Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2018/00704/и |
Дугаар | 001/ХТ2019/00040 |
Огноо | 2019-01-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2019/00040
“Б” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00924 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1623 дугаар магадлалтай,
“Б” ХХК-ний нэхэмжлэлтэй
Ц.Ст холбогдох
2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд оруулсан “Х Б” ХХК гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэжид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч Ц.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Стэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, нотариатч Ж.Мөнхжаргалаар гэрчлүүлсэн. Нотариатч гэрээг талуудад адилхан олгох ёстой. Дээрх гэрээг бид гурвуулаа хамт байж байгаад хийсэн. Гэрээг хийсний бид хоёрт нэг, нэг хувийг өгч, нэг хувийг нь нотариатч өөрөө авсан. Гэтэл миний анх хийсэн гэрээнд засвар орсон байсан. “Х Б” ХХК-тай гэрээ байгуулсан болгож, өөрчлөлт оруулсан болохыг нь 2017 онд мэдсэн. Иргэнтэй хийснийг өөрчилж албан байгууллага болгож гэрээнд засвар оруулсан байсан. Гэрээнүүд хоорондоо зөрүүтэй учраас энэ зөрүүг арилгах шаардлага гарсан. Шүүхэд хэд, хэдэн удаа хандсан. Нотариатчийн гэрчилсэн гэрээнүүд нь адил байх ёстой байхад манайд байгаа гэрээг Ц.Стэй, харин Ц.Ст байгаа болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт байгаа гэрээ нь “Х Б” ХХК-тай байгуулсан хэмээн харагдаж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд оруулсан “Х Б” ХХК гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2008 онд Ц.С “Х Б” ХХК-ийн захирал байхдаа “Б” ХХК-иас Дундговь аймагт байршилтай гурван давхар үйлчилгээний барилгыг дагалдах хөрөнгө барилгын материалуудын хамтаар худалдан авч байсан. Бид 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө би 2-3 удаа танайх энэ объектоо зарах гэж байгаа юм уу гэж асууж байж, өөрийн компанийн гэрчилгээ, тамга тэмдэгтэйгээ Дундговь аймагт очиж, гэрээ хийж худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг хоёр өөр агуулгатай гэрээ байгуулаагүй. Гэрээг бидний хүсэлтээр нотариатч бичиж өгсөн бөгөөд зарим нэг гэрээнд “Х Б” ХХК гэдгийг дутуу бичсэн нь техникийн алдаа юм болов уу гэж бодож байна. Үүнээс болж гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. 2010 онд “Х Б”ХХК-ийг Н.Батбаярт шилжүүлж өгсөн. 2008 онд тухайн барилга байгууламжийг худалдан авснаас хойш дагалдуулан өгсөн барилгын материалуудыг өөрийн дураар хүчээр буцаан авснаас болж бидний хооронд маргаан үүссэн. Үүнийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал С.Днь үндэслэлгүй нэхэмжлэлүүдийг байнга гаргадаг. Мөн 2017 онд “Х Б” ХХК гэж нэмж бичсэнийг мэдсэн гэдэг нь худал болохыг шүүхийн шийдвэр, магадлалаар хангалттай нотолж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х Б” ХХК-ийн захирал Н.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Дэжидийн энэ нэхэмжлэлийн шаардлага нь гэрээн дэх “Х Б” ХХК гэснийг 2017 он хүртэл мэдээгүй гэдэг огт худлаа бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэл юм. Учир нь Ц.С нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулах үед “Х Б” ХХК-ийн ганц үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байсан бөгөөд “Х Б” ХХК, “Б” ХХК-иудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэдгийг С.Дмэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдэж байсан гэдгийг нь олон баримтаар нотлогдоно. С.Днь энэ гэрээтэй холбоотой олон нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан боловч бүгдийг шүүх хянаж үзээд үнэн зөвийг дүгнэн шийдвэрлэсэн. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар С.Днь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар өгөх 33 нэр төрлийн хөрөнгөнөөс 12 529 500 төгрөгийн үнэ бүхий хөдлөх хөрөнгийг “Х Б” ХХК-иас залилан мэхлэх замаар буцааж авсан байна. Мөн “Х Б” ХХК-ийн түрээслэгч нараас 2008 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөр болох 3 853 000 төгрөгийг, 2008 оны 07 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан авсан байна гэдгийг тогтоож 25 тоот шийтгэх тогтоол гаргасан. Энэ тогтоол нь давах болон хяналтын шүүхээр хүчин төгөлдөр болсон. С.Днь Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд гаргасан нэхэмжлэлүүдээ бүгдийг “Х Б” ХХК-д хандаж гаргасан. Энэ олон нэхэмжлэлүүдийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь “Х Б” ХХК, “Б” ХХК-иудын хооронд хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэдгийг тогтоосон. 2010 оноос хойш “Х Б” ХХК-д хандаж энэ гэрээтэй холбоотой нэхэмжлэлүүдийг гаргасан байж, 2017 оны сүүлчээр “Х Б” ХХК-д өгснийг сая мэдлээ гэдэг нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00924 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд оруулсан “Х Б” ХХК гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1623 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Шүүхийн шийдвэр бодитой үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэгт ач холбогдолтой байвал дахин нотлохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний агуулгатай нэгэнт тогтоогдсон ямар үйл баримт хэрхэн холбогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй. 2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр гэрээний агуулгын талаарх асуудлыг шийдвэрлэсэн, харин нэхэмжлэгч дээрх гэрээнд засвар оруулсан, үг нэмж бичсэн талаарх асуудлаар маргаж байгааг шүүх анхаарч үзээгүй. 3. Гэрээнд ““Х Б” ХХК” нэр бичигдсэнээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаарх үйл баримтаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаараа нотлох гэсэн боловч анхан шатны шүүх уг шаардлагыг хүлээн аваагүй байдаг. 4. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад 2008 оны 03 сарын 21-ний өдрийн гэрээний хавсралт гэрээний талаар дурьдсан. Уг хавсралт гэрээнд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хамгаалах талаарх зохицуулалт хийгдсэн байдаг. Гэрээний хавсралт нь үндсэн гэрээтэй хамт хийгдээгүй 2008 оны 03 сарын 22 нд хийгдсэн гэдгийг нотолсон нотлох баримтууд байгаа тул гэрээний хавсралтыг үйлдсэн хугацааг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлага байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй олгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ц.Ст холбогдуулан 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд худалдан авагчийн нэрийн урд талд ““Х Б” ХХК” гэсэн бичилт оруулсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч маргаж, гэрээнд “Х Б” ХХК гэдэг нэрийг дутуу бичсэн нь техникийн алдаа, “Б” ХХК-тай би өөрийн үүсгэн байгуулсан “Х Б” ХХК-ийн нэрээр гэрээ байгуулж байсныг нэхэмжлэгч мэдэхээс гадна “Х Б” ХХК-д холбогдуулан 2013 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь шүүхийн шийдвэрүүдээр нотлогдсон гэж мэтгэлцсэн байна.
Нэхэмжлэгч нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг Ц.Стэй байгуулсан, гэрээнд Ц.С гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан гэж баримтыг шүүхэд гаргасан бол нотариатад үлдсэн гэрээний хувь, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт байгаа гэрээнд иргэн Ц.С бус “Х Б” ХХК-ийн захирал Ц:Ц.С гэж гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан, зөрүүтэй байдал байгаа нь тогтоогджээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ц.С нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлсөн, “Б” ХХК үнийг авснаар эд хөрөнгөө шилжүүлсэн, талууд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээ дуусгавар болсон байна.
Ц.С нь худалдан авсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд эсвэл өөрийн үүсгэн байгуулсан компанийн нэр дээр бүртгүүлэх нь өмчлөх эрхээ хүсэл зоригийн дагуу, гэрээгээр бусдад шилжүүлсэн нь “Б” ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүй юм. “Б” ХХК нь дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэр, Дундговь аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор... “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 57, 58, 59 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1623 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА