Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

-иргэний нэхэмжлэгч З.Сүрэнжав,

- шүүгдэгч С.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нн овогтой С.С холбогдох эрүүгийн 2034000000640 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Зүмбэр орд өргөө” ХХК-д нягтлан ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт     тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Н овог С.С

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.С нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд 1-р багийн нутаг Улаанбаатар Говьсүмбэр аймаг чиглэлийн асфальтан замын 64 дэх шонгийн ойролцоо “19-94” УБВ улсын дугаартай “Тоёото Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Өлзийбатын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.С нь мэдүүлэхдээ: Төв аймагт 3 машинтай, цуг цуваагаараа явж байхад урд явж байсан приус маркийн тээврийн хэрэгсэл нь ачааны машин гүйцэж түрүүлээд, би араас нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд, араас нь би гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад тухайн осол болсон. Тухайн өдөр хотоос бид нар бэр гуйх гэж гарсан гэв.

Иргэний нэхэмжлэгч З.Сүрэнжав нь мэдүүлэхдээ: Бид нар гэр бүлээрээ явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад ийм осолд орсон. Ээж нь эмнэлэгт хэвтээд биеийн байдал сайн байгаа. Бид нар охиноосоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 тал/, хохирогч Д.Өлзийбатын мэдүүлэг /хх-ийн 21 тал/, иргэний нэхэмжлэгч З.Сүрэнжавын мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/, гэрч Э.Бархасын мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, гэрч С.Хадхүүгийн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, гэрч Д.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч Д.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албан 2020 оны 10 дугаар сарын 23-н өдрийн 629 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 тал/, мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 54 тал/, шүүгдэгч С.Солонгийн яллагдагчаар өгсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Сд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч С.С нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд 1-р багийн нутаг Улаанбаатар Говьсүмбэр аймаг чиглэлийн асфальтан замын 64 дэх шонгийн ойролцоо “19-94 УБВ” улсын дугаартай “Тоёото Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Өлзийбатын биед хүнд хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 тал/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 тал/,
  • Хохирогч Д.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Надад 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоо гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа. Босохоор толгой эргээд байгаа. Зүүн талын гар шуу хэсгээрээ хугарсан гипстэй байна. Байнгын хэвтрийн байдалд байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21-22 хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч З.Сүрэнжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Надад иргэний нэхэмжлэгчээр оролцоход  татгалзах зүйл байхгүй. “19-94 УБВ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгэхгүй. Би зөвшөөрөөд автомашинаа жолоодуулсан юм. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/ хх-25 хуудас /,
  • Гэрч Э. Бархасын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн эзэмшлийн “25-24 ДГА” улсын дугаартай, потон маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатараас Дорноговь аймгийн Замын-Үүд-с ачаа ачихаар явж байсан. Намайг замд явж байхад 16 цагийн үед Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн замын 64 дэх шонгийн ойролцоо явж байтал араас саарал өнгийн 2” приус-20” маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд байхаар нь баруун гар талдаа гүйцэж түрүүлж болно гэсэн дохио өгтөл эхний саарал өнгийн “приус-20” маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлсэн. Ард талд нь явсан саарал өнгийн “приус-20” маркийн тээврийн хэрэгслийг толинд харахад 2 тийшээ гуйвж байгаад замын зүүн зах эрмэг дээр онхолдсон. Би тээврийн хэрэгслээ зам чөлөөлж зогсоогоод буугаад иртэл, зам дээр нэг эмэгтэй ухаангүй хэвтэж байсан. Урд талд явж байсан “приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой нийлээд цагдаад, түргэнд дуудлага өгсөн. Тэгтэл зам дээр байсан эмэгтэйг цуг явж байсан машин аваад Багахангай дүүргийн эмнэлэг рүү явсан. Би тэгээд машиндаа суугаад цааш явж байгаад Бага-хангай дүүргийн замын цагдаагийн пост дээр болсон үйл явдлын талаар хэлэх гээд постны цагдааг хүлээгээд байж байтал араас саарал өнгийн Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй 7-8 хүн  ирээд чи шахаад тээврийн хэрэгслийг онхолдуулчихсан юм биш үү гээд байсан. Би тэгэхээр нь юу гэж дээ та нарыг гүйцэж түрүүл гээд дохио өгсөн гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүмүүс иргээд холбогдоно гэж хэлээд дугаараа өгөөд явуулсан. Багахангай дүүргийн цагдаагаас Баян сумын цагдаагийн дугаарыг аваад болсон үйл явдлын талаар хэлээд хэргийн газарт цуг ирсэн. Би 60 километр цагийн хурдтай явж байсан. Би юуны улмаас болж онхолдсон талаар мэдэхгүй. Толинд хартал саарал өнгийн “приус-20” хоёр тийшээ дайвалзаж байгаад замын хажууд онхолдсон. 5-6 хүн байх шиг байсан. Нэг эмэгтэй  зам дээр ухаангүй байж байгаад ухаан ороод эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг / хх-26-27 хуудас /,

-Гэрч С.Хадхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манай охин н.Бөртэ-Үжинг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бэр гуйж хадам талаас хүмүүс Багахангай дүүргээс 10 цагийн үед манайд ирсэн юм. Манайд байж байгаад 11 цагийн үед Багахангай дүүрэг орох гээд манай талаас 2 машинтай нийт 4 машинтай хөдөлцгөөсөн. Багахангай дүүрэг орох гээд явж байтал бид хэдийн урд улаан өнгийн ачааны шланз явж байсан. Бид хэдийн урд явж байсан. Араас нь манай гүйцэж түрүүлэх гээд хажуу талаар ортол, нөгөө том ачааны машин цохих шиг болсон. Тэгээд нэг мэдсэн машин онхолдсон байсан. Тухайн үед манай машинд, манай эхнэр н.Энхбат, хадмын талаас З.Сүрэнжав, Д.Өлзийбат, жолооч С.С, С.Солонгын охин н.Хулан нар байсан. Урд сууж явж байсан улаан өнгийн ачааны машинд цохигдоод, тэгээд замын хажуу тал руу ороод тэгээд онхолдсон. Урт чиргүүлтэй машин байсан. Улсын дугаар, машины маркийг нь сайн мэдэхгүй байна. Зүүн талын мөр хэсэг хөхөрч хавдсан, баруун чихний доод хэсэг хавдсан, 4 хавирга хугарсан байна. С.С архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид хэдийн ард өөр тээврийн хэрэгсэл байгаагүй. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-35-36 хуудас /,

  • Гэрч Д.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн охин болох н.Бөртэ-Үжин, хадам аав, ээж  нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 22-р хороо 790 тоот гэрт ирж бэр гуйсан юм. Тэгээд тус өдөр 13 цаг 30 минутад гэрээс гараад Багахангай дүүрэгт манай охин Бөртэ-үжин охиноо хүргэж өгөх гээд “19-94 УБВ” улсын дугаартай “приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд манай ах З.Сүрэнжав, эгч Д.Өлзийбат, тэгээд манай нөхөр, би суугаад Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн хайрхан хүзүүвч гэх газар явж байсан юм. Манай машины урд улаан өнгийн том шланз машин явж байсан. Бид нартай хамт явж байсан манай хүргэн н.Балжинням өөрийнхөө машинтай том машины хажуугаар дохио өгөөд гүйцэж түрүүлээд гарсан. Харин манай машин гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь гараад явж байхад гэнэт том машины дугуйнд мөргүүлэх шиг болсон, тэгээд замын хажуу шороон дээр онхолдоод орох шиг болсон, тухайн үеийн юм аа би сайн санахгүй байна. Тэгээд л би сэрсэн чинь манай хүргэн н.Балжинням, охин Уянга ирсэн ийм л зүйл болсон. З.Сүрэнжав ахын том охин болох С.С жолоодож явсан юм. С.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай З.Сүрэнжав ахын нэр дээр байдаг. Оншологоонд хэзээ орсныг сайн мэдэхгүй байна. Миний биений зүүн хоёр хавирга хугараад зөрсөн. Мөн уушгинд цус хуралттай өөр гэмтэл алга. Улаанбаатар хот Хужир буланд З.Сүрэнжав ахын хашаанд байгаа.” / хх-37-38 хуудас /,
  • Төв аймаг Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №87 дугаартай “...Д.Өлзийбатын биед их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн тархины эдийн няцрал, цус хуралт, 3,4 болон хажуугийн ховдлын цус хуралт, баруун ухархайн хана гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, дух, нүүрний шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт / хх-41 хуудас /,
  • Төв аймаг Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №629 дугаартай дүгнэлтэд “...З.Сүрэнжавын-н биед ил харагдах гэмтэл, шархгүй...” гэх дүгнэлт / хх-44 хуудас /,
  • Төв аймаг Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №87 дугаартай “...С.С-н биед зулайн оройн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх-48 хуудас/,
  • Яллагдагч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа.Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү “19-94 УБВ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд З.Сүрэнжав, Д.Өлзийбат, н.Хадхүү, н.Энхбат нарын хамт явж байсан. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 64 дэх шон өнгөрөөд явж байтал урд ачааны автомашин явж байсан. Тэгээд миний урд явж байсан тээврийн хэрэгсэл тэр ачааны автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эсрэг урсгалд орсон чинь ачааны автомашины тэвш нь ойртох шиг болохоор нь би тэр машинаас холдох гээд дарсан чинь л миний автомашины тэнцвэр алдагдаад онхолдчихсон. Тухайн үед би 50-60 орчим км/цагийн хурдтай явж байсан. Миний автомашинд З.Сүрэнжав, Д.Өлзийбат, н.Хадхүү, н.Энхбат нарын хамт явж байсан. Би болон аав З.Сүрэнжав суудлын бүс хэрэглэсэн байсан. Бусад ард сууж явсан зорчигч нар суудлын бүс хэрэглээгүй байсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл аав З.Сүрэнжавын нэр дээр байдаг. Би хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг / хх-60-61 хуудас / болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

       Шүүгдэгч С.С нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд 1-р багийн нутаг Улаанбаатар Говьсүмбэр аймаг чиглэлийн асфальтан замын 64 дэх шонгийн ойролцоо “19-94” УБВ улсын дугаартай “Тоёото Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно ” гэсэн заалтыг зөрчсөн буруутай байдал тогтоогдсон.

 

          Шүүгдэгч С.С авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Солонгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч С.С нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

       Иймд шүүгдэгч С.С авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдааны товыг хохирогч Д.Өлзийбатад мэдэгдэхэд “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч З.Сүрэнжав нь “ миний охин учраас гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй ” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч Д.Солонгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага ногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгчид ногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэх ” ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч С.Сд холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч С.Солонгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч С.Сд үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Д.Баянзулын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримаар 576860 серийн дугаартай шүүгдэгч С.С-ийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирсэн, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдах нь зүйтэй байна.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н овогтой С.С-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Н овогтой С.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч С.Сд үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Солонгийн 576860 серийн дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай,

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМААБ.27.