| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/91 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 28.7.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,
Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн, Б.Энх-Амгалан
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Батбаяр,
Шүүгдэгч Э.Ж, Ц.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бух овогт Э.Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1934011150040 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зэвсгийн нярав засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Э.Ж
Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тайж овогт Ц.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.Ж нь 2014 оноос 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 311 дүгээр цэргийн ангийн зэвсгийн нярав хийж байх хугацаандаа галт хэрэгслийн агуулахаас 16358 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум, 31 ширхэг 7.62 мм-ийн Т-46 маркийн сум нийт 16389 сумыг завшсан, мөн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн галт хэрэгслийн агуулахад хадгалагдаж байсан 345-р цэргийн ангийн галт хэрэгслийн агуулахаас 5913 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум, Т-45 маркийн сум 870 ширхэг, ЛПС 154, 7,62 ММ-ийн Т-46 сум 40, 9 мм-ийн ПС сум 239 ширхэг нийт 7216 ширхэг сумыг тус тус завшиж Монгол улсын Зэвсэгт хүчинд 38,894,000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Э нь галт хэрэгсэл болох сумыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.Ж: “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Ц.Э: “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Батбаяр “Би Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн зэвсгийн орлогчоор томилогдоод жил хүрээгүй байна. Энэ хугацаанд манай анг байгууллагын анги удирдлагууд бүгд солигдсон. Мөн зарим нэг албан тушаалтнууд нь бүгд солигдсон. Бид хэргийн материалтай танилцсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр орж ирж байна. Зэвсэг хүчний анги байгууллагын хувьд хохирлыг барагдуулчихвал цаашид эдгээр улсуудтай яриад холбогдох ийм шаардлага байхгүй. Гол нь анги байгууллагыг төлбөр тооцоогүй болгох шаардлагатай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-23/, эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24-27/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цолмонгийн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, шүүгдэгч Э.Жын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Л.Гансэлмийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Н.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 29 тал/, гэрч Х.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 30 тал/, Э.Даваанямын мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, гэрч Б.Даваажавын мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, гэрч Н.Цэцэнхүүгийн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, гэрч М.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 39 тал/, гэрч Д.Дугаррагчаагийн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/, Э.Цэнгэлийн мэдүүлэг /ххийн 46 тал/, гэрч Содномжамын мэдүүлэг /хх-ийн 47 тал/, гэрч Х.Ганжигүүүрийн мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч Э.Цэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 46 тал/, гэрч н.Соджомжамцийн мэдүүлэг /хх-ийн 47 тал/, гэрч Х.Ганжигүүрийн мэдүүлэг /хх-ийн 48 тал/, гэрч Б.Мөнхбилэгийн мэдүүлэг /хх-ийн 49 тал/, гэрч П.Дэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 50 тал/, иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч Х.Азын мэдүүлэг /хх-ийн 38-39/, насанд хүрээгүй гэрч Д.Сайнбаярын мэдүүлэг /хх-ийн 45-46/, шүүгдэгч П.Буриадын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48, 111-112/, шүүгдэгч П.Тогоогын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-51, 115-116/, гэрч Н.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 52/, гэрч Р.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-ийн 53-54/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №111 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-79 тал/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19-04014/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-99/, шүүгдэгч Э.Ж, Ц.Э нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүгдэгч Э.Ж нь 2014 оноос 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 311 дүгээр цэргийн ангийн зэвсгийн нярав хийж байх хугацаандаа галт хэрэгслийн агуулахаас 16358 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум, 31 ширхэг 7.62 мм-ийн Т-46 маркийн сум нийт 16389 сумыг завшсан, мөн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн галт хэрэгслийн агуулахад хадгалагдаж байсан 345-р цэргийн ангийн галт хэрэгслийн агуулахаас 5913 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум, Т-45 маркийн сум 870 ширхэг, ЛПС 154, 7,62 ММ-ийн Т-46 сум 40, 9 мм-ийн ПС сум 239 ширхэг нийт 7216 ширхэг сумыг тус тус завшиж Монгол улсын Зэвсэгт хүчинд 38,894,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Ц.Э нь галт хэрэгсэл болох сумыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-15 тал/,
Хохирогч О.Даваанямын “...Намайг Зэвсэгт хүчний 311-р ангийн захирагч хурандаа Д.Дугаррагчаа уг хэрэгт ангийг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсны дагуу уг хэрэгт би байгууллагаа төлөөлж хохирогчоор оролцож байна. Манай анги 2019 оны 05-р сарын 04-ний өдөр галт хэрэглэлийн агуулахдаа хяналтын тооллого хийхэд 7.62 мм-ийн ПС сум 16.358 ширхэг, 7.62 мм- ийн Т-46 сум 31 ширхэг дутсан бөгөөд тус сумыг манай ангид Зэвсгийн няраваар ажилладаг Жамсранжав өөрөө зарж үрэгдүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн юм. 7.62 мм-ийн Т-46 сумны дансны үнэлгээ 1 ширхэг нь 2.800 төгрөгөөр, 7.62 мм-ийн ПС сумны дансны үнэлгээ 1 ширхэг нь 2.400 төгрөгөөр тус тус үнэлэгддэг. Нийт 16.358 ширхэг 7.62 мм-ийн ПС сумыг 1 ширхгийг нь 2.400 төгрөгөөр үржүүлэхээр 39,259,200 төгрөг, Нийт 31 ширхэг 7.62 мм-ийн Т-46 сумыг 1 ширхгийг нь 2.800 төгрөгөөр үржүүлэхээр 86.800 төгррөг болж байгаа ба манай байгууллагад нийт 39.346.000 төгрөгний хохирол учирсан байна. Энэ мөнгийг Жамсранжаваас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,/хх-ийн 30-31 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Намайг зэвсэгт хүчний 345-р бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм уг хэрэгт бригадыг төлөөлж, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсны дагуу уг хэрэгт би байгууллагаа төлөөлж хохирогчоор оролцож байна. Манай бригадын галт хэрэглэлийн агуулахыг улсаас шийдэж өгөөгүй болохоор манай бригад сум, галт хэрэглэлээ Зэвсэгт хүчний 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахад сум, галт хэрэглэлээ хадгалдаг юм. Ер нь манай бригадад өөрийн гэсэн байр байгуулам байхгүй. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Зэвсэгт хүчний 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахаас сум алдагдсан гэдгийг сонсоод бригадын захирагч Л.Гансэлэмийн тушаалаар манай бригад 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахад хадгалж байсан сум, галт хэрэглэлдээ тооллого хийхэд 9 мм-ийн “ПС” сум 239 ширхэг, 7,68 мм-ийн ПС сум 5913 ширхэг, Т-45 сум 870 ширхэг, 7,62 мм-ийн ПЛС сум 154 ширхэг, 7,62 мм-ийн Т-46 сум 40 ширхэг дутсан. Тус 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахын түлхүүр надад байдаггүй. Галт хэрэглэл авах шаардлага гарахад тус ангийн Зэвсэг химийн офицер н.Даваажав, нярав Э.Ж нарын хамт агуулах руу орж галт хэрэглэлээ авдаг. Манай бригадын галт хэрэглэл тус 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахын хамгийн цаад талын булангийн буюу үүд талаасаа 3 дахь өрөөнд байдаг байсан ба тусгай хаалга байхгүй, лац, ломбо байдаггүй ба задгай сумнуудаа бол лацдаад үлдээчихдэг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
-Гэрч Л.Гансэлэмийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би зэвсэгт хүчний 345-р бригадад захирагчаар ажилладаг. Манай бригад галт хэрэглэлийн агуулахыг улсаас шийдэж өгөөгүй болохоор манай бригад хэрэглэлээ Зэвсэгт хүчний 311 дүгээр цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахад хадгалуулдаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 311-р цэргийн ангийн хэрэглэлийн агуулахаас сум алга болсон гэдгийг мэдээд тухайн өдрөө штабын ар талын дарга нартаа үүрэг өгөөд хяналтын тооллогын комисс томилоод 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр галт хэрэглэлдээ тооллого хийхэд нийт 7216 ширхэг дутсан ба 7,62 мм-ийн 5913 ширхэг, 9 мм-ийн ПС сум 239 ширхэг, 7.62 мм-ийн ЛПС 154 ширхэг, 62 мм-ийн ПС сум 5913 ширхэг, 7,62 мм-ийн Т-45 сум 870 ширхэг, 7.62 мм-ийн Т-46 сум 40 ширхэг сумнууд алга болсон байсан. Тус галт хэрэглэлийн агуулахын түлхүүр зөвхөн 311-р ангид байдаг ба манай ангид бол байдаггүй. Өмнө нь тооллого хийхэд ямар нэгэн сум дутсан талаар надад танилцуулж байгаагүй. Галт хэрэглэлээ нэг жилд хагас бүтэн жилээр тооллого хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
-Гэрч Н.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би Зэвсэгт хүчний 345-р бригадад штабын даргаар ажилладаг. Манай бригадын галт хэрэглэлийн агуулахыг улсаас шийдэж өгөөгүй болохоор манай бригад галт хэрэглэлээ Зэвсэгт хүчний 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахад хадгалуулдаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 311-р цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахаас сум алга болсон гэдгийг мэдээд тухайн өдрөө цагдаа нар шалгалт хийж байгаа болохоор манайх галт хэрэглэлээ тоолж чадаагүй ба 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бригадын даргын тушаалаар миний бие захирагчийн орлогч ар талын дарга хурандаа н.Эрдэнэчимэг, зэвсгийн нярав, засварчин н.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс 311-р цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахад өөрийн бригадын галт хэрэглэлийг тоолоход нийт 7216 ширхэг сум дутсан ба 7.62 мм-ийн 5913, 9 мм-ийн ПС сум 239, 7.62 мм-ийн ЛПС сум 154 ширхэг, 7.62 мм-ийн ПС сум 5913, 7.62 мм-ийн Т-45 сум 870, 7.62 мм-ийн Т-46 сум 40 ширхэг алга болсон байсан. Тус галт хэрэглэлийн агуулахын түлхүүр зөвхөн 311-р цэргийн ангид байдаг ба манай ангид бол байдаггүй байсан. Өмнө нь тооллого хийхэд ямар нэгэн сум дутаж байгаагүй...” гэх мэдүүлэг
-Гэрч Х.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Зэвсэгт хүчний 345-р бригадын захирагчийн орлогч ар талын даргаар ажилладаг. Манай бригадын галт хэрэглэлийн агуулахыг улсаас шийдэж өгөөгүй болохоор манай бригад галт хэрэглэлээ Зэвсэгт хүчний 311-р цэргийн ангийн шалт хэрэглэлийн агуулахад хадгалуулдаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахаас сум алга болсон гэдгийг мэдээд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр галт хэрэглэлдээ тооллого хийхэд нийт 7216 ширхэг сум дутсан ба 7.62 мм-ийн 5913, 9 мм-ийн ПС сум 239, 7.62 мм-ийн ЛПС сум 154 ширхэг, 7.62 мм-ийн ПС сум 5913, 7.62 мм-ийн Т-45 сум 870, 7.62 мм-ийн Т-46 сум 40 ширхэг алга болсон байсан. Тус галт хэрэглэлийн агуулахын түлхүүр зөвхөн 311-р цэргийн ангид байдаг ба манай ангид бол байдаггүй байсан...” гэх мэдүүлэх /хх-ийн 30 тал/,
-Гэрч М.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Тэгээд Хими, биологи, радиацаас хамгаалахын хангалтын офицер Давааням, зэвсгийн офицер Даваажав бид гурав ангийн Галт хэрэглэл хадгалах агуулах руу ороход Даваажав 38 гэсэн бичигтэй арын тоонууд нь харагдахгүй лацаар лацадсан байна гэж хэлээд лацыг нь аваад түлхүүрээр онгойлгоод хураалттай байсан 7.62 мм-ийн ПС сумнаас 100 ширхгийг авах гээд 12 ширхэг хайрцагтай хураалттай байсан сумнаас хамгийн эхнийхийг нь Зэвсгийн офицер Даваажав өргөөд газар тавих гэхэд энэ их хөнгөхөн байна гээд дараачийн хоёр дахь хайрцагтай сумыг өргөхөд бариул нь салсан. Тэгээд энэ яагаад салдаг юм бэ гээд үзсэн чинь тэр хайрцаг дотор хоосон сум хийсэн байсан. Тэгэхээр нь бусад хайрцагтай сумнуудыг нь өргөж үзэхэд байх жингээсээ их хөнгөхөн байсан. Тэгэхээр нь ангийн захирагчид мэдэгдээд хяналтын тооллого явуулсан. Тэгээд нягтлангийн сумны дансны үлдэгдэлтэй тулгалт хийхэд 16358 ширхэг дутсан. Сум дутсан талаар ангийн захирагчид танилцуулсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид цэргийн зэвсгийн офицерээр ажилладаг юм, тэгээд манай анги 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан , 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр марш тэмцээнд бэлдээд буудлага хийж байхад сум дууссан тэгэхээр нь би ангийн захирагч хурандаа бэлтгэлийн сум дуусчихлаа нэмж сум авах гэсэн юм гэхэд ангийн захирагч баримт бичээд штабын дарга Цэцэнхүү дээр оч гэсэн, дэд хурандаа Эрдэн-Очир, хангалтын офицер Давааням бид гурав галт хэрэглэл хадгалах агуулахад ороход агуулах миний өмнө харж байгаагүй 380 гэсэн бичигтэй хамгийн сүүлийн тоо нь арилчихсан лацаар лацадсан байхаар н би гайхаад лацны дугаарыг Эрдэнэ-Очир, Давааням хоёрт хэлээд дотогшоо сум авах гээд ороход задгай сум 22 ширхэг байсан би ангийн захирагчийн зөвшөөрлөөр 100 ширхэг сум авах байсан учир шинээр хайрцагтай сум задлах шаардлагатай болсон тэгээд хайрцагтай сум задлах гээд хамгийн эхний хайрцагтай сумын өргөөд үзсэн чинь х хөнгөхөн байсан тэгэхээр нь их хөнгөхөн юм байна гээд 2 дахь хайрцагтай сумыг нь өргөөд үзэхэд мөн хөнгөхөн байсан ба бариул нь салсан тэгэхээр нь бариул нь яагаад салдаг билээ гээд бариул нь салсан хэсгээр нь доторх сумыг харахад хоосон сум гэсэн бичигтэй сум байсан тэгэхээр нь бусад бусад үлдсэн хайрцагтай сумнуудыг нь өргөж үзэхэд мөн хөнгөхөн байсан болохоор нь 7,62 мм-ийн байлдааны зориулалттай ПС сумны хайрцаг дотор 7,62 мм ПС сум л байх ёстой түүнээс хоосон сум байх ёсгүй тэгээнд ангийн захирагчийн тушаалаар хяналтын тооллого явуулахад 16358 ширхэг 7,62 мм-ийн ПС сум дутсан талаар илтгэхэд ангийн захирагч Жамсранжавыг дуудаж анги дээр авчирсан ангийн захирагч Дугаррагчаа Жамсранжавтай уулзалт хийсэн Жамсранжав 16358 ширхэг 7,62 мм-ийн ПС сум авсан гэдгээ хүлээсэн, тооллого хийхдээ ямар нэгэн баримт үйлддэггүй, үлдэгдэл байх ёстой сумны тоог агуулахад хадгалагдаж байгаа сумны тоотой л тулгадаг, тооллого тулгалт хийхэд сумны хайрцгийг гадна талаас нь хараа төмөр бүслүүр байвал 1400 ширхэг сум бүрэн байна гэж үздэг сумны хайрцагны төмөр бүслүүр нь байхгүй бол онгойлгоод нээж үзээд доторх сумыг нь тоолдог, сумны хамгийн гаднах хайрцгийг нь модоор хийсэн байдаг, нэг модон хайрцаг дотор 1400 ширхэг сум байдаг ба энэ 1400 ширхэг сум нь дотроо 700,700 -аараа хоёр төмөр хайрцаг дотор байдаг юм сумны модон хайрцагны бүрэн бүтэн байдлыг шалгадаг байсан хөдөлгөж үздэггүй.... 2019 оны 05-р сарын 03-ний өдөр цэргийн анги дээр ирээд хайхад байгаагүй ба хамт ажилладаг алба хаагч нараас асуухад хараагүй гэж байсан. Тэгээд би жижүүрийн байр руу ороод галт хэрэглэлийн агуулахын түлхүүрийг үзэхэд байхгүй байсан. Тэгээд би тухайн өдөр жижүүрт гарч байсан дэслэгч Мөнхнасангаас агуулахын түлхүүр хэн авсан талаар асуухад мэдэхгүй авчирч тавиагүй гэж хэлсэн. Тэгээд би хээрийн байрлалд очоод байж байхад Жамсранжав хээрийн байрлалд ирчихсэн байсан. Тэгэхээр нь чи хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ гэхэд Э.Ж нилээн халамцуу согтууруулах ундааны зүйл амнаас нь үнэртчихсэн дүүд нь байхгүй юм байхгүй болсон эхнэр хүүхдээсээ салсан гэж хэлсэн. Би тэгэхээр чамд агуулахын түлхүүр байгаа юу байвал авъя гэхэд Жамсранжав халааснаасаа Галт хэрэглэлийн агуулахын түлхүүр гаргаж ирээд надад өгсөн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.Цэцэнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Тэгэхээр нь би хүрээд ирэхэд дэд хурандаа М.Эрдэнэ-Очир , зэвсгийн офицер ахмад Б.Даваажав, хими, биологи, радиацаас хамгаалахын хангалтын офицер хошууч О.Давааням нар Галт хэрэглэлийн агуулахыг цоожилсон байсан ба дэд хурандаа М.Эрдэнэ-Очир ахлуулсан зэвсгийн офицер ахмад Б.Даваажав, хими, биологи, радиацаас хамгаалахын хангалтын офицер хошууч О.Давааням нар Галт хэрэглэлийн агуулахаас сум алга болсон юм шиг байна ПС сумны хайрцганд хоосон сум хийчихсэн байна. Мөн сумны хайрцаг нь гаднаасаа эвдэрчихсэн байна гэж хэлсэн. Д.Дугаррагчаа нярав Жамсранжавтай уулзсан ба энэ хоёрын уулзалт дууссаны дараа ангийн захирагч дутсан 16358 ширхэг сумыг нярав Жамсранжав өөрөө аваад хувийн машинаараа тээвэрлээд Улаанбаатар хотын Нарантуул захад аваачиж өгдөг байсан юм байна гэж хэлсэн. Тэгээд Жамсранжавыг Зэвсэгт хүчний 032-р ангид аваачиж саатуулсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч М.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Тэгээд намайг ирэхэд дэд хурандаа Эрдэнэ- Очироор ахлуулсан хяналтын тооллого явагдаад дуусчихсан 16358 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн байлдааны сум дутсан байсан. Тэгээд бид нар өмнө тоолсон галт хэрэглэлийн агуулахын бүртгэлтэй тулгасан. 2018 оны жилийн эцсээр 12 дугаар сарын сүүлээр хийсэн. Тэгэхэд 7.62 мм-ийн ПС маркийн байлдааны сум 24255 ширхэг байсан. Эхний хагас жил, жилийн эцсээр, захирагчийн тушаалаар тооллого хийдэг. Бид нарыг хайрцгийг хөдөлгөж эргэн тойрныг шалгалгүйгээр тооллого хийдэг байсан. Харин задгай сумнуудыг нэг бүрчлэн тоолж тэмдэглэдэг байсан. Өмнөх агуулахын тооллогын бүртгэлт бүртгэгдсэн байсан үлдэгдлээс сүүлийн тооллогын бүртгэгдсэн тоог хасаж гаргаж ирсэн. Э.Ж нь манай цэргийн ангийн галт хэрэглэлийн нярав байгаа юм. Харин Ц.Э нь манайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гэхдээ одоо хүртэл энгийнээр ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Дугаррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ангийн захирагчийн албан тушаалыг хашдаг, 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр манай ангийн зэвсгийн офицер Даваажав буудлага хийж байсан чинь буудлагын сум дуусчихлаа нэмж сум авах хэрэгтэй байна гээд над руу утсаар ярихаар нь би ангийн захирагчийн орлогч штабын дарга дэд хурандаа Цэцэнхүүд баримт бичиг өгөөд цохуулаад 100 ширхэг сум авчих гэж хэлсэн тэгээд би Улаанбаатар хот ороод байж байтал Зэвсгийн офицер Даваажав над руу залгаад баларсан даргаа бүх сум байхгүй байна гэсэн тэгэхээр нь би дэлгэрэнгүй ярина уу гэхэд 7,62 мм-ийн ПС сумны хайрцаг дотор заримд нь 7,62 мм-ийн хоосон сум хийчихсэн заримд нь хонгио байсан байна хайрцаг нь хоосон байна гэж хэлсэн тэгэхээр нь би Даваажавт одоо очлоо хяналтын тооллого хийнэ гэж хэлсэн тэгээд би анги дээр ирэхэд хяналтын тооллогын комисс томилоод галт хэрэглэл хадгалах агуулахад байсан бүх сумыг тоолсон тэгээд тооллого дууссаны дараа тооллогын комиссынхон манай өрөөнд сууж байгаад нягтлангийн сумны дансны үлдэгдэлтэй тулахад 16358 ширхэг сум байхгүй байсан мөн сумны хайрцганд нийт 8800 ширхэг хоосон сум хийсэн байсан тэгэхээр нь би тухайн эд хөрөнгийг хариуцдаг Жамсранжаваас чи яагаад бараг 20 орчим мянган ширхэг 7,62 мм-ийн ПС сум дутаачихваа энэ сум хаана байна гэж асуухад хэсэг чимээгүй бууж байгаад энэ асуудал нь зэвсгийн офицер Даваажавт холбоогүй надад хамаатай би 2013 оноос хойш бага багаар үүргэвчиндээ хийгээд ангиас гаргаад өөрийнхөө машинаар зөөгөөд Нарантуул зах дээр 1 ширхгийг нь 600 төгрөгөөр үнэлээд аваачиж зардаг байсан, би цогцолбор шалгалт ирвэл асуудалд орох юм байна гэж бодоод амиа хорлох гээд зэвсэгийн агуулах руу ортол хоёр хүүхэд нүдэнд харагдаад чадаагүй, би энэ асуудлаасаа болоод ямар хариуцлага хүлээх талаараа хууль судлаж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,
Гэрч Б.Мөнхбилэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Задгай сумын ширхэг бүрээр нь тоолдог хайрцагтай сумыг төмөр бүслүүрийг нь хараад бүслүүр нь бүтэн ямар нэгэн хөндөгдөөгүй байвал нийт 1400 ширхэг сум байна гэж тоолдог, үйлдвэрээсээ төмөр бүслүүртэй ирдэг ба дотор нь байгаа сумыг задлаж авахын тулд заавал төмөр бүслүүрийг нь авдаг болохоор төмөр бүслүүрийг нь бүтэн байвал сум бүтэн байна гэж үздэг, би 2018 оны жилийн эцсийн тооллогод оролцсон тооллогыг нүд үзэж хийсэн ба би салбар комиссын даргаар тухайн тооллогыг явуулсан Ганжигүүр надад галт хэрэглэлд тооллого хийхэд дансны үлдэгдэлтэй тохирч байна гэж илтгэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,
Гэрч Х.Ганжигүүрийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...нярав Жамсранжав бид хоёр л орж тоолсон задгай сумнуудыг ширхэг бүрээр хайрцагтай сумнуудыг нь өргөж үзээд л хайрцагны бүрэн бүтэн байдлыг нь шалгаад л тоолсон хайрцагтай сумнуудыг бол ширхэг бүрээр нь тоолоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,
Гэрч П.Дэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид 2017 оноос 2019 оны 03 сар хүртэл Санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан, галт хэрэглэл сум нь тус ангийн эргэлтийн хөрөнгөнд хамаардаг “ гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл буудаж зарцуулсан галт хэрэглэлийн зарцуулалт
Шинжээчийн дүгнэлтэд: “...Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиас алдагдсан 7,62 ММ-ийн 16358 ширхэг сум, 7,62 мм-ийн Т-46 маркийн сумны үнэлгээ /хх-ийн 74-79 тал/,
Яллагдагч Э.Жын ажил байдлын тодорхойлолт, Э.Жыг ажилд томилсон тухай Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 164-165, 176, 183-185 тал/
-Хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэнхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Миний бие Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга ажилтай, уг ажлыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш томилогдон ажиллаж байна. Цэргийн байгууллагад 23 дах жилдээ ажиллаж байна. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цэргийн ангийнхаа хэрийн байрлалд ажиллаж байсан. Манай анги Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрладаг юм. Тухайн үед тэмцээний бэлтгэлд гарсан бүрэлдэхүүн сум дутаад байна гээд ангийн захирагчид мэдэгдсэний дагуу сум авахаар бүрэлдэхүүн агуулахад орсон. Тэр үеэр шаардлагатай сумыг авах гээд хайрцаг нь хөнгөн байсан тул шалгаж үзээд шууд над руу хэлж, дараа нь ангийн захирагчид мэдэгдсэн. Ингээд бид сум алдагдсан асуудлыг дотооддоо ирлүүлж ажлын хэсэг байгуулан газар дээр нь тоолох, шалгах ажлыг явуулсан. Тооллого явуулахад манай ангиас 16358 ширхэг 7.62 мм-ийн ПС маркийн сум 31 ширхэг, 7.62 мм-ийн Т-46 маркийн сум дутсан болох нь тогтоогдсон. Тэр өдрөө эд хариуцагч нярав Э.Жыг Улаанбаатар хотоос дуудан ирүүлж сум дутаасан асуудлын талаар тодруулахад “Би сум авсан” гэж хэргээ хүлээсэн. Тухайн үед Жамсранжав сэтгэл санааны хувьд тогтворгүй амиа хорлож болзошгүй гэж бодоод Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн сахилгын саатуулах байранд саатуулсан. Ингээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч дээрх асуудлыг шалгуулсан. Өөр зүйл болоогүй... Дотоод хяналт шалгалт явуулахад дээрх хэргийг Жамсранжав нь ганцаараа үйлдсэн байсан. Ангийн захирагчийн тушаалаар үүргээ хангалтгүй биелүүлсэн, хугацаат үзлэгийг нэр төдий явуулж, эд хариуцагчид тавих хяналтыг сулруулж, үүрэг даалгавраар хангаж ажиллаагүй захирагчийн орлогч, ар талын дарга, хошууч Э.Цэнгэл, цэргийн зэвсэглэлийн офицер ахмад Б.Даваажав нарыг албан тушаалдаа тэнцэхгүй байгааг тус тус сануулах сахилгын шийдвэр шийтгэл оногдуулсан.2018 оны хагас бүтэн жилийн тооллогыг хангалтгүй явуулсан комиссын алба хаагч нарт албан тушаалын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн а/710 дугаар тушаалаар хариуцсан анги, салбарын зэвсэг, сум галт хэрэглэлд хийх шат дараалсан үзлэгийг хийж хэвшээгүй, сум, галт хэрэглэлийн данс бүртгэл, хадгалалт хамгаалалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллаагүй, төрийн өмчийн хөрөнгийг үрэгдүүлсэн ноцтой зөрчил гаргасан 311-р ангийн захирагч Д.Дугаррагчаа, мөн ангийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Н.Цэцэнхүү, мөн ангийн зэвсгийн офицер ахмад Б.Даваажав, мөн ангийн зэвсгийн нярав, засварчин ахлагч Э.Ж нарыг албан тушаалдаа тэнцэхгүй байгааг тус тус сануулах сахилгын шийтгэл оногдуулсан... Өөрийн албан тушаалын хүрээнд хариуцаж байсан эд хөрөнгөө хулгайгаар нуун дарагдуулж авч гарсан. Бид нар ажилд очих болон явахдаа энгийн хувцас өмсөж явдаг. Цэргийн алба хаагч нар ажилдаа ирээд өрөөндөө дүрэмт хувцсаа сольж өмсдөг. Харин хувцсаа угаах болон солих шаардлага гарвал ангиас гарахдаа аранз цүнхэндээ хийж явдаг.Жамсранжавын хувьд тухайн ангид олон жил ажилласан алба хаагч болохоор харуул манааны алба хаагч нар бичиг баримтыг шалгаж нэвтрүүлэх болон гарахад бүрэн хяналт тавиагүйгээс үүдэлтэй юм. Хамгийн гол тангараг өргөсөн цэргийн алба хаагчийн хувьд өөрийн хариуцаж байгаа хөрөнгийг нууж хулгайлсан авч гарна гэж хэн санах билээ... Захирагчийн тушаалаар томилогдсон комисс жилд 2 удаа тушаалд заасан хугацаанд тооллого явуулж ажилладаг. 2013 оны хагас жилд 7.62 мм-ийн ПС маркийн сумны үлдэгдэл 6260 ширхэг тоологдсон, 2014 оны хагас жилд 7.62 мм-ийн ПС маркийн сумны үлдэгдэл 6586 ширхэг тоологдсон, 2015 оны бүтэн жилд 7.62 мм-ийн ПС маркийн сумны үлдэгдэл 16721 ширхэг тоологдсон, 2016 оны бүтэн жилд 7.62 мм-ийн ПС маркийн сумны үлдэгдэл 17605 ширхэг тоологдсон, 2017 оны бүтэн жилд 7.62 мм-ийн ПС маркийн сумны үлдэгдэл 19533 ширхэг тоологдсон, 2018 оны бүтэн жилд 7.62 мм-ийн ПС маркийн сумны үлдэгдэл 24255 ширхэг тоологдсон. Ер нь бол галт хэрэглэлийн агуулахаас 2013 оноос хойш сум авсан байх боломжтой гэж бодож байна... галт хэрэглэлийн агуулахад 2018-2019 онд орсон талаар нь харуулын хуудаснаас шүүсэн бүртгэл байна, хэрэгт хавсаргахаар өгч болно. Өмнөх жилүүдийн орж гарсан талаарх бүртгэл нь устсан болно.” гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 164-165 хуудас /
Шинжээч Б.Энхмагнай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би зэвсэгт хүчний жанжин штабын ар талын газрын зэвсэглэлийн хэлтсийн галт хэрэглэлийн төлөвлөлтийн мэргэжилтэн гэх албан тушаалд ажилладаг. 2015 оноос хойш уг албан тушаалд ажиллаж байна... Зэвсэгт хүчний анги салбаруудын сургалт бэлтгэлийг тасралтгүй зохион байгуулахын тулд галт хэрэглэлийн хангалтуудыг зохион байгуулж явуулна. Монгол улсын хэмжээнд хүчний байгууллагад хэрэглэгдэж байгаа галт хэрэглэлүүд манай зэвсэгт хүчний жанжин штабаас гардаг. Манай хэлтсийн мэргэжилтнүүд төлөвлөлт зохион байгуулж хүчний байгууллагуудад галт хэрэглэлийн үнэлгээ хийнэ... Зэвсэгт хүчний жанжин штабын даргын баталсан “Галт хэрэглэлийн үнэ тогтоох тухай” нууц тушаалуудыг үндэслэл болгон дээрх үнэлгээг гаргасан. Би 2017 оны Н-115 тоот тушаал, 2008 оны 365 дугаартай тушаалуудыг үндэслэн сумны үнэлгээг гаргасан. Улсын аюулгүй байдлаас шалтгаалан зэвсэг галт хэрэгсэлтэй холбоотой баримт бичиг болгон нууцын зэрэгтэй гардаг, нууцын тушаал шийдвэрийг авахын тулд заавал албан бичиг үндэслэн гаргадаг ба тухайн шаардлагатай хэсгийг хуулбарлан өгч бусад хэсгийг нь нууцалж авч үлддэг. Дээрх сумны үнэлгээтэй холбоотой нууц задарвал улсын аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг тул тэр болгон ирсэн бичигт хавсаргаж өгдөггүй.” гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 166 хуудас /
Гэрч Э.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Миний бие Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн сургалтын тасгийн дарга ажилтай. Тус ангид 2016 оны 07 дугаар сард томилогдон очсон цагаасаа хойш хийж байна. Би хэрэг болох үед гадаад улсад томилолтоор ажиллаж байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сард ажилдаа ирээд дээрх хэргийн нөхцөл байдалтай танилцсан. Учир нь тухайн ажиллагааны удирдлагын тасгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр давхар ажиллаж байгаа юм. Тэгээд нууцтай холбоотой бичиг баримттай танилцахад сум материал алдагдсан тухайн хяналтын тооллогуудын баримт бичиг, зэвсэгт хүчний жанжин штабын хяналт шинжилгээний үнэлгээний газраас явуулсан төлөвлөгөөт бус шалгалтын акт нотломжтой танилцаж мэдсэн. Учир нь манай ангийн сум галт хэрэглэл нь тусгай байр байхгүйн учир Зэвсэгт хүчний 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахад 2017 оноос хойш хадгалж эхэлсэн байдаг. Тухайн үедээ тооллого хийх болон сум сум галт хэрэглэл авах үед 311-р ангийн зэвсэг хариуцсан нярав ажилтай Жамсранжав нь хамт ордог, учир нь 2 ангийн галт хэрэглэл цуг хадгалагддаг учир хамт орохоос өөр аргагүй байсан. Тэгээд Жамсранжавын хувьд хаана юу байдгийг судалж мэдсэнээр алдагдах нөхцөл үүссэн байна. Манайх анх мэдээгүй байж байгаад 311-р анги дээрх зөрчлийг өөрсдөө илрүүлж, түүний дараа тухайн ангийн удирдлагаас манай ангид мэдэгдсэнээр хэрэг гарсныг мэдсэн. Мөн дээрх асуудлаас болоод Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар зэвсэгт хүчний анги бүрт чанартай, нүд үзсэн тооллого явуулсан. Учир нь тооллогын комисс дээр гарсан зөрчил нь сумыг модон хайрцагны тоогоор нь, гаднах төмөр бүслүүр нь хэвийн байгааг хараад тоолдог, түүнийг өргөж үздэггүй, ар өврийн лац нь хөдлөөгүйг бүрэн хардаггүйгээс энэ асуудал болсон байсан. Өөр хэлэх зүйл алга... Манайхаас албаны шалгалт явуулсан. Тухайн шалгалтаар манай талаас Жамсранжавтай хамт хэрэг үйлдсэн хүн тогтоогдоогүй. Жанжин штабаас мөн давхар шалгаад бригадын генерал Л.Гансэлэмийг албан тушаалаас нь чөлөөлсөн, штабын дарга хурандаа Алтангэрэлийг албан тушаалдаа тэнцэхгүй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.” гэх мэдүүлэг / 3 дугаар хх-167-168 хуудас /
Шүүгдэгч Э.Ж нь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн галт хэрэглэлийн агуулахад байсан 345 дугаар бригадын галт хэрэглэлээс 5913 ширхэг 7,62 мм-ийн ПС маркийн сум, Т-45 маркийн 870 ширхэг сум, ЛПС маркийн 154 ширхэг сум 7,62 мм-ийн Т-46 сум 40 ширхэг , 9 мм-ийн ПС сум 239 ширхэг сумыг завшсан, дээрх сумыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Ц.Э нь авсан, гэмт хэргийг тус тус үйлдсэн болохыг нотолсон нотлох баримтууд
-Хохирогч Д.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Манай бригадын галт хэрэглэлийн агуулахыг улсаас шийдэж өгөөгүй болохоор манай бригад сум, галт хэрэглэлээ зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн галт хэрэглэлийн агуулахад сум, хэрэглэлээ хадгалдаг юм. Ер нь манай бригадад өөрийн гэсэн байр байгууламж байхгүй л дээ. Тэгээд 2019 оны 05-сарын 06-ний өдөр Зэвсэгт хүчний 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахаас сум алдагдсан гэдгийн сонсоод бригадын захирагч Л.Гансэлэмийн тушаалаар манай бригад 311-р гал хэрэглэлийн агуулахад хадгалж байсан сум, галт хэрэглэлдээ тооллого хийхэд 9мм-ийн ПС сум 239 ширхэг, 7.62 мм-ийн ПС сум 5913 ширхэг 7.62 мм-ийн Т-45 сум 870 ширхэг, 7.62 мм-ийн ЛПС сум 154 ширхэг, 7.62 мм-ийн Т-46 сум 40 ширхэг дутсан. Тус 311-р ангийн галт хэрэглэлийн агуулахын түлхүүр надад байдаггүй. Миний мэдэж байгаагаар бол тус ангийн Зэвсэг химийн офицер н.Даваажав, нярав Э.Ж нар л ордог доо. Өөр ямар нэгэн хүн тус агуулахад нэвтэрдэг талаар бол надад мэдэж байгаа зүйл алга байна. 9мм-ийн ПС, 7.62 мм-ийн Т-45, 7.62 мм-ийн 2800 төгрөгөөр, 7.62 мм-ийн ПС сумны дансны үнэлгээ 1 ширхэг нь 2400 төгрөг, 7.62 мм-ийн Т-45 сумны дансны үнэлгээ нэг ширхэг нь 2,200 төгрөгөөр, 7.62 мм-ийн ЛПС сумны дансны үнэлгээ 1 ширхэг нь 3,200 төгрөгөөр, 9мм-ийн ПС сумны дансны үнэлгээ 1 ширхэг нь 2,000 төгрөг тус тус үнэлэгддэг. Нийт 5913 ширхэг 7.62 мм-ийн ПС сумыг 1 ширхгийг 2,400 төгрөгөөр үржүүлэхээр 14,191,200 төгрөг, нийт 40 ширхэг 7.62 мм-ийн Т-46 сумыг нэг ширхгийг нь 2800 төгрөгөөр үржүүлэхээр 112,000 төгрөг, нийт 870 ширхэг7.62 мм-ийн Т-45 сумыг 1 ширхгийг 2,200 төгрөгөөр үржүүлэхээр 1,914,000 төгрөг, нийт 154 ширхэг 7.62 мм-ийн ЛПС сумыг 1 ширхгийг нь 3,200 төгрөгөөр үржүүлэхээр 492,800 төгрөг, нийт 239 ширхэг 9мм-ийн ПС сумыг 1 ширхгийг нь 2.0 төгрөгөөр үржүүлэхээр 478,000 төгрөг болж байгаа ба манай байгууллагад нийт 17,188,000 төгрөгний хохирол учирсан байна. Энэ мөнгийг сум дутаасан хүнээс нэхэмжилж байна. Яг эд хариуцагч нь бол биш тухайн галт хэрэглэлийн агуулахыг Э.Ж нь хариуцдаг учир Жамсранжавт итгээд л манайх сум, галт хэрэглэлээ тэр агуулахад хадгалдаг байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Л.Гансэлэмийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би зэвсэгт хүчний 345-р бригадад захирагчаар ажилладаг. Манай бригадын галт хэрэглэлийн агуулахыг улсаас шийдэж өгөөгүй болохоор манай бригад галт хэрэглэлээ Зэвсэгт хүчний 311-р цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахад хадгалуулдаг байсан. 2019 оны 05-р сарын 06-ний өдөр 311-р цэргийн ангийн галт хэрэглэлийн агуулахаас сум алга болсон гэдгийг мэдээд тухайн өдрөө штабын дарга, ар талын дарга нартаа үүрэг өгөөд хяналтын тооллогын комисс томилоод 2019 оны 05-р сарын 07-ний өдөр галт хэрэглэлдээ тооллого хийхэд нийт 7216 ширхэг сум дутсан ба 7.62 мм-ийн 5913 ширхэг, 7.62 мм-ийн Т-45 сум 870 ширхэг, 7.62 мм-ийн Т-46 сум 40 ширхэг сумнуул алга болсон байсан. Тус гал хэрэглэлийн агуулахын сум зөвхөн 311-р цэргийн ангид байдаг ба манай ангид бол байдаггүй байсан. Өмнө тооллого хийхэд ямар нэгэн сум дутсан талаар надад танилцуулж байгаагүй Галт хэрэглэлээ нэг жилд хагас бүтэн жилээр тооллого хийдэг...” гэх мэдүүлэг
-Гэрч Н.Нямбаярын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Ингээд нийт 9мм-ийн ПС сум 1008 ширхэг, 7.62мм-ийн ПС сум 2842 ширхэг, 7.62 мм-ийн Т-45 маркийн сум 921 ширхэг сумаар, 7.62 мм- ийн ЛПС маркийн сумаар 126 ширхэг сумаар, 7.62 мм-ийн Т-46 маркийн 60 сумаар тус тус буудлага хийгээд үлдэгдэл 9мм-ийн ПС сум 1526 ширхэг, 7.62 мм-ийн ПС сум 33 ширхэг, 7.62 мм-ийн Т-45 маркийн сум 409 ширхэг сумаар, 7.62 мм-ийн ЛПС маркийн сумаар 126 ширхэг сумаар, 7.62 мм-ийн Т-46 маркийн 60 ширхэг сумны үлдэгдэлтэй байна. Анх орсон орлогоос зарлагаа хасаад үзэхээр 9мм-ийн ПС сум 239 ширхэг, 7.62 мм-ийн ПС сум 5913 ширхэг, 7.62 мм-ийн Т-45 маркийн сум 870 ширхэг сумаар, 7.62 мм-ийн ЛПС маркийн сумаар 154 ширхэг сумаар, 7.62 мм-ийн Т-46 маркийн 40 ширхэг сум алдагдсан байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “ Би Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад штабын даргаар ажилладаг манай бригадын галт хэрэглэлийн агуулахыг улсаа шийдэж өгөөгүй болохоор манай бригад гал хэрэглэлээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн галт хэрэглэлийн агуулахад хадгалуулдаг байсан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 311 дүгээр ангийн галт хэрэглэлийн агуулахаас сум алга болсон гэдгийг мэдээд тухайн өдрөө цагдаа нар шалгалт хийж байсан болохоор манайх галт хэрэглэлээ тоолж чадаагүй ба 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бригадын даргын тушаалаар миний бие захирагчийн орлогч ар талын дарга хурандаа н.Эрдэнэчимэг, зэвсгийн нярав Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс 311 дүгээр ангийн галт хэрэглэлийн агуулахад өөрийн бригадын галт хэрэглэлийг тоолоход 7216 ширхэг сум дутсан ба 7,62 мм-ийн сум 5913 ширхэг, 9 мм-ийн ПС сум 239 ширхэг, 7,62 мм-ийн ЛПС сум 154 ширхэг 7,62 мм-Т-45 сум 870 ширхэг,
Гэрч Х.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчийн ар талын орлогч даргаар ажилладаг манай бригадын галт хэрэглэлийн агуулахыг улсаас шийдэж өгөөгүй тул манай бригад галт хэрэглэлээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн галт хэрэглэлийн агуулахад хадгалуулдаг байсан манай ангиас нийт 7216 ширхэг сум алдагдсан тус галт хэрэглэлийн түлхүүр зөвхөн 311 дүгээр ангийн цэргийн ангид байдаг манай ангид бол байдаггүй” гэх мэдүүлэг.
2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн галт хэрэглэлийн үнэлгээ.
Зэвсэг хүчний 345 дугаар бригадын галт хэрэглэлд хяналтын тооллого явуулсан тухай нотломж.
Зэвсгийн албаны эргэлтийн хөрөнгөнд 2019 оны хагас жилийн тооллого явуулсан тухай акт
Шинжээчийн дүгнэлт
Шүүгдэгч Э.Жын үйлдсэн цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан үйлдэл нь, шүүгдэгч Ц.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох сумыг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Ж, Ц.Э нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай байх тул гэж үзнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Ж нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд 38.894.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 10.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Ж, Ц.Э нарыг гэм буруутайд тооцож шүүгдэгч Э.Жаас 28.894.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлсэнг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Э.Ж нь гэмт хэргийн улмаас учруулсан 28.894.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Жаас 28.894.000 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Зэвсэгт хүчинд олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Жын хувьд хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч хохирол төлбөрийг төлөөгүй байна. Иймд эрүүгийн хариуцлагын саналаа гаргая Шүүгдэгч Э.Жын үйлдэн гэмт хэрэг түүний нийгмийн аюулын шинж чанар хэм хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6- д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэх эрүүгийн хариуцлагатай гэмт хэрэг байгаа. Шүүгдэгч Э.Жын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар үйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч И.Отгонсүрэн: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар үйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож улсын яллагчийн зүгээс 1 жилийн хорих ял оногдуулж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас төлөгдөх хохирол төлбөр гэм буруугийн шүүх хуралдаанаас гараагүй байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзээд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь 6 сараас 1 жил хүртэл хорих ялтай эсхүл 6 сараас 1 жил хүртэлх зорчих эрхийг хязгаарлах ялтай байгаа. Иймд шүүгдэгч Ц.Эт ялын доод хэмжээ оногдуулж, Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Жын өмгөөлөгч А.Энх-Амгалан: “Э.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзана үзнэ үү. Үүнд шүүгдэгч Э.Ж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрийн хувьд нийт 38 894 000 төгрөг гарсан боловч үүнээс 10 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 28.894.000 мянган төгрөгийг 24 сарын хугацаатай сард 12 500 00 мянган төгрөгөөр төлөх илэрхийлсэн хүсэлтээ шүүхэд өгсөн байгаа. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Э.Ж нь 3-5 насны хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдээ өөрсдөө хардаг. Мөн өндөр настай аавтай саяхан ээж нь нас барсан зэрэг өөрийнх нь хувийн байдал болон хуулиар оногдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд прокуророос оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Жын өмгөөлөгчөөс гаргасан “Ппрокуророос оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч Э.Ж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, цэргийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй байна.
Харин шүүгдэгч Э.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа байдал,нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, /3-5 насны 2 хүүхэдтэй / зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Харин шүүгдэгч Ц.Эын хувьд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ж, Ц.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна “ гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Эаас гэмт хэргийн улмаас олсон орлого болох 630.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг, шүүгдэгч Э.Ж нь 2 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э.Ж-ыг өөрт нь итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг бусдад худалдаж завшсан гэмт хэргийг,
-шүүгдэгч Т овогт Ц.Э-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох сумыг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Т овогт Б овогт Э.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Т овогт Ц.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял ногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.Ж-д оногдуулсан 1 / нэг / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Эт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, галт зэвсэг өмчлөх, эзэшихийг хориглохыг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүгээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 630.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э:Жамсранжав 10.000.000 төгрөг төлсөнг дурьдаж, 28.894.000 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Зэвсэгт хүчинд олгосугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Э.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА