| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/92 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
Улсын яллагчаар П.Даваасүрэн,
Шинжээч И.Ганболор,
Хохирогч Ц.Гантулга,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алх овгийн Д.А холбогдох эрүүгийн 2034000000572 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Алх овогт Д.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.А нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ц.Гантулгатай барилдаж байгаад дээрээс эвгүй дарж унасны улмаас Т.Гантулгын биед хүзүүний С4 дүгээр нугалам зүүн талын ламина жижиг ясны хугарал, хүзүүний С5 дугаар зэргийн гулсалт, хүзүүний С4/С5 дугаар нугалмын нугасны сувгийн зай нарийссан, дээд доод мөчдийн мэдээ буурсан, аарцаг эрхтний үйл ажиллагаа алдагдсан гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.А нь мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бид 4 самарт явна гээд уул руу гарсан. Тэгээд гол гарч байгаад машины мотороо цохиулаад буцаж аавынхаа хашаанд машинаа очиж тавиад 4-үүлээ барилдахаар болсон. Манай дүү Жаргал ахтай, би Ц.Гантулгатай барилдаад 2 дахь удаагаа барилдаж байхдаа би Ц.Гантулгын дээрээс нь эвгүй дараад унасан. Дараа нь шууд Ц.Гантулгыг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгч хагалгаанд оруулсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ц.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, хохирогч Ц.Гантулгын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, гэрч Г.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 570 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 тал/, шүүгдэгч Д.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 тал/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн 33 хуудас баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.А нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ц.Гантулгатай барилдаж байгаад дээрээс эвгүй дарж унасны улмаас Ц .Гантулгын биед хүзүүний С4 дүгээр нугалам зүүн талын ламина жижиг ясны хугарал, хүзүүний С5 дугаар зэргийн гулсалт, хүзүүний С4/С5 дугаар нугалмын нугасны сувгийн зай нарийссан, дээд доод мөчдийн мэдээ буурсан, аарцаг эрхтний үйл ажиллагаа алдагдсан гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Ц.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би өмнө нь мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйлгүй. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, ташаанд цооролт үүсэж эхэлсэн байгаа, одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Гэмтэлд байхдаа хэвтэн эмчлүүлсэн бөгөөд нэг сарын эмчилгээний зардлыг өгсөн байгаа...Би өмнө нь ямар ч гэмтэлгүй байсан. Би гомдолтой байна. Цаашдын эмчилгээний төлбөрийг барагдуулмаар байна...” / хх-ийн 21-22 тал/,
-Хохирогч Ц.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би 2020 оны 08 дугаар сарын 04-нд найз Д.А, түүний эхнэр мөн хамаатны н.Жаргал, н.Эрка нарын хамт Батсүмбэр сумын Сөгнөгөрын ам руу самарт явж байгаад голд машинаа зогсоож, машин унтарч, мотор нь эвдэрч, буцаад Д.Аын аавын гадна ирцгээсэн. Тэгээд машин янзлах зуур би Д.А, н.Эрка, н.Жаргал ахтай барилдахаар болж барилдсан. Тэгсэн Д.А миний дээрээс эвгүй дарж унаад миний бие эвгүй болж, гар хөдөлгөөнгүй хүзүүнээс доош мэдээгүй болсон. Тэгэхээр нь намайг гэмтэл эсвэл сумын эмнэлэг рүү хүргэж өг гэж хэлтэл сумын түргэн дуудъя гэсэн. Тэгээд түргэн дуудаад түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтэл дээр очоод цагдаад хэл гэсэн чинь найз нь 4 хүүхэдтэй, би чамайг хөл дээр чинь босгоно, цагдаад битгий хэл гэж гуйхаар нь барилдаж байгаад гэмтсэн гэж хэлээд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Миний хүзүү хугарч нугасандаа гэмтэл авч 2 сар эмнэлгээр явж одоо хэвтэрт байнгын асаргаатай хүний гарт орсон. Эхэндээ эргэж тойрч ирдэг байсан. Харин одоо би чамайг эргэж, тойрч чадахгүй эмчилгээний мөнгө өг чадахгүй би өөрөө өр зээлтэй гээд сумын эмнэлэгт хэвтэж байхад эгчид маань хэлсэн байсан. Би уг нь найзыгаа гэж бодоод хэл дээр чинь босгоно гэхээр нь итгээд л цагдаад хэлээгүй. Одоо би хөл дээрээ босох үгүйг хэлж мэдэхгүй. Эмч нар урт хугацаа орно гэж хэлсэн. Миний бие эрүүл, саруул байсан бол одоо ажил хийгээд ээж, дүү нараа тэжээгээд явж байх байсан. Гэтэл одоо ээж, ах, эгч, дүү нарынхаа дэмээр л байж байна. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна. Д.А эхэндээ эмчилгээ хагалгаанд 1.700.000 төгрөг цувуулж өгсөн. Одоо цаашид ээж, эгч, дүү нар маань ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хэдэн малаараа амиа зогоодог хүмүүсийг би ингээд зүгээр хоолных нь мөнгийг памперс, эм тарианд хэрэглээд баймааргүй байна. Эрүүл, саруул байсан биеийн маань ийм болгочихоод одоо надад хамаагүй мэтээр ярьж байгаад маш их гомдолтой байна. Ийм учир цагдаа хуулийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
-Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би 2020 оны 08 дугаар сарын 04-нд найз Ц.Гантулга түүний хамаатны ах н.Жаргал, манай хамаатны дүү н.Эрдэнэбаяр нарын хамт аавын машинтай самар түүхээр уул руу явж байгаад ус руу орж моторыг нь цохиулсан. Тэгээд сөгнөгөр рүү аавынх руу н.Эрдэнэбаяр явж хэл хүргэхээр яваад удаал байхаар нь Ц.Гантулга араас нь явсан. тэгээд өдөр болж байхад эхнэр маань нөгөө хоёртой чирэх машинтай ирсэн. тэгээд аавын гадаа очоод н.Ганаа машин олно гээд хүмүүс рүү яриад тэгээд самарт гарах машин олдохгүй болохоор нь машинаа маргааш доороос нь задалж янзлая гэж ярьж тохироод, тэгээд тойргоор барилдая гээд Ц.Гантулга бид 2 нэг тал болж нөгөө хоёртой барилдсан. Тэгээд Эрдэнэбаярыг даваад би Жаргалыг даваад , тэгээд дууслаа гэсэн чинь н.Ганаа за хоёулаа барилдья гэхээр нь за тэгье гээд бид хоёр барилдаж бид хоёр бие биенээ шахаж татаад би н.Ганаагийн дээрээс дарж унасан. Тэгсэн н.Ганаа миний гар хугарчих шиг боллоо гэхээр нь гарыг нь бариад үзсэн чинь зүгээр, тэгсэн н.Жаргал гэх ах нь чи зүгээр байна юундаа маяглаад байгаа юм бэ гээд босооч гэж хэлсэн. Чи миний гараас бариад үздээ гэхээр нь барьсан чинь миний бие мэдээгүй болчихлоо гэж н.Ганаа хэлсэн. Тэгээд л сумын төв рүү эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан. Түргэн иртэл хажуул нь хараад байж байсан. тэгээд хот руу шууд авч явж гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...Өглөө самарт явах гэж байна гээд 1 шил архийг н.Жаргал, н.Ганаа хоёр хувааж уусан. Тэгээд орой 1 сав пиво хувааж уусан. Урьд нь барилдаад л тэр байтугай унаж ойчих тохиолдол байсан. би маш их гайхаж байна. Ц.Гантулга бэртэхээсээ 1 сарын өмнө мотоциклтой явж байгаад онхолдож эгэм хавиргаа хугалсан, мөн гар далныхан яс хугарсан гэж ярьж байсан тэр гэмтэл нь сэдэрсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
-Г.Эрдэнбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2020 оны 08 дугаар сарын 04-нд хамаатны А түүний найз Ц.Гантулга, ах Жаргал нарын хамт А аавынхан машинтай самар түүхээр уул руу явж байгаад усруу орж моторыг нь цохиулаад тэгээд сөгнөгөр лүү Монхор ахынх руу хэл хүргэхээр би явсан. Араас Ц.Гантулга ирсэн. Тэгээд өдөр болж байхад Д.Аын эхнэр, Гантулга нарын хамт чирэх машинтай очсон. Тэгээд Монхор ахын гадаа нөгөө машиныг нь чирч очсон н.Ганаа машин олно гээд хүмүүс рүү яриад тэгээд самарт гарах машин олдохгүй болохоор нь машинаа маргааш доороос нь задалж янзалья гэж ярьж тохироод тэгээд тойргоор барилдая гээд Ц.Гантулга, Д.А 2 нэг тал болж Жаргал ахтай би нэг тал болж барилдсан. Тэгээд эхлээд Гантулга ах бид хоёр барилдаж намайг Гантулга даваад А, Жаргал ахыг даваад тэгээд дууслаа гэсэн чинь Ц.Гантулга ах Д.Атой хоёулаа барилдая гэхээр нь за тэгье гээд тэр хоёр барилдаж бие биенээ шахаж татаад Д.А, Ц.Гантулга ахын дээрээс дарж унасан. Тэгсэн Ц.Гантулга ах миний гар хугарчих шиг боллоо гэхээр нь гарыг нь Д.А бариад үзсэн чинь зүгээр гэсэн, Жаргал ах чи зүгээр байна юундаа маяглаад байгаа юм гээд босооч гэж хэлсэн. Чи миний гараас бариад үздээ гээд Д.А-д хэлсэн. Тэгээд гарнаас нь барьсан чинь миний бие мэдээгүй болчихлоо гээд Ц.Гантулга ах хэлсэн. Тэгээд л сумын төв рүү эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан. Түргэн иртэл хажууд нь хараад байж байсан. Тэгээд хот руу шууд авч явж гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөхөөр болж би Д.Аын хүүхдүүдийг нь хараад гэрт нь үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 570 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ц.Гантулгийн биед хүзүүний С4-р нугалам, зүүн талын ламина жижиг ясны хугарал, хүзүүний С5-р нугалмын хөндлөн нүх дайрсан хугарал, хүзүүний С4-р нугалам урагш 2-р зэргийн гулсалт, хүзүүний С4/С5-р нугалмын нугасны сувгийн зай нарийссан, дээд, доод мөчдийн мэдээ буурсан, аарцаг эрхтний үйл ажиллагаа алдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйл болон хэт даралтын улмаас хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 30-31 тал/,
-Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй...Би багийн найзууд байгаа юм...Барилдаж байгаад дээр нь давхралдаад уначихсан юм. Тэгээд эхлээд гар хугарчихлаа гэж хэлсэн тэгээд миний бие ер нь болохгүй байна гэж хэлхээр нь эмнэлэг дуудаж үзүүлсэн юм...Барилдаж байхдаа л нэг пиво тойруулж уусан...Би анхны тусламж хагалгааны төлбөр эм тариа гээд 5.000.000 орчим төгрөг зарцуулсан байгаа, зарцуулсан баримтууд бүгд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Аын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тогтоосон баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргасан өгсөн хохирлын баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар , хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.А нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ц.Гантулгатай барилдаж байгаад дээрээс нь эвгүй дарж унасны улмаас Ц.Гантулгын биед хүзүүний С4 дүгээр нугалам зүүн талын ламина жижиг ясны хугарал, хүзүүний С5 дугаар зэргийн гулсалт, хүзүүний С4/С5 дугаар нугалмын нугасны сувгийн зай нарийссан, дээд доод мөчдийн мэдээ буурсан, аарцаг эрхтний үйл ажиллагаа алдагдсан гэмтлүүд учруулсан үйлдэл нь хохирогч Ц.Гантулгын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно “ гэж зааснаар хохирогч Ц.Гантулгатай барилдаж байгаад түүний дээр унахдаа түүнийг гэмтэл авахыг урьдчилан тооцож мэдээгүй боловч үүнийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байснаараа хохирогчийн биед хүнд гэмтэл учруулахдаа хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Аыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ болон унааны зардалд 6.804.304 төгрөгийн, өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийн нийт 8.804.304 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлахад эмчилгээ болон унааны зардалд мөрдөн байцаалтын шатанд 2.887.777 төгрөгийн шүүхийн шатанд шинээр 1.421.020 төгрөгийн нийт 4.308.777 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийн нийт 6.308.777 төгрөгийн бичгийн нотлох баримт авагдсан байна.
Шүүгдэгч Д.А нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Гантулгад 4.300.000 төгрөгийг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Харин өмгөөлөгчийн 2.000.000 төгрөгийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарагдах боловч мөн хуулийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газраас батална” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-д “ өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчлагдсан бөгөөд хохирогч түүний өмгөөлөгч нарын хоорондын гэрээний үндсэн дээр сайн дураараа харилцан тохиролцож төлсөн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн зардлын 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гантулгад шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмт учирсан эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Д.Аыг Шүүхээс шүүгдэгч Д.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аод 6 сарын хорих ял оногдуулах, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунгэрэл: “улсын яллагчтай санал нэг байна ” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “Уг гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй байхаа. Мөн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг зэргийг тал бүрээс нь бүрэн бодиттой тогтоосны үндсэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд сонгох санкцтай. Гэмт хэргийн улмаас нэг хүний биед хүнд гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул шүүгдэгч Д.Аыг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал харагдаж байна. Д.А нь ажил төрөл хийгээд найзыгаа эмчлүүлэх шаардлагатай. Тиймээс шүүгдэгч Д.Аод 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах оногдуулж өгнө үү, хэрэв боломжгүй гэж шүүхээс үзвэл оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Д.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ......гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Д.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөрөн төлөхөө илэрхийлж буй нөхцөл байдал, хувийн байдал зэргийг / Төв аймаг дахь нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөр чадвар алдалтын 50 хувиар тогтоогдсон хх-110 / харгалзан шүүгдэгч Д.Аын өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Аын холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д.Аын үйлдэлд “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй, харин түүний болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх хасах” нэмэгдэл ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Аыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохын дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА