| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00311/И |
| Дугаар | 421 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 421
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, Ар хороолол 5-40 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, РД:ОП87032219, Булгадар овогг Эрдэнэтогтохын Содномгомбод холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 300.000 төгрөг, нийт 10.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Содномгомбо нь Сум хөгжүүлэх сангаас “Арьс ширээ боловсруулцгаая” нэртэй төслийн хүрээнд 10.000.000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан болно. Энэ хугацаанд ажлын хэсэг гэрт нь 2 удаа очиж, албан мэдэгдэл, Засаг даргын албан шаардлага хүргүүлэн ажилласан боловч зээлээ төлж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээл болох 10.000.000 төгрөг, алданги 300.000 төгрөг, нийт 10.300.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно” гэжээ.
Хариуцагч Э.Содномгомбо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Эрдэнэтогтох овогтой Содномгомбо нь Баруунтуруун сумын Туруун багт оршин суудаг. Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр арьс ширэн эдлэлийн “Бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэл” зориулалтаар 10.000.000 төгрөгийн зээл авч тоног төхөөрөмж, эргэлтийн материал авсан. Зээлийн хүү болох жилийн 200.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлсөн. Одоо үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 300.000 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулна” гэжээ.
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал шүүхэд гаргасан тайлбартаа: “Э.Содномгомбын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь хариуцагч Э.Содномгомбод холбогдуулан сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 300.000 төгрөг, нийт 10.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэнгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг оролцуулахаар хүсэлт гаргаж, Увс аймгийн Прокурорын газраас тус прокурорын газрын хяналтын прокурор П.Удвалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр албан тоот ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Содномгомбо нь нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 300.000 төгрөг, нийт 10.300.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.Содномгомбо нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 10.300.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэл нэхэмжлэл нь 10.300.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 179.750 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 89.875 төгрөгийг хариуцагч Э.Содномгомбоос гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 300.000 төгрөг, нийт 10.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Содномгомбо төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Э.Содномгомбоос улсын тэмдэгтийн хураамж 89.875 төгрөг гаргуулан улсын орлого /Төрийн сангийн 150000941 тоот данс/-д оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Э.Содномгомбо шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР