| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0113/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/121 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
-улсын яллагч П.Даваасүрэн,
-хохирогч Г.Ариунаа /онлайн/,
-шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ц. Цд холбогдох 2034000000705 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овгийн Ц.Ц
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Шүүгдэгч Ц.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалан уул 1 дүгээр багийн нутагт хохирогч Г.Ариунаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед хамар ясны хугарал, дух доод уруул, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, бугалга, зүүн баруун шуу, цээж баруун даланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.Ц нь мэдүүлэхдээ: “Хэрэг болдог өдөр эгч маань хот явах гээд би гэрийг нь сахиж үлдсэн. Хотоос буцаад ирэхдээ хүргэн ах эгч эдгээр хүмүүс архи уусан согтуу ирсэн ирэхэд нь би хоол хийж өгсөн. Тэгээд би эгч рүү яриад ээж энэ хэд хоноод явна гэж байна шүү гэж хэлчхээд эргээд гэрт орж ирэхэд дахиад нэг шил архи задалчихсан уугаад сууж байсан. Тэгээд хүргэн ах бэр эгч хоёр хоёулаа намайг архи уу гээд шахсан. Ер нь бэр эгч надтай болон ээжтэй маань байсан жоохон байхаас минь эхлээд таарамжгүй харилцаатай байдаг байсан. Тэр таарамжгүй харилцаагаа надад гаргаад намайг хоол ид гээд хэлэхэд миний гуя руу сэрээгээр хатгасан мөн алгадсан би тэр үед нь юм хэлээгүй. Тэгж байж байгаад дахиад архи уухаар болоод сумын төв рүү архинд явсан. Тэр хооронд би гэртээ хүүхэдтэйгээ үлдсэн байсан, буцаж ирэхгүй хоёр цаг гаран болсон. Тэгээд би эгч рүү яриад энэ хэд архинд явсан ирэхгүй байна гэж хэлсэн гэтэл наад хэдийгээ явуулж болохгүй сумын төв дээр цагдаа байгаа гэж хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа эмнэлгээс залгаад баригдаад асуудал үүсгэсэн байна гэж хэлээд эрүүл хүн байвал ирж машиныг нь ав гэж хэлсэн. Гэрт ирчихээд хүүхдийн орон дээр байж байхад босоод ир өндийгөөд суучих гээд байсан тэгээд юм яриад сууж байсан чинь хадмууд гэж юу юм бэ гэх мэтээр яриад байсан. Намайг зөндөө хэл амаар доромжилж маргаан үүсгэсэн. Тэгээд би согтуу байгаа учраас ингээд байгаа юм байх гэж бодоод гараад явахаар араас чи янхан банзал гэх мэтээр доромжлоод байсан. Би тэр хавийн хүмүүс сонсчихвол яана гэж санаа зовоод буцаад орсон. Гэр рүү яваад ортол намайг өөдөөс өшиглөсөн тэгээд би газар унасан. Миний дээр гараад намайг зодсон. Тэр үед манай хүргэн ах хажууд байсан бид нарыг салгасан гэр харанхуй байсан учраас би биеэ үсэдсэн. Би энэ хүний дээр гарч суугаад та арай ингэж болохгүй гэж хэлсэн. Гэтэл миний эгч дээр очоод танай дүү намайг аллаа гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо салаад гэрийн хоёр талын орон дээр сууж байхад миний ээж эгчийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилж над руу аяга шидсэн би бултах гэсэн боловч миний чихний ард онож би гэмтсэн. Тэгээд цагдаа ирээд хүргэн ах 14 хоног баривчлагдаад явсан. Гэтэл өглөө нь орж ирээд одоо чамайг ялтан болгоно гэх мэтээр дайрч байсан. Бид хоёр харилцан гэмтсэн гэтэл өглөө цагдаа надад шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлэхгүйгээр хохирогчийг ганцаар нь аваад явсан байсан. Би гэхдээ гэм буруу дээрээ маргахгүй” гэв.
Хохирогч Г.Ариунаа нь мэдүүлэхдээ: “Би энэ хүний төрсөн ахтай нь суугаад хоёр охиныг нь гаргаад 12 жил амьдарч байгаа. Энэ хугацаанд байнга хэл амтай байдаг байсан. Тэгээд надаар хүргүүлдэг гээд байгаа Өлзиймаа гэх хүүхэн надаар хүргүүлээд хот орсон буцаад ирэхдээ замд хүмүүс архи уусан би жолоо барьж байсан учраас огт уугаагүй. Тэгээд намайг шөнө дунд эсхүл үүр хагаслаад явчих гэж н.Бааска гэх хүний тавьсан саналаар үлдсэн. Би айлд очиж байгаа учраас н.Баасандашид 1 ширхэг пиво авч өгсөн н.Баасандаш ч надад пиво авч өгсөн энэ шүүгдэгч хүртэл өөрөө гарч 1 пиво авсан. Бүгдээрээ ууж идээд байж байтал Өлзиймаа нь ажилтай учраас явсан Баасандаш шүүгдэгч бид гурав гурвуулаа уусан. Тэр өдөр Баасандаш миний машины түлхүүрийг авч яваад байсан ийшээ ч явна тийшээ ч явна Өлзиймааг олж ирнэ гэх мэтээр. Баасандаш машин барьж яваад цагдаад баригдсан гэдэг асуудал дээр урьд согтуу машин бариад баригдсан тийм асуудал байсан учраас баривчлагдсан байх. Би Баасандашид гомдолгүй. Бид хэдий цуг ууж идсэн боловч Ц.Ц эрүүл шахуу байсан тийм байж бидний дунд чи тэгээ биз дээ гэх зэргээр хэрүүл үүсгээд миний биед асар их гэмтэл учруулсан. Тухайн үед би өөрт байгаа мөнгөний боломжоороо л тархины зураг авхуулсан тэрнээс намайг цээжний зураг хүртэл авхуул гэж эмч хэлж байсан. Тэр үед миний ээжийн биеийн байдал муу байсан энэ явдлын дараа ээж маань бурхан болсон тийм асуудлууд бас байгаа. Тийм шалтгаан байсан учраас би өөрийгөө эмнэлгээр үзүүлж харуулаад яваад байх зав чөлөө байхгүй ээжийгээ асарч байсан. Би тухайн үед цуг ууж идсэн учраас өөрийгөө зөвтгөхгүй гэхдээ энэ хүн бага уусан дээрээс нь намайг манай гэрийн том бэр ахын минь эхнэр гэж хүндэлсэн бол биднийг үлдээгээд гараад явах нь яасан юм. Намайг согтуу байгаад минь далимдуулаад биед минь хүнд гэмтэл учруулсан. Мөн энэ асуудлаас болоод нөхөр бид хоёрын дунд танай дүү тэгээ биз дээ гэх зэрэг маргаан үүсэж дахиад цаашид амьдрах уу үгүй юу гэдэг асуудал үүссэн байгаа. Энэ хүн надаас уучлал гуйх нь битгий салаавч өгөөд явж байгаа. Өнөөдөр өглөө над руу 130 000 шилжүүлсэн байна лээ би тэрийг мэдээгүй байж байгаад сая мэдсэн. Би энэ хүний ахыг, өөрийн нөхрийг бодоод гомдол саналгүй гээд байгаа боловч өөрийн биед их хэмжээний хохирол аваад үлдэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, хохирогч Г.Ариунаагийн мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/, шүүгдэгч Ц.Цгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт /хх-ийн 10-11 тал/, “Мед траума хоспитал” эмнэлгийн томографийн шинжилгээний болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/, шүүгдэгч Ц.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, шүүгдэгч Ц.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон ял шалгах хуудас /хх-ийн 30-31 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалан уул 1 дүгээр багийн нутагт хохирогч Г.Ариунаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед хамар ясны хугарал, дух доод уруул, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, бугалга, зүүн баруун шуу, цээж баруун даланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-хохирогч Г.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр н.Магсардорж, эмэгтэй дүү н.Өлзиймаа, нөхөр н.Бааска нар 2 хүүхдээ дагуулаад хот явж байна, н.Өлзиймаа би 17 цагт ажилтай, явах гэсэн унаа олдохгүй байна, Аргалант сум руу хүргээд өгөөч эгчээ гээд гуйхаар нь би хадам дүүг та хэд машинд бензин хийчих би хүргээд өгье гэсэн чинь тэгье гээд тохироод би машинаа унаад хадам ээж н.Наранцэцэг гэх айлаас очиж авсан. Тэгээд бид хэд шууд Аргалант сум руу гарсан юм. Би машин барьж явж байтал н.Бааска эгч дэлгүүр ороод ундаа, ус авах гэсэн юм гэхээр нь би Эмээлт захын дэлгүүрээс ундаа, ус аваад хөдлөөд шууд Аргалант суманд н.Баасандашийн гэрт иртэл хадам дүү охин Ц.Ц хүүхдийн хамт гэрт байсан. Би ороод цай ууж байтал за за орой болсон байна хоноод яв эгч гээд н.Бааска хэлсэн. Тэгэхээр нь би за за тэгье даа гэсэн. Тэгсэн н.Бааска 2,5 литртэй нийслэл пиво гаргаад ирсэн. Тэгээд н.Баасандаш би таны машинаар эхнэр н.Өлзиймааг ажилд нь хүргэж өгчихөөд ирье гэхээр нь би тэг тэг гэсэн. Н.Бааска эхнэрээ хүргэж өгч ирээд бид 2 нөгөө пивоо уугаад халуураад би яаж хүний юм уугаад байж байхав гээд хажуу дэлгүүрээс дахиад нэг пиво аваад буцаад орж уусан. Тэгтэл Ц.Ц дахиад нэг пиво аваад ууцгаасан. Тэгээд уугаад сууж байтал манай хадам дүү охин надаас хэрүүл гуйгаад байж байгаад гараад явахаар нь би Ц.Цг оруулах гээд гэрийн хаалгыг нь дотор талаас татаад байж байтал онгойлго гээд татаад би хаалгыг нь онгойлгосон чинь шууд намайг үснээс зулгаагаад доош нь дараад унагасан. Би унатал миний дээрээс гараа атгаж байгаад толгой руу 5-6 удаа цохисон. Зүүн шанаа руу 1 удаа өшиглөж байтал гэрэл унтарсан. Тэгээд Ц.Ц н.Баасандашийг гэрлээ асаа гэсэн. Тэгэсэн н.Бааска гэрэл асаагаад та хоёр одоо боль гээд бид хоёрыг салгасан юм. Тэгээд би уурандаа гэрийн ширээ дээр байсан аягтай усыг Ц.Ц руу аваад шидсэн. Тэгээд би айсандаа гэрээс нь гараад зугтаасан. Сумын эмнэлэг дээр хадам дүү н.Бааска гэх хүний эхнэр н.Өлзиймаагийн ажил ирж хоноод өглөөний 06 цагийн үед н.Баасандаш миний машинтай ирж намайг авсан. Миний бие хөндүүр, хөдөлж болохгүй байсан. Тэгээд н.Баасандашийн гэрт очтол Ц.Ц босож ирээд над руу дахиад хэл амаар доромжлоод дайрч байгаад над руу ногоон өнгийн сандал авч шидээд намайг оноогүй. Тэгээд би айсандаа эгчээрээ цагдаа дуудуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/
-Шүүгдэгч Ц.Цгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Тухайн өдөр би Төв аймгийн Аргалант суманд хүргэн ах н.Баасандашийн гэрийг харж байсан. Манай хүргэн ах эхнэрийн хамт хот явсан. Манай эгч тухайн өдөр эмнэлэгт оройны ээлжийн ажилтай байсан. Эгч хотоос гараад явж байна гэхээр нь би хүлээгээд байж байсан чинь манай том ахын эхнэр Г.Ариунаагаар хүргүүлээд гэр бүлээрээ ирсэн. Тэгээд манай эгч н.Өлзиймаа ажилдаа яваад, би манай хүргэн, бэр эгч Г.Ариунаа 4 хүүхдийн хамт гэртээ үлдсэн. Тэгтэл манай бэр хүргэн н.Бааскад 2,5 литртэй нийслэл пиво өгөөд надад хайрцагтай чихэр өгөөд, н.Бааска пиво задлаад ууцгаасан юм. Би хоол хийх зуураа надад өгөхөөр нь би амсаад өгсөн. Би ээж рүү залгаад хотоос эд нар хүнтэй ирсэн, Г.Ариунаа өглөө хот руу буцна гэж байна гэж утсаар яриад орж иртэл хүргэний гэрийн ширээ дээр 0.75 литртэй хараа архи тавьсан сууж байсан. Надад Г.Ариунаа дахин аягтай архи өгсөн. Тэгэхээр нь би уугаад Г.Ариунаа нилээн халсан, дуу нь чангараад байсан. БИ тухайн үед эгчтэйгээ чат бичээд ярьж байсан. Тэгтэл манай хүргэн ах, бэр эгч ирнэ гээд хүүхдүүдээ дагуулаад машинтай хөдөлсөн юм. Би эгч рүү залгаад наад хоёр чинь тань руу очно гээд явсан гээд хэлээд удаагүй байж байтал эгчээс чат ирээд нөгөө Г.Ариунаа чинь цагдаагийн байрны дугараад байна гэж надад хэлсэн. Би орондоо хэвтэж, тэр хэд гаднаас ирээд манай эгч н.Өлзиймаа машины түлхүүрийг надад өгсөн. Би ажил руугаа явлаа гээд том хүүгээ дагуулаад явсан юм. Би орондоо хэвтэж байтал намайг ирж үнсээд босоод ир босоод суучих гээд татаад байсан. Би босоод хүүхдүүдийн хувцас тайлж унтуулах гэж бостол надад дахиад архи хийж өгсөн. Би угаагүй, тэгсэн чинь намайг хэл амаар доромжлоод эгчийгээ хүндлэхгүй ааштай гээд дайраад эхэлсэн. Би гарч явтал араас хаашаа явж биеэ үнэлэх гэж байгаа юм гэхээр нь гэр рүү орох гэтэл Г.Ариунаа гэрийн хаалга дотроос нь татаад байсан. Би арай гэж онгойлгосон чинь миний өөдөөс жийгээд намайг хойш унагаасан. Би босож ирээд яаж байгаа юм бэ гэтэл миний үснээс зулгаагаад хаалгаар чирч гаргахыг оролдсон. Би тэгэхээр нь уурлаад зөрүүлж үстээд зууралдаад байж байтал н.Бааска ах босож ирээд бид хоёрыг салгаад хоёр талын орон дээр сууж байтал над руу ширээ дээр байсан шинжтэй аяга аваад шидсэн. Би бултаж чадаагүй, миний баруун чихний хойд талд цохисон. Миний чихний араас цус гарахаар нь эгчид хэлэх гээд утсаа оролдоод зогсож байтал гэрт миний араас ирээд дахиад намайг үстээд ор мөргүүлэх гээд дайраад байсан. Тэгэхээр нь би ноцолдож Г.Ариунааг доороо хийж цамцнаас нь заамдсан, мөр хэсгээр нь заналтайгаар уур хүрч базсан. Тэгээд тавиад Г.Ариунаагийн дээрээс бостол Г.Ариунаа шууд гүйгээд гараад явсан. Тэгээд өглөө хүргэн н.Бааска тэр хоёр орж ирээд чи одоо шоронд ор гээд Г.Ариунаа над руу хэл амаар доромжлоод дайраад байхаар нь Г.Ариунааг би нуруу руу нь гараараа тулаад орноос холд гээд түлхсэн. Тэгсэн эргэж хараад намайг гэдэс рүү өшиглөсөн. Тэгэхээр нь бостол цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
- Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 679 дугаартай “...Г.Ариунаагийн биед хамар ясны хугарал, дух, доод уруул, хүзүү, шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, цээж, баруун даланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..” гэх дүгнэлт /хх-ийн 10-11 тал/,
-“Мед траума хоспитал” эмнэлгийн томографийн шинжилгээний болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/,
-шүүгдэгч Ц.Цгийн ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 30 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 тал/ болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Цгийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Г.Ариунаагийн биед “...хамар ясны хугарал, дух доод уруул, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, бугалга, зүүн баруун шуу, цээж баруун даланд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт” гэмтэл учруулсан Ц.Цгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Г.Ариунаагийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Ц.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Ц.Цг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Ариунаа нь мөрдөн байцаалтын шатанд 130.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Ц нь төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ариунаа нь “ ... ээжийн бие муу байсан учраас эмнэлэгт үзүүлж баримт цуглуулж чадаагүй...” гэх тайлбарыг гаргаж байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох эдлүүлэх дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Ц.Цгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх гэмт хэрэг нь “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ц.Цг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА