| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2017/0108/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 098.2., |
| Улсын яллагч | - |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 45
Д.Б-, Б.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Ц.Амаржаргал
Б.Манлайбаатар
Оролцогчид:
Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил
Шүүгдэгч Б.Б-
Цагаатгагдсан этгээд Д.Б-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Б-, Б-ы Б- нарт холбогдох эрүүгийн 201606000196 тоот 3 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Д- овгийн Д-ийн Б- /РД: **********/,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Д- овгийн Б-ы Б- /РД: **********/
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Д.Б-, Б.Б- нар бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн Засаг Даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Б.Б-ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 21 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
-Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 98.1 болгон хөнгөрүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,
-Шүүгдэгч Д- овогт Б-ы Б-ийн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1,2 дах хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг ялаас чөлөөлсөн болохыг дурдаж...
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож... шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Шүүгдэгч Д.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2016 ны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 210 тоот өрөөнд хохирогч Б.Б-ыг бүлэглэн, зодож улмаар биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байдаг.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ы үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо ...гэрч А.Ганболд, Д.Чимгээ, Б.Баттулгын нарын мэдүүлгийг үндэс болгож, тэдгээрийн мэдүүлгээс ашигтай хувилбарыг барьж тайлбарлаж, шийтгэх тогтоолд дурдаж байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.
Хэрэгт: хохирогч Б.Б-ы ...Д.Б- намайг боож унагаасан, би ухаан алдаад тэгээд сэрэхэд тэнд байсан хүмүүс зугтаасан байсан, Б- орж ирээд алаад өгнө л гээд цохисон, намайг харахад энэ залуу сандал бариад далайж байсан, намайг зодож байхад хажуунаас дэвссэн байгаа шүү дээ, намайг цохих үед Д.Б- араас боосон тэгээд ухаан балартсан гэх, гэрч Б.Чинчулуун ...орлогч даргын өрөөнд ороход Б.Б- захирлын хоолойг нь иргэдийн хурлын дарга Д.Б- гараараа хүзүүдэж буйдан сандал дээр дарсан байдалтай, харин хүү гэх залуу нь дээр нь гарчихсан гараараа толгойн тус газарт нь цохиж байсан, Гэрч А.Ганболд ...Д.Б-ы хүү миний аавыг юу болгочихвоо яахчихваа гээд орилж орж ирэхэд Д.Б-, Б.Б- руу очиж барьцалдаж авах үед хажуу талаас нь Д.Б-ы хүү очоод ноцолдоод байсан гэх, гэрч Б.Баттулга... Ганболд дарга Б-ийг хориглочихсон урдуур нь хаасан байдалтай, Д.Б- дарга Б.Б- даргыг хүзүүдэж дээрээс нь буйдан сандал дээр дарсан байхаар нь би Д.Б-г татаж аваад өрөөнөөс гарсан гэх мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт байсаар атал тэдгээрт бодитой дүгнэлт хийлгүйгээр, хэргийг хоёрхон хүний мэдүүлгээр хязгаарлаж, бусад нотлох баримтыг бүхэлд үнэлэхгүйгээр хандаж байгаа нь буруу юм.
Шүүх шийдвэрийн үндэслэл болгож байгаа гэрч А.Ганболд, Чимэгээ, Б.Баттулга нарын мэдүүлгийг нотлох баримт болгож байгаагаа болон хохирогч, бусад гэрчүүдийн мэдүүлгүүдийг ямар байдлаар үгүйсгэснээ дурдаагүй орхигдуулсан ойлгомжгүй.
Түүнчлэн шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэх боловч мөн л шүүгдэгч Б.Б-, гэрч А.Ганболд нарын мэдүүлгийг шийдвэрийн үндэс болгож, шинжээчийн дүгнэлт зэргийг тусгасан хэрнээ “...шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн.
Шинжээчийн 10834, 1313 дугаартай дүгнэлтүүдэд ...хохирогчийн биед баруун шаант ёсны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний алимны суулт, зүүн нүдний нулимсны суваг, нулимсны замын бөглөрөл, зүүн дээд зовхинд цус хуралт, шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи хацар шанаа, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл, гэрэл зургийн үзүүлэлт 1 хх-ийн 15-18 ,67-72, 75- 76, 87, 130-132, 137-142-д байх хохирогчийн биеийн хүзүүний улайлт, олон тооны бусад шарх зэрэг гэмтлүүд учирсныг шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзсэн нь буруу юм.
Учир нь: шүүгдэгч Б.Б-ийн өөрийн өгсөн мэдүүлэгт л би “нүүрэнд нь цохьсон, би хохирогчийн хөл, гарыг дэвсэж, сандлаар цохиж зодсон асуудал байхгүй гэх мэдүүлэг, ...хохирогчийн нүүр болон биеийн бусад хэсэгт олон тооны шарх гэмтэл учирсан зэрэг нь өөр хоорондоо ямарч шалтгаант холбоогүй бөгөөд дан ганц Б.Б-ийн үйлдлээс үүсээгүй нь тодорхой байдаг.
Шүүх Д.Б-ы үйлдэл буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр үйлдлийн арга, сэдэлт тодорхой байхад үндэслэлгүйгээр зүйлчлэлийг өөрчилж, түүнийг цагаатгаж хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдож байна.
Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Анхан шатны шүүх илтэд хууль буруу хэрэглэж, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7, 39.8 дэх заалтуудыг тус тус зөрчсөн “шийтгэх тогтоол гаргасныг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Одоогийн байдлаар хохирогчийн бие сайжраагүй, гэм хор арилаагүй гэж үзэж байна. Тухайн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар хөнгөн хэрэгт хамаарч хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа боловч шүүгдэгч нарт ял завшуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Б.Б-ыг харвасан гэсэн, би 2 удаа л цохьсон үүнээс болж харвалт үүсэхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие хавдар, сериозтой болсон, шүүх хуралдаанд намайг дуудах бүрт би бүх шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж оролцдог. Тухайн хэрэг 2 жил болж байгаа учраас хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Тодорхойлох нь:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Б-, Д.Б- нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 19-ноос 20-д шилжих шөнө иргэн Б.Б-ыг зодож бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар ял сонсгож 15 тоот яллах дүгнэлт үйлджээ.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ы үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгасан байна.
Шүүх хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол түүнийг яллаж буй нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой баримт нотолгоонд тулгуурлан дүгнэлт хийж шийдвэртэй тусгах ёстой.
Гэтэл эрүүгийн 20160600196 тоот хэрэгт хохирогчоор байцаагдсан Б.Б-ы “...Д.Б-ы хүү намайг сандлаар цохиод унасан. Тэр үед Д.Б- над руу дайраад гараараа хүзүүдэж дараад хоолой боосон. Нэг мэдэхэд манай жолооч орж ирсэн би буйдан дээр сууж байсан” мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар тал/
Шүүгдэгч Д.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн “...Манай хүү Б-ы нүүрэн тус газар цохисон. ...Би Б.Б-ыг араас нь хүзүүдэж тэврээд хойшоо буйдан сандал дээр суусан” /1-р хх-ийн 45 дугаар тал/
Гэрч Б.Чинчулуун мөрдөн байцаалтад өгсөн “...Орлогч даргын өрөөнд ороход /хохирогч/ Б.Б- захирлын хоолойг нь Иргэдийн хурлын дарга /шүүгдэгч/ Д.Б- гараараа хүзүүдэж буйдан сандал дээр дарсан байдалтай харин хүү нь гэх залуу дээр нь гарчихсан гараараа толгойн тус газар нь цохиж байсан.
Хүүг нь бас аавыг нь захирлаас салгасны дараа захирал /хохирогч Б.Б- / буйдангийн түшлэг дээр нүүр хэсгээрээ доошоо хараад хэвтэж байхаар нь эргүүлж харахад нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон, зүүн нүд нь хавдаж овойж цус гарсан, хамар амнаас нь цус гарч байсан ...хоолой нь хэржигнэж дуугарч байгаад нэг том амьсгаа аваад зүгээр болсон. Тэр үед би Д.Б- болон түүний хүүд хандаж “...Та нар хүн аллаа ш дээ. Ямар аймаар болгочихсон юм бэ” гэж хэлсэн. /1-р хх-ийн 47 дугаар тал/
Гэрч Б.Баттулга мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг өрөөнд ороход А.Ганболд дарга Б-ийг хориглосон /урдуур нь хаасан байдалтай/ Д.Б- дарга Б.Б- даргыг хүзүүдэж дээрээс нь буйдан дээр дарсан байдалтай байсан. Б.Б- даргын нүүр нэлэнхийдээ цус болчихсон байсан. /1-р хх-ийн 52 дугаар тал/
Гэрч А.Ганболд мөрдөн байцаалтад өгсөн “...Д.Б-ы хүү “…Миний аавыг юу болгочихвоо, яачихваа” гээд орилоод орж ирэхэд 2 Б- хоорондоо барьцалдаад авсан. Хажуу талаас нь хүү нь очоод ...Тэр гурав барьцалдаж аваад ноцолдоод байсан. /1-р хх-ийн 48,49 дугаар тал/
Хохирогчийн хүзүүн дэх цус хуралт, зулгаралт харуулсан фото зураг /1-р хх-ийн 70, 71 дугаар тал/ болон дээрх баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б- эцэгтэйгээ хамтран бусдын эрх чөлөөнд халдсан байхаар ба дээрх баримтуудыг анхан шатны шүүх хэрхэн үгүйсгэсэн, гэмт хэргийг үгүйсгэх ямар нөхцөл байдал байгаа талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл 2.5-д “...шийтгэх тогтоолд... нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга зэргийг тусгана гэж заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэсэн заалтыг баримтлан Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Б- бусдын эрх чөлөөнд халдсан талаар гэрч, хохирогч нараас өгсөн мэдүүлгүүдээс шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг шүүгч анхаарч үзэлгүй хассан, орхигдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг шийдсэн шүүгч шийдвэр гаргахдаа 2017 оны 04 дүгээр сарын 17 өдрийн 103 тоот хүчингүй болсон шийтгэх тогтоолыг нэг бүрчлэн хуулж бичсэнээс үзэхэд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгдэгч Д.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаан хэргийг бүх талаас нь бүрэн, шинжлэн судалж, бодит байдлыг тогтоох арга хэмжээ авсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-, Б.Б- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Шүүгдэгч Д.Б-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР