Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ТӨҮГ /РД: 2550466/

Хариуцагч: Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаартай шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч П.Н, гэрч Ш.Б нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-ийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Зүүн үнэгт” MV-004487 тоот тусгай зөвшөөрөл бүхий орд “Хөх дэл”-ийн хайлуур жоншны ил уурхайд өрмийн машины туслах М.Амарсайханы зүүн гарын 3 хуруу гэмтсэн осол гарч ослыг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актаар хянуулсан.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагч П.Н нь тухайн ослын талаар шалган шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн хуулийг буцаан хэрэглэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулсан шийтгэл албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 45 дугаартай акт нь хуульд нийцээгүй

Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь өмнө нь гарсан зөрчил дээр хуулийг буцаан хэрэглэсэн.

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-10 дахин гэсэн дээд хязгаар гэж үзвэл 2 сая 400 мянган төгрөгний торгууль оногдуулах ёстой байсан.

Гэтэл Зөрчлийн шинэ хуулиар 3 сая төгрөгөөр торгосон, энэ агуулгаараа эрхийн акт нь хуулийн шаардлага хангаагүй, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг нь дордуулсан, эрхийг нь хөндсөн шийдвэр гаргасан.

Мөн байцаагчийн хяналт, шалгалт хийсэн тэмдэглэл дээр зөрчлийг арилгуулах талаар хамтарсан албан шаардлага хүргүүлэх гээд байсан, байцаагчийн албан шаардлага гэдгийг би байцаагчаас гарч байгаа шийдвэр гэж ойлгож байгаа.

Өөрөөр хэлбэл шалгалтаар илэрсэн асуудлыг албан шаардлагаар шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар 45 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

 

Хариуцагч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13/225 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Хөх дэл”-ийн хайлуур жоншны уурхайд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Бид хяналт шалгалтыг хийхдээ батлагдсан удирдамж, хяналт шалгалтыг хийх хяналтын хуудсаар хяналт шалгалтыг газар дээр нь хийдэг. Тухайн үед эдний дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэлээдгүй зөрчлүүд илэрсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн нийтлэг үүрэг байдаг, энэ хуулиар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийгээгүй байсан. Энэ нь хяналтын хуудсан дээр тодорхой байгаа. Мөн ялгалтын хэсэгт суурилагдсан цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын анхааруулах санамж тэмдэг байрлуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын гэрчилгээ аваагүй, тоног төхөөрөмжүүдийн техник ашиглалтын паспорт нээж, техник ашиглалтын паспортод хөтөлгөө хийгдээгүй байсан. Үйлдвэрийн осол гаргасан зөрчил нь тухайн хяналт шалгалт хийгдэхээс өмнө бүртгэгдсэн  байсан. Хяналтын хуудасны асуумжид “Сүүлийн 1 жилийн хугацаанд үйлдвэрийн осол гаргасан уу?” гэсэн асуулт байдаг үүн дээр сүүлийн 1 жилд осол гаргасан зөрчилд орчихож байгаа учраас үйлдвэрийн осол гаргасан гэдгээр авсан байгаа. Ингээд нийт үнэлэгдсэн дүнгээрээ бол их эрсдэлтэй буюу 78,6 хувьтай үнэлэгдсэн. Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам хангаж ажиллаагүй гэсэн үг, үсэг байдаг, үүнд нь байцаагчийн хяналтын хуудсаар оноо тавигдсан нь зөрчилд тооцогдож ордог. Нэхэмжлэгч талын зүгээс үйлдвэрийн осол болсон зөрчлөө хяналт шалгалтаас өмнө болсон, хуучин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлээр хариуцлага тооцоогүй гэж үзээд байх шиг байна. Миний хувьд тухайн үед хяналтын хуудсаа нотлох баримт болгож, хяналтын хуудсан дээр оноо тавигдсан зөрчилтэйд тооцогдсон асуултуудаар л хариуцлага тооцсон” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ТӨҮГ-иас Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаартай шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13/225 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн[1] дагуу тус газрын мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Н

2019 оны 9 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд “Монгоросцветмет” ТӨҮГазрын харьяа Бор-Өндөр УБҮ-ийн  Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Зүүн үнэгт” MV-004487 тоот тусгай зөвшөөрөл бүхий орд  “Хөх дэл”-ийн хайлуур жоншны уурхайд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтаар   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн нийтлэг үүрэг байдаг, энэ хуулиар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийгээгүй, ялгалтын хэсэгт суурилагдсан цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын анхааруулах санамж тэмдэг байрлуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын гэрчилгээ аваагүй, тоног төхөөрөмжүүдийн техник ашиглалтын паспорт нээж, техник ашиглалтын паспортод хөтөлгөө хийгдээгүй[2], ил уурхайн өрмийн машины туслах А.Аы зүүн гарын 3 хуруу гэмтсэн үйлдвэрийн осол гаргасан[3] болохыг тогтоожээ

“М” ТӨҮГазрын гаргасан дээрх зөрчлүүдэд холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар[4] “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасныг үндэслэн шийтгэл оногдуулжээ.

Монгол Улсад хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, зөрчлийг гэмт хэргээс тодорхой үйлдэл, түүний шинжээр ялгамжтай зааглах үүднээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж хуульд заасан захиргааны хариуцлага, түүнд хүлээлгэх торгууль, эрх хасах шийтгэлийг төрөлжүүлэн нэгтгэсэн Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталж, уг хуулиудыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг тогтоожээ.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч П.Н нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13/225 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 29 өдрийн хугацаанд хяналт шалгалт хийхээр байжээ[5].

Гэтэл хариуцагч П.Н Хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д заасан ”шалгалт эхлэх болон дуусах хугацаа” тогтоосон эрх бүхий албан тушаалтны баталсан дээрх удирдамжид заасан хугацаанд хяналт, шалгалт хийж гүйцэтгэх байсан хэдий ч энэ хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлж З сарын дараа нөхөн шалгалт хийж энэ хуулийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно”, 51.2.Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна..

 Мөн нотлох баримтаар авагдсан шалгалт хийсэн тухай тэмдэглэлээс[6] үзвэл

“илэрсэн зөрчилд хамтарсан албан шаардлага өгсөн” арга хэмжээ авсан байх бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  "албан шаардлага гэдгийг танайхаас гарч байгаа шийдвэр гэж үзэж болох уу” гэх асуултад хариуцагч  “болно” гэж хүлээн зөвшөөрсөн болно[7].

Түүнчлэн хэрэгт авагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц, хордлогыг судлан бүртгэсэн актаар 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ил уурхайн өрмийн машины туслах А.Аы зүүн гарын 3 хуруу гэмтсэн үйлдвэрийн ослыг бүртгэж шийдвэрлэсэн.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамаарахгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т заасан шийтгэл оногдуулж байгаа нь буруу.

Зүй нь тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан зохицуулалтаар шийдвэрлэхээр байжээ.

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.”, 1.4 дүгээр зүйлийн 1.1.“зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг; 1.2.“зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг; гэж тодорхойлсон.

Зөрчлийн тухай хуулийн 1.9-д заасан “зөрчлийн шинжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон, зөрчил үйлдсэн хүн нас барсан, тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол” гэсэн тохиолдлуудад зөрчлийн хэрэг нээхгүй, хэрэг бүртгэлтийн ажиллагаа болон шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй байхаар ойлгогдож байна.

Гэтэл хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Н нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаартай шийтгэлийн хуудсаар хуулийн этгээдэд “Зөрчлийн тухай хуульд” заасан шийтгэл оногдуулсан ч энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “...прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”-гүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д заасан “Эрх бүхий албан тушаалтан  хялбаршуулсан  журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй[8].

Энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-ийг тогтоогоогүй байна.

Гомдол гаргагч анхнаасаа “...хуулийг буцаан хэрэглэсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т зааснаар 2 сая 400 мянган төгрөгөөр торгох байсан. Акт нь хуулийн шаардлага хангаагүй, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг нь дордуулсан, эрхийг нь хөндсөн шийдвэр ...” гэж маргаж байсан зэргийг харгалзан үзэх ёстой байжээ.

Нөгөөтээгүүр хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7-д  “Шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газар батална”-сан албан ёсны маягт хэрэглээгүйгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйл заасан “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах”  эрхийг хязгаарласан байна.

4. Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...шийдвэр нь үндэслэл бүхий байх...” зарчмыг баримтлаагүй буюу хариуцагч өөрийн шийдвэрийн хууль хууль ёсны эсэхэд тавих хяналтыг болон захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх, нөхцөл байдлыг судлан тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг эрх, үүргийг зааж, сонсох ажиллагаа явуулах, хугацаа тодорхойлох үүргийг хэрэгжүүлээгүй байх тул Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1.2, 1.9 дүгээр зүйл, Хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.2.6, 5.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ТӨҮГ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаартай шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.Б 

 

 

 

 

 

 

             

 

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 39-40 хуудас

[2] Хавтас хэргийн 41-45 хуудас

[3] Хавтас хэргийн 11-12 хуудас

[4] Хавтас хэргийн 52 хуудас

[5] Хавтас хэргийн 40 хуудас

[6] Хавтас хэргийн 41 хуудас

[7] Хавтас хэргийн 67 хуудас

[8] Хавтас хэргийн 68-69 хуудас