Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

 

 

2021                05                 12                                                        2021/ШЦТ/105                                         

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Отгон,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овгийн Б.Б холбогдох эрүүгийн 2134000000060 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Таван толгой түлш” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Ш овгийн Б.Б

                         

                                 Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө иргэн С.О гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж улмаар гэр дотор байсан “Samsung” маркийн телевизор, хувцасны шкафны 2 ширхэг хаалга, зурагтын тавиурын хаалганы шил, бурханы жаазны шил зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 424.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  

Шүүгдэгч Б.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

Эрүүгийн 2134000000060  дугаартай хэрэгт хохирогч С.О /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч С.Хишигдорж /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч С.Тэмүүлэн /хх-ийн 21 дүгээр хуудас/, /, гэрч Ж.Сумьяасүрэн /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч С.Оюунчимэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, яллагдагч Б.Б /хх-ийн 59-60 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

Эй жэй жэй эм ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07/30 дугаартай хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 34-43 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 61-63 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө иргэн С.О гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж улмаар гэр дотор байсан “Samsung” маркийн телевизор, хувцасны шкафны 2 ширхэг хаалга, зурагтын тавиурын хаалганы шил, бурхны жаазны шил зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 424.850 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах 

хохирогч С.О ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө миний төрсөн дүү Тэмүүлэн миний гар утас руу залгаад танай гэр онгорхой байхаар нь орсон чинь гэрийн чинь эд зүйлийг эвдчихсэн байна өчигдөр орой Б ирээд гэрт чинь ороод түжигнэх чимээ гараад байсан тэр эвдсэн байна гэж хэлсэн... Одоо зурагтыг маань янзалж өгөөгүй байгаа бусад эд зүйлийг маань янзалж өгсөн байгаа. Надад гомдол санал байхгүй байна... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч С.Тэмүүлэнгийн ...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Зүүндэлгэрт морь тэжээгээд байж байтал орой 20 цагийн орчим Улаанбаатар хотоос манай эгч Оюунчимэг залгаад Б дүү нарыг чинь айлгаад байна “над руу хүүхдүүдийг чинь яахыг хар, 5 минут хүлээгээд байж бай” гээд айлгаад байна чи очоодох гэж хэлсэн, тэгээд би гэртээ очоод Отгончимэг эгчийн гэрт байсан хүүхдүүд Бат-Энэрэл, Хулан, Эгшиглэн, Оюунбилэг нарыг аавын гэрт дагуулж ороод Отгончимэг эгчийн гэрийг цоожоор цоожлоод аавындаа унтсан. Тэгээд өглөө аав гал түлэх гээд Отгончимэг эгчийн гэрт ороод буцаж гарч ирээд чи энэ гэрийг хардаа гэр орон хамаг юм эвдэлчихсэн байна гэж хэлсэн, тэгээд би гэрт ороход эмх замбараагүй болчихсон байсан... Би Б л гэж бодож байна. Зурагт, модон тавилгууд эвдсэн.../хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч С.Хишигдоржийн ...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ...би Б аваад Зуунмод сумын Хөтөл 09-01 тоот гэртээ очоод 1 ширхэг 2 литрийн ...пиво уусан. Тэгээд Б ах УАА-416 тоот хаягт хүргээд өгөө гээд байхаар нь хүргэж өгөөд буцаад харьсан.../хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч Ж.Сумьяасүрэнгийн ...Өглөө 7 цагийн үед охин Отгончимэгийн гэрт гал түлэх гээд ортол хаалганы цоож нь эвдэрчихсэн баруун талын хувцасны шүүгээний хаалга нь эвдэрчихсэн, зурагт газар унаад дэлгэц нь хагарчихсан баруун талын 4 шургуулгатай шүүгээний дээд талын шүүгээ нь газар унаад дэлгэц нь хагарчихсан гэр эмх замбараагүй болчихсон байсан тэгээд гэрт ороод Тэмүүлэнд хэлээд л цагдаад дуудлага өгсөн юм... Хаалганых нь цүүг салгаад хаячихсан байсан.../хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

яллагдагч Б.Б ...Намайг очиход О гэрт хүн байхгүй гэр нь цоожтой байсан. Гэр нь цоожтой хүн байхгүй болохоор нь гэрийнх нь хаалганы бариулаас нь татахад хаалга нь онгойхоор нь гэрт нь орсон хүн байгаагүй. Би гэрт нь ороод сервантны шилийг нь хагалаад, зурагтыг нь газар унагахад эвдэрсэн, шкафны хоёр хаалгыг нь гараараа цохиход салсан ба тэгээд би тэдний гэрээс нь гараад явсан.../хх-ийн 59-60 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

Эй жэй жэй эм ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07/30 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 34-43 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 61-63 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

       

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч,

мөн бусдын эд хөрөнгийг нь хууль бусаар устгаж, гэмтээсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ иргэн С.О гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж улмаар гэр дотор байсан “Samsung” маркийн телевизор, хувцасны шкафны 2 ширхэг хаалга, зурагтын тавиурын хаалганы шил, бурханы жаазны шил зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлджээ.

 

Тэрээр энэхүү иргэн С.О зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч байгаагаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан... гэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд С.О зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрснээрээ төгссөн гэмт хэрэг,

 

Мөн иргэн С.О гэрт байсан байсан “Samsung” маркийн телевизор, хувцасны шкафны 2 ширхэг хаалга, зурагтын тавиурын хаалганы шил, бурханы жаазны шил зэрэг 424.850 төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар гэмтээснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан... гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан ...бага хэмжээний хохирол буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг... гэж ойлгоно гэснээр ...бага хэмжээнээс буюу гурван зуун нэгжээс дээш хохирол  учруулснаараа энэ гэмт хэргийн шинжийг хангаж төгссөн гэмт хэрэг ба тухайн гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд бусдын зөвшөөрөлгүйгээр оронд байранд нэвтэрсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр юм.

 

Шүүгдэгч Б.Б зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрсэн, хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь санаатай үйлдэлтэй нь шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.    

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О 424.850 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол учирсан байна. 

  

Шүүгдэгч Б.Б хохирогч С.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эд хөрөнгөд учирсан хохирол, бусад хохирол тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.О мэдүүлэг, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлд бичигдсэн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Б.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан гэмт хэрэг тус бүр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр гурван зуун жаран цагаар тогтоож, гэмт хэрэг тус бүрийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.     

 

Шүүгдэгч Б.Б оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134000000060 дугаартай хэрэгт хэрэгт ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.     

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

           37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                        заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Б.Б оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Ш овгийн Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ш овгийн Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн Б.Б шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн Б.Б оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

6. Шүүгдэгч Ш овгийн Б.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн 2134000000060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш овгийн Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш овгийн Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН