Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1068

 

 

 

 

 

 

 

 

 

С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00715 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Шинэдүүд холбогдох

 

Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 57 дугаар байрны 1-25 тоотод байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсныг тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Бат-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Отгонхишиг,

Хариуцагч: Б.Шинэдүү,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Мөнхжаргал, О.Мөнхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Шинэдүүтэй 2005 оны 11 сараас хамтран түүний 3 өрөө орон сууцанд амьдарсан. Үр хүүхэдтэй болж, сайхан амьдарна гэж бодож байсан. Б.Шинэдүү нь Япон Улсын хөрөнгө оруулалттай “Хаан констракшн” ХХК-д орчуулагчаар ажилладаг байснаа сүүлд нь гүйцэтгэх захирал нь болсон. Хамт амьдарсан цагаас би албан ёсоор тус компанид ажиллаагүй ч Б.Шинэдүүгийн ажилд тусалдаг, жолооч болон бүх л хар бор ажлыг хийдэг байсан. Энэ компани 2009-2010 онд Дархан хотын гэр хорооллын  ундны усны худгийг хооронд нь холбох ажлыг хийсэн. Би гэрээгээр ажиллая гэхээр Б.Шинэдүү зөвшөөрдөггүй байсан. Компанийн япон захирал  байр хөлсөлдөг, компанийн тоног төхөөрөмжөө энд, тэнд хөлсөөр хадгалуулдаг байсан тул би  Б.Шинэдүүд “2 өрөө байр авч тэр захирлыг нь суулгая, өөрийн хашаа байшинд тэр эд хогшлыг нь хадгалья”  гэдэг санааг  хэлсэн. Ингээд 2008 онд  бид 2 нэр дээрээ 2 өрөө байр худалдаж авч, түүнд захирал нь амьдарсан. Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд би хашаа авч,  “Хаан констракшн” ХХК-ийн контейнер, тоног төхөөрөмжийг хадгалсан. Хашааг өөрийн садангийн хүнээр харуулсан. Сард 150 000 төгрөгийн хөлс  өгнө гэсэн боловч өгөөгүй. 2013 онд хөлс нэхэхээр нь би Толгойтод байсан өөрийн хашаагаа тэр хүнд өгсөн. Дарханд ажил хийж байхад нь Улаанбаатар хот дахь бүх ажлыг бид 2 хийж байсан тул Ланд-80 машиныг надад 13 000 000 төгрөгөөр  Б.Шинэдүү авч өгснийг ажилд нь хэрэглэсэн. 2010 онд бид хоёр 4 өрөө байр авч, түүндээ амьдарч, Б.Шинэдүү 3 өрөө байраа 70 000 000 төгрөгөөр зарсан.  Б.Шинэдүү 2011 оны 12 сард  манай компанийн үйл ажиллагаа зогсох гээд байна, би  япон захиралд туслах хэрэгтэй байна, байраа барьцаанд тавьж, зээл авч өгье гэхээр нь бид Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 57-р байрны 1-25 тоот, 4 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 49А байрны 47 тоот, 2 өрөө орон сууцыг  “Кибернетик ББСБ” ХХК-д барьцаалж, 100 000 000 төгрөгийг зээлж, Б.Шинэдүү япон захиралдаа аваачиж өгөхөд би хамт явсан. Б.Шинэдүү, Сюцу Китияама нар зээлээ төлж, чадахгүй байсаар манайх  4 өрөө орон сууцаа 2012 оны 05 сард зарж, уг зээлийн үүрэгт урьд нь бусдаас зээлсэн 30 000 000 төгрөгийг хүүтэй нь, ББСБ-д 70 000 000 төгрөгийг төлөх зэргээр зарцуулж,  зээлийн барьцаанд алдсан тул бид Модны 2-т байр хөлслөж амьдарсан. 2012 оны 5 сарын 10-ны өдөр муудалцаж, салах болсон. Тэр үед намайг “2 өрөө байрны өмчлөгчөөс нэрээ хас, тэгэхгүй бол чамд том гай тарина, амиа хорлоно” гэсэн тул би нэрээ хасуулахыг зөвшөөрсөн. Тэр үед 4 өрөө байрыг надад өгнө гэж тохирсон. Сарын дараа надаас мөнгө нэхэхээр нь 1 000 000 төгрөг, хөлслөж байсан байрны түлхүүрийн хамт түүнд орхисон. Би 2014 онд эрүүгийн цагдаад Б.Шинэдүүг өгсөн боловч иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Б.Шинэдүүтэй тааралдахгүй байсаар 2016 онд тааралдсан. Иймд намайг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 57 дугаар байрны 1-25 тоотод байрлах 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсныг тогтоож,  худалдсан үнэ 140 000 000  төгрөгийн 50 хувийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 11 сарын 18 өдрөөс 2012 оны 5 сарын 10 өдөр хүртэл нэхэмжлэгчтэй хамтран амьдарсан.  Би “Хаан констракшн” ХХК-д  1999 оноос ажилласан бөгөөд С.Бат-Эрдэнэтэй хамт амьдарч байх үед тус компанид орчуулагч, гүйцэтгэх захирлын албыг хашдаг байсан.  Энэ  компани нь Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүд дээр туслан гүйцэтгэгчээр ажилладаг байлаа. Миний хувьд энэ компанид ажиллахын зэрэгцээ тухайн төслүүдийн ерөнхий гүйцэтгэгч болох японы компаниудад барилгын материалыг Хятад Улсаас худалдан авахад нь зуучилж, материал нийлүүлэх ажлыг мөн хийдэг байсан. Ийнхүү дээр нэхэмжлэгдээд байгаа байрнуудыг би өөрийн мөнгөөр худалдан авсан юм. С.Бат-Эрдэний хувьд тодорхой эрхэлсэн ажил, орлогогүй байсан боловч, хамт амьдарч байгаагийн хувьд бүхий л санхүүгийн хэрэгцээгээ надаас авдаг байсан. Тухайлбал өдөр тутмын хэрэгцээний мөнгө, хувцас хунар, автомашин, автомашины гарааш, хашаа, автомашиндаа хийх түлш шатахууны үнэ, хоол ундны зардал гээд бүхнийг би өгдөг байсан. Тухайн үед миний байранд /4-р хорооллын 3 өрөө байр/ амьдардаг байв. 2010 оны 12-р сард Баянгол дүүргийн 6-р хороо 10-р хороолол 57-р байрны 1-25 тоот байрыг би өөрийн мөнгөөр худалдан авсан бөгөөд тус 4 өрөө байрыг худалдаж авахдаа хамтран эзэмшигчээр С.Бат-Эрдэнийн нэрийг оруулсан ч гэлээ худалдаж авах мөнгөний эх үүсвэрийг би өөрийн хуваарьт хөрөнгө болох Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн хугацаатай 150 000 000 төгрөгийн хадгаламжийг барьцаалан 80 000 000 төгрөг зээлж, мөн Хаан банкны 5029310458 тоот данснаас үлдэгдэл мөнгийг тус тус гарган, 90 000 000 төгрөгөөр уг байрыг худалдаж авсан.  2011 оны 3, 4 сард миний 3 өрөө байрыг  70 000 000 төгрөгөөр зарсан. 2011 оны 12 сард ББСБ-аас мөнгө зээл япон захиралд өгсөн боловч 2012 оны 5 сар хүртэл төлөөгүй тул би дүүгээсээ мөнгө зээлж хүүг нь төлж байсан. 2012 оны 5-р сарын эхээр энэхүү 4 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдаж, ББСБ-ын өрийг дарсан. Захирлаасаа би сүүлд нь мөнгөө авсан. 2 өрөө байрыг мөн л өөрийн санхүүжилтээр худалдан аваагүйн улмаас, 2012 оны 5 сарын 10  өдөр С.Бат-Эрдэнэ сайн дурын үндсэн дээр хамтран өмчлөгчөөс хасуулсан. Энэ өдрөөс хойш бид хоёр хамт амьдраагүй юм. Учир нь С.Бат-Эрдэнэ өөр хүнтэй амьдрахаар аль эрт шийдчихсэн байсныг би 5 сарын 8 өдөр мэдсэн юм. Мөн намайг зугатаагаад олдохгүй байсан гэж байна. Ер нь бол С.Бат-Эрдэнэ энэ бүх процессыг мэдэж байгаа болохоор бодож, тунгаах байх гэж үзээд муйхараар хэрүүл хийгээд яахав гэж бодсондоо л тэр юм шүү. Бид бие биенийхээ занг сайн мэднэ. Миний зан араншингийн сул, зөөлөн талыг ашиглаж ирсэн, хойшид ч ашиглая гэж бодож байгаа байх. Миний бие С.Бат-Эрдэнэтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд бидний дунд эд хөрөнгийн Иргэний хуульд заасан хариуцлага үүсээгүй гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд гэр бүлийн хөрөнгийн талаар зохицуулсан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон хуваарьт хөрөнгийн талаар заажээ. Үүнээс үндэслэн үзэхэд ч тус 4 өрөө байрны үнийг худалдаж авсан эх үүсвэрийг би өөрөө хөдөлмөрлөж олсон бөгөөд миний нэр дээр байдаг өөрийн хадгаламжийн данснаас бэлнээр авч, үлдсэн хэсгийг мөн хугацаат хадгаламжаа барьцаалан зээл авч эх үүсвэрийг бүрдүүлсэн болно. Тус байрыг авахад С.Бат-Эрдэнэ нэг ч төгрөг гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Шинэдүүгээс 50 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  С.Бат-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс орон сууцны өмчлөгч  байсныг тогтоолгох, 90 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хэсгүүдийг хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн  56.2, 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч төлсөн 857 950 төгрөгийг улсын орлогод үлдээж,  хариуцагчаас 407 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэжээ.

 

               Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг "4 өрөө байрны үнэ 140 000 000 төгрөг гаргуулах" гэж тодорхойлсон ба нэхэмжлэгч 2017 оны 2 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж "С.Бат-эрдэнэ намайг Баянгол дүүргийн 6-р хороо, 10 дугаар хороолол 57-р байрны 1-25 тоот 4 өрөө байрны хамтран өмчлөгч байсныг тогтоолгох" болгон өөрчлөн тодорхойлсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй шаардлага болох мөнгөн төлбөр гаргуулах шаардлагыг нэмж хариуцагчаас 50 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх хуралдаан дээр тодруулж, хамтран амьдрах хугацаанд бий болсон 4 өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй байсанд үндэслэж, хариуцагчаас орон сууцны үнийн 50 хувийг гаргуулахаар шаардсан байгаа болохыг тодорхойлж уг шаардлагыг хэлэлцлээ" гэж дурджээ. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа "С.Бат-эрдэнэ намайг Баянгол дүүргийн 6-р хороо, 10 дугаар хороолол 57-р байрны 1-25 тоот 4 өрөө байрны хамтран өмчлөгч байсныг тогтоолгох" гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчаас орон сууцны үнийн 50 хувийг гаргуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа гэж үзэхгүй харин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байгаа гэж үзэх үндэслэлтэй юм. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн тохиолдолд нэмэгдүүлж байгаа шаардлагаа бичгээр гаргаж, түүнтэй нь хариуцагч тал танилцах, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, хариу тайлбар гаргах зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.2 гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "140 000 000 төгрөгний 50 хувийг гаргуулахаар шаардсан болно" гэж тодорхойлжээ. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагадаа "140 000 000 төгрөгний 50 хувийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бичгээр гаргасан баримт огт авагдаагүй юм. Нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэр бүл болох зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд хамтран амьдарсан байх бөгөөд хамт амьдрах хугацаандаа 2008 онд 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн ажилладаг “Хаан констракшн” ХХК-ийн захирлын мөнгөөр, хариуцагч С.Бат-Эрдэнийн нэрээр захиалж, бариулж, ашиглалтанд орсон цагаас зохигчдын тайлбараар тогтоогдож байна", нэхэмжлэгч хугацаатай, өөрийн 150 000 000 төгрөгийн хадгаламжаа барьцаалан 80 000 000 төгрөгийг банкнаас зээлсэн, ... тогтоогдож байна", "Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа 2011 оны 3, 4 сарын үед бусдад худалдсан байх бөгөөд зохигч маргахгүй байна" гэх зэргээр нэхэмжлэгч нь маргаан бүхий байрыг авах хөрөнгийг гаргасан мэтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч тал нь өөрийн 150 000 000 төгрөгийн хугацаатай хадгаламжаа барьцаалж зээл аван маргаан бүхий байрыг авсан, анх хамтын амьдралаа эхлүүлэхдээ хариуцагч талын 3 өрөө байранд амьдарсан, хариуцагч тал нь өөрийн ажилладаг компанийн захирлын мөнгөөр 2 өрөө байр авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын өөрсдийнх нь тайлбараар нотлогдсон болно. Мөн шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн дундын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг бусдаас зээл авч худалдан авсан ба уг орон сууцаа буцаан худалдаж, худалдсан мөнгөөрөө орон сууцны зээлээ дарсан гэж дүгнэсэн мөртлөө уг орон сууцыг худалдсанаас олсон орлогоос нэхэмжлэгч тэнцүү хэмжээгээр хүртэх эрхтэй гэж дүгнэсэн нь зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Шинэдүү миний бие дээрх 4 өрөө орон сууцыг худалдаж зээлээ дарсан ба өөртөө ямар нэгэн орлого хүлээн аваагүй байхад зээлэнд төлөгдсөн мөнгөний 50 хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1, 241 дүгээр зүйлийн 241.6 дахь заалтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1-д аливаа өмч хөрөнгийг хамтран өмчилж болохыг хуульчилсан хэдий ч хамтран өмчлөгч болсноороо шууд тухайн хөрөнгийн 50 хувийн өмчлөгч болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Зохигчид нь хамтран амьдарч байсан хэдий ч гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэр бүлийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул тухайн өмч хөрөнгийг бий болгоход оруулсан хамтран өмчлөгч тус бүрийн оролцоо, гаргасан хөрөнгийн хэмжээг харгалзан хувь хэмжээ, ногдох хэсгийг тогтоох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэрлэл бүхий байх зарчимд нийцэх юм. Гэтэл анхан шатны шүүх хуулийн ямар зүйл заалт, үндэслэлээр 50 хувь гэж тогтоосон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь хариуцагч Б.Шинэдүүд холбогдуулан гаргасан орон сууцны үнэ 140 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны хамтран өмчлөгч байсныг тогтоолгохоор өөрчилж, шүүх хуралдаанд орон сууцны хамтран өмчлөгч байсныг тогтоолгох, орон сууцны үнэ 140 000 000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулна гэж тодруулан тодорхойлжээ.

 

            Нэхэмжлэгч анх шүүхэд орон сууцны үнэ 140 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гардан авч хариу тайлбар гаргаж байсан,   орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны үнээс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагын үндэслэл байх бөгөөд уг үйл баримтын талаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ тодруулсан шаардлагыг гардуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Зохигчид Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 57 дугаар байр, 1-25 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр худалдан авч,  хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 31, 39 дүгээр тал/

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийг уг орон сууцыг хариуцагч Б.Шинэдүүтэй дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хэдийгээр  маргааны зүйл болох орон сууцыг талууд бусдаас 90 000 000 төгрөгөөр худалдан авахад хариуцагч Б.Шинэдүү нь 80 000 000 төгрөгийг өөрийн хадгаламжийн мөнгөн хөрөнгөөс гаргаж авсан гэх боловч талууд орон сууцны өөрт ногдох хэсгийг тохиролцоогүй байна. Иймд Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэж заасны дагуу талууд орон сууцыг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж үзнэ. Орон сууцыг худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээгээр ногдох хэсгийг хуваарилаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Б.Шинэдүү нь бусдад 130 000 000 төгрөгөөр худалдсан талаар тайлбарласан байхад анхан шатны шүүх орон сууцны үнийг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үнээр тогтоосон, энэ шийдвэрт  нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн орон сууцны үнэлгээг зөв гэж дүгнэлээ.

 

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн  зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох  хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан тул анхан шатны шүүх хариуцагч Б.Шинэдүүгээс орон сууцны үнийг 100 000 000 төгрөгөөр тогтоож, түүний 50 хувь болох 50 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээв.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлж, шийдвэрт баримталвал зохих хуулийн зохицуулалт баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 …” гэснийг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ