Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагч Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Б холбогдох 2034001700637 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б вогт Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт иргэн Т.Алтанхүүгийн эзэмшлийн “11-91” улсын дугаартай “Ниссан падвиндер” маркийн тээврийн хэрэгслийг модон ташуураар цохиж гэмтээсний улмаас 680.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Б нь мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Т.Алтанхүүгийн мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20 тал/, яллагдагч Д.Бийн “...тиймээ би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 тал/ зэрэг болон шүүдэгч Д.Бийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт иргэн Т.Алтанхүүгийн эзэмшлийн “11-91” улсын дугаартай “Ниссан падвиндер” маркийн тээврийн хэрэгслийг модон ташуураар цохиж гэмтээсний улмаас 680.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн  8 тал/

-Хохирогч Т.Алтанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 25-нд худаг дээр адуу услаад, тог гаргадаг мотороо машины арын багаажинд хийчихсэн асаачихсан зогсож байтал нутгийн танил Д.Б согтуу морьтой ирээд намайг ташуурдахаар нь би машиныхаа багаажны дотор ортол машины багаажны арын хаалгыг нэг удаа ташуураар цохисон. Би зугтаагаад машиныхаа арын хаалгаар орж, машиндаа суутал машин тойрч машин руу ташуурдаад байсан. Би машинтайгаа хөдлөөд цаашаа явж байгаад машинаа эргүүлэн худаг руу харж зогстол Д.Б худгаас цаашаа явчихсан. Би эргээд худаг дээр иртэл ахин цаанаас давхиж ирээд миний машины урд хэсэгт нэг ташуураар цохиж, мориороо машин мөргөсөн. Тэгэхээр нь би машинаа унаад гэртээ ирсэн. Тэгээд шөнө гэртээ унтаж байхад 01 цагийн үед ахин ирж намайг гараад ир, ална гэх зэргээр гэр тойроод юмаар нүдээд байсан. Хэсэг нүдэж байгаад яваад өгөхөөр нь би гэрээсээ гарч машинаа унаад гэрийнхээ урд жалганд зогсож байгаад цагдаа дуудсан. Тухайн үед цагдаа Сүмбэр сумаас хүн аваад аймаг явж байна, та өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад байж бай би маргааш очихоор өргөдөл гаргаж өгөөрэй гэсэн. Маргааш нь өргөдөл өгөх гэхэд Д.Б миний хохирлыг барагдуулна хоорондоо зохицоё гэхээр нь өргөдөл гаргаагүй орхитол одоо миний хохирлыг барагдуулахгүй байгаа тул өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

-Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...2019 оны 11 дүгээр сарын эхээр Төв аймаг, Борнуур сумын Нарт 4-р багт байрлах Агьтын худгаас Т.Алтанхүү ус аваад байж байхад нь би очоод чи муу миний 2 морийг алаад байхдаа яадаг юм бэ, гэж хэлээд уурандаа өөрийн барьж явсан тэнзэн ташуураар Т.Алтанхүүгийн мөрөн дээр нь нэг удаа цохисон. Тэгээд Т.Алтанхүү машиндаа суусан. Тэгээд гарч ирэхгүй болохоор би машины урд нь нэг, ард нь нэг хаалганы дээд талд нь нэг удаа цохисон. Тэгээд Т.Алтанхүү машинаа асаагаад гэр лүүгээ яваад буцаж ирээд намайг морио услаад байж байхад морьтой минь цуг машинаараа мөргөж унагасан. Тэгээд гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд би тэр оройдоо 20 цагийн үед гэрийн гадаа нь очоод Т.Алтанхүү дуудахад гэрч ирэхгүй болохоор нь Монгол гэрийг нь гадна талаас нь тэнзэн ташуураараа 2, 3 удаа цохиод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

-“Вендо” ХХК-ийн авто машин, техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20 тал/,

-Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Т.Алтанхүүтэй танилын холбоотой найзалж, нөхөрлөөд 7-8 жил болж байна. Би өөрөө Т.Алтанхүүд 2 морио битгий алаад идээрэй гэж хэлээд үлдээсэн хоёр морийг маань Т.Алтанхүү алаад, зараад идсэн эсэхийг нь мэдэхгүй ч ямар ч байсан миний хоёр морь байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/

-Ниссан падвиндер” маркийн “11-91 УБЯ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн капот 140.000 төгрөг, зүүн хойд хаалга 140.000 төгрөг, тээшний хаалга 150.000 төгрөг, зүүн дээд мөр 110.000 төгрөг, урд буфед 80.000 төгрөг 400 грамм будаг 60.800 төгрөг, шууд бус зардал 60.800 төгрөг, нийт 680.000 төгрөгийн гэмтлүүд үүссэнг нотолсон “Вендо” ХХК-ийн авто машин, техникийн үнэлгээний 16418024 дугаартай тайлан /хх-ийн 19-20 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Төв аймгийн прокурорын газраас Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.       

Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д.Бийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Т.Алтанхүү нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд баримтаар шатахууны зардалд 154.321, үнэлгээний хөлс 38.000, тээврийн хэрэгслийн хохиролд 680.800 төгрөгийн нийт 873.121 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргасны шүүх хангаж, шүүгдэгч Д.Бөөс 873.121 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Алтанхүүд олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 500 нэгжтэй буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, мөн оногдуулсан торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх” ялын дүгнэлтийг гаргасан байна. 

Шүүгдэгч Д.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б нь “...Би 100 гаруй бог малтай 10 гаруй үхэртэй, 20 гаруй адуутай, мөн сард 300.000 төгрөгийн цалинтай хүний мал малладаг, би хохирлоо төлнө” гэж тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бийг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Д.Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус  тус зааснаар шүүгдэгч Д.Бөөс 873.121 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Алтанхүүд олгосугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА