Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

-улсын яллагчаар М.Гансувд,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх,

-шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц Овгийн Б.Тад холбогдох эрүүгийн 2134000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .....тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ц Овгийн Б.Т

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум, Хөшиг 2 дугаар багийн нутаг Бөхөг гэх газарт байрлах гэрийнхээ хашаан дотор “91-36 УНД” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ өөрийн төрсөн хүүхэд болох 4 настай, эрэгтэй Т.Анандыг болгоомжгүй дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Т нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбадуламын мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 50-51 тал/, Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 тал/, Цогцосны гадна хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/ тал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13/ зэрэг болон шүүгдэгч Б.Тын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум, Хөшиг 2 дугаар багийн нутаг Бөхөг гэх газарт байрлах гэрийнхээ хашаан дотор “91-36 УНД” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ өөрийн төрсөн хүүхэд болох 4 настай, эрэгтэй Т.Анандыг болгоомжгүй дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 тал/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13 тал/
  • Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 тал/
  • Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 тал/,
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбадуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ойролцоогоор 15 цагийн үед би худаг руу үхэр услахаар яваад үхрээ услаад байж байтал манай нөхөр Б.Т намайг чангаар дуудаад байсан, би яасан юм бол гээд гүйгээд очтол манай нөхөр 4 настай Т.Ананд хүүгээ тэвэрчихсэн эмнэлэг яаралтай явья гээд их сандарсан зогсож байсан. Хүү маань ухаангүй байдалтай байсан. Би шууд сандарч Туул тосгоны эмнэлэг рүү нөхөр бид хоёр аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр очиход нас барчихсан байсан. Нөхөр маань би хүүгээ машинаараа ухарч байгаад дайрчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
  • Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Бөхөг гэх газарт 3 жилийн өмнө чацарганы талбайтай газар худалдаж авсан юм. Тэгээд тухайн газраа аж ахуй болгож ашиглахаар тохижуулсан байсан юм. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өлөх Т.Ананд хүүгээр гэр лүү оруулчхаад хөлдөөд асахгүй байсан портер машинаа асаахаар болоод өөрийн эзэмшлийн “91-36 УНД” улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслээрээ аккумляторыг холбож асаачхаад утсаа цэнэглэхээр гэр рүү ороход миний хүү Т.Ананд гэртээ гадуур хувцсаа тайлчихсан байж байсан. Манай охин Т.Мөнхзаяа хичээлээ хийгээд гэртээ сууж байсан. Манай эхнэр Д.Бямбадулам үхэр услахаар худаг явсан байсан. Т.Ананд хүү хувцасаа талчихсан гэртээ байсан болохоор намайг араас дагаж гарахгүй байх гэж бодоод би ганцаараа гэрээсээ гарч машин дээрээ очиж приус машинаа нар руу харуулж байрлуулахаар болоод машинаа маневарлаж ухраатал машины урд хэсэг шиг санаж байна нэг юм дайрах шиг болсон. Эргэн тойронд хүү маань харагдаагүй, манай хашаанд хөлдүү үхрийн баас энд тэндгүй байдаг болохоор баас туллаа гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд машинаа ухраагаад байрлуулчаад машинаасаа буугаад хартал манай хүү Т.Ананд машины урд хэсэгт доош харсан байдалтай хэвтэж байсан. Ойролцоогоор 10 гаруй метр байсан. Би тухайн үед дайрчихсан гэж огт бодоогүй, уурлаад доошоо хараад хэвтчихсэн байна даа гэж бодсон. Тэгээд очоод өргөөд босготол манай хүүгийн ам, хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд би шууд дайрчихсан байна гэдгээ мэдээд сандраад ээжийг нь дуудсан. Манай эхнэр тухайн үед үхэр услахаар явсан байсан. Тэгээд шууд хүүгээ тэврээд машиндаа суулгаад Туул тосгоны эмнэлэг дээр ирэхэд нас барчихсан байсан. Манай хүү уурлахаараа доош хараад хэвтчихдэг айлын бага хүү учраас их эрх хүүхэд байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-27 тал/,
  • Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач Т.Анандын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой боон суурь ясны хугарал, шар хальс хуйханд цус хуралт, баруун чамархай, дух, баруун зүүн хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Талийгаач нь авто осол гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6398 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Т 43 эр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн хөр өнгийн куртикны баруун суганы залгаас оёдлын дагуу 90мм хэмжээтэй ханзралт, цагаан өнгийн хөндлөн судалтай саарал өнгийн цамцны баруун ханцуйны зах ирмэг дээр цооролт байна...Шинжилгээнд ирүүлсэн хөр өнгийн куртикны баруун суганы залгаас оёдлын дагуу 90мм хэмжээтэй ханзралт, цагаан өнгийн хөндлөн судалтай саарал өнгийн цамцны 9х5 мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт байна...Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,
  • Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Бөхөг гэх газарт хувийн эдлэн газартай, эхнэр, хүүхдүүдийнхээ хамтаар Улаанбаатар хотоос ирж очиж байдаг юм. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “91-36 УНД” улсын дугаартай өөрийн эзэмшлийн саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслээр портер машинаа холбож асаачихаад приус-0 машинаа ухраагаад хамар хэсгийг нь нар руу харуулж байрлуулахаар машинаа хөдөлгөөд буцаагаад ухраах үед зүүн урд дугуй дор нэг юм тээглэх шиг болсон. Тэгээд манай хашаанд үхрийн баас их байдаг болохоор үхрийн баас дугуйнд тээгэлчихлээ гэж бодоод ухрах үйлдлээ үргэлжлүүлээд гүйцэтгэсэн. Тэгээд машинаа байрлуулчихаад хартал машины урд манай хүү Т.Ананд доош харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд гүйгээд очтол манай хүүгийн ам, хамарнаас цус гарсан байдалтай ухаангүй байсан. Тэгээд би үхрийн баас биш хүүгээ дайрчихсан байсан. Тэгээд хүүхдээ тэврээд яах аа мэдэхгүй эхнэрээ хашгирч дуудахад манай эхнэр үхэр усалж байсан газраасаа гүйгээд ирсэн. Тэгээд шууд л эмнэлэг бодогдож хүүхдээ тэврээд Туул тосгоны эмнэлэг дээр очиход нас барсан байсан. Би хүүгээ нас барчихна гэж огт бодоогүй. Би машинаа нар руу харуулж ухрах үйлдэл хийхэд хүү маань огт харагдаагүй. Мөн машинд суухаас өмнө гэртээ орж гар утсаа цэнэглэх гэтэл манай хүү гадуур хувцасгүй, миний гар утсаар тоглоно гээд авсан юм. Тэгэхээр нь би хүүгээ араас дагаж гарч ирэхгүй юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/ зэрэг баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Б.Т нь ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

            Шүүгдэгч Б.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна

         

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.Т нь болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Шүүхээс шүүх хуралдааны товыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбадуламд мэдэгдэхэд” гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирол төлбөрийн асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.

           

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагч М.Гансувд нь “шүүхээс шүүгдэгч Б.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял ногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх нь “шүүгдэгч Б.Тын гэм буруугаас болж 4 настай хүүхдийн амь нас хохирсон золгүй хэрэг боллоо. Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч туйлын ихээр харамсаж, гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүүхдээ эмнэлэгт хүргэж өгсөн боловч эмнэлэгт очиж амжилгүй нас барсан. Гэм буруугаа ойлгон гэмшсэн байдлыг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Т нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нарын гомдол саналгүй гэх хүсэлт, энэ гэмт хэргийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хүү Т.Анандын амь нас хохирсон зэрэг хувийн байдлыг харгалзан Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Тад үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

            Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Тын №197796 дугаарын жолоочийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй байна.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц овогт Б.Т-ыг хүнийг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ц овогт Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Тад үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалсугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт хураагдсан ирсэн Б.Тын №197796 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА