Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 20

 


Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн иргэн М.Чийн нэхэмжлэлтэй     
      
           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох   
   
           Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ч, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагч М.Өлзиймөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч М.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 11 сарын 16-ны өдрөөс хойш Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаар ажилласан ба Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 сарын 13-ны Б/16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү Б/16 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан боловч төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 626 дугаар албан бичгээр дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй тул хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй талаар хариу өгснийг эс зөвшөөрч байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллах хугацаандаа хуулийг дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар зүтгэж, ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албаны үүргээ биелүүлж, байгууллагын ёс зүй болон ажилтны сахилгын дүрмийг чанд сахин биелүүлж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан.
    Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалын үндэслэл нь “... МАН-ын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тухайгаа мэдэгдэж түдгэлзүүлээгүй, нуун дарагдуулсан, удирдах, удирдуулах ёс зүйг баримталдаггүй, байгууллагын удирдлагыг удаа дараа хэл амаар доромжилсон, ажилчдыг уриалан дуудаж ажлын байранд мөрийтэй тоглосон зөрчил гаргасан тул...” төрийн албанаас халах шийтгэл ногдуулсугай гэж заасан байдаг. Энэ нь төрийн албан хаагч миний бие өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох ажиллагааг хуульд заасан үндэслэл дүрэм журмын хүрээнд гүйцэтгэснийхээ төлөө ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглах үндэс суурь, түүний золиос болж байгааг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.
    1. Миний бие Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөс хойш 7 хоногийн дотор 2018 оны 04 сарын 18-ны өдөр мөн МАН-ын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг ... “хууль тогтоомжид заасан тохиолдолд МАН-ын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа НАШБ-д бичгээр мэдэгдэж бүртгүүлснээр түдгэлзсэнд тооцно.” гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бичгээр хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын МАН-ын хорооны дарга С.Ганбатын 2018 оны 04 сарын 18-ны өдрөөс МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн тухай албан бичиг түүний хувийг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн тухай албан бичгийг хүлээн авсан ба энэ талаар байгууллагын удирдлагад танилцуулсан. Иймд төрийн албан хаагчийн хувьд өөрөөс шалтгаалах зүйлийг хийж гүйцэтгэсэн байх тул нуун дарагдуулсан зүйл байхгүй гэж үзэж байна.
    2. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-т “улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдол аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэх зүйл заалтыг хуулийн хүрээнд сахин мөрдөж, улс төрийн нам, түүний дэргэдэх төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцолгүй ангид байх үүргээ биелүүлж, төрийн захиргааны албан тушаалтны хуульд заасан үүргийг биелүүлж ирсэн.
Энэ нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Сарантуяагийн зүгээс Төрийн албаны тухай хууль болон холбогдох ёс зүйн дүрэм журмыг зөрчиж, Сүхбаатар аймаг дахь МАН-ын хороонд М.Ч нь намын бодлогын эсрэг үйл ажиллагааг явуулж байна гэх утга бүхий хүсэлт гаргаж, төрийн албыг аль нэг нам эвслийн бодлоготой хольж хутгасан үйлдлээр батлагдах төдийгүй ажилтан алба хаагчдын зүгээс байгууллагын удирдлагын хууль бус үйлдлийг шүүмжлэн дээд шатны байгууллагад гаргаж байсан албан хүсэлтээр баталгаажуулна.
... Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 10 сарын 04-ний өдрийн “дотоод хяналт шалгалтын багийг шинэчлэн томилох тухай” А21 дүгээр тушаалаар “тус газрын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, дотоод хяналт шалгалтын багийн ахлагчаар М.Ч миний бие томилогдон ажиллаж тус ажлын даалгаврын хүрээнд ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлага ажлын цаг ашиглалт... санхүү эдийн засгийн бүртгэлийн талаар холбогдох хяналт шалгалт хийж, тодорхой зөрчлийг илрүүлсэн хянах талаар холбогдох албан тушаалтанд танилцуулан төрийн албаны нэр хүндийг дээдлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хуульд нийцээгүй шийдвэр гаргахгүй байх, харъяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх үүргээ биелүүлэн ажилласан нь эсрэгээрээ тус хуулийн 37.1.7, 37.1.16 дахь заалтыг зөрчсөн гэх хууль бус шийдвэрийг гаргах үндэслэл болж байна гэж үзэж байна.
...Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 ... захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 15.1.4 захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, 24.4-т тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. 26.1-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...
Иймд Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг ашгийг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн М.Чт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/16 дугаар тушаалыг дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар Хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэн хоёр үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:
Захиргааны ерөний хууль болон төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв хэн нэгэн албан хаагч ажлын гүйцэтгэл муутай байх эсхүл ажлаас халахад хүргэж болох ямар нэгэн үндэслэл байгаа бол тухайн тохиолдол болгонд гаргасан шийдвэрийг тэмдэглэх ёстой байдаг бөгөөд энэ нь шударга үнэлгээний бичиг баримт болдог. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019.03.13-ны өдрийн Б/13 дугаар тушаалд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтад дурдсан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж уг тушаалд дурдсан. Мөн удирдах, удирдуулах ёсыг баримталдаггүй, байгууллагын удирдлагыг удаа дараа хамт олны өмнө нотлогдоогүй асуудлаар гүтгэн доромжилсон, ажилчдыг уриалан дуудаж ажлын өрөөндөө ажлын цагаар удаа дараа мөрийтэй тоглоом тоглосон зөрчил гаргасан тул халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж уг тушаалд дурдагдсан. Гэтэл тус тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасан хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэг болон оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах боломжийг бүрдүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй. Мөн хуулийн 15 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчийн эрхийг тайлбарлаагүй. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан Захиргааны байгууллага тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогчийг танилцах боломж олгоогүй болох нь нэхэмжлэгчийн төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн тайлбар нотлох баримт болон хариуцагчийн гаргаж өгсөн тайлбар нотлох баримтаас дараах байдлаар харагдаж байна гэж үзэж байна. Үүнд:
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь хэсэгт улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн гэж сахилгын шийтгэлийн үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 2018.04.02-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2018.04.08-ны өдөр Монгол ардын намын гишүүнээс түтгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хороонд бичгээр гаргасан байдаг. Үүний дагуу Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны дарга З.Энхтөр нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын намын хорооны дарга С.Ганбатад хүсэлтийг хангаж шийдвэрлэхийг даалгаж, С.Ганбат нь хүсэлтийг хүлээн авч намын гишүүнээс түдгэлзүүлсэн талаарх мэдээллийг албан бичгийн дагуу Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Мөн МАН-ын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт намын гишүүн хууль тогтоомжинд заасан тохиолдолд Монгол ардын намын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдэж бүртгүүлнэ. Мөн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт түдгэлзэх үндэслэл арилсан бол намын анхан шатны байгууллагад хүсэлтээ гаргаж гишүүнчлэлээ сэргээнэ. Намаас түдгэлзсэн нь намын гишүүн байсан нийт хугацаанаас хасагдахгүй. Мөн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Монгол ардын намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно. 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Монгол ардын намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, харъяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Монгол ардын намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө. 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт энэ дүрмийн 6.2 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно гэж намын гишүүнээс түдгэлзэх болон гарах тухай зохицуулалтыг тус тусад нь зохицуулсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд намын гишүүнээс түдгэлзэх асуудал хуулийн дагуу тавигдаж байгаа бөгөөд энэ нь хүсэлтээ өгсөнөөр дуусгавар болдог нь дээрх дүрмийн зохицуулалтаар харагдаж байна. Иймд дээрх тайлбар болон хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд улс төрийн намын гишүүн байх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа төдийгүй харин ч дээрх Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно гэх хориглосон заалтыг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөх, захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах зэрэг эрхийг хангаагүй, түүнд тайлбарлаагүй болох нь Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хорооны улс төрийн ахлах ажилтан Д.Батхүрэлийн 2019.03.12-ны өдрийн аймгийн мэргэжлийн хяналтын газрын 69 тоот албан бичгийн дагуу намын гишүүний жагсаалтыг явууллаа гэх албан бичгийг нэхэмжлэгч талд танилцуулаагүй уг албан бичгийн талаарх хууль зүйн үндэслэлийг тайлбарлах боломж олгоогүйг Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дараа мэдсэн.  Шийдвэрийн төсөл танилцуулах хуудсыг 2019.03.13-ны өдрийн 15 цагт танилцуулаад 2 цагийн дараа дээрх тушаалыг гаргасан нь захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байна. Шийдвэрийн төсөлд санал авах хуудсаар шийдвэрийн төслийг газрын дарга С.Сарантуяа, нэгдсэн лавораторын эрхлэгч Н.Цолмонтуяа, байгаль орчин дэд бүтэц хөдөлмөр хяналтын хэлтсийн дарга Б.Батцэцэг нарт танилцуулан санал авахад Б.Батцэцэг нь уул нь даргын зөвлөлөөр хэлэлцүүлж санал авч байгаа бол 6 гишүүн байдаг үндсэндээ 3 хүнээс 1 хүн нь дэмжихгүй байна намын гишүүнээр ажиллаж байсан талаар мэдээлэл мэдэгдэхгүй байна. Тэгэхээр удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчилд сануулах хариуцлага тооцох санал гаргахад саналыг хэрхэн авч хэлэлцэн тодорхойгүй мөн эдгээр хүмүүсийг мэдээллээр хангаагүй байгаа нь харагдаж байна. Ашиг сонирхолын зөрчил гэдэг нь төрийн албан хаагч төрийн болон улсын ашиг сонирхолд үйлчилэхээсээ илүү төрийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж өөрийн үзэмжээр хувийн ашиг сонирхолдоо үйлчлэх нөхцөл байдлыг бий болгож дээрх хууль бус үйлдэл нь төрийн албаны хууль чиг үүрэгт нь харшилж байгаа нөхцөл байдлаар илэрдэг. Харин гүтгэсэн доромжилсон гэх асуудлын хүрээнд ямар нэгэн зөрчлийн хэрэг үүсгэж шалгуулсан зөрчил тооцуулсан асуудал байхгүй. Хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 232 тоот хариу тайлбарыг Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хариуцагчийн тайлбар нь захиргааны шийдвэр гаргасан акттай холбоогүй тайлбар гаргасан байна. Үүнд М.Ч нь төрийн захиргаа удирдлагын хэлтсийн тодорхойлолтонд заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй, эрхэлсэн ажилдаа ажил мэргэжлийн ур чадварын хувьд тэнцээгүй. Мэргэжлийн хяналтын газрын 2017 он, 2019 оны дотоод хяналт шалгалтын дүнгээр нотлогдож байна гэж тайлбар өгсөн байна. Гэтэл сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2017 онд төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон боловч энэ зөрчлөө 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагч болсон. 2019 оны асуудал ярих гэж байгаа бол 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлт 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн байгууллагын газрын дарга үнэлж дүгнэлтээ өгөх ёстой. Гэтэл тушаал маань 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Үр дүнгийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Тэгэхээр үр дүнгийн гэрээ байгуулсанаас хойш 22 хоногийн дотор нэхэмжлэгчээс үр дүнгийн ямар биелэлт шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Тэгэхээр хариуцагчийн энэ тайлбар нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
      Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнх шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дараах тайлбарыг гаргаж байна.
1. Тус газрын төрийн захиргаа эрсдлийн удирдлагын газрын дарга М.Ч  нь 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Б/16 тоот тушаалаар төрийн албанаас халагдсан.
2. М.Ч нь төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй, эрхэлсэн ажилдаа мэргэжил ур чадварын хувьд тэнцээгүй.
2016 оны 11 сарын 16-ны өдрийн Б/32 тоот тушаалаар төрийн үйлчилгээний албан тушаалаар томилогдсон бөгөөд  2018 оны 04 сарын 02-ны өдөр хүртэл төрийн албаны шалгалтад удаа дараа тэнцээгүй, тангараг өргөөгүй ажиллаж байсан.
2016-2018 онуудад газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан боловч илтгэх хуудсаар ажлаа дүгнүүлээгүй, захиргаа удирдлагын хэлтсийн төлөвлөгөө тайланг  дүгнэж, гаргаагүй зэргээр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан.
2018 оны 04 сарын 02-ны өдрийн Б/16 тоот тушаалаар төрийн захиргааны албан тушаалд томилогдсон боловч намын харъяаллаас албан ёсоор түдгэлзээгүй нь ардын намын 2019 оны 03 сарын 12-ны өдрийн 07 тоот албан бичгээр нотлогдсон.
2017, 2018 онуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийгдсэн 2 удаагийн дотоод хяналт шалгалтаар М.Ч мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй, ажил үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн нь тогтоогдсон байна.
Мөн удирдах, удирдуулах ёсыг баримталдаггүй, ажилчдыг уриалан дуудаж ажлын цагаар удаа дараа мөрийтэй тоглосон тухай зөрчлүүдийг халах сахилгын шийтгэл гаргасан эрх бүхий алба тушаалтнаас тодруулах нь зүйтэй байна гэв.  

                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “М.Чт сахилгын шийтгэл ногдуулах тухай ” 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “ М.Чт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаар тушаалыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, сахилгын арга хэмжээ авах зөрчлийг шалган тогтоох ажиллагаа хийгээгүй ажлаас халах шийдвэр гаргаж байгаа нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл хэмээн тайлбарлаж байна.

Хариуцагчийн зүгээс гаргасан зөрчил нь тогтоогдсон тул ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна ”, 12.1.8-д. . . аймаг нийслэлийн засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарна гэж зааснаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдлийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Ч нь төрийн жинхэнэ буюу  захиргааны албан хаагч байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “ Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, . . .  сахилгын шийтгэл ногдуулна ” гэж заажээ.

Ийнхүү холбогдох хууль тогтоомжоор хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай тухайлбал, төрийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон байна.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч М.Чийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь  хэсэгт заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон, удирдах удирдуулах ёсыг баримталдаггүй, байгууллагын удирдлагыг удаа дараа хамт олны өмнө нотлогдоогүй асуудлаар гүтгэн доромжилсон, ажилчдыг уриалан дуудаж ажлын өрөөндөө  ажлын цагаар удаа дараа мөрийтэй тоглосон зөрчил гаргасан гэж үзэн төрийн албанаас халах сахилгын арга хэмжээ авчээ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “ . . . энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна ” гэж заасан байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь дээр дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч М.Чийг төрийн албанаас халах тухай захиргааны акт гаргахдаа зөрчлийг шалган тогтоолгүй төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан баталгааг хангаагүй хууль бус шийдвэр гаргасан байна.
 
Нэхэмжлэгч нь  үр дүнгийн гэрээний үнэлгээгээр 89 буюу В үнэлгээ авч, албан тушаалын нэг сарын цалингийн 15-20 хувьтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулалаар шагнагдаж байсан зэргээр албан үүргээ хангалттай гүйцэтгэж байсан , урьд нь сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болох нь  хавтаст хэргийн 90 , 91 дүгээр хуудсанд байгаа баримтаар нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч М.Ч нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын  2018 оны 04 дүгээр сарын 02-ны Б/16 дугаар тушаалаар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдож энэхүү өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Монгол ардын намын хороонд намын гишүүнээс татгалзах тухай хүсэлт гаргасан болох нь хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа хүсэлт, Баруун-Урт сумын Монгол ардын намын хорооны дарга С.Ганбатын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны 3/35 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт “ хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харъяалах намдаа  бичгээр албан ёсоор мэдэгдэх ” , 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь хэсэгт “ улс төрийн намын гишүүн байх, . . .” , гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.  
Тодруулвал, Монгол ардын намын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг ...  “ хууль тогтоомжид заасан тохиолдолд Монгол ардын намын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдэж бүртгүүлсэнээр түдгэлзсэнд тооцно “ гэсэн байх тул М.Чийг Монгол ардын намын гишүүн гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаас хариуцагч нь нэхэмжлэгч М.Чийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл  болон, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан  2019 оны 04 дүгээр сарын 04-ний 36, 32 дугаар  “  Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д  зааснаар сахилгын арга хэмжээ авах үндэслэл болж буй зөрчлийг шалган тогтоох процесс ажиллагааг хийж оролцогчийн эрхийг хангаагүй байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Тэрчлэн хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан зарчмыг зөрчиж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасныг шүүхээс буруутгаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “ Хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх ”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар “ энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх ” , захиргааны үйл ажиллагаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар “ бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ” гэдэгт нийцээгүй тул шүүхээс маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох нэг үндэслэл болох юм.
 
Цалин гаргуулах шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч М.Ч нь тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “ төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна ” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар байна.
Иймд эдгээр хуулиудын холбогдох заалтуудыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын “ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахтай ” холбоотой хэсгийг шийдвэрлэв.

Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28 ны  өдрийг дуустал, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг түүний цалингийн карт ёсоор тооцож, 118 хоногийн цалин 4567512 төгрөгийг олгуулахаар зааж шийдвэрлэлээ. Хариуцагч нь хуульд заасан холбогдох суутгалуудыг хийх нь зүйтэй болно.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам ”- ыг ашигласнаас гадна Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-д заасан “ захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн ... зэрэг нэмэгдлээс бүрдэнэ  ” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн болно.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “ улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд  хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно ” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.8, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн    “М.Чт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Чийг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа эрсдлийн удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Чт 4567512 /дөрвөн сая таван зуун жаран долоон мянга таван зуун арван хоёр / төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн газрын даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч / Мэргэжлийн хяналтын газрын санхүү/-ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.





ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭТУЯА