгахад улсын бүртгэлийн ** дугаартай, ** гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр П.Э-ийн Г  Г.Л, Г.П, Г.Э  нартай хамтран өмчлөхөөр мэдүүлэг гаргаж Мөрөн сумын ОСГ-ны ** тоот хаягт байрлах 42 кв.м хэмжээтэй амины орон сууц болон 28 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг үйлдвэрлэлийн зориулалтаар 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр үнэлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд хаягийг Мөрөн сумын 5 дугаар баг 35 дугаар гудамж 05 тоот гэж газар эзэмших гэрээ гэрчилгээн дэх хаягаас зөрүүтэй алдаатай бичсэн тул Улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчийн хүсэлтээр залруулж болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасны дагуу улсын бүртгэлийн **, ** гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь нотлох баримтад үндэслэгдсэн хууль, холбогдох журмын дагуу бүртгэгдсэн бүртгэл тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчаар УБХ-ийг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Л шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Хөвсгөл аймаг Мөрөн сумын ** тоотод амьдардаг. Талийгаач нөхөр бид хоёр 1999 оноос 2012 он хүртэл 2 хүүхдийнхээ хамт байсан. Одоо би, охин Э болон ач охиныхоо хамт амьдарч байна. Хадам ээж болох Д нь нөхрийг маань нас барснаас хойш өдийг болтол манай гэр бүлийн хууль ёсны эд хөрөнгөтэй маргаан хийсээр ирсэн. Бид хууль ёсны дагуу баримт бичгээ бүрдүүлж улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан тул Д-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15 дугаар гудамж 4 тоотод оршин суугч Д овогтой Б би 2008 оны 9 дүгээр сард иргэн Э.Г-аас урд хойд 2 тал бүхий хоосон газрыг худалдаж авч дараа  дундуур нь хамар хашаа барьж, 2008 оны 09 дүгээр сарын 15-нд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн ** дугаартай гэрчилгээг **а хаягаар авсан. Уг гэрчилгээг авах үед Э.Г-ийн хамт очиж авч байсан. Учир нь Г хаягаа тасалж зарж байгаа учир “а”, “б”  болгон өөрчилж байсан юм. Э.Г-ийнх **б, манайх **а хаяг авсан. Намайг уг газрыг авах үед дотор нь ямар ч байшин эд зүйл байгаагүй болно.

Ингээд би иргэн Б.Э-т 2014 онд хашаагаа зарсан нь үнэн болно. Би нас өндөр, биеийн байдал сайнгүй, хөл явж чадахгүй гэр зуураа л байдаг тул энэхүү болсон үйл явдлыг үнэн мөнөөр нь тайлбарлан хүргүүлж байна. Мөн би өөрийн мэдэх зүйлээ тайлбарлан хүргүүлсэн болно. Иймд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д нь ХАМСЗД болон тус АУБХ-т холбогдуулан "ХАМСЗД-ын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, УБХ-ийн 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба эдгээр шаардлагуудаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.

Шүүхээс “ХАМСЗД-ын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон УБХ-ийн 2004 оны 1 дүгээр сарын 19-ний ** үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. "ХАМСЗД-ын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага болон маргаан бүхий газрын тухайд:

2.ХАМСЗД-ын 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” № 44 дүгээр захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх зорилгоор 1989 оноос өмнө гэр бүлийн хэрэгцээнд хашаа, байшин барьж суурьшсан иргэдэд эзэмшиж, ашиглаж буй  газрыг анх олгох тухай шийдвэр[2] гарч байжээ.

3. Дээрх захирамжийн хүрээнд анх удаа иргэн Э.Г нь оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг,  36 дугаар хорооны 05 тоотод байршилтай газраа эзэмших тухай хүсэлтээ холбогдох газарт нь тавьж, нэгж талбарын ** дугаар бүхий 500 м.кв газрыг 40 жилийн хугацаатай амины хашаа, талх нарийн боов үйлдвэрлэх зориулалтаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр эзэмшиж, Газар эзэмших эрхийн ** дугаар гэрчилгээнд  хамтран эзэмшигчээр Г.Л, Г.Э, Г.П нар бүртгэгджээ.

4. Харин Э.Г нь өөрийн эзэмшлийн 500 м.кв газраас иргэн Д.Б-д 240 м.кв бүхий газрыг шилжүүлэн өгөх тухай хүсэлт[3] гаргаж,  үлдэх 260 м.кв газарт шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Газрын албанд хүсэлт[4] гаргаж, МСЗД-ын 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” №138[5] тоот захирамжийн /хавсралтын 1 дэх заалт/ дагуу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр **[6] тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, Мөрөн сумын ** б тоотод 260 м.кв газар эзэмших эрхтэй болсон байна.

5.Өөрөөр хэлбэл Э.Г-ийн газар эзэмших эрх нь МСЗД-ын 2009 оны 138 тоот захирамжийн хавсралтын 1 дэх заалтын хүрээнд хэрэгжиж байгаа болох нь нотлогдож байна.

6. Мөн ХАМСЗД-ын 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 137 дугаар захирамж /хавсралтын 1 дэх заалт/-аар иргэн Д.Б 240 м.кв газрыг эзэмшиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”[7] болон бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

7. Иргэн Д.Б нь Э.Г-аас шилжүүлэн авсан 240 м.кв /Мөрөн сумын ** тоот/ газраа иргэн Б.Э-т шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, ХАМСЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/159 захирамжийн дагуу газар эзэмших эрх иргэн Б.Э-т шилжсэн байна.

8.Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ[8], Б.Э болон Д.Б нарын хүсэлт[9], Газар эзэмших эрхийн гэрчилгээ[10] зэргээр тус тус нотлогдож байна.

9.Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч ХАМСЗД-ын “Газар эзэмшүүлэх тухай” шийдвэрүүдийг гаргахдаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1  “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1 “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1 “хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” заасныг тус тус зөрчөөгүй байна.

10.Нэхэмжлэгч Н.Д нь шүүх хуралдаанд: “...төрсөн хүү Э.Г-т газар болон үл хөдлөх эд хөрөнгөө өмчлүүлэхийг зөвшөөрсөн, хүү Э.Г Хас банкнаас зээл авахаар анх газар болон үл хөдлөх эд хөрөнгөө эрх бүхий байгууллагад бүртгүүлж, эрхийн гэрчилгээ авсан...” гэж тайлбарласан ба түүнээс хойш 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхэд анх гомдол, нэхэмжлэл гаргасан  болох нь нотлогдож байна.

11.Түүнчлэн нэхэмжлэгч Н.Д нь “1998 оноос 2004 он хүртэл дээрх маргаан бүхий газарт амьдарч байсан” гэж тайлбарладаг ба хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоос[11] харахад 1991-2002 оны хооронд амьдарч байсан болох нь нотлогддог.

12. Эдгээр байдлуудаас үзэхэд маргаан бүхий газрыг /хүү Э.Г-ийн эхнэр/  Г.Л, охин Г.Э, Г.П нар  хууль ёсоор эзэмших эрхтэй ба нэхэмжлэгч Н.Д-ийн эрхийг зөрчөөгүй, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

13. “ХАУБХ-ийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

14.Э.Г, Г.Л, Г.П, Г.Э нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 35-05 тоот 42 кв.м талбай бүхий амины орон сууцны, 28 кв.м талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, обьектын өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлтээ АУБХ-т /одоогийн нэршил/ гаргаснаар ХАУБХ 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ** тоот гэрчилгээ олгосон байна.

15.Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг иргэн Э.Г анх удаагаа бүртгүүлсэн болохыг ХАУБХ-ээс 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/430 тоотоор[12] тодорхойлсон байдаг.

16.Хариуцагч болох ХАУБХ-ийн дээрх маргаан бүхий бүртгэлийг хийсэн үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003.06.19/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2  “Энэ хуулийн 3.1-д зааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, эд хөрөнгийн дараахь эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1 “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 13 дугаар зүйлийн 13.5.8 “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл.”, 15 дугаар зүйлийн 15.2.5-д “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна/ заасныг зөрчөөгүй байна.

17.Нэхэмжлэгч нь хариуцагч болон гуравдагч этгээд Г.Л-ыг хуурамч баримт бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийг өмчилсөн гэж маргаж байгаа боловч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, гарын үсэг Э.Г-ийнх биш гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, энэ талаар тогтоосон холбогдох байгууллагын шийдвэр байхгүй тул нэхэмжлэгчийн уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

18.Мөн нэхэмжлэгч Н.Д-ийн хүү Э.Г, гуравдагч этгээд Г.Л нар нь 1999 оноос хойш хамтран амьдарч байсан, Г.Л 1999 оны 8 дугаар сарын 4-ний өдөр охин Г.Э төрүүлсэн ба Э.Г 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас баржээ.

19.Түүнчлэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй бөгөөд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

20.Дээрх үндэслэлүүдээр “ХАМСЗД-ын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн **тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, ХАУБХ-ийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлийн  шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.48 133 дугаар зүйлийн 133.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 60 дугаар зүйлийн 60.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003.06.19/ хуулийн  3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.8, 15 дугаар зүйлийн 15.2,  Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018.06.21/-ийн 22 дугаар зүйлийн 22.2  дахь заалтуудыг тус тус баримтлан Н.Д-ийн ХАМСЗД, мөн АУБХ-т холбогдуулан гаргасан “ХАМСЗД-ын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, УБХ-ийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Нэхэмжлэгч Н.Д нь Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №18 тоот шийдвэрийг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.САРАНГЭРЭЛ      

 

 

 


[1] 2 дахь хавтаст хэргийн 177 дугаар тал

[2] 2 дахь хавтаст хэргийн 56 дугаар тал

[3] 2 дахь хавтаст хэргийн 27 дугаар тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 234 дүгээр тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 235, 236 дугаар тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 66, 144 дүгээр тал

[7] 2 дахь хавтаст хэргийн 4-7, 10-12,

[8] 2 дахь хавтаст хэргийн 13 дугаар тал

[9] 2 дахь хавтаст хэргийн 14-16 дугаар тал

[10] 2 дахь хавтаст хэргийн 18 дугаар тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 13 дугаар тал

[12] 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар тал