Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

 

 

    2021             05             13                                                  2021/ШЦТ/107                                            

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр, 

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Д.Д холбогдох эрүүгийн 2134000000073 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

     

                                 Шүүгдэгч биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Х овгийн Д.Д

  

                             Холбогдсон хэргийн талаар                                                            /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Д нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ундрам” нэртэй хүнсний дэлгүүрийн ногооны тасагт 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Д нь Самсунг А20S маркийн гар утсаа гээгдүүлснийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 317.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Д.Д:

... Би тэр утсыг шалан дээр байхад нь олсон. Тэрнээс хүний юмыг энд тэнд байхад нь аваагүй хулгай хийгээгүй. Нэг хүн та утас авсан чинь камерт бичигдсэн байна гэхээр нь би тиймээ би авсан өглөө авч очоод өгнө гэж хэлсэн. Гэтэл зүгээрээ би одоо очоод авчихна гэхээр нь тэг тэг гэж хэлтэл ирээд утсаа авсан манай нөхөр гаргаж өгсөн. Дараа нь цагдаад хэлсэн байсан тэгээд цагдаагаас залгаад ирж гарын үсэг зур гэсэн. Би очоод өдөржин хүлээж байгаад цагдаатай нь уулзсан. Тэрнээс би тэр гар утас дээрээс юу ч хэрэглээгүй юу ч эвдээгүй... гэж мэдүүлжээ.

Эрүүгийн 2134000000073 дугаартай хэрэгт хохирогч Б.Д /хх-ийн 08-дугаар хуудас/, гэрч Н.Дашравдан /хх-ийн 16 дугаар хуудас/, яллагдагч Д.Д /хх-ийн 37 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07/45 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 18-23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40, 43 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримтын дүгнэлт

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ундрам” нэртэй хүнсний дэлгүүрийн ногооны тасагт Б.Д гээгдүүлсэн “Samsung A20S” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 317.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Б.Д... Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Ундрам дэлгүүрээр үйлчлүүлээд гарсан ингээд гэртээ очоод гар утсаараа залгах гэтэл гар утас маань байхгүй байгааг мэдээд Ундрам дэлгүүр дээр очиж өөрөө камерыг нь шүүлгэхэд миний гар утсыг шалан дээрээс нэг эмэгтэй олоод тэгтэл нэг дээлтэй эмэгтэй тэр утсыг нь аваад торондоо хийгээд тэгтэл нэг эрэгтэй хүн гаднаас орж ирээд тортой юмыг нь аваад гараад явж байгаа бичлэг харагдсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тэр хүнийг нь цагдаа нар олж өгсөн. ...Би гар утсан дээр байсан зураг бичлэг гар утасны дугааруудыг эргэж сэргээх боломжтой бол түүнд гарах зардлыг нэхэмжилмээр байна... /хх-ийн 8 дугаар хуудас/,

гэрч Н.Дашравдангийн ... Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр аймгийн төвд явж байхад ээж Д намайг утсаар дуудаад Ундрам дэлгүүр дээр байна хүрээд ир гэсэн ингээд би яваад очиход ээж дотор нь байсан би ээжтэй уулзаад тортой юмыг нь аваад түрүүлж гараад машиндаа хүлээж байсан ээж удалгүй араас гарч ирээд хамтдаа гэр лүүгээ явсан. Ээж гэртээ очсоныхоо дараа надад хандаж би дэлгүүрээс гар утас олсон гэж хэлээд надад өгөхөөр нь би оролдож байгаад дээр нь байсан зураг, утасны дугааруудыг нь устгаад өөрийнхөө фэйсбүүкийг оруулаад ашиглаад байж байтал орой 21 цаг өнгөрч байхад цагдаагаас ээж рүү залгаад таны олсон гар утсыг авмаар байна гэж хэлээд тэгээд удалгүй манай гэрт ирээд хурааж аваад яваад өгсөн... /хх-ийн 16 дугаар хуудас/,

яллагдагч Д.Д ...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ундрам дэлгүүрт хүнсний зүйл цуглуулаад ногооны тасагт лууван ялгаад сууж байтал газар шалан дээр хар өнгийн гар утас байхаар нь аваад ногоон дээр тавиад эзэн нь ирж авах болов уу гэж бодоод байж байсан тэгтэл ерөөсөө хүн ирээгүй тэгэхээр нь би торондоо хийгээд байж байтал манай хүү гаднаас ороод ирэхээр нь хүүдээ тортой зүйлээ бариулаад гаргачихсан өөрөө тооцоогоо хийгээд араас нь гарсан. Ингээд гэртээ очоод гар утас олсон талаараа хэлээд хүүхэддээ өгчихсөн тэгтэл орой цагдаа нар утасдаад та Ундрам дэлгүүрээс гар утас олсон уу гэхээр нь олсон гэж хэлсэн тэгтэл та наад гар утсаа цагдаа дээр аваад ир гэхээр маргааш өглөө аваачаад өгье гэтэл үгүй бид нар өөрсдөө одоо очоод авъя гэж хэлээд ирээд аваад явсан... /хх-ийн 37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,   

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07/45 дугаартай ...Б.Д өмчлөлийн “Samsung A20S” маркийн гар утас зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн байдлаар 317 500 /гурван зуун арван долоон мянга таван зуун мянган төгрөг/-өөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 18-23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3 дугаар хуудас, шүүгдэгч Д.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40, 43 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Д.Д нь иргэн Б.Д хаяж гээгдүүлсэн өмчлөлийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш 317.500 /гурван зуун арван долоо мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулан завшсан үйл баримт нь тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг... ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гээгдэл эд хөрөнгө болох “Samsung A20S” маркийн гар утсыг гэмт этгээд болох Д.Д өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө болох “Samsung A20S” маркийн гар утас гэмт этгээд болох Д.Д эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдал буюу хаяж гээгдүүлсний улмаас шилжсэний /олж авсны/ дараа түүнд завших, захиран зарцуулах, өөрийн болгох сэдэлт, санаа зорилго төрсөн байдаг.

 

Улмаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдлийн завшиж байгаа тухайн эд хөрөнгө нь бага хэмжээний хохирол буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш 317.500 /гурван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөг болох нь хавтас хэргийн 18-23 дугаар хуудсанд авагдсан “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07/45 дугаартай ...Б.Д өмчлөлийн “Samsung A20S” маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн байдлаар 317 500 /гурван зуун арван долоон мянга таван зуун мянган төгрөг/-өөр үнэлсэн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул гэмт хэрэг гэж үзсэн болно.

 

Тэрээр бага хэмжээнээс дээш үнэтэй хаяж гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эд хөрөнгийг олж авсны дараа завшиж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн завшсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д эд хөрөнгө буюу 317 500 /гурван зуун арван долоон мянга таван зуун мянган/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 317.500 /гурван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдсэн “Samsung A20S” маркийн гар утсыг биет байдлаар нь буюу ижил маркийн гар утсыг өгч барагдуулсан болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

 

Харин хохирогч Б.Д нь шүүгдэгчээс Би гар утсан дээр байсан зураг бичлэг гар утасны дугааруудыг эргэж сэргээхэд гарах зардал 100.000 /нэг зуун мянга/ төгрөг, хөрөнгийн үнэлгээний гэрээний үнэ болох 20.000 /хорин мянга/ төгрөг, нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжилжээ.

 

Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хөрөнгийн үнэлгээний гэрээний үнэ болох 20.000 /хорин мянга/ төгрөгийг хангаж, харин нотлох баримтгүй үнэлгээний хэмжээ нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул гар утсан дээр байсан файлуудыг сэргээхэд гарах зардал болох 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Д тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт: 

Шүүх шүүгдэгч Д.Д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, түүнчлэн шүүгдэгч Д.Д гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэн оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Д.Д оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 2134000000073 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

 шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Д.Д гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Шүүгдэгч Х овгийн Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Д.Д шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

5. Шүүгдэгч Х овгийн Д.Д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

    

6. Эрүүгийн 2134000000073 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х овгийн Д.Д 20.000 /хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б овгийн Б.Д олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Д.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН