Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 590

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Мөнхзул,

хохирогч “М-Н” ХХК-ийг төлөөлж Г.Г,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 861 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ө.Хд холбогдох 1808006820244 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Ө-н Х, 1981 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “М-Н” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 2, охины хамт /Чингэлтэй дүүргийн ............. тоотод оршин суух бүртгэлтэй/, одоо Баянгол дүүргийн ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

Ө.Х нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Н” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 21 удаагийн үйлдлээр тус компанийн “Хаан” банкны 5029915793 дугаартай данснаас 26.084.800 төгрөгийг дансаар шилжүүлж авсан, мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн захирал Г.Гаас нийгмийн даатгалын газарт аваачиж тушаана гэж хэлэн 2.681.360 төгрөг, Хүн амын орлогын албан татварт төлөх 860.000 төгрөг, Нэмэгдсэн өртөгийн албан татварт төлөх байсан 1.400.000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийтдээ 31.026.160 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ө.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн Ө.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох нь зүйтэй. Яллах дүгнэлтэд “Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Н” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 21 удаагийн үйлдлээр тус компанийн “Хаан” банкны 5029915793 дугаартай данснаас 26.084.800 төгрөгийг дансаар шилжүүлж авсан...” гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар “2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “М-Н” ХХК-ийн 5029915793 данснаас 660.000 төгрөгийг гэрч М.Алтантуяагийн 5016042981 данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Гэвч “Монста аудит” ХХК-ийн шалгалтын ажлын тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 043 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудад дээрх хохирлын талаар огт дурдагдаагүй байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоох нь шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахад чухал ач холбогдолтой юм.

2. Шүүгдэгч Ө.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “ЖИСАСА” ББСБ-тай АМ2017044 дүгээр зээлийн гэрээ байгуулж автомашин зээлээр худалдан авсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Х хохирогч “М-Н” ХХК-иас авсан мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг уг зээлийн гэрээний урьдчилгаанд өгч тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авсан талаар мэдүүлжээ.

Мөн гэрч Т.Оюун-Эрдэнийн “2017 оны 7 дугаар сарын сүүлээр ...Ө.Х нь надад 15.000.000 төгрөгийг хүүтэй зээлсэн...” гэх мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны 2018      оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 7-456/2057 дугаар тодорхойлолтод дурдагдсан мөнгөний эх үүсвэрийн талаар шалгаж нягтлах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого мөн эсэх талаар хуульд заасан зохих ажиллагааг хийх шаардлагатай гэх үндэслэлээр Ө.Хд холбогдох 1808006820244 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор А.Мөнхзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Хын үйлдсэн хэрэг нь “Монста аудит” ХХК-ийн шалгалтын ажлын тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 660.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр цалин гэсэн утгатай гарсан байдаг. Энэ нь аудитын шалгалтад тусгагдаагүй байна гэсэн үндэслэлийг шүүх зааж өгсөн. Гэхдээ хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө энэ мөнгийг нэхэмжлээгүй байсан. Энэ хэрэгт хохирол бодитой тогтоогдсон тул хэргийг шийдвэрлэх нь боломжтой. Мөн автомашин худалдаж авсан тухай яригдсан. Энэ нь зээлээр 15.000.000 төгрөгөөр автомашин авсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн Оюун-Эрдэнийн 15.000.000 төгрөг буюу Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтод дурдагдсан мөнгөний эх үүсвэрийн талаар шалгаж нягтлаагүй байна гэсэн. Энэ заалтын тухайд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байгаа тул автомашин худалдаж авсан болон 15.000.000 төгрөгийн асуудлыг шалгах шаардлагагүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 861 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Г.Г тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 861 дүгээр шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ө.Хд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх Ө.Хд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ө.Хд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 861 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ө.Хд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ө.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ц.ОЧ