Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 17

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн иргэн Т.О, М.М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох,
Гуравдагч этгээд: Х ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/530 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус сумын Засаг дарга Ө.Бы 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/120 дугаар захирамжийг хэвээр үлдээхийг аймгийн Засаг дарга Ж.Эт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн иргэн Т.О, М.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Амарсайхан, гуравдагч этгээд “Х” ХХК-ний захирал Б.Саруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Т.О, М.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.М 1976 оноос Т.О 1987 оноос хойш бид нар Эрдэнэцагаан сумын 6-р баг “Ө” гэх газар мал маллан мал ахуйгаа адгуулан амьдарч ирсэн. Бидний амьдарч байгаа нутаг маань өвс ургамал сайтай ус ундаа элбэг дэлбэг нутаг байлаа. Гэтэл Эрдэнэцагаан сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Амартайван нь 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн  А/84 тоот  “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гаргаж 3000 га талбайг тариалангийн зориулалтаар Хятадын хөрөнгө оруулалттай, Улаанбаатар хотын харъяат “Х” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр хууль бус шийдвэр гаргаж гэрчилгээ олгосон юм. Бид нар энэ талаар гомдлоо удаа дараа сум орон нутгийн удирдлагад гаргаж байсан. Гаргасан мэдээллийн дагуу Эрдэнэцагаан сумын засаг дарга нь тухайн газар нутагт бүрэлдэхүүн комисс томилж, хэмжилт үзлэг хийсний үндсэн дээр холбогдох арга хэмжээг авсан.
  Засаг дарга Ө.Б 2018 оны 09 сарын 18-ны өдрийн А/120 тоот захирамжаар С.Амартайваны А/84 тоот захирамжийг “Тус компаний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгосон. Үүнийг “Х” ХХК-ийн захирал Б.Саруул аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Аймгийн Засаг дарга  Ж.Э нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/530 тоот захирамжаар Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Бы 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/120 тоот захирамжийг хүчингүй болгосон байдаг.
Аймгийн Засаг дарга Ж.Э нь “Х” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ тухайн компанийн талаар холбогдох баримт бичгийг хянаж зохих хуулийн заалттай хэрхэн нийцсэн эсэхийг нягтлан үзэлгүйгээр хууль бус шийдвэр гаргажээ.
  Иймд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/530 тоот захирамжийг хэвээр үлдээхийг аймгийн Засаг  дарга Ж.Эт даалгаж өгнө үү гэжээ.
 Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн иргэн Т.О гэдэг хүн байна. Би 1946 онд төрсөн. Одоо 73 настай. Би энэ “Өргөн” гэх нутагт 1988 оноос эхлэн сууршин амьдарч эдүгээ 33 жил энэ нутагт ажиллаж, амьдарч байна. Энэ нутаг нь өвс ургамал сайтай, газрын хөрс шимтэй ийм сайхан нутаг юм. Анх би 1988 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд эмчилгээ тэжээлийн цэгт эмчээр ажиллаж байгаад 1990 онд энэ цэг маань татан буугдсан. Тэрнээс хойш энэ нутаг дээр одоог хүртэл хувиараа мал маллаж амьдарч байна. Манайх 9 хүүхэдтэй үүнээс 4 хүүхэд нь мал маллаж амьдарч байна.  Бидний мал маллаж амьдарч байгаа, бид нарын амьдралын эх үүсвэр болсон нутаг бол энэ “Өргөн” гэх нутаг юм.
Энэ газар дээр маань 2015 онд Б.Саруул захиралтай “Х” компани нь сумын Засаг дарга С.Амартайваны 2015.05.21-ний өдрийн А/84 дугаартай захирамжаар 3000 га газрыг 15 жилийн хугацаатайгаар гэрээ хийж энэ газрыг авсан. Тухайн газар нь хуучин нэгдэл аж ахуй байхад 1800 га газар байсан. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан болохоор мэднэ. Гэтэл 3000 га газар гэж өгсөн байна. Ингээд 2015 онд 400 орчим га газарт тариа тарьж ургац хурааж авсан. Тэрнээс хойш 2018 онд 1600-1800 га газар хагалсан. Энэ хагалсан газар манайханы гол мал бэлчдэг нутаг нь юм. Манай гэрээс энэ хагалсан газар нь 1 км хүрэхгүй газарт байгаа. Бидний амьдралын эх үүсвэр болсон малын маань бэлчээр устаж, мал бэлчих газаргүй болж байгаа учир шүүхэд хүсэлт гаргахаас өөр аргагүй болсон. Ингээд 2018 онд сумын Засаг дарга Батсайханд өргөдөл гаргаж өгсөн. Үүний үндсэн дээр сумын Засаг даргын 2018 оны 120 дугаар захирамж нь дээр “Х” компаны үйл ажиллагаа түдгэлзүүлсэн. Үүний дараагаар “Х” компаны захирал Б.Саруул нь аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргаж, 2018.09.05-ны өдрийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулсан байсан. Ингээд дахиад газраа хагалж эхэлсэн. Энэ хагалсан газар нь манай малчдын малын бэлчээр таарсан. Тухайн үед газар хагалж байхад Б.Саруул захиралтай 4-5 хүн очиж уулзаад манай өвөлжөө, хаваржааны нутгаас жаахан зайдуу газраа хагалж өгнө үү гэж хүссэн боловч үүнийг хүлээж аваагүй. Газраа цааш хагалсан. Ингээд манай бэлчээр нь тариалангийн газар болж хувирсан. Малчдын малын бэлчээрийн газар тун бага газар үлдсэн.
Тухайн нутагт 25 өрхийн 48 малчны  8362 мал байгаа. Ер нь тэгээд энд амьдарч байгаа малчдын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүч түрсэн буюу үл оошоосон дээрхлэсэн маягтайгаар бид нарт ханддаг байсан. Би нэг удаа газар хагалж байхад нь очиж уулзахад та сум орон нутагтаа өргөдөл бичиж бид нарын ажлыг сараар хойшлуулсан. Танд 3-5 сая төгрөгийн төлбөр тавина гэж сүрдүүлсэн. Ер нь бол манайханаас хүмүүс очиж уулзахад бол та нарт хамаагүй миний мэдлийн газар гэж харьцдаг байсан. Ер нь ус болон бэлчээрийн даац муудаж байгаа өнөөгийн нөхцөлд энэ хагалсан газарт мал хүнгүй шахагдаж, орон нутагтаа тайван амьдрах нөхцөлгүй болж байна.
Хоёрдугаарт хаврын цагт тоос шороо гэдэг бол говийн угалзтай адилхан нүдгүй шороон шуурга хэд хэдэн удаа шуурсан. Тухайн шороонд бол манайханы гэр орон болон малын хашаа, бэлчээр дарагдаагүй зүйл байхгүй. Энэ асуудал бол бид нарт маш хэцүү байна. Цаашид өвс, ногоо ургахад нь энэ тоос нөлөөлнө. Дээрхи байдлаас үзэхэд мал төрийн хамгаалалтанд байх ёстой. Малчин хүн эх орондоо тайван амьдрах ёстой гэсэн үндсэн хуулинд заасан эрх маань зөрчигдөж байна гэж үзэж байна. Б.Саруул захиралтай “Х” компаны хагалсан газар бол бидний амьдралын дэм болсон газар юм. Цаашид үр хүүхдүүд маань малаа маллаж амьдрах амьдралынхан эх үүсвэр болсон газар юм.Энэ газар нь бэлчээр сайтай газар нутаг учраас өвөл, хаврын хатуу цагийг давах гол бэлчээртэй газар маань өнөөдөр тариалангийн газар болчихоод байна.
Үүнээс болж бид нар хохирч байна. Өнгөрсөн өвөл хэрвээ цас зудтай өвөл болсон бол бидэнд ямар хохирол үүсэж болох байсныг сайн хэлж мэдэхгүй байна. Б.Саруул захирал нь захирамжинд үндэслэн бид нарын бэлчээр нутгийг булаан авч байна гэж үзэж байна. Сүхбаатар аймгийн Засаг дарга н.Эрдэнэбаатарын харъяат иргэн нь бид нар байхад. Харъяат иргэнийхээ эрх ашгийг зөрчиж, Хятадын хөрөнгө оруулалттай Б.Саруул захиралтай “Х” компаны эрхийг дээгүүр үзэж, бид нарын эрх ашгийг доогуур үзэж байгаад би гомдож байна.
 Ингээд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/530 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
     
 Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ “Өргөн” гэх газарт 1975 оноос хойш ажиллаж, амьдарч байгаа. Манай аав ээж бол 1963 оноос эхлэж, энэ нутаг амьдарч байсан. Тухайн үед манай аав ээж тус газарт ногоо тарьж байсан. Би сүүлд 1975 онд цэргээс халагдаж ирээд тэжээлийн аж ахуйд малчнаар орсон. Тэр цагаас хойш одоог хүртэл энэ нутагт мал маллаж амьдарч байна.  Энэ газрын маргааны асуудлаас болж бид нар энэ хүмүүстэй муудах сайдах гээд олон асуудалтай тулгарч байна. Газар хагалж эхлэснээс хойш цаг агаарын байдал их хэцүү болсон. Өнгөрсөн өвөл гэхэд дандаа цасан шуургатай байсан. Шуургагүй өдөр гэж нэг ч өдөр байгаагүй. Өнгөрсөн жил бол шороон шуурга байнга шуурсан. Мөн хавар шороон шуурга шуурч мал болон хүн байхын эцэсгүй байсан.  
 Хавар төлийн үед төл мал авахад маш хэцүү байсан. Учир нь шороон шуурганы улмаас мал уушигны өвчнөөр маш их үхсэн. Тэрнээс гадна бэлчээр хомсдож байгаа өнөөгийн цаг үед хэцүү байна. Урьд өмнө нь манай энэ нутаг ус, өвс ургамал сайтай малчид сайхан амьдарч байсан. Одоо бол бэлчээр ус муудаж байна. Бид нар бол яах вэ? нас өндөр хүмүүс. Бидний үр хүүхдүүд болон ард түмэн маань энэ нутаг дээр малаа маллаж байнга амьдарна. Бид нар өөр тийшээ явъя гэхээр бэлчээр, ус хомсдсон тул явах газар байхгүй. Энэ байгаа жаахан бэлчээртэй газраа амьдармаар байна. Бид нар өөр хаашаа явах вэ?. Бид нарын үндсэн хуулиар олгогдсон эрх маань зөрчигдөж байна. Үндсэн хуулинд зааснаар мал төрийн хамгаалтанд байна гэж заасан. Энэ эрхээ зөрчүүлж байна. Тиймээс гомдолтой байна. Энэ маргааны асуудлыг аштай шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

   Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Амарсайхан миний бие нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр оролцож байна. Сая шүүх хуралдааны явцад хариуцагч, нэхэмжлэгч нараас асууж лавлалаа. Мөн нотлох баримттай танилцлаа. Манай үйлчлүүлэгч нарын хувьд бол Эрдэнэцагаан сумын уугуул гэж хэлж болно. М.Мийн хувьд 1973 оноос одоог хүртэл энэ нутагт ажиллаж амьдарч байна. Т.Оын хувьд 1988 оноос эхэлж тухайн нутагт одоог хүртэл ажиллаж амьдарч байна. Энэ нутагт амьдардаг хүн ард болон газар нутгийг таньж мэддэг. Бүгдээрээ нэг нутаг усанд малаа маллаж амьдарч байгаа хүмүүс. Энэ зөрчил юунаас болж гарсан бэ? гэхээр 2015 оны Эрдэнэцагаан сумын С.Амартайваны үед гарсан захирамжийн агуулга нь “Х” ХХК-д тодорхой хэмжээний тариалангийн газар эзэмшүүлэхээр гарсан.
 Үүнээс бол нэхэмжлэгч нар бухимдсан. Яагаад гэвэл өнөөгийн нөхцөл байдлын улмаас газрын цөлжилт болж, бэлчээрийн хомсдол үүссэн. Мал аж ахуй өссөнтэй холбоотойгоор малын бэлчээр усны асуудал хомс болсон. Нутаглаж байгаа газар хууль бус мэдэлтэнгүүдийн албан бичиг баримтуудаар малчид иргэдийг хязгаарласан асуудал гарсан учраас гомдол гаргасан байгаа. “Өргөн” гэдэг газар нь хуучин 1970-1980 онуудад газар тариалангийн газар байсан. Тэгээд сүүлдээ энэ ажил нь зогсож тариалангийн газар нь атаршсан. Атаршсан гэдэг маань газар тариалангийн ажил зогсоод янз бүрийн ургамал ногоо ургаж, хүн ард нь тэндээ малаа маллаж, мал нь өвч ногоогоо иддэг. Ийм сор өвстэй нутаг болж эхэлсэн.
 Эрдэнэцагаан сумын Засаг дарга байсан С.Амартайван 2015 онд захирамж гаргахдаа тухайн 6 дугаар багийн иргэдийн Хурлаар хэлэлцүүлээгүй. Мөн энэ талаар багийн иргэдэд танилцуулаагүй байсан. Хурлаар хэлэлцэж дараагийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Үүний дараа С.Амартайван нь улс төрийн сонгуулийн улмаас ажлаа хүлээлгэн өгсөн.Тэгээд одоо ажиллаж байгаа Батсайханд ажлаа хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нар маань С.Амартайваны захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж одоогийн Засаг дарга болох Батсайханд өргөдөл гаргаж өгсөн. Газар тариалангийн улмаас малын бэлчээр хомсдлоо гэсний дагуу гомдол гаргасан. Тэгээд Засаг дарга Батсайхан нь Тамгын газрын ажилчиддаа явуулж, газар тариалангийн ажлыг судлуулж дүгнэлтээ гаргасны үндсэн дээр захирамж гаргасан байдаг. Захирамжийн агуулга нь юу вэ? гэхээр урьд ажиллаж байсан С.Амартайваны гаргасан захирамжийг хүчингүй болгосон. Хүчингүй болгон гэдэг маань газар эзэмших эрхийг зогсоож байна гэсэн үг. Тэгээд захиргааны актыг илт хууль бус гэж үзсэний улмаас тариалангийн ажил зогссон.
 Газар тариалангийн ажил зогссонтой холбогдуулж “Х” ХХК-ны захирал Б.Саруул гомдол гаргасан. Энэ гомдлыг нь аймгийн Засаг дарга Эрдэнэбаатар үзээд түр хугацаагаар түдгэлзүүлж, Засаг даргын Тамгын газрын хуулийн ажилтнуудад энэ талаар судлах үүрэг дааалгавар өгсөн байдаг. Үүний дараа Засаг дарга Эрдэнэбаатар нь захирамж гаргаж Эрдэнэцагаан сумын Засаг дарга Батсайханы захирамжийг хүчингүй болгосон. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа Т.О, М.М нар надад өмгөөлөгчөөр оролцох санал тавьсан. Үүний дагуу би энэ хэрэг дээр ажиллаж, нэхэмжлэгч нарын эрх ашиг яах аргагүй зөрчигдсөн байна гэж үзээд шүүхээр хянуулж засуулах нь зүйтэй юм байна гэж үзсэний дагуу өнөөдөр энэ шүүх хуралдаан болж байна. Ер нь тухайн газар дээр газар тариалангийн ажил хийх шаардлагатай байгаад байсан бол тухайн орон нутагт ажиллаж амьдардаг хүмүүст хариуцуулж өгөх байтал өөр газарт буюу Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг буюу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гаралтай Б.Саруул гэх залууд газар эзэмших эрх олгосон. Энэ талаар бас хуулинд заасан байдаг. Тухайн нутагтаа байнга оршин суудаг, тогтвор суурьшилтай ажиллагаа явуулж, ажиллаж, амьдардаг хүмүүст олгох боломжтой ийм заалт байдаг. Үүний дагуу шийдвэрлэх боломж байсан боловч шийдвэрлээгүй.
Манай үйлчлүүлэгч нарын ярьж байгаагаар бол “Х” ХХК нь монгол эзэнтэй боловч гадаадын буюу Хятад улсын хүмүүс ажилладаг. Энэ талаар тагнуулын албаар шалгуулахад Хятад хүмүүс ажиллаж байгаад гараад явсан гэж хэлсэн. Саяхан бас ажиллаж байгаад тоног төхөөрөмжөө аваад явсан гэж байсан. Хятад хүмүүс ажилладаг нь тодорхой учраас энэ нь бас хууль бус байна гэж үзэж байна. Дээрээс нь нэмж хэлэхэд мэргэжлийн зарим байгууллага хяналт тавьж ажиллаж байсан. Тэр үед Б.Саруул захирал тухайн үед бид нар байгаль, цаг уурын нөхцөл байдлаас болоод ажиллаж чадаагүй гэж хэлсэн байсан. Байгалийн бэрхшээл гэдгийг журам заавраар зохицуулсан байдаг. Энэ талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим уламжилсан байдаг. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тухайн тариалангийн ажил хийж байгаа газар нь үнэхээр байгалийн бэрхшээлийн улмаас үйл ажиллагаа нь зогссон талаар батлана гэвэл нилээн нарийн үйл ажиллагаа хийдэг. Жишээлбэл газар хөдлөлт болсон байдаг ч юм уу? гэх олон жишээтэй заалтууд байдаг. Энэ нөхцөл байдлын аль нэг нь тохиолдвол Худалдаа аж үйлдвэрийн танхимаас үйл ажиллагааг нь зогсоож, татвар хураамж төлөх боломжгүй байна гэдгийг тогтоож өгдөг. Энэ журмын дагуу татвар хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтээ холбогдох байгууллагад нь гаргаж өгдөг байгаа. Энэ заалт байхгүй мөртлөө татварын байгууллагад тайлан мэдээгээ гаргаж өгөөгүй байсан.
 Эрдэнэцагаан сумын Засаг дарга энэ газар дээр 2 жил ажиллаагүй гэж захирамж гаргасан. Энэ талаар мэргэжлийн хумүүсийг Тамгын газраасаа явуулж, судалгаа хийлгэсэн. Тухайн хүмүүс нь газар дээр нь очиж судалгаа хийсэн талаараа Засаг даргадаа танилцуулсан. Үүний дагуу сумын Засаг дарга захиргааны актыг хүчингүй болгосон. Тиймээс Батсайхан даргын захирамж бол үндэслэлтэй захирамж байна гэж үзэж байна.
 Аймгийн Засаг дарга Эрдэнэбаатарын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/530 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.
          Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Бы 2018 оны А/120 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан “....захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэх”-ээр заасан байтал захирамжийг үндэслэх хэсэгт Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг бүхэлд нь баримталсан, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4, 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй зэрэг эрх зүйн зөрчилтэй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.6, 20.4-т заасан үндэслэлүүд бүрэн нотлогдож тогтоогдоогүй байхад “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3-т заасны дагуу захиргааны акт илт хууль бус болох үндэслэлээр Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2018 оны А/120 дугаар захирамжийг хүчингүй болгосон.    
         Шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь  энэ шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нарын хувьд бол Эрдэнэцагаан сумын Засаг дарга Батсайханы 2018 оны 120 тоот захирамжийг хэвээр үлдээж, аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/530 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Эрдэнэцагаан сумын Засаг даргын 120 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар захиргааны байгууллага эрх хэмжээнийнхээ дагуу хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэхээр заасан байтал захирамжийн үндэслэх хэсэгт Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг бүхэлд нь баримталсан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4, 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй. Мөн “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3-т заасныг ноцтой зөрчсөн учир тухайн хүчингүй болгосон захирамжийг илт хууль бус гэж үзэж аймгийн Засаг дарга Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2018 оны А/120 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Ер нь бол энэ маргаад байгаа газар бол 1950-1990 онуудад газар тариалангийн зориулалтаар болон Монгол улсын газрын нэгдсэн санд тариалангийн газраар ашиглагдаж байсан газар байгаа. 2018 оны 12 дугаар сард аймгийн Иргэдийн хурлын 7 дугаар тогтоолоор тариалангийн бүс нутаг гэж тогтоосон байгаа.
           Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.
 
           Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал Б.Саруул шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн иргэн Т.О, М.М нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжтай 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр танилцаад нэхэмжлэлийн хувийг гардаж аваад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:
          Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.05-ны өдрийн 122/ШЗ2019/0033 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн Хянавал хэсэгт ЗХХШТ хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байх тул энэхүү нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэх нь зүйтэй гэж үзлээ гэжээ. ЗХХШТ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой ”, мөн хуулийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг” тооцох,
  Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Б 2018.09.18-ны өдрийн А/120 тоот захирамжийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Э илт хууль бус болохыг тогтоон 2018.10.19-ний өдрийн А/530 тоот захирамжаар хүчингүй болгосон нь дээрх нэр бүхий иргэдтэй ямар уялдаа хамааралтай болох тэдний яг ямар эрх ашиг сонирхол хөндөгдсөн энэ нь үндэслэлтэй эсэх үндэслэлтэй бол ямар бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна.
  Мөн тус газрыг 1950-1990 оны хооронд газар тариалангийн зориулалтаар ашиглан Монгол улсын газрын нэгдмэл санд тариалангийн газраар ангилагдсан байдаг. Энэ үүднээс Эрдэнэцагаан сумын Иргэдийн хурлаас 2 удаа тогтоол гарч тариалангийн бүс нутаг болгож улмаар аймгийн Иргэдийн хурлын 2018.12.04-ний өдрийн 60 дугаар тогтоолоор тариалангийн бүс нутаг болгосон байна.
      Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тариалангийн зориулалтаар тусгагдсан газар юм.   
  Дээрх иргэд нь эрх бүхий байгууллагуудын шийдвэр, тогтоолоор олгогдсон газарт ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гарган, элдэв дарамт, шахалт, шаардлага тавьж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаад гомдолтой байна.
    Нэхэмжлэгч нарын тайлбарыг сонслоо. Нэг асуудлыг би ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь болохоор бэлчээрийн газар гэж яриад байх юм. Тэгсэн мөртлөө нэхэмжлэлийн шаардлага нь аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/530 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Эрдэнэцагаан сумын Засаг даргын захирамжийг сэргээлгэнэ гэж яриад байна. Сумын Засаг даргын захирамжийн агуулга нь 2 жилийн хугацаанд тариалалт хийгээгүй гэдэг үүднээс гарсан захирамж байгаа. Тэгэхээр тэр захирамжийг сэргээгээд энэ хүмүүсийн эрх ашиг сэргээгдэх юм уу? Нэхэмжлэл гаргах эрх нь бол нээлттэй. Тэгэхдээ би тайлбар дээрээ бичсэн байгаа. Энэ хүмүүсийн яг ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгаа юм бэ? Тэр нь энэ хавтаст хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар нотлогдож байгаа юм бэ? гэдэг нь ойлгомжгүй байна. Нөгөө талаас аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах гээд нэхэмжлэл гаргаад байгаа энэ хоёр нэхэмжлэгч маань нэхэмжлэл гаргах эрхтэй сүбьект мөн юм уу?, биш юм уу? гэдгийг би бас сайн ойлгохгүй байна. Ойлгомжгүй асуудал нилээн их байна. Хуулийн хүрээнд бол нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэлийнхээ шаардлагатай уялдаж байх ёстой гэсэн заалт байх шиг байсан. Тэгэхээр нэхэмжлэлийн үндэслэл маань шаардлагатайгаа хэрхэн уялдаад байгааг би сайн ойлгохгүй байна. Нөгөө талаас тухайн энэ хоёр малчныг тэнд байсан гэдэг асуудалтай хэн ч маргахгүй. Энэ талаар бол би ч маргахгүй. Одоо ч гэсэн энэ хүмүүс тэр нутаг дээр байж л байгаа. Энэ талаар сумын болон багийн Засаг дарга нарын албан тоотууд хавтаст хэрэгт байгаа. Тэгэхдээ М.М, Т.О гуай нар сая ярихдаа шороо болон цасаар шуурч байна гэж ярьж байна. Би бол энэ талаар мэдэхгүй. Нийт нутаг дэвсгэрээр ийм байдал адилхан байгаа. Миний хувьд бол энийг зохицуулаад янз бүрээр шууруулаад байгаа зүйл байхгүй. Хүч түрэн дээрхэлж байна гэсэн асуудал ярьж байна. Ер нь бол нотлох баримттай юм ярина шүү. Намайг энэ хүмүүсийн хүч түрэн дээрлэхсэн гэсэн ямар нэгэн мэдээлэл сум орон нутгийн эрх бүхий байгууллагад гаргаж өгсөн бол тэр баримтаа гаргаад өгчих. Би харин энэ хүмүүсийн талаар хоёр удаа Эрдэнэцагаан сумын цагдаагийн тасагт гомдол гаргасан байгаа. Мөн манай компанийг Хятадын хөрөнгө оруулалттай компани гэж яриад байна. Хятадын хөрөнгө оруулалттай компани байна гэсэн нотлох баримтаа гаргаад өгчих л дөө. Гаргаж өгөхгүй байж янз бүрийн юм ярьж нэр төрд хамаагүй халдаж болохгүй байх гэж бодож байна.
  Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 М.М, Т.О нар нь шүүхэд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/530 тоот захирамжийг хүчингүй болгож, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Бы А/120 тоот захирамжийг хэвээр үлдээхийг аймгийн Засаг дарга Ж.Эт даалгах нэхэмжлэл гаргажээ.
           Нэхэмжлэгч нараас аймгийн Засаг дарга нь “Х” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ тухайн компанийн талаар холбогдох баримт бичгийг хянаж зохих хуулийн заалттай хэрхэн нийцсэн эсэхийг нягтлан үзэлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан гэж, хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3-т заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэлээр Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2018 оны А/120 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэж маргаж байна.
          Гуравдагч этгээдээс нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан  эсэх, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, хөөн хэлэлцэх хугацааг тооцох, аймгийн Засаг даргын захирамж ямар эрх ашгийг нь хөндөөд байгаа нь тодорхойгүй гэсэн агуулгатай тайлбарыг гаргажээ.
         Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/84 тоот захирамжаар тус сумын 6 дугаар багийн нутаг Өргөний тариад 3000 га талбай бүхий газрыг газар тариалангийн зориулалтаар “Х” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
         Энэхүү захирамж гарсны дараа Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг, Өргөнд нутаглах малчин М.М,Т.О нарын гаргасан малын бэлчээр хагаллаа гэсэн гомдлын дагуу сумын Засаг даргын Тамгын газраас комисс томилон үзлэг, хэмжилт хийсний үндсэн дээр “Х” ХХК-д газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгосон гэж нэхэмжлэгч нар тайлбарладаг боловч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/120 тоот захирамжаар “Х” ХХК нь тариалсан ургац, бэлтгэсэн уринш зэрэг талбай ашиглалтын талаархи мэдээ өгөх, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх зэрэг хууль тогтоомжид заасан газар эзэмшигчийн үүргээ удаа дараа биелүүлээгүй, зориулалтын дагуу 2 жил дараалан тухайн газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, мөн уг компанид газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
 Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга нь дээрх шийдвэрээрээ нэхэмжлэгч М.М, Т.О, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн хоорондын малын бэлчээр хагаллаа гэх маргааныг шийдвэрлэх зорилгоор биш газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр “Х” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгожээ.
            Харин “Х” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу хянан үзээд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/530 тоот захирамжаар Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/120 тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэснээр гуравдагч этгээд “Х” ХХК-ийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг Өргөний тариад 3000 га талбай бүхий газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмших эрх сэргэсэн байна.
 Гуравдагч этгээд “Х” ХХК-д газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн Эрдэнэцагаан сумын  6 дугаар багийн нутаг Өргөний тариаг хуучин  нэгдэл, нийгмийн үед тариалангийн зориулалтаар ашиглаж байсан болохыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс үгүйсгэдэггүй бөгөөд нэхэмжлэгч Т.О нь хуучин 1800 га-д тариалдаг байсан 3000 га газар байгаагүй гэж маргадаг боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох тухай” 60 дугаар тогтоол, түүний хавсралтаар Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг, Өргөний тариад 3000 га талбайг тариалангийн бүс байхаар тогтоожээ.
           Нэхэмжлэгч нар нь Эрдэнэцагаан сумын 6 дугаар баг, Өргөний тариа гэх газарт Т.О нь 1988 оноос ногоо тарьж, бэлчээр ашиглаж, М.М нь 1976 оноос бэлчээр ашиглаж мал аж ахуй эрхлэдэг болох нь Эрдэнэцаган сумын Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
           Иймд тухайн нутагт олон жил мал маллаж амьдарсан Т.О, М.М нарыг бэлчээртэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.     
Газрын тухай хуулийн Бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах тухай 52 дугаар зүйлийн 52.2-д “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана ... Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заажээ.
 Мөн Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т “нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах” гэж заасны дагуу Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Малчдын хэсэг байгуулах тухай” 06 дугаар тогтоолоор “Өргөн”, “Баянцагаан”, Эв нэгдэл” бэлчээр ашиглалтын малчдын хэсгийг байгуулж, өвөлжөө хаваржааны орчны газрыг тус тус гэрээгээр ашиглуулахыг дэмжиж, сумын Засаг даргад уламжилж шийдвэрлэжээ. Гэвч малчдад болзол, гэрээний дагуу бэлчээр хуваарилж ашиглуулах эрх хэмжээтэй сумын Засаг даргаас нэхэмжлэгч М.М, Т.О нарт болон малчдын хэсэгт Өргөний тарианд бэлчээр ашиглуулах шийдвэр гаргаагүй байна.
 Түүнчлэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид олон жил нутаглаж буй өвөлжөө, хаваржааны газраа албан ёсоор эзэмшдэггүй байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;  3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; ойлгохоор заасан тул эрх бүхий захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу газрыг ашиглаж, эзэмшиж байгаа этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хууль ёсны эрх, ашиг  сонирхлоо хамгаалуулах боломжтой юм.
 Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.М, Т.О нар нь Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг Өргөний тарианд мал маллаж амьдардаг боловч гуравдагч этгээд “Х” ХХК-д газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газарт малын бэлчээр ашиглах болон өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрх албан ёсоор үүссэн болох нь тогтоогдохгүй байна.
          Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/530 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3, 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Х” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргад гаргасан гомдлын дагуу Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2018 оны А/120 дугаар захирамжийн үндэслэлийг хянан үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар сумын Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэлгүй, захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг бүхэлд нь баримталсан, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4, 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй зэрэг эрх зүйн зөрчилтэй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.6, 20.4-т заасан үндэслэлүүд бүрэн нотлогдоогүй байхад “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/120 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

 Дээрх үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны А/530 тоот захирамж болон уг захирамжаар хүчингүй болгосон  Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/120 тоот захирамжаар нэхэмжлэгч М.М, Т.О нарын маргаад байгаа малын бэлчээр хагаллаа гэх асуудлыг шийдвэрлээгүй байна.
 Захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь хууль бус актыг хүчингүй болгож, хууль бус захиргааны актын улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах явдал юм.
 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т, “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн захиргааны хэргийн шүүхэд хандаж сэргээлгэхээр шаардаж буй эрх нь хууль ёсны байж гэмээн хамгаалагдах учиртай.
 Гэтэл бэлчээр ашиглах, өвөлжөө, хаваржааны газраа хууль ёсоор эзэмших эрх үүсээгүй  М.М, Т.О нарын нэхэмжлэлээр Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/530 тоот захирамжийг хүчингүй болгож, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Бы А/120 тоот захирамжийг хэвээр үлдээхийг аймгийн Засаг дарга Ж.Эт даалгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
 Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны “Захирамж хүчингүй болгох тухай” А/530 тоот захирамж нь нэхэмжлэгч М.М, Т.О нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
            Шүүх маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзсэн тул уг актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй болно.   
 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7,  60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.М, Т.О нарын Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/530 тоот захирамжийг хүчингүй болгох, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Бы А/120 тоот захирамжийг хэвээр үлдээхийг аймгийн Засаг дарга Ж.Эт даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.





                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАЯРЦОГТ