Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч Ч.Өлзий /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн

Шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Ө-д холбогдох эрүүгийн 2034000000652 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалал мэргэжилтэй, Хан хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Г.Ө

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Ө нь Хан хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын ажилтан буюу төрийн албан хаагч байх хугацаандаа Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багийн нутаг “Ширээ гол” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 3.883.170 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Ө: “Гэм буруу дээрээ маргахгүй учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.Өлзий: “Шинжээчийн гаргасан хохирлыг төлж барагдуулбал гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 тал/, хохирогч Ч.Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 тал/, Хан хэнтий улсын тусгай хамгаалалтын газрын даргын тушаал /хх-ийн 53 тал/, яллагдагч Г.Өгийн мэдүүлэг /хх-ийн 3 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ө нь Хан хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын ажилтан буюу төрийн албан хаагч байх хугацаандаа Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багийн нутаг “Ширээ гол” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 3.883.170 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Ч.Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “...Иргэн Г.Ө нь Төв аймгийн Баяндэлгэр сум 1 дүгээр баг “Ширээ гол” гэх газраас Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан Г.Ө нь зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн байна гэх хэрэгт Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газраас намайг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах болсон юм. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой судалгаа, хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,
  • Хан хэнтий улсын тусгай хамгаалалтын газрын даргын тушаал /хх-ийн 53 тал/,
  • 2020 оны 3 сарын 29-ний өдрийн №19-04-014/01 тоот шинжээчийн дүгнэлт /хх-98 тал/
  • Шүүгдэгч Г.Өн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ : “....Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг “Ширээ гол гэх газраас шинэс мод унагааж малын саравч барихаар болсон. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр түлээ бэлтгэдэг нэрийг нь сайн мэдэхгүй байна хужаа хөрөө аваад “Ширээ гол” гэх газар луу явсан уг газар нь постноос 2 км орчим зайд байдаг юм. Тухайн газраа ирээд 30 орчим шинэс модыг тайрч унагаасан бөгөөд 1 модноос 2-с 3 ширхэг 3.5 метр хэмжээтэй модыг бэлтгэж эхэлсэн. 21-ний өдөр моднуудаа хөрөөдөж унагаасан, 22-ний өдөр тайрч 200-с 300 метр газар машин дээр ачих боломжтой газар хүртэл моднуудаа чирсэн бөгөөд 8 дугаар сарын 23-ны өдөр пост руугаа очиж машин хайж байгаад цэнхэр өнгийн портер машинтай хүнтэй уулзаж “тэнд мод бэлтгэсэн байгаа зөөгөөд өгөөч гээд” 20 литр түлш өгөөд моднуудаа хашаа барих газар луугаа зөөсөн. Би одоо тэр машиныг үнэхээр мэдэхгүй байна. Танихгүй хүн байсан юм. Хашаа барих газартаа моднуудаа буулгаж байж байгаад 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хашаагаа ганцаараа барьж эхлээд 10 дугаар сарын 04-ний өдөр барьж дууссан юм. Би ганцаараа барьсан учраас удаан бас гүйцэт барьж чадаагүй юм. Ингээд байж байхад 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Экологийн цагдаагийн албанаас хүмүүс хүрч ирээд намайг шалгасан...Би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Өг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт шалгагдвал зохих зүйлсийг бүрэн шалгасан байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч Г.Өг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Г.Ө нь байгаль орчинд нийт 11.649.510 төгрөгийг хохирол учруулснаас 7.766.340 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэх 3.883.170 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор / 2021 оны 8 сарын 24 / төлөхийг шүүгдэгч Г.Өд үүрэг болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх ялын саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Г.Өн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүх шүүгдэгч Г.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдал зэргийг харгалзан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэлээ.

 

            Бусад асуудлаар:

            Эрүүгийн 2034000000652 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон  иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй шүүхэд ирээгүй шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хүрээнд тус тус хянан шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Г-г төрийн албан хаагч байх хугацаандаа зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгй хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Г.Ө-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3.883.170 төгрөгийг шүүхийн заасан хугацаанд / 2021 оны 8 сарын 24-ны дотор/ арилгах талаар арга хэмжээ авах үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ө хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн 2034000000652 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоногдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 7.766.340. төгрөг төлсөнг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Ю.ЭНХМАА