Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ

-улсын яллагчаар М.Гансувд

-шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.н овогт Д.Н.д холбогдох 1934010790024 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1974 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэцэрлэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамтаар, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Д.Н

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч С.Н нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын төвд А.Алтанцэцэгтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч С.Нын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч С.Н нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын төвд А.Алтанцэцэгтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокуроын тогтоол /хх-ийн 03 тал/
  • Хохирогч А.Алтанцэцэгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-44 тал/
  • Хохирогч А.Алтанцэцэгийн нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 60-67 тал/
  • Хохирогч А.Алтанцэцэг, шүүгдэгч С.Н нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 67-69 тал/
  • Хохирогч А.Алтанцэцэгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн №811 дугаартай “ А.Алтанцэцэгийн биед дагзанд шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын салстад шарх, хамар ясны хугарал, духанд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун мөр, зулай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/
  • Хохирогч А.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны орой Үдлэг 4-р багт байрлах гэрээсээ гараад дэлгүүр орж хэвэг авах гэтэл дэлгүүр дотор Арнаа, Энхээ хоёр төрсөн өдөр гээд зогсож байсан. Гаднаас Болдоо эхнэр Цацралын хамт орж ирээд бүгдээрээ Муратынд очихоор болж нэг, нэг шил архи авч гэрт нь очсон. Тэгээд тэнд бүгдээрээ Арнаагийн төрсөн өдрийг тэмдэглэж орой дуусаад 22 цаг болж байхад Муратынхаас гарч Мягмарсүрэнгийнд Энхээ, Болдоо, Цацрал бид 5 очиж нэг, нэг шил архи хувааж ууцгаасан. Тэгээд Энхээ унтаад өгсөн. Мягмарсүрэн шилтэй нэрмэл архи гаргаж ирээд уух юм уу гээд асуухаар нь үнэрлэж үзээд ээж маань байхдаа нэрж байсан танил дотно үнэр байна гэж хэлтэл Цацрал чи архийг ганцаараа уух гэлээ гээд надаас шүүрч аваад юу гэж балайраад байгаа юм бэ гэж хэлэхээр нь чам шиг балай л байв гэж би хэлтэл Цацрал үсдээд тогооны тавиур луу мөргүүлсэн..баруун далны яс хугарсан, толгой хагарсан, хамар яс цөмөрч хугарсан, дээд үүдэн шүд хөдөлсөн, нуруу хөхөрч, няцарсан, хэвлий саваар мөн цохиж зодсон байсан...Нцэцэг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ миний биед учирсан гэмтлийг учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
  • Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой 19 цаг өнгөртч байхад эхнэрийн хамт хүнсний дэлгүүрийн гадна эхнэр Энхтүвшин хамт явж байтал дэлгүүрээс А.Алтанцэцэг, Арнаа, Болд, Нцацралт гарч ирээд Арнаагийн төрсөн өдөр болж байгаа гээд дэлгүүрээс 4 шил архи авч Арнаагийнд орцгоосон. Тэгээд төрсөн өдрийг нь тэмдэглэж архиа ууж дуусгаад тэндээс гарч манайд очсон. А.Алтанцэцэг 1 шил архи гаргаж хувьааж уугаад сууж байгаад 0,5 граммын шилтэй нэрмэл архи эхнэр Энхтүвшин гаргаж өгсөн. эхнэр маань согтоод унтаад өгсөн. Би гарч тэжээж байсан адуугаа янзлаад гэрт орж ирэхэд А.Алтанцэцэгийн дээр Нцацрал гарчихсан үсдэлцээд байж байхаар нь салгасан. А.Алтанцэцэгийн нүүр нь цус болчихсон нүүрээ угаагаач гэсэн чинь шууд гараад явсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
  • Гэрч Б.Болдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ”...Мягмарсүрэн 1 шил архи гаргаж хувааж ууж сууж байтал нэг 0,5 граммын шилтэй нэрмэл архи гаргаж ирсэн. Алтанцэцэг авч үнэрлээд байхаар нь манай эхнэр чи одоо тэнэг юм уу гэж хэлсэн чинь маргалдаж янз бүрээр хэлээд байхаар манай эхнэр тэвчээгүй барьцалдаж аваад хоорондоо зодолдсон. Би уучихаар хөлөндөө орчихдог болохоор хараад буйдан дээр сууж байсан. Мягмарсүрэн бид хоёр салгаж Аптанцэцэг гараад явсан...би Алтанцэцэгт огт гар хүрээгүй. Намайг зодсон болгох гээд би хоёр эмэгтэй хүний дундуур ороод эхнэрээ өмөөрч Алтанцэцэгийг өшиглөж зодох тийм ухаангүй хүн би биш. Манай эхнэрийг Алтанцэцэг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Үр хүүхэд төрүүлдэггүй гэх мэтээр хэлж байсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
  • Шүүгдэгч С.Нын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “ Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Болдын хамт дэлгүүр явсан. Дэлгүүрт ортол Мягмарсүрэн, Алтанцэцэг, Энхтүвшин нар зогсож байсан. Арнаагийн төрсөн өдөр болж байна хамт тэмдэглэе гээд 4 шил архи аваад гарсан. Арнаагийн гэрт ороод ширээн дээр суугаад хоол унд идээд архи ууж эхэлсэн. Тэгсэн Энхтүвшин 05, литрийн нэрмэл архи гаргаж ирэхээр нь Алтанцэцэг шүүрч аваад уух гэхээр нь би уурлаад ширээн дээр тавь бүгдээрээ хувааж ууна гэхэд уурлаад маргалдаж эхэлсэн. Тэгсэн намайг янз бүрээр хэлээд байхаар нь би уурандаа Алтанцэцэгтэй барилцаж аваад цохиж эхэлсэн, би Алтанцэцэгийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч С.Нын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

          Улсын яллагчаас С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч С.Нын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч С.Нд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ныг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Нд сануулав.

 

         Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Алтанцэцэгийн “...миний бие эмчилгээний зардалд 400.000 төгрөг авсан, үлдэгдэл 400.000 төгрөгийг 2020.01.30-ны дотор төлнө гэсэн учир цаашид гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ үү” гэх хүсэлт /хх-ийн 68-69 тал/ бичгээр гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч С.Н нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Д.Ныг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Б овогт Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч С.Нд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА