Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон

-улсын яллагчаар Т.Мөнхтулга

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

-шүүгдэгч Д.Н, У.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Н, Х овогт У.Н нарт холбогдох эрүүгийн 2034000000580 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт Төв аймаг тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Д.Н

Монгол Улсын иргэн 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд нь Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял хойшлуулсан 1 удаагийн шийтгэлтэй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт У:Н.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Н нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрд” нэртэй караокены орчимд 2020 оны 09 дүгээр сарын 29-с 30-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Цэлмэгийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуурсан үедээ Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрд” нэртэй караокены орчимд 2020 оны 09 дүгээр сарын 29-с 30-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн М.Сэрчмааг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би Нармандахтай дүүгээ хайгаад явж байсан. Цуг явж байсан хүн нь У.Н, Цэлмэг нар таньдаг байсан. Тэгээд энэ гурав юм яриад тамхи татаад зогсож байхад нөгөөдөх нь хэдэн насаар эгч болохоор тамхиа хая гээд хэлэхэд үгэнд нь орохгүй би хүн хайгаад явж байсан болохоор яараад зүгээр тамхийг нь аваад гишгээд унтраагаач дээ явъя гэхэд нөгөө хэд нь үг буруугаар ойлгосны улмаас намайг буцааж дуудаж гаргаад, намайг гаргаад өөдөөс нь очиж байх явцад камергүй газар аваад ирээ наадхаа гэж хэлсэн. Тэр үгийг У.Н амнаас сонссон. Тэгээд намайг камергүй газар аваачиж байгаад араас татаж унагааж байгаад дөрвөн хүн намайг нийлж зодсон, би Цэлмэгийн үснээс зулгаасан талаар сайн мэдэхгүй байна. Биеэ хамгаалах зорилгоор үснээс нь зулгаасан байж магадгүй” гэв.

Шүүгдэгч У.Н мэдүүлэхдээ “мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас өгөхгүй. Гэм буруу дээр маргахгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч М.Сэрчмаагийн мэдүүлэг /хх-ийн 10-12, 105 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 589 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт /хх-ийн 107-108 тал/, хохирогч Н.Цэлмэгийн мэдүүлэг /хх-ийн 107-108 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 595 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 тал/, гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Г.Сувд-эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 тал/, гэрч Ч.Пунсалмаагийн мэдүүлэг /хх-ийн 25 тал/, гэрч Б.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, гэрч Ч.Болортуяагийн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, гэрч Х.Нармандахийн мэдүүлэг /хх-ийн 26 тал/, Төв аймгийн шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугар сарын 05-ны өдрийн 588 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 тал/, Төв аймгийн шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугар сарын 05-ны өдрийн 596 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 тал/, Шинжээч эмч И.Ганболорын мэдүүлэг /хх-ийн 114 тал/, Шүүгдэгч У.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 тал/, шүүгдэгч Д.Н-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 тал/, шүүгдэгч Д.Н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, шүүгдэгч У.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/, хохирогч Н.Цэлмэгээр тань олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /4-6 тал/, хохирогч М.Сэрчмаагийн таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.

Шүүгдэгч Д.Н нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрд” нэртэй караокены орчимд 2020 оны 09 дүгээр сарын 29-с 30-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Цэлмэгийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуурсан үедээ Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрд” нэртэй караокены орчимд 2020 оны 09 дүгээр сарын 29-с 30-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн М.Сэрчмааг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/
  • Хохирогч Н.Цэлмэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 тал/,
  • Хохирогч М.Сэрчмаагаар таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 тал/,
  • Хохирогч М.Сэрчмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарны 29-ний орой 21 цагийн үед Төв аймаг, Зуунмод сумын төвд нэг караокед ажлын хүүхэн, тогооч н.Сувдаа, н.Болроо бид гурав 0.5 литрийн Чингис голд нэртэй архи хувааж уугаад сууж байтал н.Сувдаагийн үеэл нь гээд эмэгтэй хүн ирмэн. Тэгээд тэр нэг пиво авах гээд манай ширээ дээр ирээд бид хэд цуг сууж юм ярьсан. Тэгээд байж байтал нөгөө талын ширээн дээр сууж байсан ахимаг насны махлагдуу хүн ирээн дээр н.Сувдаагийн үеэл Д.Нг уулзъя гээд караокеноос зууралдаад дагуулаад гарсан. Тэгээд араас нь н.Сувдаа бид хоёр хамт гарахад нөгөө хүүхэн н.Сувдаагийн үеэл Д.Нг зодоод Д.Н доор нь орчихсон зодуулж байсан. Тэгээд би салгах гээд очтол чамайг бас адилхан мөнгөнд чинь тааруулаад зодчихно шүү гэж хэлээд тэр хүүхэн намайг нүүр рүү цохиж, өшиглөж, жийж, уруул руу өшиглөж гэмтэл учруулсан. Тэгээд л бөөнөөрөө тарцгаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
  • Хохирогч Н.Цэлмэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарны 29-ний орой 21 цагийн үед Төв аймгийн Хүрд караокед орж суусан бөгөөд бид хэд нэг шилтэй Сэнгүр хувааж уусан. Тэгээд би караокеноос гараад салхилах гээд үүдэнд зогсож байтал манай таньдаг үсчин эгч нэг эгчтэй цуг явж байсан. Тэр үсчин эгчтэй юм яриад байж байтал цуг явж байсан эгч дундуур орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тантай бол харьцахгүй гээд түрүүлээд караоке руу орсон. Тэгтэл тэр хоёр ардаас орж ирсэн бөгөөд үсчин У.Н яасан юм бэ гээд асуутал намайг хэл амаар доромжлоод байсан гээд хэлтэл У.Н гарч тамхи татах гэж байгаад намайг хэл амаар доромжлоод байсан эгчийг та манай найзыг юу гэсэн юм бэ, дотор сонсогдохгүй байгаа, гараад ир л гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэр эгчийг дагуулаад гартал ар талаас нөгөө ширээн дээр цуг сууж байсан хүмүүс нь гарч ирсэн. Тэгээд У.Н гараад ир гэж байсан эгчтэй уулзаад хэрэлдсэн. Тэгээд У.Н намайг хэл амаар доромжилсон эгчтэй хэрэлдээд, үсдэлцсэн. Тэгээд л зодоон болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/
  • Гэрч Б.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарны 29-ний орой манай найзууд уулзаад караокед сууя гээд бид нар 22 цагийн үед уулзацгаасан ба тэнд караокед сууж байгаад манай найз болох Ч.Болортуяа, Н.Цэлмэг, У.Н гурав гарчихаад ороод ирье гээд гарсан ба орж ирэлгүй удаад байсан. Тэгэхээр нь би араас нь гартал гадаа хар фудволктой, урт үстэй хүүхэн манай найз У.Нтэй маргалдаад, өөдөөс нь хашхираад байсан. Би яасан яагаад байгаа юм бэ гэж асуутал надад юм хэлээгүй. Тэр хар фудволктой хүүхэн миний хажуугаар орж ирээд У.Н рүү дайрсан. Би У.Н, хар фудволктой хүүхэн хоёрыг салгаад байж байтал нөгөө хар фудволктой хүүхэн та нар хүний олон хүнээ барихгүй шүү гээд дайраад манай найз Н.Цэлмэгийн үснээс үсдээд доош нь дараад би дахиж очиж салгатал манай найз Н.Цэлмэгийн үснээс туг үс унагаачихсан байсан. Би Н.Цэлмэгийг дагуулаад цааш яваад эргээд иртэл салгаад байсан шар фудволктой хүүхэн нь газарт хэвтэж байсан. Тэгтэл нэг шар пальто өмссөн хүүхэн ирээд над руу дайраад, намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гараараа цээж хэсэг рүү нь жоохон түлхсан, тэгтэл цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
  • Гэрч Г.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарны 29-ний орой 21 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын нутагт байх Хүрд нэртэй караоке дотор н.Дашка, н.Буянаа, н.Болороо, н.Сэрчмаа, би уг хүмүүсийн бүтэн нэрийг бол сан мэдэхгүй байна. Хамт ажилладаг хүмүүстэй 0.75 литрийн хэмжээтэй Чингис нэртэй архи хуваагаад ууж байсан. Д.Н үеэл эгчтэйгээ таараад та харих юм уу гэхэд хүн дуудчихсан байгаа гэхээр нь за тэгвэл хоёулаа ширээн дээр суугаад байж гээд сууж байтал танихгүй охин ирээд Д.Н эгчийг гараад ир гэж хэлээд Д.Н бид гурав гарахад уг танихгүй охинч манай үеэл эгч Д.Н рүү би чамайг дэвсэнэ гээд дайраад байсан. Тухайн үед 4-5 охин байсан ба юу болоод байгаа юм бэ гэхэд нэг танихгүй охин над дээр ирээд би тантай бол юм ярихгүй наад эгчийг чинь бол заавал би дэвсэнэ гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, яагаад та нар хүн дэвсдэг юм бэ гэсэн. Тухайн үед 2-3 охин Д.Н эгчийг доороо хийгээд дэвсээд эхэлсэн ба тухайн үед би болиоч ээ гэхээр нь над дээр 2 охин ирээд намайг түлхээд байсан ба би наад хүнээ болиулаач ээ гэж хэлсэн. Удалгүй манай хамт ажилладаг эгч ирээд болиоч гэхэд нь бас ноцолдоод байсан. Би яаж ноцолдсон талаар нь анзаараагүй ба намайг нэг залуу ирээд болиоч гээд тэврээд зогсоод байсан. Намайг тэр залуу би таныг таньж байна та битгий зодолдоорой,би энэ хүмүүсийг салгана гэж байсан. Мөн тэр залуу бид нарыг зодуулж байхад бас хараад зогсоод байсан. Над дээр танихгүй хоёр охин намайг доороо хийж байгаад үснээс чирээд яваад байсан. Нэг нь дээрээс дэвсээд байсан, нөгөө нэг нь би чамайг ална гээд хөлөөрөө өшиглөөд байсан. Их олон удаа өшиглөж, цохиод байсан. Тухайн үед ямар ч байсан хүмүүс ирээд салгасан, би хэн ирээд салгасан талаар сайн мэдэхгүй байна. Шууд босоод Хүрд караоке руу гүйж ороод танай гадаа зодоон болоод байна, цагдаа дуудаад өгөөч, та нар чинь камертаа хардаггүй юм уу гээд ажилчин нарыг нь дуудаад гаргаж иртэл шууд та нар тооцоогоо хийгээч, хэн нь тооцоогоо хийх юм бэ гээд байсан. Тухайн үед Н.Сэрчмаа гэх эгч бас зодуулчихсан байсан, нүүр хэсгээс нь цус гоожоод, гар, хөл нь таталдаад газар хэвтэж байсан. Би өөрөө гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Дараа нь цагдаа ирсэн байхад намайг цагдаагийн хажууд нэг охин нь намайг би чамайг мөнгөндөө тааруулж зодно гээд нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
  • Гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...09 дүгээр сарын 29-ний өдөр 20 цагийн үед усанд орох гээд цуг ажил хийж байсан эгч Н.Сэрчмаа, Г.Сувд-Эрдэнэ, н.Баяндэлгэр, н.Дашпүрэв нарын хамт орж ирсэн. Бид 5 усанд орох гээд халуун ус хайгаад олдохгүй болохоор нь төвд орж ирсэн дээрээ ганц цаг караоке орж дуулаад явъя гэж бодоод аймгийн төвд байсан Хүрд гэх караокед ороод Алтан чингис нэртэй 0.5 литрийн 1 шил архи уусан юм. Би бие засан өрөө орчихоод гараад ирсэн чинь хажуу ширээн дээр сууж байсан хоёр залуу гадаа эгч нар чинь хүнд зодуулаад байна гэхээр нь гараад хартал манай цуг ажил хийж байгаа Н.Сэрчмаа эгчийг н.Номио гэх охин нүүр хэсэг рүү нь гутлаараа өшиглөж байгаа харагдсан. Тухайн үед Н.Сэрчмаа эгчийн 2-3 охин байж байгаа харагдсан. Тэгээд би Н.Сэрчмаа эгчийг зодуулаад, хамар, амнаас нь цус гарсан байсан болохоор нь явж байсан н.Баяндэлгэр, н.Дашпүрэв хоёрыг Н.Сэрчмаа эгчийгээ авч яваад эмнэлэгт үзүүл, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал Г.Сувд-Эрдэнэ эгчийг н.Номио гээд байгаа охин үсдэж байсан, хажуунаас нь н.Номио гэх охинтой цуг явж байсан улаан цамцтай шар үстэй охин хөл хэсэг рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд байж байтал нөгөө охидууд та нарт хэдэн төгрөг өгөх юм, мөнгөнд чинь тааруулаад зодчихоё гичий минь чамайг ална гээд байсан. Тэгээд цагдаа нар салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
  • Гэрч Ч.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед найз Н.Цэлмэг, У.Н нартай Хүрд караокед орсон юм. Тэгээд 21 цаг өнгөрч байхад гараад эгчтэйгээ цуг гэр рүүгээ харьчихаад 22 цаг 30 минутын үед эгч н.Алтанчимэгтэй цуг караокед ороод нэг шил пиво уусан. Тэгээд манай эгч н.Алтанчимэг дотор үлдээд У.Н, Н.Цэлмэг бид гурав караокеноос цуг гарсан. Тэгээд гадаа гараад Н.Цэлмэг, У.Н хоёр н.Нармандах гээд эгчтэй юм яриад үлдсэн. Би тэр хооронд дүү н.Доржоотой таараад Хүрдийн урд талд замын уулзвар дээр байж байтал найз чинь үсдүүлээд байна гэж хэлсэн. Тэгээд би хүрч ирээд зодолдож байгаа хүн болгонийг салгасан. Хэн нь хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
  • Гэрч Ч.Пунсалмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Г.Сувд-Эрдэнэ гэдэг эмэгтэй хүүхний үс нь сэгсийчихсэн орж ирээд гадаа зодоон болоод байна, та цагдаа дуудаач ээ гэж л хэлсэн юм. Тэгээд намайг гарахад цагдаа нар ирчихсэн М.Сэрчмаа гээд эгч газар суучихсан, уруулнаас нь цус гарчихсан зодуулсан байдалтай байсан. Яг хэн нь хэнийгээ яаж цохисон талаар би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Намайг гарахад өндөр шар У.Н гээд охин нь тамхи татаад их л бардам хүүхдүүдийг зодчихсон байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
  • Гэрч Х.Нармандахийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн үед би Д.Н гэх хүнтэй дүүг нь хайгаад Хүрд караокены үүдэнд ирсэн. Тэгтэл Хүрдийн гадаа миний таньдаг 3 дүү болох У.Н, н.Болорчимэг, М.Цэлмэг гэх хүн зогсож байхаар нь очиж юм ярьж байгаад Хүрд рүү ороод хайж байгаа хүнээ хартал байхгүй байсан. Тэгээд Д.Н эгчийг таньдаг хүмүүс зааланд ширээн дээр сууж байсан. Тэгээд Д.Н эгчийг дуудаад цуг суусан. Харин би текин дээр н.Пунсаа гэх хүнтэй юм яриад зогсож байгаад эргээд хартал Д.Н эгч байхгүй байхаар нь гараад иртэл Хүрдийн зүүн талд асфальтан зам дээр Д.Н эгч газар хэвтчихсэн У.Н нь харин Д.Н эгчийг өшиглөж байсан. Тэгээд би У.Нг боль гэж хэлсэн чинь болиод Д.Н эгчийг босготол У.Н та яагаад аниа гээд байгаа юм бэ, энэ эгч чинь өөрөө л бид нарыг дэвсэнэ гээд байсан шдээ гэж хэлсэн. Дараа нь цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
  • Шүүгдэгч У.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим хоёр найз Н.Цэлмэг, Ч.Болортуяа хоёртой Хүрд караокед сууж байгаад пиво уугаад, Н.Цэлмэгтэй Хүрд караокены гадаа тамхи татаад зогсож байтал үсчин хийдэг н.Нармандах эгч шар куртик өмссөн хүнтэй хамт ирээд н.Мандах эгч тамхи битгий татаад бай, эгчийгээ хүндэлдэггүй юм уу гэж хэлсэн. Тэгтэл цуг явж байсан шар пальтотой эгч наад хоёроо дээрээс нь дэвсээч гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Н.Цэлмэг бид хоёр караоке руу орж ирээд ширээн дээр очиж суучихаад хэл амаар доромжлоод байсан Д.Н гээд хүүхэнтэй уулзах гээд буцаад гарсан. Тэр үед тэр хүүхэн өөр эмэгтэй хүмүүстэй сууж байсан. Тэгээд тэр эгчийг чи гараад ирээч гэж хэлсэн. Тэгээд тэр эгч цуг сууж байсан хоёр хүүхэнтэй гарч ирсэн. Тэгээд би гарч ирэхэд нь та яагаад бид хоёрыг хэл амаар доромжилж, дэвсээч гэж хэлэхэд юун аймар зодох гэж байгаа юм шиг дууддаг юм чи, хэн юм бацаануудаа гэж хэлсэн. Тэгээд л намайг тэр хүүхэн үсдэж аваад зодоон болсон. Тэгээд н.Нармандах эгч, н.Батчимэг эгч, н.Болортуяа нар гарч ирээд л зодоон болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
  • Шүүгдэгч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед Хүрд караоке руу н.Мандахтай хүн хайж явсан бөгөөд караоке руу ороход үүдэн дээр нь танихгүй хоёр эмэгтэй байсан бөгөөд н.Мандах тэр хоёр хүүхэнтэй юм ярьсан. Нэг нь тамхи татаад зогсож байсан. Би тэр хооронд хүнтэй утсаар ярьж байсан бөгөөд дотогшоо би орсон. Тэгээд зааланд ороход манай үеэл дүү н.Сувд-Эрдэнэ ширээн дээр сууж байсан бөгөөд н.Сувд-Эрдэнэ сууж байсан ширээн дээр очтол үүдэн дээр байсан хоёр охины нэг нь гараад ир гэж дуудсан. Тэгээд гартал намайг бөөндөө нийлж цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
  • Шүүгдэгч Д.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Намайг сууж байхад нэг охин караокены гадаа тал талаас татаж авч, намайг унгааж өшиглөсөн юм. Би дөрвөн хүнд зодуулсан. Би хүн зодоогүй, намайг зодуулж байхад миний хажууд н.Сувд-Эрдэнэ, н.Сэрчмаа, н.Нармандах гэх хүмүүс байсан. Би н.Нармандах гэх найзтайгаа дүү н.Эрдэнэбатыг хайх гээд очсон юм. Анх ороход Н.Цэлмэг гээд охин тамхи татаад зогсож байсан. Тэгээд н.Нармандах эгч тамхиа хаяач, жоохон юм байж гэх утгатай зүйл хэлсэн. Тэгээд би тамхийг нь аваад л дэвсээд унтраачих гэж хэлсэн юм. Уг үйл явдлаас болсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,
  • Шүүгдэгч У.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Д.Нтэй жаахан яриа зөрсөн. Тэгээд юм асуух гээд бааран дотроос дуудаж, гаргаж ирээд юм асуух гэж байтал Д.Н гэх эгч нь хар фудволктой эгч болон Н.Сэрчмаа гээд байгаа эгч гарч ирсэн. Тэгээд хар фудволктой н.Сувд-Эрдэнэ гэх хүн намайг юун зодох гэж байгаа юм шиг дууддаг юм гээд намайг үсдэж авсан. Тэгээд манай найз М.Цэлмэг найз яаж байгаа юм бэ гээд, тэгээд л үсдэлцээд байж байтал цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 589 дугаартай “М.Сэрчмаагийн баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, дээд урууланд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд хэрэг гардаг тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №587 дугаартай “...Г.Сувд-Эрдэнийн биед баруун тохой, зүүн бугалганд зулгаралт, баруун гуя, баруун өгзгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 595 дугаартай “Н.Цэлмэгийн биед толгойн баруун хэсэгт хуйханд үс үгүй, баруун чих, эрүү, баруун нүдний доод зовхи, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 588 дугаартай “Д.Н-ийн биед нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 596 дугаартай “У.Н-ийн биед хүзүү, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н, У.Н нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

М.Сэрчмаагийн баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, дээд урууланд шарх гэмтэл, хохирогч Н.Цэлмэгийн биед толгойн баруун хэсэгт хуйханд үс үгүй, баруун чих, эрүү, баруун нүдний доод зовхи, хүзүүнд зулгаралт гэмтэл тус тус учруулсан Д.Н, У.Н нарын үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч М.Сэрчмаа, Н.Цэлмэг нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Н, У.Н нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Н, У.Н нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул Д.Н, У.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.Сэрчмаа, Н.Цэлмэг нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Д.Н, У.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нд  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгч У.Н-ийн өмгөөлөгч И.Отгонсүрэн “ Шүүгдэгч У.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 мянган төгрөгөөр торгох  санал гаргаж байна. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж оролцоно” гэх саналыг,

Шүүгдэгч Д.Н-ийн өмгөөлөгч Б.Баярмагнай Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал хор уршгийн хэр хэмжээг харгалзаж эрүүгийн хариуцлагыг оногдуулж байна. Миний үйлчлүүлэгч хэдийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан боловч ямар нөхцөл байдлын улмаас “өөрөө бусдад зодуулсан” тухай хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулж байгаа улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргасан байна.  

 

Шүүгдэгч Д.Н, У.Н нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Н, У.Н нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Н, У.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Н, У.Н нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогч нар гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Бусад асуудлаар:

-Хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н, У.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Д.Н, Х овогт У. Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шүүгдэгч Б овогт Д.Н-г нарыг 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Х овогт У.Н-г 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Н, У.Н нарыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, У.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Эрүүгийн 2034000000580 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Д.Н, У.Н нар нь цагдан хоногдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА