Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 377

 

“Манлай-Од” хоршооны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа,  нэхэмжлэгч “Манлай-Од” хоршоог төлөөлж тус хоршооны дарга С.Бямбадоо нарыг оролцуулан, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар магадлалтай, “Манлай-Од” хоршооны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч З.Эрдэнэцэцэгт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.1.10, 15.1.11, 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 52.3, 5.9.1, 5.9.2, 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “Манлай-Од” хоршооны дарга С.Бямбадоогийн 3авхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч З.Эрдэнэцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-07-003/207 тоот дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 485 дугаар магадлалаар Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг” “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.9.8, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д заасныг баримтлан” гэж өөрчилж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.    

Нэхэмжлэгч “Манлай-Од” хоршоог төлөөлж тус хоршооны дарга С.Бямбадоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр”, 34.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагын дагуу үнэлээгүй, хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1. Би Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч З.Эрдэнэцэцэгийн 2015 оны 10 сарын 15-ны өдрийн 07-07-003/207 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Уг дүгнэлт бол “Манлай-Од” хоршооны дарга намайг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж мөн шүүх уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Ингэхдээ өөрийн эзэмшлийн бохир ус зайлуулах шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах ёстой гэж үзэж миний үйлдлийг буруутгаж байна. Гэтэл миний маргаан үүсгэсэн гол үндэслэл бол Б.Буяндалай. Б.Буянаа, Д.Баттогтох, Н.Нямсүрэн, Ө.Мичидгоо зэрэг бусад хэрэглэгчдийг өөрийн эзэмшлийн бохирын шугамаас холболт хийхийг огт зөвшөөрөөгүй асуудал биш бөгөөд холболт хийж болно, гэхдээ Иргэний хууль болон Газрын тухай хуулийн дагуу бохирын шугам сүлжээг өмчлөгч, газар эзэмшигч надтай зөвшилцөж, харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр буюу барилгын норм дүрэм, стандартын дагуу байх шаардлага хангасан хоолойгоор өмнө тавьсан D-100 мм-ын хоолойг заавал сольсны дараа холболт хийж хамтран ашиглаж болно гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Гэтэл миний энэхүү шаардлагыг Мэргэжлийн хяналтын газрын байцаагч болон анхан шатны шүүхээс намайг өөрийн эзэмшлийн бохирын шугамаас бусад хэрэглэгч нарыг холболт хийхийг огт зөвшөөрөхгүй байгаа мэтээр буруу тайлбар хийж Хот суурины ус хангамж, ариутгах татуурын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, Иргэний хуулийн 138.1 дэх заалтуудаар намайг буруутгаж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Хэдийгээр дээрх хуулийн дагуу гуравдагч этгээдүүд нь манай эзэмшлийн газар болон бохирын шугамаар дамжин төв шугамд холбогдох эрхтэй ч гэсэн бохирын салбар, шугамын холболтын ажил нь барилгын тусгай норм дүрэм, стандартын дагуу хийгдэх ёстой. Хуулиар эрх олгогдсон байлаа гээд тэр эрхээ ямарч хамаагүй аргаар хэрэгжүүлж болохгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй алдаа гаргасан гэж дүгнэсэн.

Иймд нэхэмжлэгчийн шаардлага хууль эрх зүйн үндэстэй бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 07-07-003/207 дугаартай дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг нь хууль зөрчсөн.

2. Шинжээч нарын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийн 2-т БНбд 40-01-06 2-н 33 дугаар үндэслэлийн дагуу Завхан аймгийн Улиастай хотын инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санд бүртгэгдсэн схемийн 2 дугаар худгаас 4 дүгээр худаг хоёрын хооронд 51.2 м шугамыг D-150 мм-ын стандартын хоолойгоор солих нь зүйтэй гэж заасан. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дээрх шинжээч нар дахин дүгнэлт гаргахдаа стандартын хоолойг солих асуудал нь талууд тохиролцож шийдэх асуудал юм, сольж болно, болохгүй ч байж болно гэсэн утгатай, үндэслэлгүй заалтыг гаргасан. Энэ үндэслэлгүй заалт нь барилгын ямарч норм дүрэм, стандартад байхгүй болно. Хэрвээ хоорондоо тохиролцоод шийдчихдэг, стандарт хамааралгүй дуртайгаа хийж болдог зүйл байсан бол барилгын норм дүрэм, стандарт гэж байх шаардлагагүй юм.

Ингэж дээрх шинжээч нарын гаргаж байгаа хоёр дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилдөж байгаа нь илт байхад энэ талаар ямар ч үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр уг шинжээчдийн аль дүгнэлт нь үндэслэлтэй, аль нь үндэслэлгүй, болохыг харьцуулан үзээд нотлох баримтыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь бодитой үнэлэлгүй, зөвхөн С.Бямбадоо гэдэг хүн бусад хэрэглэгч нарын эрхийг эдлүүлэхгүй байна гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэсгүй байна. Эхний томилсон дээрх шинжээчийн дүгнэлт нь илт зөрүүтэй, зөрчилтэй байгаа тохиолдолд дахин шинжээч томилох ёстой. Гэтэл анхан шатны шүүх дахин шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

3. 2010 онд би Буяндалайн эзэмшлийн сургуулийг бохирт холбуулсан боловч холбогдох гэрээ хэлцлийг албан ёсоор хийлгүйгээр 2014 оныг хүргэсэн. Үнэндээ Буяндалайн бохир нь 2014 оны 8 дугаар сар хүртэл огт ажиллах боломжгүй байсан бөгөөд энэ нь төвлөрсөн цэвэр усны системд холбогдоогүйтэй холбоотой юм. 2014 онд нэмж хэрэглэгч холбуулахаар манайхтай гэрээ хийлгүйгээр холболтыг хийсэн. 2010 оны техникийн нөхцөл нь зөвхөн Буяндалайд хамааралтай. Дахин 2014 онд шинээр холболт хийх бол техникийн нөхцөлөө шинээр авч, бохир ус холбох зөвшөөрлөө манайхаас дахин шинээр авах, газар ашиглах болон бохир усны шугам ашиглах гэрээнүүдээ шинээр хийх шаардлагуудыг олон удаа тавьсан.

Гэвч энэ шаардлагуудыг Буяндалай биелүүлээгүйн улмаас 2014 оны 8 дугаар сард өөрийн эзэмшлийн бохирын шугамдаа хаалт хийсэн түүний болон бусад нэр бүхий хүмүүс манай тавьж байсан шаардлагыг биелүүлж 2015 онд гэрээ хэлцлээ хийж холболтоо хийхээр тохирсон боловч 2015 оны 10 дугаар сард гаргасан мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч З.Эрдэнэцэцэгийн үндэслэлгүй дүгнэлтийн улмаас гэрээ хэлцэлгүйгээр холболт хийхийг зөвшөөрсөн нь хууль зөрчиж хоршооны эрх ашгийг хохироож байгаа юм.

4. Татан зайлуулах шугам гэсэн илт зөрүүтэй ойлголтыг адилтган үзсэн нь байцаагчийн буруу дүгнэлт, анхан болон давж заалдах шатны шүүхийн буруу шийдвэр, магадлал гаргахад нөлөөлсөн.

5. Мөн шүүхээс “нэхэмжлэгчид бодитой хохирол учраагүй, ...зөвхөн ирээдүйд бий болж болзошгүй хохирлын талаар буюу бохир усны шугамын ачаалал даахгүй гэх таамаглалаар хөрш газрын өмчлөгч болох гуравдагч этгээдийн бохир усны шугамыг тасалсан үйлдэл нь хуульд нийцэхгүй байна” гэж дүгнэсэн. Гэрээ хэлцэл байхгүйн улмаас хожим гарах нөлөөлөл эрсдэлийг харгалзаж үзээгүй. Барилгын хүчин төгөлдөр норм дүрэм, стандарт /БНбд 40-01-06/ зөрчигдсөөр байтал заавал бохирын шугам нь ачааллаа даахгүй, “Манлай-Од” хоршооны эзэмшлийн газар нь бохирдохыг нь хүлээж байгаад ийм бодитой нөхцөл байдал үүсч хохирол учирсных нь дараа арга хэмжээ авах ёстой мэтээр дүгнэлт, шийдвэр, магадлал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар магадлал хуулийн шаардлага хангаагүй тул шийдвэр, магадлалыг хянан үзэж Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч З.Эрдэнэцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-07-003/207 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  улсын ахлах байцаагч З.Эрдэнэцэцэг нь “Амь-ус трейд” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон нэр бүхий иргэдийн гомдлын дагуу иргэн Б.Буяндалайгийн эзэмшлийн барилгын гаднах “бохир усны шугам хоолой ажиллахгүй болсон шалтгаан”-ыг тодруулах зорилгоор гомдол гаргагч “Амь-ус трейд” ОНӨҮГ-ын ерөнхий инженер Г.Баттулга, нэхэмжлэгч С.Бямбадоо нарыг байлцуулан байдлыг газар дээр нь шалгаж, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-07-003/207 дугаартай дүгнэлтийг “Амь-ус трейд” ОНӨҮГ-т холбогдуулан гаргасан байна.

Уг дүгнэлтийн нэг дэх заалтад “шугам хоолой ажиллахгүй болсон шалтгаан нь С.Бямбадоо нь дур мэдэн бохир усны шугам хоолойг тасалснаас болсон байна” гэж, хоёр дахь заалтад “...“Амь ус трейд” ОНӨҮГ нь иргэн Б.Буяндалайд техникийн нөхцөл олгосон, аж ахуйн гэрээ хийсэн тул барилгыг цэвэр усаар хангах, бохир усыг зайлуулах, иргэн С.Бямбадоогийн тасалсан шугам хоолойг ажилд оруулах шаардлагатай” гэж дурджээ.

Нэхэмжлэгч “Манлай-Од” хоршооны захирал С.Бямбадоо нь “...Б.Буяндалай манай бохир усны гадна системд хөрөнгө оруулаагүй, ...2010 онд манай руу бохир усны хоолой холбосон мөртлөө гэрээ хийгээгүй, ...2014 онд нэмэлт холболт хийлгэх, үүний дараа гэрээ байгуулна гэсэн шаардлага тавьсан учир ашиглалтгүй байсан хоолойг тасалсан нь хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу ...ашиглахыг хориглон хаалт хийсэн” гэж маргаж, уг дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, “Амь-ус трейд” ОНӨҮГ болон Улиастай сумын “Жинст” багийн  8, 8а-8г тоот хаяг дахь үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч иргэдээс “бохир усны шугам бөглөрсөн” гэх асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх талаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан болох нь тогтоогдсон байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл,… бусад үндэслэлээр хийнэ”, 52.3-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ”, 10 дугаар зүйлийн 10.8-д “улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан,... дүгнэлт, ...хэрэглэнэ”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина” гэж тус тус заасан байна.

Иймээс, улсын байцаагч З.Эрдэнэцэцэг нь иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан өргөдөл, гомдолд үндэслэн төлөвлөгөөт бус шалгалт хийж, “бохирын шугам ажиллахгүй болсон” нөхцөл байдлын тогтоон, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар хүлээсэн үүрэгтэй холбогдуулан хангагч байгууллага болох “Амь-ус трейд” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан дүгнэлт үйлдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр уг дүгнэлтээр нэхэмжлэгчид ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй байна.

Анхан болох давж заалдах шатны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч улсын байцаагчийн “дүгнэлт”-тэй холбоогүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын гомдлын “...намайг өөрийн эзэмшлийн бохирын шугамнаас бусад хэрэглэгч нарыг холболт хийхийг огт зөвшөөрөхгүй байгаа мэтээр, ...бохир усны шугамын ачаалал, үүсэх нөхцөл байдлын талаар буруу дүгнэсэн” гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзнэ.

Учир нь улсын байцаагчийн дүгнэлтээр “шугам тасалснаас болж” хангагч “Амь-ус трейд” ОНӨҮГ-аас техникийн нөхцөл авсан, тус байгууллагатай гэрээ байгуулсан иргэн Б.Буяндалай нь хэрэглэгчийн эрхээ эдэлж чадахгүй байгааг тогтоосноос биш нэхэмжлэгчийн зааг эзэмшлийн бохир усны шугамын хүчин чадалд үндэслэн шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөл олгох, хуучин холбогдсон байсан хэрэглэгчийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор стандартад нийцсэн ямар материал, диаметртэй шугам хоолойгоор сольж холбох, С.Бямбадоо нь хил залгаа газар эзэмшигч этгээдэд өөрийн эзэмшлийн газраар дамжин өнгөрөх шугам хоолой бариулах зөвшөөрлийг өгөх, нөхөн төлбөр шаардах эрх нь өөр харилцаагаар зохицуулагдах юм.

Харин 2 шатны шүүхийн тухайн маргаанд хамааралгүй асуудлаар хийсэн дүгнэлт нь улсын байцаагчийн 2015 оны 047-07-003/207 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл биш болно.

Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                              Ч.ТУНГАЛАГ