Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

         Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга  хот байгуулалтын газрын дарга Э.Ч, тус газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Р нарт хариуцагдах,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай мэдэгдлийг болон  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг тус тус   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох, иргэнд газар эзэмшүүлэх тухай  гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг  даалгах”  тухай шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, хариуцагч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             А.Э шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: А овогтой Э миний бие 2010 онд “Д б" ХК-ийн эзэмшил газрыг барилга байгууламжийн хамт 65000000 төгрөгөөр худалдаж авсан . Олон удаа нүүдэл хийсний улмаас холбогдох бичиг баримтаа ололгүй уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй явсаар  2017 онд  бичиг баримтыг олж аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт хүсэлтээ 2018 оны 7 дугаар сард тавьсанаар аймгийн Засаг даргын 2019 оны 02 сарын 25-ны өдрийн А/75 тоот “газар эзэмшүүлэх тухай”  захирамж гарсан юм.

Дээрх захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуупалтын газарт хандсан боловч тус газрын Удирдлагын хэлтсийн даргын 2019 оны  02 сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай албан тоотоор газрын суурь үнэ болох 166574400 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдлийг өгсөн  бөгөөд уг мэдэгдлийг  эс зөвшөөрч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргад хандаж өргөдөл /гомдол/ гаргасан боловч 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 1/82 тоот албан бичгээр өргөдлийг /гомдлыг/ хүлээн аваагүй.

Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 сарын 25-ны өдрийн А/75 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж гарсаар байтал уг захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй  байгаа эс үйлдэхүй , мөн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж байгаа дээрх үйлдэл нь хуульд нийцэхгүй бөгөөд иргэн миний хуулиар олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах улмаар хуульд заасан газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн  гэж үзэж байна

Иймд А.Э миний бие Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 02 сарын 26-ны-өдрийн 2/70 дугаартай албан бичгээр газрын суурь үнэ болох 166574400 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдлийг,  мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг тус тус  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг  тогтоолгож , газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож , гэрээ байгуулахыг даалгах  нэхэмжлэлийг  хангаж  өгнө үү” гэжээ.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Э тайлбарлахдаа: Шүүхэд бичгээр  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ихэсгэж багасгасан,  өөрчилсөн зүйлгүй. Миний гол хүсээд байгаа зүйл бол эзэмшигч нь мөн гэсэн ийм гэрчилгээгээ л гаргуулж  авмаар байх юм. Хариуцагч Рид  мэдэгдэл хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь хамаарна нөгөө 2 шаардлага   даргад  нь хамаарна л гэж ойлгох нь зүйтэй. Нэмж тодруулахад худалдаж авсан обьектдоо дахин газрын  үнэ гэж төлөхгүй л  гэж маргасан. Улсын бүртгэлд амаар хандаад  болохгүй л гэсэн  хариу авснаас бичгээр  хүсэлт гаргаж байгаагүй,  бүртгэлээр уг үл хөдлөх эд хөрөнгө миний нэр  дээр шилжээгүй нь  үнэн. Гэхдээ энэ хөрөнгийн талаар өдийг хүртэл надтай хэн ч маргаагүй бүгд хүлээн зөвшөөрсөн. Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь  зөв ,  ингэснээр  би  олон нотлох баримттай боллоо бусдаар надад бол  олдохгүй байсан баримтууд гарч ирсэн нь энэ шүүхийн бас давуу тал байна. Иргэний хэргийн шүүхэд эзэмшигч өмчлөгч мөн эсэхээ тогтоолгох нэхэмжлэл  гаргаж байгаагүй. Иймээс эдгээр хүмүүст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн 3   шаардлагыг маань хүлээн авч хангаж өгнө үү  гэв.

            2. Хариуцагч Э.Ч “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож , гэрээ байгуулахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгах ” шаардлагын хүрээнд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн А.Эын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж  байна. Үүнд:

                  Иргэн А.Э нь Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтанговь” зочид буудлын зүүн урд байрлах хуучнаар тоосгоны уйлдвэрийн барилгыг “Дээд баян” ХК-аас худалдан авсан  гэх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй бөгөөд газар эзэмшиж байсан талаар ямар нэгэн нотлох бичиг баримт байхгүй тул А.Эын 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 34704 м2 газрыг шинээр эзэмшүүлсэн.

                  Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар 1 м2 газрын суурь үнэлгээ шинэчлэгдэн батлагдаж Сайнцагаан сумын 1-р бүсэд худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар эзэмших газрын 1м2 үнэ 4800 төгрөг болсон. Дээрх захирамжаар иргэн А.Эод 34703 м2 газрыг шинээр эзэмшүүлсэн бөгөөд газрын суурь үнэ болох 166574400 төгрөгийг тушаасны дараа газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газрын гэрчилгээ олгох тул иргэн А.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ” гэжээ /хх-40/

                  Шүүх хуралдаанд/2019,06,25-нд/өгсөн тайлбартаа: А.Э худалдаж авсан гэдгээс өөрөөр холбогдох байгууллагаас баримт сэлт гардаггүй гэхдээ энэ үндэслэлээр дуудлага худалдаа хийгдээгүйгээр олгогдсонг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Хэмжээ, байршлын хувьд  Алтанговь зочид буудлын урд талд   үйлчилгээний зориулалтаар 3.4 га–г  буюу их хэмжээний газрыг  эзэмшлээр    олгосон  тул  зайлшгүй төлөх ёстой.  Бичиг баримтаар  Эынх гэсэн  шийдвэр байдаггүй учраас анх удаа олгогдох газар гэж үзнэ, худалдаж авсан гэдгээр  газрын суурь үнээс чөлөөлөх боломжгүй. Надад холбогдуулан гаргасан шаардлагын тухайд гэвэл  мэдэгдлээр өгсөн төлбрийг төлснөөр л  гэрээ байгуулж гэрчилгээ олгох боломжтой үүнээс өөрөөр мэдэгдэлд заасан төлбрийг  ихэсгэх багасгах эсхүл бүүр чөлөөлөх ямарч боломж хуульд болон тус  байгууллагад байхгүй тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй байна.  Цаг хугацааны хувьд хохироосон, хайчинд орсон  гэж тайлбарлаж байна. Энэ биднээс шалтгаалаагүй  Засаг дарга өөрөө газар дээр нь   очиж үзэж судалсан,манайд өгсөн хүсэлт Д б ХК-ий татан буугдсан шийдвэр зэргээс өөр тодорхой баримтгүй байдаг. Гэрээ байгуулаагүй байх тул газрын хувийн хэрэг гэж нээгдээгүй. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв./хх-129-140/

Хариуцагч Б.Р “2019 оны 02 сарын- 26-ны өдрийн 2/70 дугаартай албан бичгээр газрын суурь үнэ болох 166574400 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдлийг   хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын хүрээнд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:   Иргэн А.Э нь Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтанговь” зочид буудлын зүүн урд байрлах хуучнаар тоосгоны уйлдвэрийн барилгыг “Дээд баян” ХК-аас худалдан авсан гэх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй бөгөөд газар эзэмшиж байсан талаар ямар нэгэн нотлох бичиг баримт байхгүй тул А.Эын 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 34704 м2 газрыг шинээр эзэмшүүлсэн.

          Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар 1м2 газрын суурь үнэлгээ шинэчлэгдэн батлагдаж Сайнцагаан сумын 1-р бүсэд худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар эзэмших газрын 1м2 үнэ 4800 төгрөг болсон. Дээрх захирамжаар иргэн А.Эод 34703м2 газрыг шинээр эзэмшүүлсэн бөгөөд газрын суурь үнэ болох 166574400 төгрөгийг тушаасны дараа газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газрын гэрчилгээ олгох тул иргэн А.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”  гэжээ./хх-28/

          Шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна, мэдэгдэл бол хууль бус биш. Батлагдсан аргачлалын дагуу 2019 оноос өмнө ч бай хойно ч бай газрын суурь үнэ төлөх л ёстой. Энэ талаар бид нэхэмжлэгчид өөрт нь мэдэгдэж байсан. Үнэхээр энэ газарт өмнө олгогдсон газрын гэрчилгээ нь байгаад А.Эынх мөн гэж тогтоогдвол энэхүү төлбөрөөс чөлөөлөхөөс өөрөөр хууль зүйн хувьд Газрын алба дур мэдэн чөлөөлөх ямар ч боломжгүйг хэлдэг, ямар ч баримт гардаггүй юм. Дуудлага худалдаа бол явагдаагүй гэсэн хэдий ч олгосон хэмжээ нь их учраас Газрын тухай хуулийн 29, 33- дугаар зүйлд үндэслэж захирамж гарсан байдаг. Иймээс надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө  үү гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

а/Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Рид  холбогдуулан  2019 оны 02 сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай албан бичгээр газрын суурь үнэ болох 166574400 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдлийг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох “   шаардлагын тухайд: /хх- 21-22/

               2019 оны 02 сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай дээрх  мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс  2019 оны 3-р сарын 15-нд  нэхэмжлэл гаргасан /хх-21-22/ ба Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1-т “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг  зохицуулахаар  нийтийн эрх зүйн хүрээнд  гадагш  чиглэсэн,  эрх зүйн  шууд үр дагавар  бий болгосон амаар, бичгээр  гаргасан захирамжилсан  шийдвэр болон  үйл ажиллагааг  ойлгоно” гэж заасанчлан уг мэдэгдлийг захиргааны байгууллага буюу   аймгийн газрын албанаас актад тавигдах шаардлага  шинжийг агуулан гаргасан  байх тул  захиргааны акт мөн гэж үзэх ба уг актын улмаас нэхэмжлэгчийн  худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн  эрх улмаар  газар эзэмших эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэгч тодорхойлжээ.

Хэлтсийн даргын 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай   мэдэгдэлд Барилга хот  байгуулалтын сайдын 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар батлагдсан “газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу газрын суурь үнэ 166574400төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг заасан  ба  Захиргааны ерөнхий хуулийн 40-р зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны актад тавигдах хуулийн шаардлагыг  хангасан, “Барилга хот байгууллалтын  сайдын  баталсан  дээрх  аргачлал нь захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдэж нийтлэгдсэн  /Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл 2019,02,01-ний дугаар 04,1168-р талд/,  нэхэмжлэгч нь газар олгосон захирамжид болон газрын хэмжээнд маргаагүй /хх-10/,  газрын байршил Сайнцагаан сумын 7-р багт А зэрэглэлд байх , үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар олгогдсон, иргэн А.Эоос Д б ХК-ий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан тухайгаа баталгаажуулж  улсын бүртгэлийн байгууллагаар  бүртгэл хөдөлгөөн  хийгдээгүй, 2010 оноос хойш холбогдох бичиг баримтаа ололгүй явсаар 2018 оны 7-р сарын 2-нд олж хүсэлтээ газрын албанд өгсөн  гэх нэхэмжлэл, хүсэлт /хх-21-22, 23/ зэргийг  үндэслэхэд  уг мэдэгдлийг  хууль бус гэж  үзэх үндэслэлгүй байна.

 Түүнчлэн Д б ХК-ийг  татан буулгах тухай Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 306 дугаартай шийдвэртэй  хэрэгт авагдсан /хх-103-130, 94, / болон Улсын бүртгэлийн байгууллагаас авсан баримтаас/хх-96-102/ тус тус дүгнэхэд тус компаний үл  хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад  газар  бүртгэгдээгүй, уг компаний үл хөдлөх эд хөрөнгө А.Эын  эзэмшил  өмчлөлд бүртгэгдээгүй болох нь  тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс худалдаж авсан барилга байгууламжийн газраа  баталгаажуулах боломжоор хангаж өөрөөр хэлбэл анх удаагаа авч байгаа газар биш  гэж үзэж газрын суурь үнээс чөлөөлөх ёстой  гэж  тайлбарлах боловч А.Э  иргэн Б.Бгаас Д б ХК-ий эзэмшлийн  эд хөрөнгийг   худалдаж авах үед мөнгө хүлээлцсэн /хх-8/ гэх баримтаар 32500000 төгрөгийг   хувьцаа худалдан авах зориулалтаар гэж 2010 оны 6-р сарын 17-нд  үйлдэж нотариатын баталгаа хийлгэсэн байна.

Дээрх  баримтад  Д б ХК-ий холбогдох эд хөрөнгийг /газар/ худалдсан,  худалдан авсан талаар заагаагүйгээс гадна эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг  бичгээр /хх-7/  мөн өдөр үйлдэж дээрх иргэд гарын үсэг зурсан байх боловч Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...........” гэж заасан шаардлагыг хангаагүй, Газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.7-д заасанчлан  газар дээрх үл хөдлөх  эд хөрөнгө нь  тухайн газрын бүрдэл  хэсэг байх хувьд холбогдох эрх бүхий байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчээр тогтоогдсоноор энэхүү эрх хэрэгжинэ.

Иймээс аймгийн  газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын удирдлагын   хэлтсийн даргын  төлбөр төлөхийг мэдэгдсэн мэдэгдэл /хх-11/ иргэн миний үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, улмаар хуульд заасан газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж /хх-21/ тодорхойлсончлон нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө  худалдан авсанаар    газар эзэмших эрх хууль ёсны  ашиг сонирхлыг  зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх  тул  нэхэмжлэлийн шаардлагын  энэ хэсэг хангагдахгүй.

               б/ Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  дарга  Э.Чид  холбогдуулан гаргасан “  газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа  эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах ”  шаардлагын тухайд: /хх 29-31/

Аймгийн засаг даргын 2019 оны 2-р сарын 25-ны өдрийн а/75 тоот  “газар эзэмшүүлэх тухай” захирамжийг Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.3.2, 33-р зүйлийн 33.1.2-т  заасныг  үндэслэн Сайнцагаан сумын  төвийн 7-р багийн  нутаг дэвсгэрт /Алтанговь ХХК-ий зүүн урд/ их  тойруу 6-601-т  байршилтай 34703 м.кв /3.4 га/ газрыг А  овогтой Э үйлчилгээтэй орон сууцны  зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар  эзэмшүүлэхээр шийдвэрлэж /хх-10/ дээрх иргэнд  газар эзэмших гэрчилгээ олгож,  гэрээ байгуулахыг  аймгийн газрын харилцаа  барилга хот байгуулалтын газарт  хариуцуулснаар дээрх нэхэмжлэлийн  шаардлагад  аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  дарга Э.Чид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг  2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгах” гэж  нэмэгдүүлэн /хх 30-31/  гаргаснаар энэхүү  шаардлагад  хариуцагчийг сольж өөрчилсөн./хх 33-35/

Нэхэмжлэгчээс хариуцагч Э.Чийг  гэрээ байгуулж гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэл гаргасан  ба энэ нь  Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан  өргөдөл гомдлыг  шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага  хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасантай нийцээгүй  нь  аймгийн Засаг даргын А.Эд  “ газар эзэмшүүлэх тухай” А/75 тоот  захирамжийг 2019 оны 2-р сарын  25-нд гарснаас хойш Э.Ч 30 хоногийн дотор  буюу 2019 оны 2-р сарын 28-ны өдөр шийдвэрлэж 1/82 тоот албан бичгээр /хх-12/  газрын суурь үнийг төлснөөр гэрээ байгуулж гэрчилгээ олгоно гэж   Захиргааны ерөнхий хуулийн 40-р зүйлийн 40.3, 40.4-т заасныг үндэслэн мэдэгдсэн байх тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүйгээс гадна энэ нь мөн хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар /хх-40, тэмдэглэлээс 129-143/  болон 2019 оны 2 сарын 26-ны өдөр А.Эоос өгсөн  өргөдөл /хх-24/ зэргээр тус тус нотлогдоно. Иймээс эс үйлдэхүй үйлдээгүй, аймгийн Засаг даргын А/75 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж хугацаа алдаж гарсан  гэх 2018 оны 8-р сарын 2-ноос 2019 оны 2-р сарын 25 хүртэлх хугацаа Э.Чид хамаарахгүй,  зөрчигдсөн эрх  хууль ёсны ашиг сонирхол тогтоогдоогүй   тул гэрчилгээ олгож гэрээ байгуулахыг  даалгах шаардлага хангагдах боломжгүй болно.

               Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч А.Эоос миний бие хүсэлтээ 2018 оны 7-р сарын 2-нд газрын албанд өгсөн, аймгийн Засаг даргын захирамж 2019 оны 2-р сарын 25-нд гарснаар би уг төлбөрийг төлөх  болсон нь надад  хохиролтой цаг хугацааны хувьд  хайчинд орсон  ийм  үйл явдал болсон, мөн дээрх төлбөрийг багасгаж өөрчилсөн ч би зөвшөөрөхгүй  гэж,  хариуцагчаас   захирамж оны өмнө  гарсан бол хуучин аргачлалаар 60-аад сая төгрөг  төлөхөөр  болж байсныг бид тооцоод А.Эод өөрт нь мэдэгдэж байсан, мөн  худалдаж авмагцаа  бичиг баримтаа өөр дээрээ шилжүүлж аваад газраа авсан бол  газрын суурь үнэ 1мкв 400 төгрөгөөр тооцох боломж 2012-2017 онуудад бол  байсан  гэж талууд тайлбарладаг.

А.Эоос тус байгууллагад гаргасан хүсэлтдээ /хх-23/ газрын хэмжээ байршлыг заагаагүй, газрын албаны холбогдох маягт  бөглөгдөөгүй нь Газрын тухай хуулийн 32-р зүйлийн 32.1-т заасантай нийцээгүй   боловч түүнд  3,4га  хэмжээтэй  Сайнцагаан сумын төвд  А зэрэглэлд  байршилтай  газрыг олгосон аймгийн Засаг даргын 2019 оны А/75 дугаартай  захирамжийг гаргасан байна.

 Нэхэмжлэгчээс газар олгосон  аймгийн Засаг даргын 2019 оны 2-р сарын 25-ны өдрийн а/75 тоот “ газар эзэмшүүлэх тухай”   захирамжид  болон   газрын хэмжээ, байршилд маргаагүй тул шүүхээс Эын худалдаж авсан гэх/ Д б ХХК-ий /эзэмшлийн газарт үзлэг,  хэмжилт хийгээгүй болно.

Шүүх хэргийн оролцогчдоос /хх-29, 33-35, 36, 37, 49, 50, 91, 92/ гаргасан хүсэлтэд холбогдох ажиллагааг  хэрэгжүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11-р сарын 13-ны өдрийн 306 дугаар  шийдвэртэй  иргэний хэргийг /хавтсаар 1, хуудсаар 42/ шүүх хуралдаанд  эхээр нь судалж  холбогдох нотлох баримтыг энэ  хэрэгт хуулбарлан авсан болно. /хх -103-130/

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлсөн /хх-6/  ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тул  улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчийг хураамжаас чөлөөлөх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3.106.3.14-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.2, 23-р зүйлийн 23.3.7,  Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн  37.1, 37.3-т  заасныг тус тус баримтлан иргэн А.Эын нэхэмжлэлтэй  аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга Б.Р, дарга Э.Ч  нарт хариуцагдах “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай  мэдэгдлийг, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг тус тус   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах”  тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, 41-р зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар  нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Р, Э.Ч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч , тэдгээрийн төлөлөөгч  буюу өмгөөлөгч  энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.С.