Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0833/З |
Дугаар | 221/МА2023/0194 |
Огноо | 2023-03-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2023/0194
Б.С***, Ж.Б*** нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.С***, Ж.Б***
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” А/243 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0046 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д****, Ж.Э***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, Б.О***.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нар.
Хэргийн индекс: 128/2022/0833/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С***, Ж.Б*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” А/243 дугаартай захирамжийн иргэн Б.С***, Ж.Б*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0046 дугаар шийдвэрээр “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” А/243 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Маргаан бүхий акт хууль зөрчсөн буюу эрх олгогдоогүй этгээд гаргасан боловч нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу,
3.2 Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх зөрчигдсөн, цаашид зөрчигдөх нь илэрхий байхад тухайн нөхцөл байдлыг тодруулалгүй зөвхөн кадастрын зургийн хувьд давхцалгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж дүгнэснээр шүүх мөрдөн шалгах, нөхцөл байдлыг тал бүрээс нь шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
4. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.С***, Ж.Б*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” А/243 дугаартай захирамжийн иргэн Б.С***, Ж.Б*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” А/243 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд одоо байгаа төвийн цэвэр усны өмнөдийн ф700 мм-ийн голчтой шугам, бохир усны 17 дугаар коллекторын ф900 мм-ийн голчтой шугам, сүлжээ хүртэл шинээр цэвэр, бохир усны салбар шугам татах хамгаалалтын зурвасын 834 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх захирамжийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нарын хууль ёсны эзэмшлийн газраас “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар гарсан хууль бус шийдвэр, ... уг шийдвэрийн талаар хуульд заасан журмын дагуу эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүдэд мэдэгдэх сонсох ажиллагааг хийгээгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч “... Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд тайлбарласнаас үзвэл маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар бус төвийн цэвэр усны өмнөд ф700 мм-ийн голчтой шугам байрлаж байсан газар буюу шинээр шугам сүлжээ бий болгох бус байгаа шугамаас салбарлалт бий болгож байгаа” хэмээн инженерийн шугам сүлжээ бүхий газрын хамгаалалтын зурвастай холбон нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасанчлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг шүүх цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх үүрэгтэй.
4.2.Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2/470 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны дахин төлөвлөлтийн хүрээнд одоо байгаа төвийн цэвэр усны өмнөдийн ф700 мм-ийн голчтой шугам, бохир усны 17 дугаар коллекторын ф900 мм-ийн голчтой шугам, сүлжээ хүртэл шинээр цэвэр, бохир усны салбар шугам татах шаардлагатай байгаа тул хавсралт зурагт тусгагдсан нийтийн эзэмшлийн газрыг ... хамгаалалтын зурваст оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” А/243 дугаартай захирамжаар “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд одоо байгаа төвийн цэвэр усны өмнөдийн ф700 мм-ийн голчтой шугам, бохир усны 17 дугаар коллекторын ф900 мм-ийн голчтой шугам, сүлжээ хүртэл шинээр цэвэр, бохир усны салбар шугам татах хамгаалалтын зурвасын 834 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг” гуравдагч этгээд “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэсэн.
Улмаар гуравдагч этгээд “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3/1061 дүгээр “Газар чөлөөлүүлэх тухай” албан бичгээр “...шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт хашаа барьсан байгаа тул газрыг чөлөөлж өгөх, шугамуудад засвар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг” нэхэмжлэгч нарт мэдэгдсэнээр нэхэмжлэгч нар маргаан бүхий захиргааны акт гарсныг мэдэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмээн, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нийслэлийн Засаг даргын 2017 оны А/711 дүгээр захирамжаар “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэсэгчилсэн талбайн хилийн зааг”-ийг баталсан дагуу цэвэр, бохир усны салбар шугам татаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нар нь бодит байдалд газар эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаас илүү хэмжээний газрыг хашиж, эзэмшиж байгаа хэмээн тайлбарлан маргаж байна.
4.3. Тус үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж маргаж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” А/243 дугаар захирамжаар 834 м.кв талбай бүхий газрыг “цэвэр, бохир усны салбар шугам татах хамгаалалтын зурвасын зориулалтаар “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т эзэмшүүлж” шийдвэрлэсний улмаас үүсэв үү эсхүл гуравдагч этгээд “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас цэвэр, бохир усны салбар шугам татахтай холбоотойгоор газар чөлөөлөх мэдэгдлийг өгсөнтэй холбоотой юу,
хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2200 албан бичигт “... 133*** дугаартай газар нь 38300 м.кв талбайтайгаар иргэн Б.С***-ын нэр дээр, 133*** дугаартай 834 м.кв талбайтай газар нь “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд тус 2 газар нь хоорондоо давхцалгүй” болохыг дурдсан боловч Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/4246 дугаар албан бичигт дурдагдсан “иргэн Б.С***, Ж.Б*** нарт эзэмшүүлсэн ... 38300 м.кв газар нь дулааны болон цэвэр, бохир усны шугам сүлжээний хамгаалалтын зурваст давхцалтай байна” гэх үйл баримт нь ямар учиртай болох,
Хэргийн оролцогчдын маргаж буй асуудал болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3/1061 дүгээр “Газар чөлөөлүүлэх тухай” албан бичигт “...шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт хашаа барьсан байгаа тул газрыг чөлөөлж өгөх, шугамуудад засвар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг мэдэгдье” гэсэн мэдэгдэлтэй холбогдуулан нэхэмжлэгч нар нь бодит байдал дээр нийслэлийн Засаг даргын 2020 оны А/903 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 38300 м.кв газраас илүү хэмжээний газрыг хашаалж, эзэмшиж байгаа эсэх, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ нь шугам сүлжээ татах, засвар шинэчлэлтийн үйл ажиллагааг тухай хамгаалалтын зурвас дотор хийх боломжтой эсэх зэрэг асуудлыг тодруулалгүйгээр “хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй боловч үүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, ... нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшилд олгогдсон газрууд нь өөр хоорондоо давхцалгүй байхад маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Б.С***, Ж.Б*** нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
5. Иймд шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА