Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 591

 

 

 

 

 

 

 

 

 

С.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч С.Г /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

хохирогч С.Мгийн хууль ёсны төлөөлөгч О.Амарсайхан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.Гд холбогдох 1803000010081 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Жонгор овогтой С-н Г, 1988 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, 2 дүү нарын хамт Баянгол дүүргийн .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........../,

С.Г нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 05 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Автоплаза төвийн арын уулзварын замд “Тоёота Приус” загварын 92-80 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулаад, мөн дүрмийн 2.5. 3ам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн
6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", в/ "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: С.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Жонгор овогт С-н Гг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

С.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох хөнгөн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих хүнд ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ггийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
өөрчлөн цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар С.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Хохирогч С.М, түүний хууль ёсны төлөөлөгч О.Амарсайхан нар нь
цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох
баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай
этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч С.Ггийн 719732 дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины гэрлийн шилний хагархайнуудыг устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгалын комисст даалгаж,

С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шөнийн 4 цаг 30 минут орчимд эгч над руу залгасан. ...эгч сандарсан хоолойгоор “миний дүү хаана байна, эгч нь хүн шүргээд хэргийн газрыг орхиод “Е-март” дэлгүүрийн урд зогсоол дээр байна, хурдан хүрээд ир” гэсэн. Би тоглож байсан тоглоомоо орхиод такси бариад “Е-март” дэлгүүрийн зогсоол дээр очтол автомашины урд салхины шил цуурсан байхыг хараад яг юу болсон талаар асуухад “хүн шүргээд хэргийн газрыг орхиод энд ирээд зогсчихлоо” гэсэн. Уйлаад шоконд орсон байдалтай байсан. Яг хаана хүн шүргээд ирсэн талаар асуухад хэргийн газар руу такси барьж очтол хэргийн газарт замын 1, 2 дугаар эгнээний голд хохирогч сууж байсан. Цаад талд нь шар өнгийн “Аксент” загварын автомашин, хажууд нь жолооч нь зогсож байсан. Би хохирогч дээр очоод “та зүгээр үү” гэж асуухад хариу хэлэхгүй байсан. Би шар өнгийн “Аксент” автомашины жолоочоос эмнэлэг дуудсан эсэхийг асуухад “тийм, 10 минут болж байна” гэсэн. Удалгүй цагдаагийн автомашин ирсэн. Дараа нь эмнэлгийн автомашин ирж хохирогчийг дамнуурга дээр хэвтүүлж, би автомашинд оруулахад тусалсан. Би такси барьж “Е-март” дэлгүүрийн зогсоолд очиж автомашиныг жолоодон гэр рүү явсан. ...Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү явж байтал цагдаагийн газраас над руу залгаж дуудсан. Тэгээд би очиж эгчийнхээ хийсэн үйлдлийг хүлээсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Ггийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ нотлогдож чадаагүй. Учир нь шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргахгүй оролцсон хэдий ч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дээр шүүх тал бүрээс нь үнэлэлт өгөх ёстой байсан. Гэтэл үнэлэлт, дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт осол гарсан газрын фото зургууд авагдсан. Фото зургуудыг харахад 92-80 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын автомашины тоормосны мөр байгаа байдал харагддаг. Гэтэл энэ нөхцөл байдлыг гүйцэт шалгаагүй. С.Галүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “явган зорчигчийг хараад баруун гар тал руугаа дарсан” гэдэг. Гэтэл энэ байдал нь дээрх нөхцөл байдалтай үгүйсгэгдэж байгаа. Мөн тухайн тээврийн осол хэний буруутай үйлдлээс шалтгаалж гарсанд үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй. Мөн тухайн автомашины “ABS” системтэй автомашин юм. Тэгэхээр энэ системийн онцлог нь зогсоох арга хэмжээ авахад замын нөхцөл байдлаас шалтгаалж заавал тоормосны мөр гарах ёстой биш юм. Үүнийг шүүхээс анхаарч үзээгүй. Мөн хохирогчийн хувийн байдал нь шүүх сэтгэцийн эмгэгийн шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй байгаа юм. Хохирогч нь тухайн шүүх хуралдаанд болох өдөр хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Шинжээчийн дүгнэлтээр хэсэгчилсэн ойгуудал сэтгэцийн эмгэгтэй болсон байна гэдэг. Хэрвээ сэтгэцийн эмгэгтэй болсон байвал ял шийтгэл эдлэх нөхцөл байдал байсан эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр хохирогчийн хувийн байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Мөн ослын газрыг орхиж явсан гэдэг нь хэрэгт авагдсан баримт, С.Ггийн мэдүүлгээр энэ хэрэг шийдвэрлэгдсэн. Энэ нөхцөл байдлын талаар шүүгдэгч С.Г нь гомдолдоо маш тодорхой болсон процессыг ярьсан байсан. Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй тул хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч С.Мгийн хууль ёсны төлөөлөгч О.Амарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдсан гомдлыг уншаад гайхаж байна. С.Г өөрөө эсвэл эгч нь хэрэг хийсэн гэдгээ хүлээх гэж байгаа юм уу гэдгийг ойлгохгүй байна. Хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлгүй байна.” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Г өөрөө тэгж ярьж байгаа боловч үнэхээр бэр эгч нь байсан бол энэ асуудлыг ярих байсан. Сая шүүх хуралдаанд тайлбарлахдаа эгчийгээ Солонгос явсан гэсэн. Прокурорын зүгээс энэ байдлыг хэргийг буцаах гэсэн санаа болов уу гэж бодож байна. Хэрэг гарах үед ослыг газрыг орхиж зугтаасан гэсэн үйлдэл байгаа тул яг жолооч нь хэн байсан гэдгийг олох боломжгүй байдал үүсэж байгаа юм. Яг энэ байдлыг С.Г ашиглаж байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон, хохирогчид хүнд гэмтэл учирсан, гэмтлийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэдэг нь тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...04 цаг 30 минутын орчимд ...явж байтал Авто Плазагийн уулзварын төгсгөл хэсэг рүү дөхөж явтал хойноос сурагшаа чигтэй хүн гарч ирээд зам хөндлөн гарч байгааг би харахгүй явж байгаад яг автомашины урд голын хэсэгт ирэхэд би хараад тоормоз гишгээд автомашиныхаа жолоог баруун тийш дарахад автомашины зүүн талын хэсэгт мөргүүлээд зам дээр унасан...” гэж /хавтаст хэргийн 112 дугаар хуудас/,

гэрч Р.Содномдорж “...нэг эмэгтэй зам хөндлөн гарч явсан. Тэр саарал өнгийн машин жолооч талаараа явган хүнийг шүргээд газар унагаагаад, зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн... Би 102 болон 103 дугаарт дуудлага өгсөн. 2 минут болоогүй байхад цагдаагийн автомашин ирээд 103 араас нь орж ирээд нөгөө хүнийг үзээд аваад явсан.” гэж /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

гэрч С.Сэр-Од “...дуудлага өгснөөс хойш 10 минутын дараа очиход явган зорчигч согтуу, замын нэг болон хоёр дугаар эгнээний зааг дээр сууж байсан. Бүрэлдэхүүн 20-30 минутын дараа ирсэн” гэж /хэргийн 65 дахь тал/ энэ хэргийн талаар өөр өөр байдлаар мэдүүлсэн байна.

Мөн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...Авто Плазагийн хойд замд автомашинд хүн мөргөгдсөн, ...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 цаг 58 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэсэн /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/ байхад хэргийн 130 дахь талд авагдсан ЦЕГазрын шуурхай удирдлагын төвийн баримтад “Хүн мөргөөд зугтсан гэх мэдээлэл 2017.10.18-ны өдрийн 04.59 цагт бүртгэгдэж, 05.13 цагт хэргийн газарт очсон” талаар бүртгэгджээ.

Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон хуудсанд “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5.58 цагт дуудлага авч, 06.07 цагт үзлэг хийхэд уг хэрэг хүн мөргөх хэлбэрээр гарчээ. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05.30 цагт осол, хэрэг гарсан нь үзлэгээр тогтоогдов” гэжээ. /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Харин шүүгдэгч С.Ганхүү нь 2018.10.18-ны өдрийн 05.52 цагт өөрийн 99230102 дугаартай утаснаас “Зогсоол дээр байсан машины урд шил хагалчихсан байна” гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад мэдээлсэн баримт хэргийн 132 дахь талд авагдсан байна.

 Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал хуудас зэрэг баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн гэх нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд нотолж чадаагүй, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааны хувьд харилцан зөрүүтэй, хэн үйлдсэн нь тодорхойгүй байх бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох энэхүү нөхцөл байдлыг шалгахгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч С.Ггийн давж заалдах гомдолд дурдсан “...шөнийн 4 цаг 30 минут орчимд эгч над руу залгасан. ...эгч сандарсан хоолойгоор “миний дүү хаана байна, эгч нь хүн шүргээд хэргийн газрыг орхиод “Е-март” дэлгүүрийн урд зогсоол дээр байна, хурдан хүрээд ир” гэсэн. ...такси бариад “Е-март” дэлгүүрийн зогсоол дээр очтол автомашины урд салхины шил цуурсан байхыг хараад яг юу болсон талаар асуухад “хүн шүргээд хэргийн газрыг орхиод энд ирээд зогсчихлоо” гэсэн. ...хэргийн газар руу такси барьж очтол хэргийн газарт замын 1, 2 дугаар эгнээний голд хохирогч сууж байсан. ...Би шар өнгийн “Аксент” автомашины жолоочоос эмнэлэг дуудсан эсэхийг асуухад “тийм, 10 минут болж байна” гэж байсан” гэснийг мөрдөн байцаалтаар нарийвчлан шалгаж, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, “Тоёота Приус” загварын 92-80 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чухам хэн жолоодож явсныг хөдөлбөргүй тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзлээ.

Иймд дээрх байдлуудыг дахин шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Гд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Гд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол С.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ц.ОЧ