Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 18

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Ч.Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын Сахилгын шийтгэл оногдуулах тухай 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн, 3 дугаар сургуулийн захирал албан тушаалтай Ч.А нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 тоот “Сахилгын  шийтгэл ногдуулах тухай” захирамжаар албан тушаалын цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул захирамжийг хүчингүй болгох асуудлаар гомдол гаргаж байна. Уг захирамжтай холбоотой хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар дараахь тайлбарыг хийж байна.Үүнд:
1.Захиргааны шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгдээгүйн улмаас надад санал гаргах боломж олгоогүй нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Миний биед мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг бүрдүүлээгүй нь хүний эрхийг хангаагүй үйлдэл болсон./ЗЕХ-ийн 31.1/
2.Аймгийн Засаг даргын захирамж нь хэлбэржээгүй, албан ёсоор гарын үсэг зураагүй байхад аймгийн ТЗУХ-ийн дарга Г.Ган-Очир удирдах ажилтны цуглаан дээр уншиж танилцуулсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Дээрх захирамж нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдсэн байна. Шийдвэрийг олон нийтэд танилцуулсан цуглаан нь 04 дүгээр сарын 15-ны өдөр “Даваа” гаригийн 08:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон байдаг.
3. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь зүйлд “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хугацааг баримтлах ёстой атал 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус захирамж гарсан нь дээрх заалтыг илт зөрчсөн.
4. Аймгийн засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 тоот захирамжийн үндэслэл болгосон хуулийн заалтуудыг миний бие зөрчөөгүй учир сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.
5. Захиргааны шийдвэрийг хаяглагдсан этгээд буюу иргэн, 3 дугаар сургуулийн захирал Ч.Аид танилцуулах үүргээ зөрчиж аймгийн удирдах ажилтны цуглаан дээр танилцуулсан нь төрийн албан хаагч миний нэр хүндэд илтэд хохирол учруулж, гутаан доромжлох гэсэн санаатай үйлдэл зохион байгуулсан гэж үзэж байна. Хуулинд заасан төрийн албан хаагчийн нууц хадгалах зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 30.1, 30.2, 43.1, 47.4, 49.1, 77.1, 92 дахь зүйлд заасан нууцыг задруулахгүй байх үүргийг зөрчлөө./Задруулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ./ Мөн “Иргэний хууль”-ийн 21.4 дэх заалт, “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 2 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байгаа юм.
6. Ч.А миний бие нь төрийн албанд 22 жил ажиллах хугацаандаа зөрчил дутагдал гаргаж Сахилгын шийтгэл нэг ч удаа авч байгаагүй бөгөөд жил бүр А, В үнэлгээтэй дүгнэгдэж ирсэн. Энэ удаад Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2/5 СБА-2019/11/СТА-ТШЗ тоот шаардлагын дагуу аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Сүхбаатар аймаг дахь Төрийн Аудитын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 тоот “Зөрчилгүй санал дүгнэлттэй”,”Аудитын гэрчилгээг” 3 дугаар сард хүлээн авсан.
Миний төсөв захирч буй 3 дугаар сургуулийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар нэг ч төгрөгийн акт төлбөр тавигдаагүй бөгөөд улсад хохирол учруулсан зүйл байхгүй болно. Иймд нэхэмжлэгч миний хувьд аймгийн Аудитын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2/5 СБА-ТШ3 тоот шаардлагыг үндэслэж Захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Шийтгэл ногдуулсан нь 2 хүүхдээ цалингаараа тэжээж амьдралын  бүхий л ачааг нуруун дээрээ үүрч явдаг өрх толгойлсон эмэгтэйн хувьд үндсэн цалингаасаа хасуулж, дээрээс нь холбогдох нэмэгдлүүд тооцогдохгүй байх зэрэг нь үр хүүхдийг маань хохироосон, сэтгэл санаанд дарамт учруулсан үйлдэл гэж ойлгож байна. Эрхэлсэн ажлаа чанартай гүйцэтгэсний төлөө ял шийтгэл хүлээж буй нь хүнлэг бус шийдвэр юм. Тус сургуулийн ажлыг “О” тэгээс эхлүүлж чадах бүхнээ зориулж  хөрөнгө оруулалтын олон эх үүсвэрийг жил бүр татан төвлөрүүлж санаачлагатай ажиллаж ирснийг олон зүйлээр нотлож чадах билээ. Тайлант 2018 онд:
- Аймгийн Засаг даргын захирамжаар 15.0 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн
- БСШУЯ-наас зарласан төслийн уралдаанд шалгарч “Байгалийн ухааны мини кабинет” төсөл 7.4 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн
- БСШУЯ-наас зарласан төслийн уралдаанд шалгарч “Хөгжим төсөл” 5.9 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн
- Төслийн уралдаанд шалгарч 2016, 2017, 2018 онд аймгийн БОАЖГ-аас жил бүр 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус шийдвэрлүүлсэн юм.
Иймд иргэн Ч.А миний бие Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 тоот “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” захирамж нь 3 дугаар сургуулийн захирал Ч.А надад зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй хэмээн үзэж, шийтгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

           Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.А нь төсвийн тухай хууль болон, Сангийн сайдын тушаалыг зөрчсөн тул Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлагыг ирүүлсэн байдаг. Тус албан шаардлагатай холбоотой зөрчлийг шалган шийдвэрлэх процесс холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж, нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч, хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа. Иймд дээрх албан шаардлага нь Төрийн аудитын тухай хуулийн 15.1.12, 15.1.13 дугаар зүйлд заасан журмын дагуу ирсэн тул аймгийн Засаг дарга нь зайлшгүй хариуцлага тооцож, хариу мэдэгдэх үүрэгтэй.
               Нэгэнт төрийн аудитын байгууллага холбогдох зөрчлийг илрүүлж, сахилгын шийтгэл ногдуулах талаар шийдвэр гаргаж бидэнд ирүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 28.1.5 дахь хэсгийг үндэслэсэн болно. Мөн тус хуулийн 40.5.2 дахь хэсэгт зааснаар хаяглагдсан этгээд нь шийдвэр гаргах бодит нөхцөл байдал, хуульзүйн үндэслэлийн талаар өмнө нь мэдэж байсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие нь энэ шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Сүхбаатар аймгийн Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/19 тоот захирамжаар бол 3 дугаар сургуулийн захирал Ч.Аийг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13 дахь хэсэг, мөн Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэгт, мөн Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн албан шаардлагыг тус тус үндэслэн хоёр сарын хугацаатайгаар цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөн төсөв захирагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, санхүүгийн зөрчил дутагдал гаргасан гэж үзсэн байдаг. Албан шаардлагатай холбоотойгоор арга хэмжээ авагдсан болохоос биш ажил дүгнэсэн гэрээний асуудал хамааралгүй. Албан шаардлагатай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газраас хариу тайлбар ирсэн байгаа. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 152 дугаартай төлбөрийн хүсэлтээр Ганбука ХХК-ийн дансанд  6.000.000 /зургаан сая / төгрөг, 08 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай төлбөрийн хүсэлтээр Номин долгион ХХК-ийн дансанд 2.000.000 /хоёр сая/ төгрөг шилжүүлж сургалтын хэрэглэгдэхүүн, ширээ сандал авснаар баримт бүрдүүлсэн байна. Гэвч дээрх хоёр аж ахуй нэгжийн дансаар 8.000.000 /найман сая/ төгрөгийг дамжуулан бэлнээр гарган авч БНХАУ-ын Эрээн хотоос өөрсдөө явж худалдан авалт хийсэн талаар нягтлан бодогч Д.Болор аудитын газарт баримт гаргаж өгсөн. Мөн Ганбука ХХК нь Жавхлант жишиг хороололд байрлах найман нэрийн худалдаа явуулдаг жижиг хүнсний дэлгүүр байсан. Номин долгион ХХК нь үүрэн утасны үйлчилгээ явуулдаг /Жи мобайл/ аж ахуй нэгж тул дээр дурдсан хөрөнгө, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлэх боломж бүрдэхгүй аж ахуйн нэгж байсан. Иймд аж ахуйн нэгжийн дансаар 8.000.000 /найман сая/ төгрөгийн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн гаргаж, бэлэн мөнгө их хэмжээгээр авч явсан нь Төсвийн тухай хуулийн 5.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчсөн тул хариуцлага тооцуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Үүний дагуу аймгийн Засаг дарга сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, албажаагүй захирамжийг олон нийтэд танилцуулсан гэсэн тайлбар өгч байна. Ган-Очир даргатай би уулзсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу тав дахь өдөр  албажуулаад тэгээд 2019.04.15-ны өдөр буюу нэг дэхь өдөр удирдлагуудын цуглаан дээр танилцуулсан гэдэг тайлбарыг надад өгсөн. Сонсох ажиллагаа явуулах шаардлага заавал байхгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг үндэслэсэн. Мөн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.2 дахь хэсэгт зааснаар хаяглагдсан этгээд нь шийдвэр гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийн талаар өмнө нь мэдэж байсан гэж үзэж байна. Аудитын газрын 2019.02.22-ны өдрийн хариуцлага тооцуулах албан шаардлага нь тухайн сургууль дээр нэг хувь нь очсон байх гэж үзэж байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 тоот захирамжаар Төрийн аудитын тухай хуулийн 15.1.13, Төсвийн тухай хуулийн 5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/5СБА-2019/11/СТА-ТШЗ тоот албан шаардлагыг үндэслэн Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Ч.А нь Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, санхүүгийн зөрчил дутагдал гаргасан нь Төрийн аудитын шалгалтаар тогтоогдсон тул албан тушаалын цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
            Нэхэмжлэгчээс захиргааны шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хугацааг баримтлаагүй, хуулийн заалтыг зөрчсөн гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нь Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын тушаалыг зөрчсөн гэж Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас сахилгын шийтгэл ногдуулахаар Засаг даргад ирүүлсэн албан шаардлагыг үндэслэн хариуцлага тооцсон гэж маргаж байна.
           Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дурдсан Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална”, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасан “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэсэн хуулийн заалтууд нь уг захиргааны актын агуулгатайгаа үл нийцсэн, захиргааны актаар шийдвэрлэж байгаа асуудалтай огт хамааралгүй, хариуцагч аймгийн Засаг даргад нэхэмжлэгчийн гаргасан гэх сахилгын зөрчилд хариуцлага ногдуулах эрх  олгосон хуулийн заалт биш байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна.
           Мөн Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13 дахь хэсгийг заасан нь аймгийн Засаг даргад сахилгын зөрчилд хариуцлага ногдуулах эрх  олгосон заалт биш байна.
           Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж зааснаар Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байх бөгөөд байгууллагыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Мөн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд харьяалах дээд шатныхаа төсвийн захирагч буюу Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг тул Засаг дарга болон сургуулийн захирлын хоорондын хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулиар зохицуулахаар байна.
           Гэтэл маргаан бүхий захиргааны актаар хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй харин Засаг даргатай үр дүнгийн гэрээгээр ажилладаг сургуулийн захиралд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэглэж сахилгын арга хэмжээ ногдуулсан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болж байна.
           Мөн шүүх Засаг дарга болон сургуулийн захирлын хоорондын хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулиар зохицуулах ёстой гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчээс Төрийн аудитын газрын 2/5СБА-2019/11/СТА-ТШЗ тоот албан шаардлага нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гарсан байхад аймгийн Засаг дарга надад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сахилгын арга хэмжээ авч Хөдөлмөрийн тухай хуулинд заасан “Сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хугацааг баримтлаагүй, хуулийн заалтыг зөрчсөн гэж маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн “Сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй юм.
           Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-д  заасны дагуу нэхэмжлэгч Ч.Аийн гаргасан зөрчилд хариуцлага тооцуулахаар Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/5СБА-2019/11/СТА-ТШЗ тоот албан шаардлагыг  аймгийн Засаг даргад ирүүлсэн боловч Засаг дарга нь хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт эрх олгосон хуулийн заалтыг зөв хэрэглэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохирох арга хэмжээг сонгон сахилгын арга хэжээ ногдуулах ёстой.
           Нэхэмжлэгчээс захиргааны шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй гэж маргасан учраас хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариу тайлбарынхаа нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан боловч хариуцагчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7/809 тоотоор танай нотлох баримт гаргуулах тухай албан бичигтэй танилцлаа, Ч.Аийн нэхэмжлэлтэй хэрэгт холбогдох нотлох баримт байхгүй байна гэсэн хариу ирүүлсэн тул хариуцагч аймгийн Засаг дарга уг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзлээ.  
                 Ийнхүү дээрх маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа хуулийг буруу сонгож хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллагын эрх олгосон заалтыг тодорхой заагаагүй нь  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болж байна.
              Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул  эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
           1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.6, 40 дүгээр зүйлийн 40.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Ч.Аийн Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгосугай.
          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга /аймгийн Засаг даргын Тамгын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

       
       

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАЯРЦОГТ