Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/1015/З |
Дугаар | 221/МА2023/0217 |
Огноо | 2023-04-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2023/0217
“Ө” ХХК, “Б-Ү” ХК-иудын
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч М.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар,
Гомдол гаргагч: “Ө” ХХК,
“Б-Ү” ХК,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д,
Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002291 дүгээр, 0002293 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 177 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч “Ө” ХХК-ийн төлөөлөгч Ч.Б, гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-Э, хариуцагч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,
Хэргийн индекс: 128/2022/1015/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Ө” ХХК, “Б-Ү” ХК-иуд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дд холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002291 дүгээр, 0002293 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 177 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: “Зөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ө” ХХК, “Б-Ү” ХХК-иудын гомдлыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002291, 0002293 дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгож”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч хуулийн этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Даас 140400 төгрөг гаргуулан гомдол гаргагч хуулийн этгээдүүдэд олгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч М.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Анхан шатны шүүх “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж дүгнэсэн тухайд. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, мөн зүйлийн 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг “прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгахаар байхад прокурор 2 удаа хэрэг бүртгэлтийн хугацааг сунгасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна” гэж буруу тайлбарлан хэрэглэсэн.
3.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах үндэслэлийг “зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаанд зөрчил шалгах тодорхой ажиллагаануудыг хийж гүйцэтгэн цаашид нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгуулах тухай саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорт гаргадаг. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах үндсэн хугацаанд хийж гүйцэтгэсэн зөрчил шалгах ажиллагаа, хугацаа сунгуулах болсон үндэслэл, цаашид нэмэлтээр ямар ажиллагаа хийж гүйцэтгэх зэрэг асуудлуудыг тодруулан, хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэдэг. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгахдаа зөрчлийн хэрэгт хийгдэх ажиллагаанаас хамаарч хэсэгчлэн эсхүл бүтнээр нь тогтоодог бөгөөд ингэхдээ зөвхөн нэг удаа сунгах талаар хуульд заагаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т “14 хүртэл”, “30 хүртэл” гэж зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааны дээд хязгаарыг тогтоосон бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хоногоос хэтрүүлэлгүйгээр, прокурор 30 хоногоос хэтрүүлэлгүйгээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэд хэдэн удаа хэсэгчлэн сунгах боломжтой бөгөөд энэ нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болон прокурорын эрх хэмжээний асуудал. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-т “ ... энэ хугацааг харьяалах шүүхийн зөвшөөрлөөр 48 хүртэл цагаар нэг удаа сунгаж болно”, 5.2 дугаар зүйлийн 2-т “... гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно” гэж хууль тогтоогчоос зөвхөн нэг удаа сунгах хугацааг тодотгон хуульчилснаас үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т “нэг удаа” гэж тодотгон зохицуулаагүй тул анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн тайлбарлан хэрэглэх үндэслэлгүй. Уг зөрчлийн хэргийн тухайд эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор зөрчил шалгах ажиллагааг явуулж шийтгэл оногдуулсан бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй.
3.3. Анхан шатны шүүх “ “М О Н Х” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэрэгт “Ө” ХХК болон “Б-Ү” ХХК-ийг холбогдогчоор тогтоогоогүй атлаа торгох шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн” гэж дүгнэсэн тухайд. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “ “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох ажиллагаа нь зөрчлийн хэрэг бүртгэлтэд хамаарна. Зөрчил шалгах ажиллагааны явцад зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоогдсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулан зөрчлийн хэрэгт холбогдогчоор оролцуулдаг бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “холбогдогчоор тогтоох” гэх нарийвчилсан зохицуулалт, тусгайлан үйлдэх эрх зүйн хэлбэр байхгүй.
Нөгөөтээгүүр Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “аж ахуй эрхлэгч” гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг” гэж заасан тул уг зөрчлийн хэргийн холбогдогч нарыг “ “М О Н Х” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид” гэж тодорхойлсон нь үндэслэлтэй бөгөөд үүнд тус холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Б, Д.Э нар нь хамаарна гэдгийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
3.4. Мөн шүүх Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, хуульд заасан шийтгэл оногдуулна” гэж заасныг “Өрсөлдөөний тухай хуулийн 23.1-д заасан хяналт шалгалтын хүрээнд холбогдогчийг тодорхой болгосны үндсэн дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх боломжтой” гэж буруу тайлбарлан хэрэглэсэн. Улсын байцаагчаас Өрсөлдөөний тухай хуульд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн иргэн, хуулийн этгээдийн аливаа үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулах бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь баримтаар нотлогдсон буюу илт зөрчлийн шинжтэй үйлдэл байх тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг зөрчиж 60 хоногийн хугацаанд хяналт шалгалт явуулах үндэслэлгүй.
3.5. Шүүх “эрх бүхий албан тушаалтан аж ахуй эрхлэгч нарын өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувиар торгох шийтгэл оногдуулсан нь хуулийн тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтад нийцээгүй” гэж дүгнэсэн тухайд. Зөрчил шалгах ажиллагааны хүрээнд эрх бүхий албан тушаалтнаас тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогыг тодорхойлох зорилгоор “Ө” ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны 2021 оны борлуулалтын орлогын мэдээллийг ирүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/1739 дугаартай албан бичгийг прокурорын зөвшөөрлийн хамт хүргүүлсэн боловч шаардсан мэдээллийг ирүүлээгүй тул тус аж ахуй эрхлэгчийн 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын (цэвэр) орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 104,412,243 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гэтэл шүүх уг үйл баримтад ямар нэг дүгнэлт хийгээгүй, “Б-Ү” ХХК-ийн хувьд торгуулийн хэмжээнд холбогдох асуудлаар маргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийсэн нь шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0177 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Ө” ХХК, “Б-Ү” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гомдол гаргагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.
2. “Ө” ХХК, “Б-Ү” ХК-иуд нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002291 дүгээр, 0002293 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон, улсын ахлах байцаагчаас “... өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” гэх үндэслэлээр 0002291 дүгээр шийтгэлийн хуудсаар “Б-Ү” ХК-д 24,509,703 төгрөгийн, 0002293 дугаар шийтгэлийн хуудсаар “Ө” ХХК-д 104,412,243 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
3. “Ө” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм, гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.Бын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...би өөрөө компанийн ерөнхий захирлаар ажилладаг, Л.Э гүйцэтгэх захирал хийдэг” гэх тайлбар зэргээс үзвэл тэрээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн шүүхэд гомдол гаргах эрхгүй этгээд байх тул “Ө” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дд холбогдох, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
3.1. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Л.Э бүртгэгдсэн, уг бүртгэл хүчин төгөлдөр байна.
3.2. Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ч.Бын гаргасан гомдлыг хүлээн авч, түүний олгосон итгэмжлэлээр Б.А-Э-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу, ийнхүү оролцуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3-д “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж заасантай тус тус нийцээгүй байна.
3.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 54.3-д “Шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана”, 54.3.1-д “энэ хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.4-54.1.7-д заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заасан үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
3.4. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх “Ө” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэх, анхан шатны шүүх гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг хянаагүй бөгөөд тус компани нь хуулийн шаардлагыг ханган шүүхэд дахин гомдол гаргах эрхийг үүгээр хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
4. Харин “Б-Ү” ХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002291 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагын тухайд анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
4.1. Тодруулбал, “М О Н Х” НҮТББ-ын дүрмээс үзвэл тус холбоо нь оёдлын салбарын мэргэжлийн холбоод үйлдвэрлэгчид ажиллагсдын хамтын шийдвэрээр сайн дурын, үндсэн дээр зохион байгуулагдсан ба гишүүдээрээ дамжуулан нийгэмд үйлчлэх, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага байх бөгөөд холбооны 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3/02 дугаар тогтоолоор тус холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг “Ш З” ХХК-ийн захирал Ч.О, “Б-Ү” ХК-ийн захирал М.Н, “Ө” ХХК-ийн захирал Ч.Б, “Т Х” ХХК-ийн захирал Д.Э, “П” ХХК-ийн захирал Б.У нарын 5 гишүүнтэйгээр баталсан, “Б-Ү” ХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзвэл тус компанийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр М.Н бүртгэгдэж, эцсийн байдлаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Д.Э бүртгэгдсэн, уг бүртгэл хүчин төгөлдөр байна.
4.2. “М О Н Х” НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр “2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалах боломжгүй болсон тул хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гаргахаар шийдвэрлэсүгэй, дээр дурдсан үнийг төсөл хэрэгжүүлэгч үйлдвэрүүд хот хөдөө ялгахгүйгээр мөрдөх, төслийн чанар стандартыг хатуу мөрдөж ажиллахыг даалгасугай” гээд хавсралтаар сурагчийн дүрэмт хувцасны худалдах үнийг нэг бүрчлэн тогтоосон байна. Хэдийгээр “уг тогтоолыг хүчингүй болгосон” гэж гомдол гаргагч нараас тайлбарласан боловч тус холбооноос албан ёсоор хүчингүй болгосон шийдвэр гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд энэ тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
4.3. Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, хуульд заасан шийтгэл оногдуулахаар, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн, байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн зэрэг тохиолдлуудад эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдлуудаас бусад тохиолдолд зөрчлийг хэрэг нээхээр байна.
Хариуцагч М.Д Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаад 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “М О Н Х” НҮТББ-ын гишүүд аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, холбогдогч “М О Н Х” НҮТББ-д энэ талаар мэдэгдэхээр шийдвэрлэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг, 3.1 дүгээр зүйлийн 1-д зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг “холбогдогч” гэж ойлгохоор заасан бөгөөд энэ тохиолдолд улсын байцаагч “М О Н Х” НҮТББ-ын “гишүүд аж ахуй эрхлэгчид” нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон “байж болзошгүй” зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчлийн хэрэг нээсэн, өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг нээх үед хэн, ямар зөрчлийг гаргасан болохыг баттай тогтоох боломжгүй байсан тул хэрэг нээж, холбогдох ажиллагааг явуулсны үндсэн дээр зөрчилд холбогдох тухайн этгээдэд шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна. Хариуцагч “Б-Ү” ХК-ийн захирал Д.Эт хуульд заасан холбогдогчийн эрх, үүргээс танилцуулж, түүнээс уг зөрчилтэй холбоотой мэдүүлэг авсан байх тул “...“Б-Ү” ХК-д холбогдуулж зөрчлийн хэрэг үүсгээгүй атлаа шийтгэл ногдуулсан” гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар “аж ахуй эрхлэгч” гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгох бөгөөд “М О Н Х” НҮТББ-ын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзвэл тус холбоо нь ашгийн төлөө бус, орон нутгийн өмчийн оролцоотой, нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага байна. Иймд уг холбоо нь холбогдох хуулийг зөрчсөн бол түүний дагуу хариуцлага, шийтгэлийг хүлээх үүрэгтэй тул “М О Н Х” НҮТББ-ын гишүүд аж ахуй эрхлэгчид холбогдуулан зөрчлийн хэрэг нээснийг буруутгах боломжгүй.
4.4. Зөрчлийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 14 хоногоор, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 20 хоногоор, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 10 хоногоор сунгасан бөгөөд хариуцагч мөн хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Б-Ү” ХК-д шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2, 9.1 дүгээр зүйлийн 4-т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг “нэг удаа” сунгах тохиолдлуудыг тодруулан заасан бөгөөд 6.8 дугаар зүйлийн 2-т зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг “зөвхөн нэг удаа” сунгахаар нарийвчлан хуульчлаагүй байна.
Мөн 19 гаруй удаагийн прокурорын зөвшөөрлөөр холбогдох баримтыг гаргуулж, үзлэг хийх болон бусад ажиллагааг явуулж байсан, шаардсан баримтыг заасан хугацаанд аж ахуйн эрхлэгчдээс ирүүлээгүй зэрэг үйл баримтуудаас үзвэл хариуцагч зөрчлийг тогтоохоор хуулийн дагуу шаардлагатай ажиллагааг явуулж байсныг илтгэх бөгөөд “Б-Ү” ХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож, эрхээ эдэлж байжээ.
4.5. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон бол Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулахаар, 1.3-д зааснаар бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор,
Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, 11.3-д “Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) -ийг дэмжиж оролцохыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тодорхой заажээ.
Энэ тохиолдолд “М О Н Х” НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр уг шийдвэрийн хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гаргахаар шийдвэрлэсэн, уг үнийг төсөл хэрэгжүүлэгч үйлдвэрүүд хот хөдөө ялгахгүйгээр мөрдөх, төслийн чанар стандартыг хатуу мөрдөж ажиллахыг даалгасан, “Б-Ү” ХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 022/014 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбарын хавсралтад заасан сурагчийн дүрэмт хувцасны худалдах үнэ нь 06 дугаар шийдвэрээр тогтоосон үнэтэй яг ижил байгаа зэрэг үйл баримтуудаас үзвэл “М О Н Х” НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд тодруулбал, “Б-Ү” ХК-ийн захирал Д.Э сурагчийн дүрэмт хувцасны худалдах үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхээр байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т мөн хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан, Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршдог.
Мөн Засгийн газрын “1111” төвөөс сурагчийн дүрэмт хувцасны чанар болон үнийн өсөлттэй холбоотойгоор 4 удаагийн гомдлыг бүртгэн ирүүлсний дагуу хяналт шалгалт явуулсан, Зөрчлийн тухай хуульд заасан “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон” зөрчлийг үйлдсэн нь баттай тогтоогдсон бол хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх нь шударга ёс, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэх тул заавал зөрчлийн улмаас аливаа этгээд, иргэн, хуулийн этгээд бодитоор хохирсон байхыг нотлохыг шаардахгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд хариуцагч бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “Б-Ү” ХК-д шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
4.6. Харин хариуцагч зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтыг бүрэн цуглуулж, бэхжүүлэн, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх бөгөөд шийтгэл ногдуулахдаа зайлшгүй хуульд нийцүүлэх ёстой.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас “... өмнөх жилийн борлуулалтын орлогыг тодорхойлж ирүүлэх боломжит хугацааг олгосон боловч “Б-Ү” ХК-иас ирүүлээгүй, энэ нь шийтгэл ногдуулж шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй, санхүүгийн тайланд борлуулалтын орлого нэг гардаг. Бараа бүтээгдэхүүний төрлөөр ангилах боломжгүй, тухайн борлуулалтын орлогоос салгуулж байж торгуулийн хэмжээг тогтоодог, энэ компанийн хувьд баримтаа гаргаж өгөх хүсэлгүй байсан гэж бодож байна, ажлын хувцас, дүрэмт хувцсыг ялгах боломжгүй байсан тул шийтгэлийг 3 хувиар тооцсон” гэж, гомдол гаргагчаас “... дүрэмт хувцас хэдэн төгрөгийн борлуулалттай байсан талаарх баримтыг гаргаж өгөх хангалттай хугацаа олгоогүй, баримт шаардсан албан бичгийг 13-ны өдөр хүлээж авсан” гэж тус тус тайлбарласан.
Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3-д тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тодорхой хуульчилсан байхад хариуцагч дээрх байдлаар “Б-Ү” ХК-ийн 2021 онд сурагчийн дүрэмт хувцас борлуулсан борлуулалтын орлогыг чухам хэд болохыг баттай тогтоолгүйгээр 24,509,703 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалт, Зөрчлийн тухай хуулийн зөрчилд шийтгэл ногдуулах зарчимд нийцээгүй байна.
4.7. Иймд анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд, холбогдох хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн, хариуцагч дээрх байдлаар шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй, шүүх энэ талаар тодруулж, шийтгэлийн үнийн дүнг өөрчлөн тогтоох боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар дахин нэмэлт ажиллагаа явуулахаар, тухайлбал 2021 оны сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг тодорхойлсны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар маргаан бүхий актыг хариуцагчаас дахин шинэ акт гартал 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д дахин шинэ акт гаргаагүй бол түүний гаргасан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002291 дүгээр шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.
6. Анхан шатны шүүх гомдол гаргагч “Б-Ү” ХК-ийн нэрийг “ХХК” гэж буруу бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 177 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан “Ө” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дд холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “2. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002291 дүгээр шийтгэлийн хуудсын биелэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1-д тус тус зааснаар гомдол гаргагч “Ө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, гомдол гаргагч “Б-Ү” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан “Б-Ү” ХК-д олгосугай.” гэж, “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д дахин шинэ акт гаргаагүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002291 дүгээр шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.” гэж тус тус нэмж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН