Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль

-хохирогч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа

-хохирогч Д.Баасанжав, Ч.Энхжаргал

-иргэний хариуцагч Д.Сугарсүрэн

-шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1934007120509 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1955 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1980 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хотын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 А-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1982 оны 01 дүгээр сарын 20-ны магадлалаар суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Д.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар-13 гэх газарт Улаанбаатар хотоос Арвайхээр орох асфальтан замын 111 дэх км-ийн заалт бүхий шонгийн орчим Хино маркийн 68-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй эсвэл байхгүй тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүй улмаас зорчих хэсэг хөвөөн дээр зогссон тохиолдолд гэснийг, мөн дүрмийн 9.5-д заасан “Осгын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд ЗОм-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг, мөн дүрмийн 18.4-д заасан “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын в, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд ороолцож явсан “Мазда памила" маркийн 01-87 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Баасанжав нь 68-64 УБЗ тээврийн хэрэгслийн араас мөргөж, 01-87 БУА тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Аялгуугийн эрүүл мэндэд хүнд, Ч.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Б нь мэдүүлэхдээ: “Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Төв аймгийн Лүн сумын замд эвдрээд зогсож байхад Баасанжавын жолоодож явсан тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Баасанжав нь мэдүүлэхдээ: “ Би тухайн өдөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Б-ийн машиныг зогсож байгааг ерөөсөө хараагүй. Надад одоо гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө барагдуулсан” гэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргал нь мэдүүлэхдээ: “Миний бие уг ослын улмаас хөнгөн гэмтэл учирсан манай хүүхдийн биед хүнд гэмтэл учирсан. Би тухайн өдөр жолоочийн хажуу талын суудал дээр хүүхдээ өвөр дээрээ аваад явж байсан. Уг ослын улмаас хүүхдийн маань тархинд цус харвасан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж биеийн байдал нь гайгүй болсон хааяа толгой нь өвддөг курс эмчилгээ хийгдэж байгаад дууссан байгаа. Цаашид хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай. Хохирол төлбөрөө барагдуулж авсан, гомдолгүй” гэв.

Иргэний хариуцагч Д.Сугарсүрэн мэдүүлэхдээ: “Жолооч байхгүй байсан учраас Д.Быг дуудаж ажилд явуулсан байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-22 тал/, хохирогч Д.Баасанжавын мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/, хохирогч Ч.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Аялгуугийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 43-45/, гэрч Ц.Цогбадрахын мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Элбэг-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, гэрч Д.Хишигтийн мэдүүлэг /хх-ийн 45 тал/, гэрч Ж.Цэцгээгийн мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Аялгуугийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн 10120 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Баасанжавын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн №10119 дугаартай дүгнэлт, хохирогч Ч.Энхжаргалын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн №10121 дугаартай дүгнэлт, “Хас Үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээ /хх-ийн 76-78 тал/, Замын цагдаагийн №132 дугаартай дүгнэлт /хх-ийн 60 тал/, шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 110-112 тал/ болон хохирогч нарын шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар-13 гэх газарт Улаанбаатар хотоос Арвайхээр орох асфальтан замын 111 дэх км-ийн заалт бүхий шонгийн орчим Хино маркийн 68-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй эсвэл байхгүй тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүй улмаас зорчих хэсэг хөвөөн дээр зогссон тохиолдолд гэснийг, мөн дүрмийн 9.5-д заасан “Осгын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд ЗОм-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг, мөн дүрмийн 18.4-д заасан “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын в, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд ороолцож явсан “Мазда памила" маркийн 01-87 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Баасанжав нь 68-64 УБЗ тээврийн хэрэгслийн араас мөргөж, 01-87 БУА тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Аялгуугийн эрүүл мэндэд хүнд, Ч.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 02 тал/
  • Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баянхангай сумын нутаг “Атар 13” гэх газар Улаанбаатар хотоос Арвайхээр явах А0301 авто замын 111 дэх км-ийн шонгийн ойролцоо байх ба “68-64 УБЗ” улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн араас “01-87 БУА” улсын дугаартай Мазда фамилиа” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн зам тээврийн осол гарсан байв. Уг хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх “А” үл хөдлөх цэгийг ойролцоох км-ийн шон болох Улаанбаатар хотоос Арвайхээр явах замын 111 дэх км-ийн шонгоор авч “В” үсгээр ослын гурвалжин анх байсан гэх Хино маркийн тээврийн хэрэгслийн жолооч заасныг “3” тоогоор тэмдэглэв. Хэргийн газарт үзлэг хийхэд Мазда фамилиа маркийн тээврийн хэрэгсэл баруун талаараа Хино маркийн тээврийн хэрэгслийн ачааны арын хэсгийг мөргөж кабин болон дээврийн хэсэг нь арагш чихэгдэж орсон байдалтай байв. Хино маркийн тээврийн хэрэгсэл баруун хойд талын дугуйгаа авч мод болон дугуйгаар доороос нь эвсэн, ослын гурвалжин тээврийн хэрэгслийн ард байрлуулсан байдалтай зогсож байв. “А” цэгээс “В” цэг хүртэл тэгш өнцгөөр хэмжээд урт нь 300 метр, өргөн нь 3,80 метр, Хино маркийн тээврийн хэрэгслийн урд талын зүүн талны дугайнаас замын урд ирмэг хүртэл 5,95 метр, баруун урд дугуйнаас замын хойд ирмэг хүртэл 2,30 метр, хойд дугуйнаас замын урд ирмэг хүртэл 5,41 метр, баруун хойд дугуйнаас замын зах хүртэл 2,40 метр, мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй зүүн урд дугуйнаас замын урд ирмэг хүртэл 4,26, хойд дугуйнаас 4 метр, хино маркийн тээврийн хэрэгслээс ослын гурвалжин хүртэл 11,90, замын урд ирмэг 3,10 метр, хойд ирмэг 3,10 метр, замын урт 7 метр байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-22 тал/
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10120 дугаартай: “...Б.Аялгуугийн биед зүүн зулайн яснаас чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, дух, зүүн шанаанд шарх, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, хүзүүний зүүн хэсгийг хамарсан зулгаралт, зүүн нүдний зовхи, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... тухайн гэмтэл нь тухайн осол хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хүнд зэрэгт хамаарна... цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 49 тал/
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10119 дугаартай дүгнэлтэд: “...Д.Баасанжавын биед баруун шуу, сарвуунд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун нүдний гадна, хацар, хамар, баруун шуу, даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10121 дугаартай: “...Ч.Энхжаргалын биед баруун гайморын хөндийн гадна хана, урд хана, дотор хана, зүүн гайморын хөндийн гадна хана болон урд хана этмойд хөндий дайрсан хугарал, хоёр талын гайморын хөндийд цусан хураа, тархи доргилт, баруун хацарт шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух, баруун нүдний зовхи, хүзүүний баруун хэсгийг хамарсан зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 56 тал/,
  • “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан: “01-87 УБА” улсын дугаартай Мазда фамилиа маркийн тээврийн хэрэгслийн хохирлын дүн... 4.520.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 76 тал/
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 132 дугаартай: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Хино маркийн “68-64 УБЗ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөчсөн байна... Жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д Зам тээврийн хэрэгслийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: Д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх гэснийг мөн дүрмийн 9.3-д заасан дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: В/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд гэснийг мөн дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэснийг мөн дүрмийн 18.4-л заасан “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.” гэснийг тус тус зөрчсөн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас Мазда фамилиа маркийн “01-87 БУА” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Баасанжав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна... Зам тээврийн осол, хэрэг гарахад замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй... Хино маркийн 68-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэв... Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60 тал/,
  • Хохирогч Д.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би Булган аймгийн Гурванбулаг сумаас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн хүү Элбэг-Эрдэнийн 01-87 улсын дугаартай Мазда-Памила маркийн тээврийн хэрэгсэлтэй хувийн ажилтай эхнэр Ч.Энхжаргал, охин 3 настай Б.Аялгуу, 8 настай н.Ариунбаялаг, төрсөн эгч Д.Хишигт, хүргэн Ц.Цогбадрахын 4 настай хүү Ц.Эрдэнэхүү нарын хамт Улаанбаатар хотод ирж, хувийнхаа ажлыг амжуулаад 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 18 цаг 30 минутад Улаанбаатар хотоос Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг руу гарсан юм. Орой 22-23 цагийн орчим Төв аймгийн Баянхангай сумын нутаг “Атар 13” гэх газарт явж байтал миний явж байсан эгнээн дээр зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй Хино маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсныг нь харалгүй зүүн хойд талаас нь өөрийнхөө машины баруун урд талын хэсгээр мөргөж зогссон юм. Тухайн үед ослын талаар сайн мэдэхгүй ухаан санаа орон гаран болчихсон байсан. Замын унаа эхнэр хүүхэд Д.Хишигт эгч нарыг аваад Лүн сумын эрүүл мэндийн төв рүү аваад явсан. Дараагаар нь цагдаа нар ирж намайг болон машинд хамт явсан манай 8 настай охин н.Ариунбаялаг, манай хүргэн Ц.Цогбадрахын 4 хүү Ц.Эрдэнэхүү бид нарыг сумын эмнэлэгт араас нь хүргэж ирж үзүүлэхэд эхнэр Ч.Энхжаргал ухаангүй, уруул хоншоор яс, нүүр хэсэг нь битүү хавдар, зулгаралттай, охин Б.Аялгуугийн нүүр нь битүү хавагнасан уйлагнасан байдалтай байсан. Харин манай охин н.Ариунбаялаг, Ц.Цогбадрахын хүү Ц.Эрдэнэхүү, эгч Д.Хишигт нарын биед ямар нэг гэмтэл бэртэл учраагүй байсан. Зам дээр зогсож байсан Хино маркийн “68-64 УБЗ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл замыг гүйцэт чөлөөлөөгүй, аваарын гэрэл дохио татаагүй, ослын гурвалжин тэмдэг зам дээр тавиагүй, жолооч нь машиндаа согтуу, эхнэр нь гээд нэг хүүхэн хүүхдийнхээ хамт байсныг нь Д.Хишигт эгч очиж харсан байсан... Ослын улмаас миний охин Б.Аялгуугийн зулай яс цуурсан, зүүн нүдний зовхинд цус орсон, цус харавсан хүнд гэмтэлтэй гэж дүгнэлт гарсан. Эхнэр Ч.Энхжаргалын хоншоор яс хугарсан мэс заслын хагалгаа хийлгэж хадуулсан, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Миний биед баруун нүд хөхөрч толгой хавагнаж, баруун гарын шуу, сарвууны гадна хэсэгт 5-6 ширхэг оёдол тавиулсан хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Хишигт эгч, охин Ариунбаялаг, хамт явсан Эрдэнэхүү нарын биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлээгүй, би зогсоох арга хэмжээ аваагүй, зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийг хараагүй. Хино маркийн “6864 УБЗ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын 2 давхар дугуй салчихсан тэгээд зогсож байсан. Цаг агаар хэвийн, үзэгдэх орчин харанхуй. Замын нөхцөл байдал хэвийн байсан. Эсрэг урсгал ачаалал ихтэй битүү цуваа явж байсан. Гэмтлийн эмнэлэгт ослын дараагаас Ч.Энхжаргал, Б.Аялгуу хоёр 8 хоног тархины тасагт хэвтэж байгаад гарч нөхөн сэргээх клиникт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/
  • Хохирогч Ч.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би осол хэргийн талаар санахгүй байгаа юм. Осол болохоос өмнө буюу Булган аймгаас би нөхөр Д.Баасанжав, охин 8 настай н.Ариунбаялаг, 3 настай Б.Аялгуу, хадам эгч Д.Хишигт, хүргэн Ц.Цогбадрахын 4 настай хүү Ц.Эрдэнэхүү нарын хамт хүүгийн нэр дээр байдаг Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хувцас, хотод байдаг оюутан охиныхоо төлбөр мөнгийг өгөх ажилтай 2019 оны 08 дугаар сарын 16-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр буцаж явах замдаа осолд орсон түүнээс хойш ослын талаар санахгүй байна. Ослын үед нөхөр жолоо бариад би урд талын суудал дээр нь Б.Аялгууг тэврээд арын суудал дээр Д.Хишигт эгч охин н.Ариунбаялаг, хамт явсан хүү Ц.Эрдэнэхүү нарын хамт сууж явсан. Бид нар суудлынхаа бүсийг зүүгээд хотоос гарсан. Ослын улмаас миний хоншоор яс хугарсан. Мэс засал хийлгэж хадуулсан. Охин Б.Аялгуугийн зулай яс шугаман хугаралттай цуурч цус харвасан. Нөхөрийн баруун гарын шуу, сарвууны ар хэсэгт язарч оёдол тавиулсан. Одоо толгой тархи нь өвдөөд байгаа. Бусад хүмүүс гэмтсэн зүйл байхгүй байна. Цаг агаар хэвийн үзэгдэх орчин харанхуй, Замын нөхцөл байдал хэвийн байсан. Улаанбаатар хот руу явах урсгал ачаалал ихтэй гүйцэж түрүүлэх үйлдэл хийх боломжгүй битүү цуваа ар араасаа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/
  • Насанд хүрээгүй хохирогч Б.Аялгуугийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би осол хэргийн талаар санахгүй байгаа юм. осол болохоос өмнө буюу Булган аймгаас би нөхөр Д.Баасанжав, охин 8 настай н.Ариунбаялаг, 3 настай Б.Аялгуу, хадам эгч Д.Хишигт, хүргэн Ц.Цогбадрахын 4 настай хүү Ц.Эрдэнэхүү нарын хамт хүүгийн нэр дээр байдаг Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй хүүхдийн цэцэрлэг сургуулийн хувцас, хотод байдаг оюутан охиныхоо төлбөр мөнгийг өгөх ажилтай 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд 2019 оны 08 дугаар 19-ний өдөр буцаж явах замдаа осолд орсон. Түүнээс хойш ослын талаар санахгүй байна. Ослын үед нөхөр жолоо бариад би урд талын суудал дээр нь Б.Аялгууг тэврээд арын суудал дээр Д.Хишигт эгч охин н.Ариунбаялаг, хамт явсан хүү Ц.Эрдэнэхүү нарын хамт сууж явсан. Ослын улмаас миний охин Б.Аялгуугийн зулай яс шугаман хугаралттай цуурч цус харавсан. Б.Ариунбаялагийн биед ямар нэг гэмтэл учраагүй... Аялгуу гэмтлийн эмнэлэгт 8 хоног тархины тасагт хэвтэж байгаад гарсан. Дараа нь Зайсанд байх сэргээн засах клиникийн эмнэлэгт эцэг эх хоёрынхоо хамт дахиж 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/
  • Гэрч Ц.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би осол хэргийн талаар сайн мэдэхгүй байна. 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Д.Баасанжав ахыг Улаанбаатар хот руу явахад нь манай эхнэр н.Ичинхорлоо өөрийн хүү Ц.Эрдэнэхүүг нарын хамт явсан юм. Тэгээд эхнэр Улаанбаатар хотод үлдэж эмээ Д.Хишигтэд хүүгээ өгөөд явуулсан чинь буцах замдаа буюу 2019 оны 08 дугаар сарын 19-ны Төв аймгийн Баянхангай сумын нутагт зогсож байсан том тэрэгний араас Д.Баасанжав ах мөргөсөн гэж надад осол болсноос хойш 2 хоногийн дараа хэлсэн юм. Ослын улмаас манай хүүгийн биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Б.Элбэг-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Манай аав Д.Баасанжав, ээж Ч.Энхжаргал, дүү Б.Ариунбаялаг, Б.Аялгуу, Ц.Цогбадрахын хүү Ц.Эрдэнэхүү, Д.Хишигт нар Булган аймгийн Гурванбулаг сумаас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот орж хүүхдүүдийн сургуулийн бэлтгэл хангах гэж миний эзэмшлийн “01-87 БУА” улсын дугаартай Мазда Памила маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгсэн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймаг руу ирэх замдаа Төв аймгийн Баянхангай сумын нутагт зам дээр зогсож байсан том тэрэгний араас орчихсон байсан. Надад манай өөрөө тэр оройдоо утсаар ярьж хэлсэн юм. Тухайн үед би хөдөө гэртээ малаа харж үлдсэн юм. Б.Ариунбаялагийн биед гэмтэл учраагүй эмнэлэгт үзүүлээгүй байгаа. Харин манай дүү Б.Аялгуугийн тархинд хүнд гэмтэл авч Улаанбаатар хотод гэмтэл согог сэргээх үндэсний төвд ээжийн хамт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Ээж мөн адил нүүр амны гэмтэл авч эмнэлэгт хэвтэж байгаад ирсэн. Аав тархи толгойдоо хөнгөн  зэргийн гэмтэлтэй гэсэн. Хамт явсан Д.Хишигт эгч, Ц.Эрдэнэхүү нарын биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Эмнэлэгт үзүүлээгүй байна. Миний машиныг Лүн сумын замын цагдаагийн постны саатуулах хашаанд байгаа. Урд хэсэг нилэнхүйдээ дотогшоо чихэгдсэн, кузов дээвэр орой нь хойшоо чихэгдсэн их хэмжээний эвдрэлтэй болсон. Сая албан ёсны үнэлгээний байгууллагын үнэлгээчин авчирч үзүүлсэн хохирлын тооцоог 2019 оны 09 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгнө гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/
  • Гэрч Д.Хишигтийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед би дүүгийнхээ машинтай өөрийн ач хүүгээ дагуулаад Улаанбаатар хотоос Булган аймгийн Гурванбулаг сум руу гэр лүү гээ гарсан юм. Атарын гуанз өнгөрч яваад гэнэт манай машин осолд орж урд талд байсан машин мөргөсөн. Би ард суудал дээр сууж явсан бүсээ бүсэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/
  • Гэрч Ж.Цэцгээгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 1977 онд Д.Б нэх хүнтэй гэр бүл болсон түүнээс хойш 43 жид хамт амьдарч байна. Албан ёсны гэр бүлийн баталгаатай. Гэр бүл болсноос хойш бид хоёрын дундаас 3 хүүхэд гарсан. Одоо том охин Булган Улаанбаатар хот Баянгол дүүрэг 21-р хороо15-365-407 тоотод нөхөр 7 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Дунд охин Баян-Өлзий Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19-р хороо Цэргийн 1-16 тоотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй. Бага хүү Нямдаваа Улаанбаатар Баянзүрх дүүрэг 8-р хороонд эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа жижиг тэргээр таксинд явдаг. Эхнэр үсчин гоо сайхны салон ажиллуулдаг юм. Өөрийн оршин суух хаягандаа амьдрахгүй байгаа. Нөхөр бид хоёр хөдөөгүүр ажил хийгээд ажлаараа гэр хийгээд яваад байсан юм. Саяхан буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Өвөрхангай аймагт баригдаж байгаа “Нью констракшн” ХХК-ний барилгын ажил дуусаад Улаанбаатар хотод ирсэн юм. Одоо манай нөхөр нэг найзындаа очино гээд явсан би Булган гэх охиныхоо гэрт амрах гээд салсан юм. Би Сэлэнгэ аймагт байна гээд худлаа хэлсэн юм. Улаанбаатар хот руу орж байгаад цагдаа дээр очиж уулзья гэж бодоод худлаа ярьсан юм. Манай хүүхэд бид хоёрыг хаана байгааг мэдээгүй. Бид хоёр хөдөө яваа л гэж хэлээд явсан. Тэгсэн хүүхдүүд нөхөр бид хоёрыг цагдаагаас асуугаад байна гэж хэлсэн юм. “Нью Констракшн” ХХК-нд түр ажиллаж байгаа юм. Энд манай хүргэн Бямбацогт барилгын инженерээр ажилладаг тэгээд ажилд явах гээд жолооч олдохгүй болохоор нь жолоо барих хүн байхгүй байсан учир манай нөхрийг дуудаж ажилд оруулсан. Манай нөхөр ажилд ороод удаагүй хааяа хөдөө жолоо барьж явах хүн хэрэгтэй болохоор нь манай нөхрийг дууддаг юм. Байнгын ажилтай бол биш. 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу “68-64УБЗ” улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр бид хоёр, зүс таних жолооч залуугийн хамт цемент ачаад гарсан юм. Тэгсэн Төв аймгийн Баянхангай сумын нутагт баруун хойд талын нэг дугуйны боолтууд угаараа тасрахаар нь дугуйгаа тайлж аваад хамт явсан жолооч Улаанбаатар хот руу сэлбэгэнд явсан хойгуур машины араас машин ирээд мөргөсөн. Ард талдаа 16 метрийн цаана ослын тэмдэг тавьсан байсан чинь тэрийг тойрч ирээд машины араас мөргөчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/
  • Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “... 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотоос “Нью контракшн” ХХК-ны эзэмшлийн 68-64 УБЗ улсын дугаартай шар өнгийн Хино маркийн тээврийн хэрэгслийн жолоо бариад 5 тонн цемент ачаад Өвөрхангай аймгийн “Гучин ус” сум руу “Нью констракшн” ХХК-ны барьж байгаа барилга руу эхнэр Ж.Цэцгээгийн хамт явсан юм. Тэгсэн Төв аймгийн Баянхангай сум өнгөрөөд явж байтал өдрийн 13-14 цагийн орчим баруун хойд талын нэг дугуйны боолтууд буюу /шипилек/ тасарч дугуй салсан учир тээврийн хэрэгслийг шууд явж байсан зам дээрээ зогсоож данкратаад Улаанбаатар хот руу сэлбэг захиалсан. Тэгээд эхнэрийн хамт машиндаа хүлээж байтал орой харанхуй болсон хойно 22-23 цагийн орчим тээврийн хэрэгслийн зүүн хойд талаас суудлын цагаан өнгийн жижиг тэрэг ирж мөргөхөөр нь эхнэр бид хоёр буугаад жолоочтой нь уулзахад нээх юм яриагүй замын хүмүүс зогсож цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн.  Эхнэр бид хоёр балмагдаад юу хийхээ мэдээгүй. Тэгээд эхлээд эмч нар ирээд зорчигч нарыг нь аваад явсан. араас нь сумын цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хэмжилт хийгээд эмнэлгийн сувилагчаар цус авхуулаад явсан. Маргааш нь дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Би аваарын гэрэл асаагаагүй, ослын тэмдгийг 10 гаран метрт 10 летрийн шар өнгийн хуванцар хувинг доош нь харуулж дээр нь 20 литрийн төмөр хувин дотор чулуу хийж тэгээд ослын гурвалжинг дээр нь тавьсан чинь хажуугаар нь орж ирээд мөргөсөн байсан. Би сэлбэг хүлээж байх хооронд даралт ихдээд тэгээд 100 грамм архи уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-112 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

       Шүүгдэгч Д.Б нь Хино маркийн 68-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй эсвэл байхгүй тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүй улмаас зорчих хэсэг хөвөөн дээр зогссон тохиолдолд гэснийг, мөн дүрмийн 9.5-д заасан “Осгын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд ЗОм-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг, мөн дүрмийн 18.4-д заасан “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон узэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын в, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байдал тогтоогдсон.

 

          Шүүгдэгч Д.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

       Иймд шүүгдэгч Д.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баасанжав, Ч.Энхжаргал нар нь “хохирол төлбөрөө барагдуулсан, гомдол саналгүй” гэж, шүүхээс иргэний нэхэмжлэгч Б.Элбэг-Эрдэнэд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хээлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Аялгуу нь хүнд гэмтэл авсан байх тул түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргал нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Быг гэмт буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг харгалзан үзэж түүнд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль нь “Шүүгдэгч Д.Б нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх саналыг,

-Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нь “Хохирол төлбөрөө төлж барагдуулсан байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Д.Бын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Д.Бд үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт /жолоочийн үнэмлэх/ шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Баас шинжээчийн дүгнэлтийн зардал болох 200.000 төгрөгийг гаргуулж, Шинжлэх ухааны их сургуулийн Механик инженерийн сургуульд олгох нь зүйтэй байна.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Д.Бд үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт /жолоочийн үнэмлэх/ шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Баас шинжээчийн дүгнэлтийн зардал болох 200.000 төгрөгийг гаргуулж, Шинжлэх ухааны их сургуулийн Механик инженерийн сургуульд олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүйг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Аялгуугийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхжаргал нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА