Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1070

 

 

 

 

 

 

 

 

 

“Жинст заан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа  даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00539 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Жинст заан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Альфакредит” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 053 420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Туяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Гарьд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани захиалагч “Альфакредит” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр  Чингэлтэй дүүрэг, 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфакредит” ХХК-ийн зочид буудлын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлын эхний үе шат буюу төмөр бетон карказ цутгалтын ажлыг 122 400 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 1 м.кв төмөр бетон карказ цутгалтын ажлыг 53.217 төгрөгөөр тохирсон ба суурь болон 6 давхрын цутгалтыг хийж дууссан үед, 8-р сард санхүүжилт байхгүй гэж ажил зогссон. Биднийг өөрсдийн мөнгөөрөө хийгээч гэсэн ба бид боломжгүй гэсэн. Тэр хүртэл манайх нийт 67 053 420 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагч “Альфакредит” ХХК нь гүйцэтгэгч “Жинст заан” ХХК-д ажлын хөлс 53 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэрээний 4.5-д гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх дүнг чанарын баталгаа болгож Улсын комисст амжилттай хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд захиалагч өөрийн дансанд хуримтлуулна, үүнийг үе шатны гүйцэтгэл тус бүрийн санхүүжилтээс хасаж тооцож байх, мөн гэрээний 4.6-д Төслийн чанарын баталгаа болгож нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийг барилга ашиглалтанд орсноос хойш 1 жилийн хугацаанд захиалагч тал өөрийн дансанд байлгана гэж заасан. Үүний дагуу санхүүжилтээс 15 хувийг шилжүүлэх бүртээ авч үлдэж байсан. Захиалагч мөнгийг давхар, давхар тус бүрээр өгч байсан. Гэтэл захиалагч нь ямар ч шалтгаангүйгээр гэрээгээ цуцлах саналыг гаргаж, өөр компаниар карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээг цуцлахдаа “Жинст заан” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 14 053 420 төгрөгийг өгнө гэдэг боловч өдий хүртэл шилжүүлэн өгөхгүй байна. Иймд  “Альфакредит” ХХК-иас 14 053 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч С.Гарьд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Жинст заан” ХХК нь Чингэлтэй дүүргийн 5-р хороонд баригдсан манай захиалгат ажлын барилгын ажлын төмөр бетон бүтээцийн угсралтын ажлыг 2015 оны 06 сарын сүүлчээс 08 сарын хооронд гүйцэтгэгчээр ажилласан. Барилгын стандарт, хууль тогтоомж, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг байнга зөрчиж захиалагчийн зүгээс удаа дараа өгсөн үүрэг зөвлөмжийн дагуу урьдчилан мэдэгдэлгүй ажлаа хаяж алга болсон. Мөн “Жинст заан” ХХК нь захирлаас өөр ажилчингүй нэг хүнтэй компани бөгөөд ажил гүйцэтгэх чадамж, чадваргүй. 12 давхар хүртэл барилга угсрах зөвшөөрөлгүй байсан зэргийг нь үндэслэн 2015 оны 8-р сард гэрээг цуцалсан. Үүнд манай буруу байхгүй. Манай компани нь “Жинст заан” ХХК-д хийгдсэн ажлын төлбөрийг тухай бүрт олгож байсан бөгөөд одоо үлдэгдэл төлбөргүй болно. Суурь, 6 давхрын карказыг босгосон. Давхрын талбайн хэмжээ ижил юм. Гэрээний үүрэг дууссан, шаардах эрх дууссан. Харин манай компанийн зүгээс Барилгын угсралтын ажлын явцад вибератор чигжилтийг муу хийснээс болж зоорийн давхраас 5-р давхар хүртэл бетоны сийрэгжилт, нүхжилтүүд гарсны улмаас угсралтын дараа дахин хөрөнгө гарган уг давхруудад мэргэжлийн инженер болон компаниар хүчитгэлийн ажлыг хийлгэсэн. Харин манай компанид ихээхэн хохирол гарсныг барагдуулахаар “Жинст заан” ХХК-д хандахаар бэлтгэж байна. Гэрээний үнийн дүн анх нэхэмжлэлд бичсэн 112 400 000 төгрөг нь зөв ба 122 400 000 төгрөг гэсэн нь техникийн алдаа юм. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, хаяг нь буруу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар 343.1-ийг баримтлан Альфакредит ХХК-аас 14 053 420 төгрөгийг гаргуулж Жинст заан ХХК-д олгож, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 254 754 төгрөгийн 228 217 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 228 217 төгрөгийг, улсаас 26 537 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

               Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь хэсгүүдэд хэргийн оролцогч эсрэг талын шаардлага, тайлбартай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, мөн хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж хуульчилж өгсөн байдаг. Гэвч анхан шатны шүүх хариуцагчаар оролцох эрхээр минь хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй болно. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй учир 67 дугаар зүйлд заасан шүүгчийн ажиллагаа ерөөсөө хийгдээгүй болно. Нэхэмжлэгч тал болох "Жинст заан" ХХК нэхэмжлэлд дурдсан хаягтаа ерөөсөө байдаггүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байдаг. Гэвч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тухайн хаягтаа байдаг, үйл ажиллагаа явуулж байгаа гэж үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргаагүй, худал мэдүүлэг гаргасан байдаг. Хариуцагч талаас шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн хаягийг тодруулах хүсэлтэй байсан. Учир нь бид бас "Жинст заан" ХХК -ийг шүүхэд өгөх хүсэлтэй байсан ба хаяг нь тодорхойгүй, хаана байгаа  нь мэдэгдэхгүй байсан тул шүүхэд "Жинст заан" ХХК-ийн хаягийг тодруулах хүсэлт гаргасан. Уг компани нь ажиллах явцдаа ажлыг чанар муутай гүйцэтгэхийн зэрэгцээ Барилгын стандарт, хууль тогтоомж, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг байнга зөрчдөг, захиалагчийн зүгээс удаа дараа өгсөн үүрэг зөвлөмжийн дагуу урьдчилан мэдэгдэлгүй ажлаа хаяж алга болсон. Мөн "Жинст Заан" ХХК нь захирлаас өөр ажилчингүй 1 хүнтэй компани бөгөөд ажил гүйцэтгэх чадамж, чадваргүй, 12 давхар хүртэл барилга угсрах зөвшөөрөлгүй байсан зэргийг нь үндэслэн гэрээг цуцалсан. Харин манай компанийн зүгээс Барилгын угсралтын ажлын явцад вибератор чигжилтийг муу хийснээс болж зоорийн давхараас 5-р давхар хүртэл бетоны сийрэгжилт, нүхжилтүүд гарсны улмаас угсралтын дараа дахин хөрөнгө гарган уг давхаруудад мэргэжлийн инженер болон компаниар хүчитгэлийн ажлыг хийлгэж ихээхэн хохирол гарсныг барагдуулахаар "Жинст Заан" ХХК-ыг шүүхэд өгсөн. Хэргийн оролцогчийн хаяг тодорхой болсноор бид нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх,сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй буюу сөрөг нэхэмжлэл гаргах эрхээр хангагдах байсан. Хаяг тодорхойгүй байсан учир  нэхэмжпэлийн бүрдүүлбэрийг хангахгүй байсан болно. Мөн манай байгууллагын хаяг Чингэлтэй дүүргийн 5-р хороо бус, 4-р хороонд үйл ажиллагаа явуулдаг. Чингэлтэй дүүргийн  Засаг даргын тамгын газрын байр болон Нийслэлийн шүүхийн дунд байрладаг. Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй зэрэг зөрчлүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учир хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү. Мөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан эсэх талаар хэргийг бүхэлд нь үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Жинст заан” ХХК нь хариуцагч “Альфакредит” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 053 420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч  эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Альфакредит” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ухнаа овогтой Солонгыг  захирлаар томилсныг  бүртгэж, хувь нийлүүлэгчид 1 нэмэгдэж, 1 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн байна. /хх-ийн 30 дугаар тал/

 

Гэтэл анхан шатны шүүх “Альфакредит” ХХК-ийн захирал гэх Д.Ганхуягаас олгосон 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн Ц.Золзаяад нэхэмжлэлийн хувь гардуулж, эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч “Жинст заан” ХХК-ийн оршин байгаа газрыг тодруулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй, нэхэмжлэгч үнэн зөв тайлбар гаргаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч “Жинст заан” ХХК-д холбогдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хариуцагчийн эрхийг шүүх хязгаарлаагүй, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг үнэн зөв тайлбар гаргаагүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5  дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00539 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА                                       

                                                          ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН                                                                                                         

                                                                                                          Г.ДАВААДОРЖ