Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,

-улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

-шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Бт холбогдох эрүүгийн 2034005190706 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт оршин суудаг, урьд нь

-2011 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж 1 жилээр тэнсэж хянан харгалзсан,

-2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв  аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж  2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт С.Б  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн нутагт Энхжин хотхоны 6 тоотод хохирогч Н.Амарцэцэгийг нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, гараараа цохисны улмаас түүний биед доод уруулын шарх, цус хуралт, зүүн бугалга цээжний цус хуралт, бүсэлхийн зүүн гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Бүх юм тодорхой, миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Төв аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хх-ийн 1-2 тал/, хохирогч Н.Амарцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 8 тал/, гэрч С.Авирмэдийн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, гэрч П.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 11 тал/, Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Батчимэгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 422 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/  зэрэг болно.

 

 Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн нутагт Энхжин хотхоны 6 тоотод хохирогч Н.Амарцэцэгийг нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, гараараа цохисны улмаас түүний биед доод уруулын шарх, цус хуралт, зүүн бугалга цээжний цус хуралт, бүсэлхийн зүүн гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  • Хохирогч Н.Амарцэцэгийн  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэг ангийн найз П.Гантулгатай Улаанбаатар хот Нисэх гэдэг газар таараад П.Гантулга Төв аймаг оръё гээд, тэгээд Төв аймгийн Зуунмод суманд ирээд төвд П.Гантулга бид хоёр явж байгаад П.Гантулга найз гээд н.Баяраа гэх танихгүй хүнтэй уулзаад дэлгүүрээс 0.5 литрийн нэг шил архи мөн нэг лааз пиво аваад машиндаа П.Гантулга, н.Баяраа тэр хоёр архи уугаад надад лаазтай пиво өгөөд ууцгааж байгаад дуусаад н.Баяраа гэх залуу гэрийн гражид очоод мөн дэлгүүрээс архи аваад бид нар ууцгаасан. Тэгээд би П.Гантулга согтоод жолоо барих хүн утсаар дуудаад, тэгтэл нэг залуу ирээд явах гээд П.Гантулгийг явья гэсэн чинь согтоод би болоогүй байна гээд суугаад байсан. Тэгээд н.Баяраа гэх залаа нь намайг гичий минь чи яах гэж ирсэн юм гээд над руу хашиграад байсан. Тэгж байгаад миний нүүр рүү цохисон. Тэгээд би П.Гантулгын машиныг барих гэж ирсэн залууг хүргээд өг гэж гуйж байгаад хүргүүлээд цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,
  • Хохирогч Н.Амарцэцэгийн  мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би арван жилийн П.Гантулгатай нисэхэд уулзаад байж байтал П.Гантулга Төв аймаг орьё найзтайгаа уулзах хэрэгтэй байна гээд намайг дагуулаад 16 цагийн үед Төв аймаг Зуунмод суман дээр ирсэн. Тэгээд П.Гантулга н.Баяраа гэх танихгүй хүнтэй уулзаад тэр хоёр 0,5 литрийн архи хувааж yугаад надад нэг лааз пиво авсан байсан. Тэгээд тэр хоёр архи уугаад орж гараад яваад байснаа П.Гантулга жолоо бариулах гэж нэг хүн утсаар дуудаад 21 цагт жолооч гээд нэг залуу ирсэн. Тэгэхээр нь би П.Гантулгад хандаж "одоо чи болчихсон байна найз явъя гэж хэлэхэд П.Гантулга болоогүй байна гээд байхаар нь би ирсэн жолооч залуугаас "ахыгаа хүргээд өгөөч би таксины мөнгийг нь өгье" гэхэд н.Баяраа муу гичий минь чи яах гэж ирсэн юм, зайл, одоо зайл" гэж хэлээд босож ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд хэсэг хугацаанд юу болоод байгааг мэдэхгүй байж байтал нөгөө н.Баяраа гэх залуу урд ширээ дээрээ 2 хутга гаргачихсан чи одоо явбал шаана шүү, энүүгээр дүрэх үү, энүүгээр дүрэх үү гээд асуугаад байхаар нь би нүүрээ дарчихсан П.Гантулга руу найзыгаа авраач дээ, би өөрөө явъя, зам заагаад өг гэхэд П.Гантулга хохь чинь муу гичий минь өөрөө яв гэж хэлээд байсан. Тэгээд жолооч залуугаас намайг аваад яваач гээд уйлаад суутал жолооч залуу дагуулаад аваад гарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

-Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цуг ажил хийдэг найз П.Гантулга нэг найз хүүхэн гэх Н.Амарцэцэгтэй хамт салхинд гарна гээд Төв аймагт байх манай гэрт 21 цагийн үед ирсэн. Тэгээд манай гэрт юм идээд ярилцаж байгаад гарч дэлгүүр ороод нэг шил архи, 10 лааз пиво, тамхи, ундаа аваад гарах гэж байхад Н.Амарцэцэг нөхөртөө нэгж явуулах гэсэн юм, П.Гантулгаа аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд нэгж авхуулах гэлээ гэж уурлаад бид хоёр маргалдан дэлгүүрээс гарсан. Тэгээд гэрт ирээд гайгүй болчихоод архи, пиво уугаад сууж байтал Н.Амарцэцэг П.Гантулгийг байнга явъя гээд байхаар нь миний дургүй хүрээд чи өөрөө яв, найзыг үлдээ гэж хэлэхэд Н.Амарцэцэг босоод гарах гэхээр нь согтуу байхаар нь санаа зовоод байж бай гэж хэлээд гараас нь барихад гараа мулт татаад цааш гражны хаалга түлхээд унасан. Тэгээд босож ирээд цааш яваад өгөхөөр нь би буцаж гэр рүү ороод П.Гантулгад нөгөөх чинь явчихлаа араас нь яв гээд явуулсан. Тэгээд маргааш нь цагдаад мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

-Гэрч П.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би Улаанбаатар хотод Амгаланд өөрийн ажил дээрээ байж байтал өдөр 13 цагийн үед найз Н.Амарцэцэг залгаад надад 60.000 төгрөг зээлчих 2 дахь өдөр өгье гэхээр нь би дансны дугаарыг нь аваад мөнгө шилжүүлсэн. Тэгээд цаг гарны дараа над руу залгаад би караокед байна, би жоохон согтоод байна, ирээд аваач гэж хэлэхээр нь би ажлаасаа гараад 16 цагийн үед “Эм Жи” гэх нэртэй караокед очоод залгатал гарч ирээд хамт ороод цүнхийг нь аваад гарч ирсэн. Тэгээд намайг нөхөр хөдөө байгаа, хоёулаа салхинд гаръя гэхээр нь Төв аймаг явах уу, манай найз нар дээр очоод ирэх үү гэхэд тэгье гэхээр нь шууд Төв аймаг руу хөдөлсөн. Тэгээд замдаа айцын даваа дээр байх дэлгүүрээс 4 лааз пиво, 1 ундаа аваад хөдөлсөн. Түрэгийн голын хажууд 2 цаг гаруй суугаад, Төв аймагт байх найз С.Б дээр ирээд жоохон юм ярьж сууж байгаад гарч дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн архи, 2-лаа пиво аваад гарах гэж байхад Н.Амарцэцэг дэлгүүрээс 100 нэгж авна гэхэд худалдагч 100 нэгж зардаггүй гэж хэлсэн. Тэгтэл С.Б 100 нэгж дэлгүүрт зарна гэж юу байх билээ гэхэд Н.Амарцэцэг уурлаад хүн зуун найзтай байж болно, 100 төгрөгтэй ч байж болно гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд С.Бын гэрт ороод архиа уугаад сууж байх хооронд тэр хоёр маргалдаад л байсан. Тэгээд би С.Авирмэдийг машин бариулах гэж дуудаад Н.Амарцэцэг хамт гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

-Гэрч С.Авирмэдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэн “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хотод гэртээ байж байтал нутгийн ах П.Гантулга над руу залгаад ирээд аваадах миний дүү гэхээр нь би Улаанбаатар хотод байх гэрээсээ Төв аймагт орой 23 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд ахын байгаа газар руу яваад ортол П.Гантулга ах үл таних эгч, нэг ахтай хамт архи уугаад сууж байсан. Би тухайн үед утсаар оролдоод юу болж байгааг нэг их сайн анзаараагүй маргалдаад л байсан. Тэгтэл гэнэт нүүр рүү өшиглөсөн гээд хэрэлдэж байснаа явцгаая болоод гарцгаасан. Тэгээд эгч цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 422 дугаартай: “...Н.Амарцэцэгийн биед доод уруулын шарх, цус хуралт, зүүн бугалга, цээжний цус хуралт, бүсэлхий, зүүн гуя, өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14тал/,

-Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би он, сарыг нь сайн санахгүй байна, ямар ч байсан зун 7 дугаар сард байсан. Манай найз П.Гантулга найз хүүхэн болох нэг эмэгтэйг дагуулаад Төв аймгийн Зуунмод суманд ирсэн. Тэгээд бид нар ганц 2 шил архи уусан. Бид нар гарч архи авахаар дэлгүүр орсон ба тэр эмэгтэй гараад манай найз П.Гантулгад хандан манай нөхрийн утас руу нэгж явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад яагаад манай найзтай явж байж эрэгтэй хүний утас руу нэгж хий гээд байгаа юм бэ гэж уурласан. Тэгээд манай гэрт ирээд архиа хувааж уугаад байсан Н.Амарцэцэг гэх эмэгтэй миний хэлсэн үгэнд уурлаад дахиад надтай маргалдаад зайл гээд уурлаад байхаар нь би гэртээ байна гэж хэлээд хөлөөрөө сандалтай нь жийгээд унагатал Н.Амарцэцэг босож ирээд явлаа гээд гарах гэхээр нь би гараас нь бариад  яах гээд байгаа юм бэ, уучлаарай гээд гараас нь татаад эргүүлэх гэтэл миний гараас гар нь мултраад манай гэрийн грашны хаалгыг мөргөсөн. Тэгээд тэр эмэгтэй чи намайг хөлөөрөө өшиглөлөө гээд цагдаа дуудсан. Миний хувьд цохиж, зодсон зүйл байхгүй, би хөлөөрөө сандалтай нь 1 удаа жийж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Н.Амарцэцэгийн биед “ доод уруулын шарх, цус хуралт, зүүн бугалга, цээжний цус хуралт, бүсэлхий, зүүн гуя, өвдөгний зулгаралт “  гэмтэл учруулсан С.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Н.Амарцэцэгийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон С.Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Н.Амарцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх” ялын дүгнэлтийг гаргасан байна. 

 

Шүүгдэгч С.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч С.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

         

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, мөн хуулийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА