Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1110

 

 

 

 

 

 

 

 

 

 “АО жаргалант” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00548 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “АО жаргалант” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Богда холдинг” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 60.000 ам.доллар буюу 118 324 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  243 999 598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Идэнбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АО жаргалант” ХХК нь 2008 онд өөрийн эзэмшлийн газар дээр 640 айлын орон сууцны хотхон барих төслийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Богда холдинг” ХХК шалгарч барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилдаа орсон. Барилгын ажлыг гүйцэтгэхээр “Богда холдинг” ХХК-ийн нийт 380 орчим ажилчид БНХАУ-аас ирж байсан бөгөөд тус компанийн удирдлагаас манай компанид хандан манай компанийн зарим барилга, обьектыг барилгын ажил дуустал түрээслэх хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу “АО жаргалант” ХХК-ийн оффисын барилгыг оффис ажилчдын амьдрах байр, талбайн инженерүүдийн оффис, харуул хяналтын байрны зориулалтаар, агуулахын барилгыг ажилчдын гал зуух, агуулах, ажилчдын амьдрах байрны зориулалтаар, 36 автомашины гараашийн барилгыг амьдрах байр, материалын агуулахын зориулалтаар 2008-2011 оныг  хүртэл хугацаанд түрээслэсэн. Талуудын хооронд “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-г 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээний дагуу төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Түрээсийн төлбөрийн талаар 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн удаа дараа сануулга, шаардлага тавьсан боловч янз бүрийн шалтаг хэлж хойшлуулсаар байх тул гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч “Богда холдинг” ХХК-иас нийт төлөгдөөгүй төлбөр болох 60,000 ам.доллар буюу 118 324 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Богда холдинг” ХХК нь “АО жаргалант” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Анх “Гуоши гуонся” ХХК-ийн захирал Гуо Зянмин нь манай компани дээр ирж “АО жаргалант” ХХК-ийн захиалгаар баригдах орон сууцны барилгын гүйцэтгэгчээр ажиллах болсон, барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй тул танай компанийн тусгай зөвшөөрлийг ашиглах тухай санал тавьсан. Ингээд бид харилцан тохирч, ярилцсаны үндсэн дээр “АО жаргалант” ХХК-тай 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Хаппи” /Happy/ нэртэй орон сууцны хотхон барихаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Ингээд барилгын ажлыг гүйцэтгэхээр БНХАУ-аас давхардсан тоогоор 150-180 хятад ажилчдыг оруулж ирсэн. Барилгын материалыг хадгалах болон ажилчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх үүднээс бид түр барилга барьсан, мөн краны суурь болон бусад байгууламжийг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр барьсан. Ингээд барилгын ажил ид явагдаж байтал эдийн засгийн хямрал болсон. Уг барилга нь “Монгол шуудан” банкны зээлээр санхүүжигдэж байсан ба энэ банк нь “Хадгаламж” банктай нэгдсэнээр баригдаж байсан барилгын ажил үндсэндээ зогссон. Захиалагч буюу санхүүжүүлэгч “АО жаргалант” ХХК бидэнд төлбөрөө төлж чадахгүй, ажлыг үргэлжлүүлж санхүүжүүлэх боломжгүй болсон тул тэд уг төслөө бусдад зарсан. Ингэж барилгын ажил нь өөр гүйцэтгэгч компанид шилжихээр болсон тул “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хоёр талууд дүгнэж, аль аль нь өр төлбөргүй гэсэн 88 тоот протоколыг 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн. Уг протоколоор бидний хооронд одоо ямар ч асуудал, өр шир байхгүй, хохирол нэхэмжлэхгүй гэж тодорхой дурдсан. Бид “АО жаргалант” ХХК-ийн эзэмшлийн газар дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, краны болон бусад тоног төхөөрөмжийн суурь, түр барилга байгууламж, хашаа зэргийг барьсан ба хашаан дотор нь илүү гарсан арматур төмрүүд байсан ба протоколд ч энэ нь тусгагдсан. Эдгээр эд хөрөнгийн үнийг “АО жаргалант” ХХК нь дараагийн төслийг авсан компаниас авч өгөхөөр тохирсон нь харагдаж байгаа. Бид нэгэнт эхлүүлсэн ажил байсан тул дараагийн газартай тохирвол ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байсан. Ингээд 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хоёр тал ахин “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд барилгын ажлыг бид өөрсдөө гүйцэтгэвэл 50,000 ам доллар, үгүй бол 60,000 ам доллар төлөхөөр тохирсон. Гэхдээ уг төлбөрийг төлөхөөс өмнө “АО жаргалант” ХХК нь барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнэ зэргийг барилгыг шинээр хүлээн авч буй захиалагч буюу Хадгаламж банк, Жаст группээс авч бидэнд өгсний дараа түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирсон байгаа. Гэтэл бидний барилгын талбай дээр үлдээсэн эд зүйлийн төлбөрийн авч өгөөгүй атлаа түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бид “АО жаргалант” ХХК-ийн захирал Л.Алтангэрэл нь хэрэгт холбогдож, хоригдсон тул уг эд хөрөнгийн үнээ нэхэмжлээгүй, урьд нь хамт ажиллаж байсан, ажил хэргийн холбоотой гэдэг үүднээс уг асуудлыг тэр чигт нь хаясан байсан. Ингээд ямар нэг өр төлбөрийн маргаангүй гэж бодож явтал шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасны дагуу бид 60,000 ам долларыг төлөх үүрэггүй. Цаашлаад “АО жаргалант” ХХК нь “Богда холдинг” ХХК-иас түрээсийн төлбөр нэхэж байгаа боловч чухам хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар дугаартай, ямар түрээсийн гэрээгээр юу түрээслэсэн тухай нэхэмжлэлийн үндэслэлдээ бичээгүй бөгөөд түрээсийн гэрээг хавсаргаагүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл түрээсийн хуулбар гэрээ тэр тусмаа үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн гэрээний талаар дурдаагүй, хавсралтаар түрээсийн гэрээг ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “АО жаргалант” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа шүүхэд өгсөн 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн түрээсийн төлбөр барагдуулах гэрээний 2 дугаар зүйлд “энэ хэмжээ дараах тохиолдолд өөрчлөгдөхийг харилцан зөвшөөрөв” гэсний 2.1-д “барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнэ зэргийг захиалагч талаас авсны дараа энэ түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцов” гэжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар захиалагч буюу “АО жаргалант” ХХК нийт 243 999 598 төгрөгийг “Богда холдинг” ХХК-д төлөөгүй байна. 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Богда холдинг” ХХК болон “АО жаргалант” ХХК-ийн хооронд 88 дугаартай гэрээ дүгнэсэн протокол, хавсралтын хамт үйлдсэн байдаг. Тус протоколд “гүйцэтгэгч нь тус барилгыг барихын тулд оруулсан хөрөнгө оруулалт болох краны болон тоног төхөөрөмжийн суурь, түр барилга байгууламж, хашаа бэлдэц, арматур зэрэгт оруулсан хөрөнгө хөрөнгийг “АО жаргалант” ХХК нь Хадгаламж банк буюу дараагийн гүйцэтгэгч компаниас гаргуулж өгөх” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл “АО жаргалант” ХХК нь тус гэрээ дүгнэсэн протоколын хавсралтаар батлагдсан 243 999 598 төгрөгийг “Богда холдинг” ХХК-д дараагийн гүйцэтгэгч компаниас гаргуулан өгөх үүргийг хүлээжээ. Тийм ч учраас 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1-д “Барилгын талбай дээр хийсэн түр барилга, краны суурь, хашаа, арматурын үнэ зэргийг захиалагч талаас авсны дараа энэ түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцов” гэж тодорхой заасан байна. Дээрх гэрээ дүгнэсэн протоколоор хүлээсэн үүргээ “АО жаргалант” ХХК биелүүлсэн тохиолдолд мөн түрээсийн төлбөр барагдуулах гэрээний үүргээ “Богда холдинг” ХХК биелүүлэхээр харилцан тохиролцсон болох нь дээрх хоёр хэлцлээс тодорхой харагдаж байна. Бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй атлаа түрээсийн гэрээгүй, ямар нөхцөл болзол нь тодорхой бус зүйлд үндэслэн их хэмжээний төлбөр гаргуулахаар гаргасанд маш их гомдолтой байх бөгөөд харин “АО жаргалант” ХХК-иас харилцан тохиролцсоны дагуу авах ёстой төлбөрөө нэхэмжилж байна. Иймд 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Богда холдинг” ХХК болон “АО жаргалант” ХХК нарын хооронд 88 дугаартай гэрээ дүгнэсэн протокол, хавсралт, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн түрээсийн төлбөр барагдуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус үндэслэн “АО жаргалант” ХХК-иас 243 999 598 төгрөгийг гаргуулж “Богда холдинг” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

  Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Манай компанийн оролцоогүйгээр “Богда холдинг” ХХК нь “Өндөр буянт холдинг” ХХК-д дээрх эд материал, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч төлбөрийг авсан байдаг. “Богда холдинг” ХХК нь “Өндөр буянт холдинг” ХХК-иас дээрх эд материал, тоног төхөөрөмжийн төлбөрийг авсан бөгөөд дахин манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тэгээд ч хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан байгааг анхаарна уу. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

     Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Гуо Зянмин шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2006 онд “Богда холдинг” ХХК-тай Нийслэлийн захиргааны төв байр буюу Хангарьд ордны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулснаар Монгол Улсад ирж, уг гэрээний дагуу тус барилгын гүйцэтгэгчээр ажиллан, “Богда холдинг” ХХК-тай холбогдсон юм. Нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК компани нь 2008 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хаппи таун” /Нappy town/ орон сууцны хорооллын төслийг гүйцэтгүүлэхээр “Богда холдинг” ХХК-тай гэрээ байгуулсан ба уг төслийн барилгын гүйцэтгэгчээр миний бие оролцож, гэрээт ажлыг гүйцэтгэж байсан болно. Гэтэл 2009 онд захиалагч “АО жаргалант” ХХК нь эдийн засгийн хямралаас шалтгаалан төслөө цаашид санхүүжүүлэх боломжгүй болсоны улмаас барилгын ажлыг зогсоож, 2010 оны 7 дугаар сарын 22-нд тооцоо нийлж, гэрээгээ дүгнэн дуусгавар болгосон ба энэ нь тухайн өдрийн 88 тоот гэрээ дүгнэсэн протоколоор нотлогдоно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-ний дүн болох 60,000 ам.доллар буюу 118 324 800 төгрөгийг манай компани болон “Богда холдинг” ХХК-ийн аль нь ч хариуцан төлөх үндэслэлгүй юм. Учир нь 88 дугаар протоколын 3 дахь заалт, түрээсийн төлбөр барагдуулах гэрээний 2.1-д тодорхой заасан байх ба энэхүү заалтад дурдсан төлбөрийг “АО жаргалант” ХХК нь дараагийн захиалагчаас гаргуулж гүйцэтгэгч талд төлүүлээгүй учир уг түрээсийн төлбөрийг биднээс нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. 88 тоот протоколын хавсралтад дээрх төлбөрийн дүнг 243 999 598 төгрөг гэж хоёр тал харилцан баталгаажуулсан байх бөгөөд энэ мөнгийг бидэнд гаргуулж өгөөгүй тул эсрэгээрээ бид зөрүү мөнгөө нэхэмжлэн гаргуулах үндэслэлтэй байна. Гэвч бид “АО жаргалант” ХХК-ийн нөхцөл байдлыг ойлгож байгаагийн хувьд нэхэмжлээгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд дэмжиж байна гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “АО жаргалант” ХХК-ийн хариуцагч “Богда Холдинг” ХХК-иас 60,000 ам.доллар буюу 118 324 800 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч “Богда холдинг” ХХК-ийн нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК-нд холбогдуулан гаргасан 243 999 598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 749 580 төгрөг, хариуцагчаас төлсөн 1 377 947 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр компанийн хооронд түрээсийн төлбөр барагдуулах тухай гэрээг 2010 оны 7 сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд ажилчид нь 2008-2011 оны хооронд байрлаж амьдарч байсан боловч дээрх гэрээний дагуу төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Түрээсийн төлбөрийн талаар 2011 оны 09 сарын 14-ний өдрөөс эхлэн удаа дараа сануулга, шаардлага тавьж ирсэн боловч янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар байсан тул гэрээний 4-т заасны дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр хариуцагч “Богда холдинг” ХХК-иас нийт төлөгдөөгүй төлбөр болох 60.000 доллар буюу 118 324 800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэг заасан гэрээг тайлбарлах журмыг баримталсан боловч шүүхийн дүгнэлт гэрээнд заасан үгийн шууд утга, агуулга, зорилго бусад нөхцөлтэй нийцэхгүй байна. Мөн түрээсийн төлбөр барагдуулах гэрээгээр А ба Б талууд түрээсийн төлбөр төлөхөөс өөр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “…АО жаргалант ХХК нь 2010 оны 7 сарын 29-ний өдрийн ¹09/10 тоот түрээсийн төлбөр барагдуулах гэрээний үүргийг буюу 60.000 ам долларыг хариуцагч “Богда холдинг” ХХК-иас шаардах эрхгүй байна” гэж дүгнэсэн боловч шүүхийн энэхүү дүгнэлт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалттай хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй байна. Бид гагцхүү түрээсийн төлбөрийн асуудал л тавьсан. Түүнээс барилгын ажил гүйцэтгэх гэрээ, тэрхүү гэрээг дүгнэсэн протокол зэрэг бол тусдаа асуудал юм. Сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх шаардлагагүй гэдгийг мөн тайлбарласан. “АО жаргалант” ХХК нь түр барилга, краны суурь, хашаа арматурын үнийг захиалагч талд өгөх үүрэг хүлээгээгүй, ер нь дээрх эд зүйлсийг хүлээлгэн өгсөн эсэхийг ч нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгч шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүхийн дүгнэсэн зарим дүгнэлтийг залруулан дүгнэх нь зүйтэй байна.

 

  Нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК нь хариуцагч “Богда холдинг” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 60 000 ам.доллар буюу 118 324 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 243 999 598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Зохигчид 2008 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч “АО жаргалант” ХХК-ийн эзэмшлийн газар дээр гүйцэтгэгч “Богда холдинг” ХХК нь орон сууцны зориулалттай хотхон барихаар тохиролцсон талаар талууд тайлбарласан, санхүүжилтын улмаас ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож, 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээ дүгнэсэн протоколыг үйлдсэн байна. /хх-ийн 100 дугаар тал/

 

Мөн  талууд 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Богда холдинг” ХХК нь нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК-ийн эзэмшлийн контор, гарааш, үйлдвэрлэлийн зориулалттай байр, обьектийг түрээслэн ашигласны төлбөрийг хэрхэн төлж барагдуулахыг тохиролцжээ. /хх-ийн 7 дугаар тал/

 

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар талууд хоорондоо ажил хэргийн харилцаанаас үүссэн үүрэгт тооцоо нийлж, нэг талын хүлээх үүргийг нөгөө тал нь шаардах нөхцөл бүрдсэн талаар тодорхой тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд хийгдсэн байх тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талууд бие биенээсээ гэрээний үүргийг харилцан  шаардах эрхтэй байна.

 

Зохигчид нэг гэрээний үүргийн харилцаанаас үүдэлтэй үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж зөв дүгнэсэн атлаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүрэг шаардах урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж үндэслэлгүй дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК-иас 2011 оны 9 дүгээр сарын 14, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд гэрээний үүрэг шаардаж хариуцагч “Богда холдинг” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас 2015 онд уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй буюу татгалзсан хариу өгсөн нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл  үүрэг хүлээсэн этгээд  шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах учиртай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч “АО жаргалант” ХХК нь хариуцагч “Богда холдинг” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийг  шаардан хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгэгч хариуцагч “Богда холдинг” ХХК-ийн зүгээс шаардлагыг нь хүлээн зөвшөөрсөн талаархи баримт хэрэгт байхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй.  /хх-ийн 8, 10, 11-13 дугаар тал/

 

Түүнчлэн талуудын хоорондын  үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацааг зогссон гэж үзэх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд бий болсон талаар  баримт хэрэгт байхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар талуудын  гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1  дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749 580 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ