| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 121/2022/0950/З |
| Дугаар | 221/МА2023/0183 |
| Огноо | 2023-03-23 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2023/0183
“С... О...” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г
Гомдол гаргагч: “С... О...” ХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А
Гуравдагч этгээд: “С... ф...” ХХК
Маргааны төрөл: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч: “С... О...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Г.Н
Хариуцагч Л.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Э.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0950/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “С... О...” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр: “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасныг баримтлан С...О... ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх нь “... Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1. “зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн ... Угтаа зөрчил нь нэг үйлдлээр илрэх ба нэг нь нөгөөгөөс хамааралтай буюу хуулийн этгээдүүд нь тус бүртээ зөрчил үйлдээгүй, хоорондоо шалтгаант холбоотойгоор зөрчлийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон байхад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7. “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зүйлчлэн дахин хорин сая төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” 3.1 дүгээр зүйлийн 1. “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг ТОГТООХОД оршино”, 2. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасанд нийцэхгүй юм” гэж дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.2. Эрх бүхий албан тушаалтнаас “С... ф...” ХХК, “С... О...” ХХК-ийг тус бүртээ зөрчил үйлдсэн гэж дүгнээгүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасны дагуу зөрчил хамтран үйлдсэн гэсэн үндэслэлээр “С... О...” ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, зөрчил шалгах ажиллагааг явуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад заасны дагуу торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
3.3. Ингэхдээ эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-т “нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих" гэж тус тус заасныг баримтлан “С... ф...” ХХК-д шийтгэл оногдуулсан зүйлчлэлийн дагуу “С... О...” ХХК-д шийтгэл оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад торгох шийтгэлийн хэмжээг сонгох боломжтой байдлаар зохицуулаагүй юм.
3.4. Мөн “С... О...” ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсанаар Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор түдгэлзүүлсэн “С... ф...” ХХК-д холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон бөгөөд анхан шатны шүүхээс “С... ф...” ХХК-ийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан хэдий ч дээрх үйл баримтад үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь цаашид “С... ф...” ХХК-д холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй мэтээр ойлгогдох нөхцөл байдлыг үүсгээд байна.
3.5. Иймд анхан шатны шүүхээс “С... О...” ХХК-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0095 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үүнд:
2.1. Гомдол гаргагч “С... О...” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон, ******** дугаар шийтгэлийн хуудсаар “С... О...” ХХК-иас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд “С... ф...” ХХК-иас мах худалдан авах болзол тулгасан” гэсэн үндэслэлээр “С... О...” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Гомдол гаргагчаас тухайн үед улс даяар шатахууны үйлчилгээ үзүүлдэг компаниуд шатахууныг үйлчлүүлэгчдэд хязгаарлалттайгаар борлуулж байсан бөгөөд манай компанийн хувьд, үйлчлүүлэгчдэд шатахуун олгохдоо 20,000 төгрөгийн лимиттэй эсвэл, талоноор үйлчилж байсан. Бидний зүгээс тухайн өдөр дээрх байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан ба “С... ф...” ХХК-ийг нэмэлт талон хэрэглэгчдэд өгсөн байсан эсэхийг мэдээгүй гэж тайлбарлаж байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын Улсын байцаагчаас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/39 дугаартай удирдамжид үндэслэн хийсэн хяналт шалгалтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Тасганы овооны зүүн өвөрт байрлах “С... О...” ХХК-ийн Super 92 ШТС-1-д АИ-92 авто бензинийг төгрөгийн хязгаарлалттайгаар борлуулж байсан, тус шатахуун түгээх станцын талбайд “С... О...” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох “С... ф...” ХХК нь Махлаг махны төрөлжсөн мухлагийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор мухлагаас худалдан авалт хийсэн эхний 10 гаруй иргэн бүрд “С... О...” ХХК 40,000 төгрөг, 5,000 төгрөгийн талон, нийт 500,000 төгрөгийн талон борлуулж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу “С... ф...” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсаар Хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор “... улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн” өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэжээ.
2.4. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “...хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор хуульчилсан бөгөөд иргэн, хуулийн этгээд уг зөрчлийг гаргасан болох нь баттай тогтоогдсон тохиолдолд дээрх зохицуулалт үйлчилнэ.
2.5. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор “С... о...” ХХК-иас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд “С... ф...” ХХК-иас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хоёр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагчаас дан ганц “С... ф...” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай, “С... о...” ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй учраас шүүх энэ ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” тул “...”С... о...” ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, зөрчил шалгах ажиллагаа явуулж, хариуцлагыг зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тохируулан оногдуулсан захиргааны акт шинээр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. Харин анхан шатны шүүх “...зөрчлийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон байхад ...дахин хорин сая төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь хуульд нийсэнгүй” гэж үзээд “С... о...” ХХК-д шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.6. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.
2.7. Анхан шатны шүүхээс “...гомдол гаргагч хуулийн этгээдийг зөрчил гаргаагүйд тооцох боломжгүй” гэж үзээд “...зөрчил нь нэг үйлдлээр илрэх ба нэг нь нөгөөгөөс хамааралтай буюу хуулийн этгээдүүд нь тус бүртээ зөрчил үйлдээгүй, хоорондоо шалтгаант холбоотойгоор зөрчлийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон байхад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасантай нийцэхгүй” гэж дүгнэсэн нь зөв хэдийч нэхэмжлэгчээс нэгэнт зөрчил гаргасан байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
2.8. Өөрөөр хэлбэл, улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсаар “С... ф...” ХХК-д шийтгэл ногдуулсан нь хүчингүй болсон байхад дан ганц “С... о...” ХХК-д холбогдох зөрчилд шийтгэлийн хуудас ногдуулсан нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.1.3-д “нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих” гэж заасантай нийцэхгүй байх тул маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж шийдвэрлэх замаар хариуцагчаас өмнө гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөх боломжтой гэж үзнэ.
2.9. Түүнчлэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8535 дугаар захирамжаар “С... ф...” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг “...Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагчаас шүүхээс тогтоосон хугацаанд “С... ф...” ХХК-д холбогдуулан дахин шинэ акт гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т заасны дагуу маргаан бүхий актыг хүчингүй болсон гэж дүгнээд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд “С... ф...” ХХК-д ногдуулсан улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болсонд тооцно.
2.10. Энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий ******** дугаар шийтгэлийн хуудсаар зөвхөн “С... О...” ХХК-д хариуцлага тооцсныг Улсын дээд шүүхийн тогтоол бодитойгоор биелэгдээгүй гэж үзэх бөгөөд уг тогтоолоор нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг нэгэнт зөрчил гаргасан болохыг дүгнэсэн байхад шүүхээс гуравдагч этгээд “С... ф...” ХХК-д нөхөн шийтгэл ногдуулах боломжгүй.
2.11. Дээрхээс дүгнэвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгчийн дээрх зөрчилд холбогдуулан хариуцагчаас дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий “2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******** дугаар шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах” тухай ******** дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 /гуч/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарлалтыг “3” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА