Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1014

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Батбаяр нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Т.Туяа  даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00411 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Батбаяр, Б.Баяржаргал нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Ариунцэцэгт холбогдох

 

Газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус  хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн төлбөрт нийт 3 565 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат,

Хариуцагч: Ж.Ариунцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Оюунбадам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь элэг болон арьсны өвчний улмаас Франц Улсад эмчлүүлэхээр болж 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо Яргайт 8-111 тоот, өөрийн өмчлөлийн 000261600 тоот гэрчилгээний дугаартай Г-2202014545 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, 000300278 тоот гэрчилгээний дугаартай Ү-2202021262 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг өөрийн дүү Ж.Ариунцэцэгт эргэж ирээд буцааж авах нөхцөлийг амаар харилцан, тохирч итгэлцлийн үндсэн дээр нэг сая төгрөгөөр худалдсан мэтээр гэрээ байгуулж шилжүүлсэн юм. Учир нь тухайн үед хотын дахин төлөвлөлтөд хамрагдах бол зайлшгүй насанд хүрсэн юмны учир мэдэх хүн хэрэгтэй гэж хариуцагчтай ярьж тохирсон. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр дахин төлөвлөлтөнд орж байгаа газар нь нэг сая төгрөгөөр үнэлэгдэхгүй тухайн үед дүү Ариунцэцэгтээ итгээд шилжүүсэн. Газар, байшингаа шилжүүлж байгаа талаар өөрийн төрсөн охин Баяржаргал, хүү Батжаргал /17 настай/ нарт огт мэдэгдээгүй, тэднээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр шийдсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийнхээ хамтран өмчлөх гэр бүлийн дундын эд хөрөнгийг дур мэдэн зөвшөөрлийг нь авахгүйгээр хэт үнэгүйдүүлэн төрсөн дүүдээ итгээд шилжүүлсэн нь хоёр хүүхдийнхээ өмчлөх эрхийг зөрчсөн байна. Хариуцагч нь одоо газар эзэмших эрхийг маань шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж үр дагаврыг арилгуулж өгнө үү. Мөн Ж.Ариунцэцэгт итгэмжлэлээр олгосон эрхийг хэтрүүлэн нэхэмжлэгч Ж.Батбаярын группийн мөнгө, хүүхдүүдэд олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмж нийт 1 700 000 төгрөгийг хариуцагч дур мэдэн хувьдаа зарцуулсан. Мөн орон сууц захиалгын урьдчилгаанд төлсөн 1 865 000 төгрөгийг  баримтаар хүлээн аваад өөртөө зарцуулсан байна. Иймд нийт 3 565 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хашаа байшин бид бүгдийн эцэг эхийн гал голомт юм. Би болон миний ах, дүү бүгд өв хүртэх ёстой. Ууган ах Ж.Батбаяр нь өмчлөх, эзэмших эрхгүй. Бидний отгон дүү маань аав, ээжийг нас бартал цуг амьдарч байсан. Энэ дүү маань давуу эрхээрээ энэ хашаа байшинг өмчлөх эрхтэй байсан боловч харамсалтай нь нас барсан. Нэн ялангуяа ахын 2 хүүхэд хашаа байшинг эзэмших, өмчлөх эрхгүй гэж үзэж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хашаа байшинг өгөхгүй. Ер нь энэ нэхэмжлэлд шаардсан бүгдийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх шаардлага байхгүй болно. Учир нь 1 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцоогүй. Группын болон тэжээгчээ алдсаны тэтгэмжид 3 565 000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

  •     Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасны дагуу 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ж.Батбаяр, Ж.Ариунцэцэг нарын хооронд байгуулсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамж, 111 тоот хаягт байрлах 547 мкв талбайтай газар, 80 м.кв талбайтай хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 000261600 тоот гэрчилгээтэй, Ү-2202014545 улсын бүртгэлийн дугаартай газар, 000300278 тоот гэрчилгээтэй, Ү-2202021262 улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцны өмчлөх эрхийг Ж.Батбаярын нэр дээр сэргээж, хариуцагч Ж.Ариунцэцэгээс 3 565 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Батбаяр, Б.Баяржаргал нарт олгож, 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.3-т заасны дагуу Б.Баяржаргалын нэхэмжлэлтэй, Ж.Ариунцэцэгт холбогдох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамж, 111 тоот хаягт байрлах газар, хувийн сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ариунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 253 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Батбаярт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

               Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 8 сарын 01-нд ах Ж.Батбаяр бидний хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8-111 тоотод байрлах газар, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ хууль ёсны дагуу байгуулагдаж улмаар улсын бүртгэлд бүртгэгдэж миний нэр дээр шилжсэн юм. Учир нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө  бидний аав, ээжийн гал голомт байсан юм. Би болон манай ах Ж.Батбаяр бид нар 2004 оноос эхлэн амьдарч байгаа. Аав, ээж нас барсны дараагаар ах Ж.Батбаяр ганцаараа өөрийн нэр дээр шилжүүлж авсан ба би тухайн үед ээжийн өв хөрөнгөөс авах учиртай гэхэд намайг том ах Ж.Түмэнбаяраар загнуулж, дарамтлуулж байж өвөөс татгалзуулсан юм. Ах Ж.Батбаяр нь 2014 онд гадаад явахдаа тэтгэмжийн мөнгөө надад итгэмжлэн үлдээсэн учир нь гадаадад очоод надад мөнгө хэрэг болно чи араас мөнгө явуулж бай гэсэн үүднээс үлдээсэн юм. Ах Батбаяр намайг 5 500 000 төгрөг явуул гэхэд нь би хүнээс мөнгө зээлээд 2015 оны 2 сард явуулсан. Гэтэл ах Батбаяр маань огт мөнгө аваагүй гэх мэтээр нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Шүүхэд өөрөө үг хэлэхгүй өмнөөсөө Эрдэнэбат гэдэг хүнээр мөнгө төгрөг аваагүй гэж худлаа яриулаад байсан. Гэтэл ах маань өнөөдөр бодит байдлыг гуйвуулж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж өөрөө шүүх хурал дээр үг хэлэхгүй, надтай нүүр нүүрээ харж ярьж чадахгүй байгаад гайхаж байна. Би ахыг гадаад явахад нь чадах чинээгээрээ тусалж мөнгө төгрөг араас нь өгч явуулж байсан. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээний дагуу 1 000 000 төгрөг өгч авалцаагүй ч гэсэн миний хойноос мөнгө явуул гэхээр нь би хүнээс мөнгө зээлээд өгч явуулсан байтал одоо үнэн бодит байдлыг гуйвуулж худал яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч нэхэмжлэгч талын хуурамч тайлбарт ач холбогдол өгч, хэт хөтлөгдөж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх хурал дээр би ах Батбаярт 5 500 000 төгрөг шилжүүлж байсан гэж хэлэхэд ах юу ч хэлж чадахгүй суугаад байсан. Шүүх хурлын тэмдэглэлд бичигдсэн эсэх талаар үзэхээр очиход тэмдэглэл гараагүй байна гээд манай өмгөөлөгчийг удаа дараа буцаасан байсан. Шүүх хурлын явцад худалдах худалдан авах гэрээгээр 1 000 000 төгрөг өгч авалцсан уу гэж хөтөлж, тулгаж асуугаад энэ асуултынхаа хариултаар шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэргийн бодит үнэнийг зөв тодорхойлж үнэлээгүй байна. Худалдах, худалдан авах гэрээнд түр шилжүүлсэн гэсэн тодотгол огт байхгүйг анхаарах хэрэгтэй байна. Бидний хооронд байгуулсан газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ тус бүр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 243 дугаар зүйлд зааснаар байгуулагдсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Би өнөөдөр хүртэл маргаан бүхий газарт амьдарч байна. Ах Батбаяр энд амьдардаггүй. Бидний хооронд байгуулсан гэрээ нь түр хугацаагаар болон эргэж буцаах нөхцөл огт тусгагдаагүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Миний бие энэ газар, хувийн сууцанд 2004 оноос хойш амьдарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, өмчлөх эрхийг Батбаярын нэр дээр сэргээж” гэсэн хэсгийг хүчингүй болгож, Батбаярын нэхэмжлэлээс газар, хувийн сууцны гэрээтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Батбаяр, Б.Баяржаргал нар хариуцагч Ж.Ариунцэцэгт холбогдуулан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн төлбөр нийт 3 565 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Ж.Батбаяр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамж, 111 тоот хаягт байрлах 547 м.кв талбайтай газар, 80 м.кв талбайтай хувийн сууцыг худалдах, худалдан авагч Ж.Ариунцэцэг нь 1 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-10 дугаар тал/

 

            Гэвч дээрх худалдах, худалдан авах гэрээ нь  тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй,  эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэх хүсэл эрмэлзэлгүй, зөвхөн гадаад хэлбэрийн хувьд  уг гэрээг хийж буй мэт илэрийллийг агуулжээ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцжээ.

 

            Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар  дээрх хэлцлээр шилжүүлсэн зүйл болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамж, 111 тоот хаягт байрлах 547 м.кв талбайтай газар, тус газарт байрлах 80 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг хариуцагчийн өмчлөлөөс буцааж, нэхэмжлэгч Ж.Батбаярын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Анхан шатны шүүх Ж.Батбаяр, Ж.Ариунцэцэг нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2014 онд 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр Ж.Батбаяр дангаараа бүртгэгдсэн тул өмчлөгчийн гэр бүлийн гишүүн болох нэхэмжлэгч Б.Баяржаргал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргах эрхгүй гэж зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч Ж.Ариунцэцэг нь нэхэмжлэгч нарт хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн төлбөрт 3 565 000 төгрөг төлөхийг  хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэслэл болно.

 

            Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00411 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ж.Батбаяр, Ж.Ариунцэцэг нарын хооронд байгуулагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамж, 111 тоот хаягт байрлах 547 м.кв талбайтай газар, 80 м.кв талбайтай хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, дээрх 000284602 тоот гэрчилгээтэй, Г-2202014545 бүртгэлийн дугаартай газар, 000337556  тоот гэрчилгээтэй, Ү-2202021262 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Батбаярыг бүртгэхийг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж,

шийдвэрт 2 дахь заалт нэмж, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ариунцэцэг нь 3 565 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Батбаяр, Б.Баяржаргал нарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталсугай” гэж,

“2 заалтыг “3”, “3 дахь заалтыг “4”, “4 дэх заалтыг “5” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Т.ТУЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ