Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон

-улсын яллагчаар М.Гансувд

             -шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Борлогууд овгийн Х.Г холбогдох эрүүгийн 2134000000119 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, ............ суух хаягтай боловч Төв аймгийн Баян-Өнжүүл сум, 3 дугаар баг оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх Борлогууд овгийн Х.Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Г нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гаднаас 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн орой Төв аймгийн Онцгой байдлын газрын өмчлөлийн 5 ширхэг био суултуурыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч Онцгой байдлын газарт 1.311.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Г нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Х.Г нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Х.Г нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гаднаас 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн орой Төв аймгийн Онцгой байдлын газрын өмчлөлийн 5 ширхэг био суултуурыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч Онцгой байдлын газарт 1.311.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/
  •  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 55-57 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 80 тал/
  • “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ын үнэлгээний тайлан /хх-ийн 37-43 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тус 5 ширхэг био ариун цэврийн суултуурыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас Ковид-19 цар тахлын үед тусгаарлах байранд тусгаарлагдсан иргэдэд ашиглуулахаар Төв аймгийн Онцгой байдлын газарт дансалж хариуцуулж өгсөн юм. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тусгаарлагдсан иргэдэд ашиглуулахаар 5 ширхэг био суултуур байрлуулсан ба тус 5 суултуур нь тухайн газраасаа алга болчихсон ингээд цагдаад мэдэгдчихээд байж байтал маргааш өдөр нь алга болсон 5 ширхэг био суултуур чинь олдчихлоо ирээд хүлээж ав гэж хэлээд би очиж бүрэн бүтэн хүлээж авсан. Тус 5 ширхэг био суултуурын 3-ыг нь ашиглачихсан суултуур байсан. 2 суултуур нь ашиглагдаагүй шинээрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
  • Гэрч Г.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах МСҮТ-ийн дотуур байранд Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх тусгаарлах байранд байсан 21 хүн нь тусгаарлах байрнаас гарах үйл явцад тусгаарлах байрны гадна талд хяналт тавихаар 18 цагт ирж үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 18 цаг 30 минутын орчимд 3 тээврийн хэрэгсэл ирсэн. Тэгээд уг тусгаарлах байр буюу дотуур байрны ертөнцийн зүгээр баруун талын хаалгаар 21 хүн гарч уг тээврийн хэрэгсэл нарт хуваагдаж суусан. Тэгээд уг 3 тээврийн хэрэгсэл тусгаарлах байрнаас гарсан 21 хүнийг гэр гэрт нь хүргэж өгөөд буцааж ирээд уг 3 тээврийн хэрэгсэлд эрүүл мэндийн газраас эмч нар ирж тээврийн хэрэгсэл нарт ариутгал хийж эхэлсэн. Тэгээд 2 тээврийн хэрэгсэл ариутгал хийлгэж дуусаад явсан. 1 тээврийн хэрэгсэл нь үлдэж тусгаарлах байранд ажилласан онцгой байдлын алба хаагч, эмч, үйлчлэгч нарыг гэр гэрт нь хүргэж өгөө буцаж ирээд дотуур байранд ажилласан 2 дугаар тогоочийг авна гээд буцаад тусгаарлах дотуур байр явсан. Тэгээд 21 цагийн орчим хог ачих ногоон өнгийн тээврийн хэрэгсэл ирэх үед дотуур байрны жижүүр, тогооч нар дотуур байрны ертөнцийн зүгээр зүүн талын гадна талын хаалганы үүдэнд зогсож байсан. 1 тогооч нь дотуур байрны төв хаалга онгойлгож өгөөд хогийн ачигч нар нь хогоо ачсан. Хог ачиж байх хугацаанд эрүүл мэндийн газрын тээврийн хэрэгсэлтэй алба хаагч нар ирэх үед хог ачиж дуусаад хогийн машин дагаад явсан. Хамгийн сүүлд 2 дугаар тогооч үлдсэн хүмүүс тээврийн хэрэгсэлд суугаад гэр гэртээ хүргэж өгөөд дотуур байранд үлдсэн хүнсний бүтээгдэхүүнийг тамгын газарт хүргэж өгнө гэж хэлээд жолооч нь явсан. 23 цаг 03 минутад онцгой байдлын алба хаагч болох ахмад Нямдаваа миний гар утас руу залгаад тусгаарлах байранд байсан суултуур алга болсон байна, чи энэ талаар мэдэх үү харсан уу гэж асуусан. Дараа нь 88177954 гэсэн дугаараас залгаад эрүүл мэндийн газраас залгаж байна, тусгаарлах байранд байсан 5 ширхэг био суултуур 2 давхрын шатны хажууд хураасан байна, та харсан уу гэж залгаж асууж байсан. 18 цаг 30 минутаас 22 цаг хүртэл би тусгаарлах байрны баруун талын хаалга болон зүүн талын хаалга, төв хаалгаар гарч ирсэн иргэд болон тусгаарлах байранд ажилласан алба хаагч нар цүнхтэй эд зүйл барьж гарч ирэх болгонд би хяналт тавиад харж байсан. Энэ үед био суултуур гарч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

-гэрч Л.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 54 минутад эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Мөнх-Эрдэнэ над руу утсаар яриад тусгаарлалтын байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийж дууслаа. Тэгтэл 5 ширхэг био суултуур байх ёстой боловч олдохгүй байна гэхээр нь би тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын улсын байцаагч Г.Отгонбаатар руу залгаж тодруулахад “би мэдэхгүй байна, тийм зүйл харагдаагүй” гэсэн. Тэгээд тусгаарлах байрны дотор нь үүрэг гүйцэтгэж байсан ОБГазрын алба хаагч Алтанбаяр руу холбогдож асуухад “манай эмч зөөнө гэж ярьж байсан, гэхдээ зөөж байгаа нь харагдаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 22 цагийн орчимд өөрөө МСҮТөвийн дотуур байр нь гаднаасаа түгжигдсэн. 1, 2 давхрын гэрэл асаалттай харагдаж байсан ба гадуур нь харагдах ямар нэг эд зүйл байгаагүй. Тэгээд 22 цаг 54 минутад Цагдаагийн газрын шуурхай жижүүрийн албанд ирж өөрөө мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

-гэрч Г.Сандагдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тус өдөр аймгийн шуурхай штабын шийдвэрээр тусгаарлалтад байсан хүмүүсийг гэр гэрт нь хүргэж өгөх ажил үүргийн хуваарьтай Биеийн тамир спортын газрын фургон машинтай ажилласан юм. Тус өдөр 20 цаг өнгөрч байхад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ажилласан эмчийг Сэргэлэн сум руу хүргэж өг гээд би тус газарт очиж эмчийг аваад Сэргэлэн суманд хүргэж өгөөд гэртээ харьсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

-гэрч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдөр Г эмч над руу залгаад тусгаарлах байранд ашигласан био суултууруудыг яах вэ гэж асууж байсан. Би хариуд нь тусгаарлах байранд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж дуусгах хүртэл био суултууруудыг байршлаас нь өөрчилж хөдөлгөхгүй халдвартай байж болзошгүй халдвар тархах эрсдэл үүснэ гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

-“ЭМ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №07/78 дугаартай “... Нийт дүн 1.311.250 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 37-50 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 75 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 32 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 80 тал/ 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч А.Мөнхжаргал нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Х.Гад холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Х.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 Шүүгдэгч Х.Гад холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Борлогууд овгийн Х.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Борлогууд овгийн Х.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулах болохыг сануулсугай.

           

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г нь шүүхээс тэнссэн 6 сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА