Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,

иргэдийн төлөөлөгч П.Өлзийбат,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Г.О холбогдох эрүүгийн 2034000000612 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн, Сэргэлэн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа .....газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, ухаан мэдрэл бүрэн бус буюу F07.8 тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй, Х овогтой Г.О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15-16 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Нарийны хөтөл” гэх газар гэрийнхээ малын хашааны гадна өөрийн төрсөн эх 78 настай Д.Цэндийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж “ээж морь тавилаа гэж уурласан” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр болон цээжин тус газар чулуугаар цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины аалзан хальсан доорх цус хуралт, хуйханд цус харвалт, хамар, хацар ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, нүүрэнд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулж, мөн талийгаачийн аманд нь морины хомоол чихэж, онц харгис, хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...Би яах вэ аав байхгүй болохоор муу ээжийгээ авч чадахгүй болохоороо нэг ах дээр нь очихоор нэг ах нь нааш нь Хуягаа руу нь чихээд л ээж бид хоёрыг хоёуланг нь хөөдөг байсан. Ийш тийшээ хөөгдөөд л байдаг байсан сүүлдээ арга бараад үзэж чадахгүй одоо та хоёрыг гэх хүн байхгүй та хоёр өөрсдөө учраа олцгоо явцгаа гээд аргаа туйлдтал нь хүүхдээрээ хүртэл зодуулаад байсан. Тэгж тэгж аргаа барж сүүлдээ бүр би юмнаас айгаад тэрнээсээ айгаад ээжийгээ юу яасан. Тэр улсуудаас нь айгаад хоёулаа үхчих вий дээ л гэж гээд ээжийгээ юу яасан араас нь тэгээд өөрөө очъё гэж бодсон. Тэгээд л би ээжийгээ алсан юм. Эхлээд Хуягбаатар, Хуягаа нь болохоор одоо та хоёр Одсүрэн рүүгээ яв гээд 2018 оноос эхлээд хөөгөөд тэгээд Одсүрэн дээр нь очихоор Одсүрэн нь Хуягаа руугаа яв би одоо та хоёрыг харж чадахгүй гээд бас л хөөгдөөд л наашаа Хуягаа дээр нь ирсэн чинь бас л Хуягаа нь одоо та хоёрыг харах хүн байхгүй одоо чи яв одоо ээж чинь үхээд өгнө мэдэв үү одоо чамайг харах хүн амьтан байхгүй мэдэв үү төвийн хүн ч чамайг авахгүй хулгайчууд минь  одоо та хоёр явцгаа гээд хүнийг элдэв өнгөөр доромжлоод байсан. Ээж миний хүү хаашаа нүүх гэж байгаа юм бэ хоёулаа нүүе л даа гээд ээж хэлсэн. Тэгэхэд ээжийг одоо болсон одоо танайхыг харах хүн байхгүй. Та хоёр одоо учраа олцгоо гээд хүнийг бүр улам элдэв өнгөөр доромжилж хөөгөөд байсан. Тэгж тэгж яваад яахав, би юмнаас айж явж байгаад ээжийгээ юмаар цохичихсон юм гэх.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Одсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/, гэрч О.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Г.Отгонбаатарын мэдүүлэг /хх-ийн 29 тал/, гэрч Х.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 30 тал/, гэрч Т.Гомбосүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, гэрч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, гэрч А.Хуягбаатарын мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-41 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4291 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-57 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4290 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-73 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5918 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-65 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5917 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-81 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4298 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-70 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаартай сэтгэл зүйн оношилгоо /хх-ийн 74-27 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5980 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-113 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5982 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-119 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1133 дугаартай дүгнэлт /хх-ийн 123-136/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 168-170/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ ...Монгол улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг сэтгэцийн эмгэг оюун ухааны хомсдолын улмаас өөрийн  үйлдлийн шинж чанар аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно гэж... Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолоор онц харгис хэрцгий гэдэг нь өвтгөсөн шаналгасан тарчлаасан зовоосон гэмт үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдлыг гэмт этгээд өөрийн сонгосон аргийнхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж гэж...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дугаар зүйлд биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж мөн Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 659 дүгээр тогтоол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй илтэд сул дорой боловсрол зэрэг шалтгаанаар өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг гэмт этгээд ухамсарлаж мэдсэн ... мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай тогтоолд байнгын шинжтэй харилцаа, байнгын бие мах бодь сэтгэл санааны эдийн засгийн гэж заасан...шүүгдэгч хохирогч хоёр байнгын хүчирхийлэлтэй байсан баримтууд хэрэгт байхгүй байгаа...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй.

Учир нь шүүгдэгч Г.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан “онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан” шинжийг бүрэн хангасан хохирогч нь өндөр настай, шүүгдэгч Г.О нь хохирогчийн дээр гарч чулуугаар цохих явцад ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй нөхцөл байдалд байсан, хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоож, түүнд учруулсан гэмтлийн улмаас зовж зүдэрсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогддог.

 

Харин Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь шүүгдэгч Г.О нь амь хохирогч Д.Цэндийг өөрийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн эх гэдгийг мэдэх боловч уурласан даруйдаа түүний тэнэгрэл өвчин нь хөдөлж, тухайн агшинд амь хохирогчийг төрсөн эхийгээ гэж бодох ухамсаргүй болж, зөвхөн амь хохирогч руу чиглэсэн үйлдэл хийж байгааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний амь насыг хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.О нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15-16 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Нарийны хөтөл” гэх газар гэрийнхээ малын хашааны гадна өөрийн төрсөн эх 78 настай Д.Цэндийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж “ээж морь тавилаа гэж уурласан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр болон цээжин тус газар чулуугаар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины аалзан хальсан доорх цус хуралт, хуйханд цус харвалт, хамар, хацар ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, нүүрэнд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулж, мөн талийгаачийн аманд нь морины хомоол чихэж, онц харгис, хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2034000000612 дугаартай тогтоол /хх-ийн 1-5 тал/,
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 тал/,
  • Цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 тал/,
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18 тал/
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний хувьд нүдээр харсан зүйл байхгүй, талийгаач бол Г.Оыг асарч байсан бөгөөд ийм догшин хэрцгий байдлаар амь насыг нь хөнөөсөнд харамсаж байна. Тэрнээс биш яг юу болсон талаар мэдэхгүй байна. Г.О нь бага сургуульд байхдаа унаж, тусдаг байсан юм. Тэгээд нас ахих тусам зан нь эвдрээд гичий, нохой, ална гээд байдаг болсон. Тэгээд энэ уураасаа болоод өөрийгөө хүртэл хоёр удаа хутгалж гэмтээж байсан. Мөн гэрээсээ гарч зугтаагаад гадаа уначихсан байж байгаад гараа хүртэл хөлдөөж, хуруугаа тастуулж байсан юм. Унаж татаад байгаа нь мэдрэлийн өвчин л гэж эмчлүүлж байгаа юм. Сэтгэцийн хувьд гайгүй хүн юм. Талийгаач маань их хөнгөн хүн бөгөөд ямар нэгэн архаг хууч авчин гэхээр зүйл байхгүй байсан. Г.О ээжийг зодчихсон байна л гэж сонссон, тэгсэн амийг нь авчихсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,
  • Гэрч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би талийгаач Д.Цэндийн төрсөн хүү, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн дүү Г.О ээжийг минь зодож амь насыг нь ханаасан талаар А.Хуягбаатарынхаас хүмүүс залгаж хэлээд л мэдсэн байгаа. Тэрнээс биш яг хажууд нь байж юу болсон талаар харж мэдсэн зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
  • Гэрч Г.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би талийгаач Д.Цэндийн төрсөн хүү, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн дүү Г.О ээжийг минь зодож амь насыг нь ханаасан талаар А.Хуягбаатарынхаас хүмүүс залгаж хэлээд л мэдсэн байгаа. Тэрнээс биш яг хажууд нь байж юу болсон талаар харж мэдсэн зүйл байхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
  • Гэрч Х.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний хувьд Төв аймгийн Зуунмод суманд нөхөр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар баг Нарийн гэх газарт байх аав, ээж хоёр дээр өглөө 9 цагийн орчим нөхөр, охины хамтаар нүүлгэж өгөх зорилгоор очсон байсан бөгөөд манай аавын хажууд эмээ Д.Цэнд төрсөн охин болох Г.О нар амьдардаг юм. Тэгээд би аавын жижиг гэрийг буулгаад байж байхад хонины хашааны цаагуур Г.О уурлаад, үглээд яваад байсан юм. Ер нь бол бид нарыг очих болгонд л тэгдэг юм. Тэрийг нь би тоогоогүй бөгөөд портер дээр жижиг гэрээ ачиж дуусгаад том гэрээс багтах хэмжээгээрээ юм ачаад 13 цагийн үед нөхөр хүүхдээ аваад мөн ээж н.Цэндсүрэнг аваад урагшаа 30 орчим км явахад аав А.Хуягбаатар талийгаач болон Г.О 3 л үлдсэн байгаа. Явахад аав гэртээ ганцаараа үлдсэн. Харин нөгөө хоёр бас гэртээ байх шиг байсан. Хороондоо хэрэлдэж, маргалдсан зүйлгүй байсан. Тэгээд би гэрийг нь буулгаж, барьж өгчхөөд орой 17 цаг болж байх үед буцаад ирэхэд аав тосож ирээд гараараа даллаад байсан. Тэгэхээр нь очиход нөгөө Г.О чинь ээжийгээ алчихсан байна. Аюул болсон байна, энд чинь та хэдийг энэ хойд дээрээс дурандаж байгаад тосоод ирлээ. Нүүр нь харахын эцэсгүй болчихсон байна гэсэн. Тэгэхээр нь бид нар гэрт очоод холоос харсан чинь талийгаач газар хэвтчихсэн, хажуу талд нь цустай чулуу байсан. Тэгээд ээж бид хоёр гэр рүүгээ гүйж ороод цагдаа дуудахаар орсон. Тэгээд нөгөөдөх чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь гэртээ байгаа байх гэж байсан. Бид нарыг ирэхэд хүртэл гэрээсээ гарсан зүйлгүй байсан. Тэгээд утас болохгүй байсан. Тэгж байгаад утсаа янзалчхаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
  • Гэрч Т.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний хувьд Төв аймгийн Зуунмод суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай эхнэр Х.Ганчимэгийн аав, ээж буюу хадмындаа 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Авдар 5-р багийн Нарийн гэх газарт намаржаа дээр нь өглөө 9 цагийн орчимд эхнэр, охины хамтаар хадмынхыг нүүлгэж өгөх зорилгоор очсон байсан бөгөөд манай хадмын хажууд хадам ээжийн ээж Д.Цэнд төрсөн охин Г.Оын хамтаар амьдардаг юм. Тэгээд би хадмын жижиг гэрийг буулгаад байж байхад хонины хашааны цаагуур Г.О муусайн юмнууд нүүлээ гэх зэргээр янз бүрийн хараал хэлээд үглээд л яваад байсан юм. Тэрийг нь би тоогоогүй бөгөөд портер дээр жижиг гэрийг нь очиж дуусгаад том гэрээс нь багтах хэмжээгээрээ юм очоод 13 цагийн үед эхнэр хүүхдээ аваад мөн хадам ээж н.Цэндсүрэнг аваад урагшаа 30 орчим км яваад байх өвөлжөө дээр нь аваачиж барихаар үлдсэн. Явахад хадам аав гэртээ үлдсэн. Харин нөгөө хоёр бас гэртээ бай шиг байсан. Хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйлгүй байсан. Тэгээд би гэрийг нь буулгаж барьж өгчхөөд орой 17 цаг болж байх үед буцаад ирэхэд хадам аав тосож ирээд гараараа даллаад байсан. Тэгэхээр нь тосож очиход нөгөө Г.О чинь ээжийгээ алчихсан байна. Аюул болсон байна, энд чинь та хэдийг энэ хойд дээрээс дурандаж байгаад тосоод ирлээ, тэгэхээр би та ойртож харсан юм уу гэсэн чинь би бүүр ойртож байгаад хараагүй, харахад амьсгалахгүй байсан бөгөөд нүүр нь цус болчихсон байсан гэж байсан. Тэгээд би гэрийн хойгуур шагайгаад харахад хоёр гэрийн голд байдаг хонины хашааны тэнд дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд утсаар хэл ам өгье гэж хэлээд утсаар ярих гэсэн чинь утас нь болохгүй байсан. Тэгж байгаад утсаа ажилд оруулчхаад манай эхнэр цагдаад дуудлага өгсөн бөгөөд миний хувьд гадаа Г.Оыг хараад л суугаад байсан. Энэ хугацаанд Г.О нэг удаа гарч ирээд дээж өргөж байсан. Мөн гэрээсээ хувинтай юм аваад зүүн урд зүг рүү явчхаад эргээд гэртээ орсон. Мөн гэрээсээ гарч ирээд бид нар руу нилээн харж зогссон. Тэгээд л гэртээ орчхоод байсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
  • Гэрч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5-р баг Нарийн гэх газар мал маллаж амьдардаг бөгөөд манай хажуу талд манай төрсөн ээж Д.Цэнд болон хамгийн бага дүү Г.О нар хамт амьдардаг байсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би хүргэн Т.Гомбосүрэн, охин Х.Ганчимэг нарын хамтаар баг гэрээ өвөлжөө дээрээ барих гээд явсан юм. Харин манай нөхөр А.Хуягбаатар гэртээ үлдсэн бөгөөд хажуу талд манай ээж, дүү хоёр гэртээ үлдсэн юм. Тэгээд би орой 17 цаг өнгөрч байхад гэрээ аваачиж буулгачхаад ирэхэд урдаас нөхөр А.Хуягбаатар тосож ирээд нөгөөх чинь ээжийг чинь алчихлаа гэсээр ирсэн. Тэгээд гэртээ ороод хүргэн Т.Гомбосүрэнг утас янзлаад дуудлага өгсөн байгаа. Тэгээд би талийгаач дээр очиж чадалгүй байж байгаад нэг гараад ирэхэд Г.О гэрээ гараад манайх руу оройтож ирсэн байхаар нь чи ээжийг яачихваа гэж асуухад наад чавганц чинь толгой түрий рүү балбаад байсан юм л гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
  • Гэрч А.Хуягбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний хувьд Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5-р баг Нарийн гэх газарт мал маллаж амьдардаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манайх нүүдэл, суудал хийж байхад манай эхнэр Г.Цэндсүрэнгийн ээж Д.Цэнд болон хамгийн бага дүү нь болох Г.О нар манайхтай айл бөгөөд малаа ялгаж үлдэнэ гээд Г.О уурлаад байсан юм. Тэгэхээр нь та нар үлдээд, тэгээд хэнээр малаа харуулах гэж байгаа юм гэж хэлчхээд морио услах гээд яваад өгсөн. Намайг явахад талийгаач Д.Цэнд, охин Г.О хоёр хоорондоо малаа ялгана, ялгахгүй гээд маргалдаад үлдсэн юм. Манай эхнэр болон охин Х.Ганчимэг хүргэн Т.Гомбосүрэн нар өглөө эрт баг гэрээ өвөлжөө дээрээ аваачиж, буулгах гээд явчихсан байсан юм. Тэгээд би морио усалчхаад эргээд эргээд 15 цагийн цаг агаар сонсох санаатай гэртээ буцаад яваад ирэхэд талийгаач хонины хашааны урд талд дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь морьтойгоо яваад очиход нэл цус болчихсон, хөдлөхгүй байхаар нь болохоо больчихсон байна гэж бодоо утсаар ярих гээд гэртээ ортол утас болохгүй байсан. Тэр хооронд Г.О ирээд намайг гэр дотор, гадна талаас цоожилчихсон байсан. Тэгэхэд нь би нөгөө цоожийг нь онгойлгоод гараад мориндоо мордоод хойд уулан дээр гараад дурандаад, мөн эхнэр хүүхдүүд ирэхээр нь дурандаад сууж байсан. Тэгээд орой 1 цаг өнгөрч байхад манай эхнэр хүүхдүүд ирэхээр нь дуудаад ийм зүйл болсон талаар хэлээд, гэртээ ороод утас болохгүй байна гэтэл манай хүргэн Т.Гомбосүрэн гадна талын утсыг нь салгаад хаячихсан байна гээд залгаад цагдаад мэдэгдсэн. Мөн цагдаа нарыг иртэл бид нар Г.Оыг харж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дугаартай “...Д.Цэндийн биед хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины аалзан хальсан доорх цус хураа, хуйханд цус харвалт, хамар, хацар ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, нүүрэн язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Хуучин гэмтэл тогтоогдсонгүй...Д.Цэндийн цусанд этилийн спирт тогтоогдсонгүй...Д.Цэнд нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...Д.Цэнд нь 1-р бүлийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 695 дугаартай “...Г.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4291 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн саарал цамцанд түлэгдэлт, улаан эрээн өнгийн дотуур богино өмдөнд цооролтууд, ягаан судалтай саарал дотуур өмдөнд гарсан цооролт, түлэгдэлт, урагдалт, улаан эрээн өнгийн алчууранд сэмрэлт, улаан өнгийн хос оймсны өсгийнд цооролт, хар өнгийн хос гутлын өсгийнд салалт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцсанд гэмтэлгүй байна...Түлэгдэлт дулааны үйлчлэлээр, цооролт, салалт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр, ханзралт, урагдалт, сэмрэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 50-52 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5918 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчид хийсэн үзлэгээр хураан авсан гэх ягаан өнгийн цэцэгтэй алчуур, ягаан өнгийн дээл, зүүн энгэртээ “Adidas” гэх бичигтэй саарал өнгийн богино ханцуйтай фудволк, урт хэсэгтээ товчтой, саарал өнгийн ноосон цамцан дээр цус илэрсэн...Уг илэрсэн цусан толбууд болиогийн шинжилгээнд тэнцэнэ...Амь хохирогчид хийсэн үзлэгээ хураан авсан гэх ягаан өнгийн цэцэгтэй алчуур, ягаан өнгийн дээл, зүүн энгэртээ “Adidas” гэх бичигтэй саарал өнгийн богино ханцуйтай фудволк, урт хэсэгтээ товчтой, саарал өнгийн ноосон цамцан дээр илэрсэн цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна. Амь хохирогчид хийсэн үзлэгээр хураан авсан гэх ягаан өнгийн цэцэгтэй алчуур, ягаан өнгийн дээл, зүүн энгэртээ “Adidas” гэх бичигтэй саарал өнгийн богино ханцуйтай фудволк, урт хэсэгтээ товчтой, саарал өнгийн ноосон цамцнаас бусад хувцсанд цус илрээгүй...Шинжээчээс асуусан №4 дугаартай асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 61-63 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4290 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад урагдалт, гэмтэл үүсээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 69-71 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5917 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Оын биед хийсэн үзлэгээр хураан авсан гэх хөх өнгийн өмд, цэнхэр өнгийн дээл, хүрэн бор өнгийн гутал, №1, №2 гэж дугаарласан арчдас дээр цус илэрсэн. Г.Оын биед хийсэн үзлэгээр хураан авсан гэх хөх өнгийн өмд, цэнхэр өнгийн дээл, хүрэн бор өнгийн гутал, №1, №2 гэж дугаарласан арчдаснаас бусад объектууд дээр цус илрээгүй. Уг илэрсэн цусан толбууд биологийн шинжилгээнд тэнцэнэ. Г.Оын биед хийсэн үзлэгээр хураан авсан гэх хөх өнгийн өмд, цэнхэр өнгийн дээл, хүрэн бор өнгийн гутал дээр илэрсэн цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна. №1, №2 гэж дугаарласан арчдас дээр илэрсэн цусны бүлгийн харьяалал тогтоох боломжгүй...Шинжээчээс асуусан №4 дугаартай асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 77-79/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4292 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээлийг биет байдлаар ирүүлсэн нь шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн дээлэнд шинээр гарсан урагдалт, гэмтэл байхгүй, харин эдэлгээ хэрэглээний явцад гарсан хуучин элэгдэлт, урагдалт байна....Хуучин урагдалт, элэгдэлтийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 85-86/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5920 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан А.Хуягбаатарын өмсөж явсан гэх хүрэн өнгийн дээл дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 93-94 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5981 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Оын гарын алганаас бэхжүүлэн авсан бичил мөр гэх скочин дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 99-100 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5919 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх “Haojubao” гэсэн ягаан өнгийн хуванцар хувин, 16 см урттай модон иштэй сүхэн дээрх цус илрээгүй. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цагийн өнгийн толбонуудтай, саарал өнгийн даавуун малгай, 11 см х10 см хэмжээтэй, саарал өнгийн чулуун дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусан толбууд биологийн шинжилгээнд тэнцэнэ...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цагаан өнгийн толбуудтай, саарал өнгийн чулуун дээр илэрсэн цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна. Шинжээчээс асуусан №4 дугаартай асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 105-106 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5980 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Цэнд 78 настай, эмэгтэй, 2020.10.24 Зуунмод гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ...Д.Цэнд 78 настай, эмэгтэй 2020.10.24 гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 111-112 тал/,
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5982 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан хаалганы уяаны хэсэг гэх цагаан саарал өнгийн эрчлээстэй, олс мэт зүйлийн уяа, орны хөлөөс бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй...Хэргийн газрын үзлэгээр ягаан өнгийн хувингаас бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 117-118 тал/,
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаартай “...Шинжлүүлэгчийн танин мэдэхүйн бууралт тод илэрнэ. Ой тогтоолт, аюуны ажиллах чадвар эрс буурсан, сульдал илэрнэ. Сэтгэхүйн хүрээнд хийсвэрлэн дүгнэх үйлийн бууралт, хэт бодит сэтгэхүй давамгайлан илрэх ба зан төрхийн өөрчлөлт, түрэмгийллийн шинжүүд тод илэрнэ. Сэтгэл хөдлөлөө хянах, зохицуулах чадвар эрс суларсан, өөрийн сэтгэцийн байдалдаа шүүмжлэл эрс суларсан. Оюуны чадварын түвшин султай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 123 тал/,
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх сэтгэц, эмгэг судлалын 1133 дугаартай “...Г.О нь F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй байна. Г.О нь F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй байна. Г.Оын дээрх эмгэг нь олдмол шалтгаант эмгэг болно. Г.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. Г.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Г.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан байна. Г.О нь сэтгэцийн хувьд цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна. Г.Од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 133-136 тал/,

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 168-170/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Оын 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15-16 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Нарийны хөтөл” гэх газар гэрийнхээ малын хашааны гадна өөрийн төрсөн эх 78 настай Д.Цэндийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж “ээж морь тавьсан гэж уурласан” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр болон цээжин тус газар чулуугаар цохиж, зодсоны улмаас амь насанд аюултай хүнд хохирол учруулж, мөн талийгаачийн аманд морины хомоол чихэж, онц харгис, хэрцгийгээр амь насыг нь хохироосон үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Мөн хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, алсныхаа дараа аманд адууны хомоол хийж байгаа зэрэг үйлдлийг, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэдэгт бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалж, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.         

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчидын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Оын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн тэнэгрэл өвчтэй байсан бөгөөд хэрэг хариуцах чадваргүй гэж үзэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “ шүүгдэгч Г.Оыг гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй, сэтгэцийн хувьд цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь хэрэгт авагдсан шинжээчийн №1133 дугаарын дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникийн тусгай дэглэмд 18 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх “ саналыг,

Шүүгдэгч өмгөөлөгч Б.Баярмагнай “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно гэж заасан тул шүүгдэгч Г.Од авах эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээний хугацааг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх сэтгэц, эмгэг судлалын 1133 дүгнэлтэд /хх-ийн 133-136 тал/ шүүгдэгч Г.Оыг “сэтгэцийн F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй, F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй, Г.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй, Г.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хэрэг хариуцах чадваргүй байсан, сэтгэцийн хувьд цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна. Г.Од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай.” гэсэн байх тул шүүгдэгч Г.Оыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэхээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ шүүгдэгч Г.Оын сэтгэцийн байдал, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1133 дүгнэлт, саналыг үндэслэж Сэтгэц эмгэг судлалын тусгай тасагт эмчлүүлэхээр тогтоож, уг хугацаанд хяналт тавих үүргийг прокурорт даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Г.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр тогтов.

 

Түүнчлэн түүний 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдах нь зүйтэй. 

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн орны хөлөөс бэхжүүлэн авсан арчдас, хувин дээрээс бэхжүүлэн авсан арчдас, гэрийн хаалганы уяаны хэсэг, ягаан өнгийн хувин 1 ширхэг, чулуу 1 ширхэг, саарал өнгийн малгай 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, Д.Цэндийн шарилд хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан хар өнгийн түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн хөндлөн судалтай ноосон цамц 1 ширхэг, улаан өнгийн оймс 1 хос, нил ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцэгтэй ягаан өнгийн алчуур 1 ширхэг, эрээн өнгийн богино даавуун өмд 1 ширхэг, “00” цаас мэт зүйл 3 ширхэг, “SNIP” гэсэн бичигтэй цагаа өнгийн эм мэт зүйл 2 ширхэг, “LOVE” гэсэн бичигтэй нил ягаан өнгийн эмжээртэй ноосон улаан өнгийн оймс 1 хос, шөр өнгийн бүс 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн дээл 1 ширхэг, зүүн энгэртээ “Adidas” гэсэн бичигтэй саарал өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, Г.Оын биед үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга1 ширхэг, юүдэнтэй саарал өнгийн цамц 1 ширхэг, цайвар ногоон өнгийн фудволка 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ретуз 1 ширхэг, хөх өнгийн тэлээ 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн оймс 1 хос, ногоон саарал өнгийн оймс 1 хос, хүрэн бор өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн бүс 1 ширхэг, гарын арван хурууны хумс 9 ширхэг, хөвөн бамбарт бэхжүүлэн авсан гэх арчдас 7 ширхэг, Г.Оын гарын алганаас авсан арчдас 4 ширхэг зэргийг устгахыг холбогдох байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Х овогтой Г.Оыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Х овогтой Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Оыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Оыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн тусгай тасагт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Оын 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 107 хоногийг түүний эдлэх ялд нь буюу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд оруулан тооцсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацааг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн 2034000000612 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн орны хөлөөс бэхжүүлэн авсан арчдас, хувин дээрээс бэхжүүлэн авсан арчдас, гэрийн хаалганы уяаны хэсэг, ягаан өнгийн хувин 1 ширхэг, чулуу 1 ширхэг, саарал өнгийн малгай 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, Д.Цэндийн шарилд хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан хар өнгийн түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн хөндлөн судалтай ноосон цамц 1 ширхэг, улаан өнгийн оймс 1 хос, нил ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцэгтэй ягаан өнгийн алчуур 1 ширхэг, эрээн өнгийн богино даавуун өмд 1 ширхэг, “00” цаас мэт зүйл 3 ширхэг, “SNIP” гэсэн бичигтэй цагаа өнгийн эм мэт зүйл 2 ширхэг, “LOVE” гэсэн бичигтэй нил ягаан өнгийн эмжээртэй ноосон улаан өнгийн оймс 1 хос, шөр өнгийн бүс 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн дээл 1 ширхэг, зүүн энгэртээ “Adidas” гэсэн бичигтэй саарал өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, Г.Оын биед үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, юүдэнтэй саарал өнгийн цамц 1 ширхэг, цайвар ногоон өнгийн фудволка 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ретуз 1 ширхэг, хөх өнгийн тэлээ 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн оймс 1 хос, ногоон саарал өнгийн оймс 1 хос, хүрэн бор өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн бүс 1 ширхэг, гарын арван хурууны хумс 9 ширхэг, хөвөн бамбарт бэхжүүлэн авсан гэх арчдас 7 ширхэг, Г.Оын гарын алганаас авсан арчдас 4 ширхэг зэргийг устгахыг тус Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Т.БАТЖАРГАЛ

 

                          ШҮҮГЧИД                                   Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                    Ю.ЭНХМАА