Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

-улсын яллагч Х.Оюунцэцэг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

-шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Золбоотын .Мд холбогдох эрүүгийн 2134000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ....... тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 294 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 1821.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Харчу овогт З.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.М нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бүдүүний задгай гэх газарт төрсөн аав Ч.Золбоотыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч З.М: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/, хохирогч Ч.Золбоотын өргөдөл /хх-ийн 2 тал/, хохирогч Ч.Золбоотын мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/, шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, гэрч С.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 8 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 50 дугаартай дүгнэлт /хх-ийн 10 дугаар тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 1 тал/, шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19 тал/, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 25 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч З.М нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бүдүүний задгай гэх газарт төрсөн аав Ч.Золбоотыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  • Хохирогч Ч.Золбоотын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүү З.М нь гарч яваад орой 19 цагийн үед гэртээ их хэмжээний согтуу орж ирээд намайг ээжийнхээ хамт ална, хядна гээд орилоод байхаар нь би орон дээрээ хэвтэж байгаад хүү З.Мөнх-Эрдэнийг чи яахаараа дандаа архи уугаад байдаг юм бэ, архи дарс уусан бол амарч унтаач, хөгшин настай ээж аавыгаа дандаа зовоож байх юм гэхэд миний өөдөөс битгий солиор гээд орон дээр намайг хэвтэж байхад миний өмсөж байсан майкны захаар миний хоолойг боож, миний зүүн нүд рүү толгойгоороо мөргөсөн. Миний зүүнд нүд хөхөрч, хавдсан. Мөн хажуудаа байсан хуванцар сандлаар миний толгой руу цохиод, гараараа миний цээж хэсэгт 3-4 удаа цохиход нь түүнийг ээж С.Алтанцэцэг нь гарнаас нь хуванцар сандлыг салгахад би гэрээсээ зугтааж гараад эхнэр С.Алтанцэцэгийг гэрийн гадаа хүлээж байгаад тэр өдрөө түүнээс айгаад айлд очиж хоноод, маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 тал/,
  • Гэрч С.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө манай хүү З.М гэрээс гарч яваад орой 19 цагийн үед гэртээ ирэхдээ их хэмжээний согтуу орж ирсэн. Би гэрийн хашаа дотроо бие засах гэж яваад таарсан. Тэгээд бие засаад буцаад гэртээ ороход хүү З.М аав Ч.Золбоотыг орон дээрээс нь буулгаад газар дээрээс нь дарсан, нэг гараараа цамцаар нь хоолойг нь боосон, нөгөө гараараа хуванцар сандлаар толгой хэсэг рүү нь цохиж байхаар нь би сандлыг нь булааж авч, гарыг нь цамцнаас нь тавиулаад аав Ч.Золбоотыг нь гэрээс нь гаргаж явуулаад би өөрөө араас нь гарч тухайн өдөр айлд очиж хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
  • Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №50 дугаартай “...Ч.Золбоот-н биед хүзүүнд шарх, эрүү, хүзүү, зүүн мөр, шуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн мөр, шуунд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 10-12 тал/, шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19 тал, ял шийтгэлийн хуудас /хх-ийн 25 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Ч.Золбоотын биед “хүзүүнд шарх, эрүү, хүзүү, зүүн мөр, шуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн мөр, шуунд цус хуралт” гэмтэл учруулсан З.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ч.Золбоотын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч З.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Ч.Золбоотыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Ч.Золбоотод шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч З.М нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь эсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас “Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн хувийн нөхцөл байдлыг харгалзсан торгуулийн ялыг хөнгөрүүлж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах санал дүгнэлт гаргасанг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч З.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, группын мөнгө авдаг гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ гэж үзсэн бөгөөд түүний хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг дүгнэн шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх зүйтэй байна гэж шүүх үзсэн болно.

 

 

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, мөн хуулийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харчу овогт З.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Баярбаатар нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА