Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

0203 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0206

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ггийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Л.Гг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0802/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Ггийн Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдууланЛ.Гг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.5, 36 дугаар зүйлийн 36.4, 36.5, Шүүхийн тухай хууль /2002 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Гг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Л.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөл биелүүлээгүй нь буруу гэж дүгнэсэн.

3.2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 74 дүгээр тогтоолоор иргэн Л.Гг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

3.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 дугаартай “Санал буцаан хүргүүлэх тухай” албан бичгээр Монгол улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасныг баримтлаагүй байна. Нэр дэвшигч нар тус бүр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих, болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй гэх үндэслэлээр буцаасан, өөрөөр хэлбэл эдгээр нэр дэвшигч тус бүрийг шүүгчид тавих, болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй эсэхийг нягтлаагүй байна гэсэн.

Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  хуралдаанаар Л.Гг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаар авч хэлэлцээд түүнийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж 98 дугаар тогтоол гаргасан.

Ийнхүү Л.Гг шүүгчээр томилуулахаар 2 удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

3.4. Монгол Улсын  шүүхийн тухай хуулиар шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх харилцааг нарийвчилж зааж өгсөн. Гэтэл энэ хуульд заасан дэс дараалсан зохицуулалтаас зөвхөн нэг заалтыг тухайн иргэнд хамааруулж авч үзэж анхан шатны шүүх тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.

3.5. Тухайлбал Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ”, 35 дугаар зүйлийн 35.1-т “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж заасан.    

3.6. Гэтэл энэ тохиолдол нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийг биелүүлэх хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл иргэн Л.Гг Шүүхийн тухай хуульд заасан нэр дэвшигч гэж үзэх боломжгүй, хэрэв нэр дэвшигч гэж үзвэл дээрх Шүүхийн тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан журмыг баримтлах шаардлагатай болно.

3.7. Нэхэмжлэлийн үндэслэл болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0070 дугаартай шийдвэрийг биелсэн эсэх талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Хэрэв шүүхийн шийдвэр биелсэн гэж үзэж байгаа бол дахин өргөн мэдүүлэх үндэслэлгүй болно, биелээгүй гэж үзэж байгаа бол дахин тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагчийн хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0070 дугаартай шийдвэрийг нэгэнт биелүүлсэн тул нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

 Иймд иргэн Л.Гг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг дааргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0074 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, улмаар “Тогтоох нь” хэсэгт уг дүгнэлтдээ хамаарах хуулийн зүйл, заалтыг баримталсан нь буруу байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 дугаар албан бичгээр “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 74 дүгээр тогтоол болон 98 дугаар тогтоолоор Таныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан болзол , шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэж нэхэмжлэгч Л.Гг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэх боломжгүй талаар мэдэгджээ.  

3.1. Нэхэмжлэгч Л.Г Шүүхийн ерөнхий зөвлөлийн уг татгалзсан мэдэгдлийг хүлээн аваад эс зөвшөөрч “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр Л.Г намайг Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/371 тоотоор шүүгчээр томилуулахтай холбогдох материалуудыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн ... Ерөнхийлөгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь заалтыг үндэслэн саналыг буцаасан нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын буруугаас болж буцсан болохоос бидний зүгээс шалтгаалсан зүйл байхгүй ... Дараа нь дахин өргөн мэдүүлсэн ч Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан болзол шаардлагыг хангаагүй гэж буцаасан ... Энэ албан бичгүүд нь захирамжилсан шинж агуулаагүй зөвхөн хариу өгсөн шинж бүхий албан бичиг байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дахин өргөн мэдүүлэх эрх нь нээлттэй байхад мэдүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм ... Шүүхийн ерөнхий зөвлөл нь Ерөнхийлөгчийн саналыг нягталж, шүүхийн шийдвэрт заасны дагуу өргөн мэдүүлэгдэх ёстой шүүгч нарыг томилохоос  татгалзсан үндэслэл нь юу байсан, энэ үндэслэл нь батлагдаж нотлогдсон үйл баримт байгаа эсэхийг шалгаж тогтоох, хэрэв байхгүй бол дахин өргөн мэдүүлэх үүрэгтэй ... байхад татгалзсан нь хууль бус ...” гэсэн үндэслэлээр “Л.Г намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

3.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “... Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот албан бичгээр иргэн Л.Гг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангаагүй талаар дурдаж, томилохоос татгалзсан хариу ирүүлсэн ... зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг бүрэн хийж, холбогдох материалын хамт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Л.Гг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн ч шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан тул шийдвэрийн үндэслэлийг дахин нягтлах, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх хуулийн үндэслэлгүй юм ... Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Л.Гг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр удаа өргөн мэдүүлж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлснийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

3.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Г нь Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилох явцад шүүгчээр ажиллаж байсан Л.Г нарын нэр бүхий 12 шүүгч нар томилогдоогүй үлдсэн, улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Г болон нэр бүхий шүүгч нараас Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ... Л.Гг Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчээр ... томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, нэхэмжлэгч нарыг шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Л.Гг Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтогдож байна.

3.4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 74 дүгээр тогтоолоор “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрийг үндэслэн хавсралтад заасан нэр бүхий иргэдийг шүүгчийн албан тушаалд томилуулахаар шийдвэрлэж, саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн, уг тогтоолын хавсралтын “3-т  “Лхагвацэрэнгийн Гг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах ...” гэж заасан байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл уг тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/371 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

3.5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 дүгээр “Санал буцаах тухай” албан бичгээр “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл гагцхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр заажээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн санал өргөн мэдүүлсэн асуудал нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд шүүгчид тавигдах болзол, шаардлагыг зохицуулсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт нэр дэвшигч тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна. Иймд ... 2022 оны 01/371 тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчээр томилуулах саналд дурдсан нэр бүхий 12 иргэний материалыг бүхэлд нь буцаасан байна.

Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 98 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Гг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/545 тоот “Санал өргөн мэдүүлэх тухай” албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид тогтоолыг хүргүүлсэн байна.

3.6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар “Саналыг буцаан хүргүүлэх тухай” албан бичгээр “... 2022 оны 98 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Лхагвацэрэнгийн Г ... нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн ... 01/544 ... дүгээр санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж нэхэмжлэгч Л.Гг шүүгчээр томилохоос татгалзсан талаар мэдэгджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:”, 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага” гэж зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь захиргааны байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.3-т “хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны тусгай зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ... бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно ...” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:”, 31.1.1-д “эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй”, 31.1.2-т “шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй”, 31.1.3-т “шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх”, 31.1.4-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх”, 31.1.5-д “шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх”, 36 дугаар зүйлийн 36.4-т “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ”, 36.5-д “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно”, 70 дугаар зүйлийн 70.1-д “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн”, 70.2.3-д “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 73 дугаар зүйлийн 73.1.1-д “энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах”,  73.1.2-д “шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх” гэж тус тус заасан.

3.8. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргийн хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийг биелүүлэх хүрээнд нэр бүхий 12 иргэнийг шүүгчээр томилуулахаар санал болгон нэр дэвшүүлж, шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг тодруулан тогтоох үүрэгтэй, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд татгалзсан шалтгааныг засч залруулан дахин өргөн мэдүүлэх бүрэн эрх бүхий этгээд байна.

3.10. Анхан шатны шүүх “... 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр ... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг өгсөн нь хууль бус ...” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн “Л.Гг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

3.12. Учир нь, нэгэнт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг өргөн мэдүүлэх бүрэн эрх зөвхөн Ерөнхий зөвлөлд хадгалагдсан, хуульд шүүгчээр томилуулах саналыг зөвхөн хоёр удаа өргөн мэдүүлэхээр хязгаарлалт тогтоогоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 дүгээр “Саналыг буцаан хүргүүлэх тухай” албан бичгээс үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүгчийг томилохоос татгалзсан, харин 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 “Саналыг буцаан хүргүүлэх тухай” албан бичиг нь нэхэмжлэгчид чиглэсэн, түүнийг хуульд заасан болзол, шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэсэн байх тул Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч шүүгчээр томилуулах шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж, шийдвэр гарган дахин өргөн мэдүүлэх хууль зүйн боломжтой байжээ.

3.13. Хэдийгээр нэхэмжлэгчээс аль шүүхийн шүүгчээр томилуулах талаар нэхэмжлэлд тодорхой дурдаагүй, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар “Зарим шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  татгалзсан, хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  0070 дугаар шийдвэрээр “Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж” шийдвэрлэсэн ч Шүүхийн ерөнхий зөвлөл өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр 2022 оны 0070 дугаар шийдвэрийг биелүүлэх хүрээнд нэхэмжлэгч Л.Гг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 98 дугаар тогтоолоор өргөн мэдүүлж байсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохиролцон анхан шатны шүүхийн шүүгчийн аль нэг сул орон тоонд түүнийг томилуулахаар өргөн мэдүүлэх хууль зүйн боломжтой байх тул хариуцагчийн “... Л.Гг  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэрийн үндэслэлийг нягтлан шалгах ажиллагааг бүрэн хийж Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр удаа өргөн мэдүүлсэн ... Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх хуулийн үндэслэлгүй ...” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

4. Түүнчлэн, нэхэмжлэгчээс Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан хүсэлт, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай тогтоолтой холбогдуулан “сахилгын шийтгэлгүйд тооцуулах” талаар дурдаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж мэтгэлцээгүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа чиглээгүй асуудлаар “... Хариуцагч нь ... бүрэн эрхийнхээ хүрээнд, нэхэмжлэгч Л.Гд сахилгын шийтгэл ногдуулсан Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны анхан шатны хуралдааны 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоол гарах үед үйлчилж байсан 2002 оны Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн үйл баримтыг нягтлан шалгаж ... Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх боломжтой” гэж дүгнэн, улмаар уг дүгнэлттэйгээ холбогдуулан шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2002 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримталсан нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байх тул шийдвэр холбогдох зохицуулалтыг хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

6. Харин нэхэмжлэгчээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж “сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн” талаар буюу өөрийг нь шүүгчээр томилуулахад энэ үндэслэл саад болохгүй талаар шийдвэр гаргуулахаар хандаж, шийдвэрлүүлэх эрхийг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ талаар шийдвэр гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг, анхан шатны шүүх “... Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 тоот албан бичгээр дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна гэж дурдан өргөн мэдүүлэх албан бичиг болон 12 иргэний материалыг бүхэлд нь буцаасныг ... Ерөнхийлөгчийн шүүгчийг томилохоос татгалзсан татгалзал гэж үзэх үндэслэлгүй ... Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот албан бичгээр ... Лхагвацэрэнгийн Г нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна ... гэж ирүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх хуульд заасан шүүгчийг томилохоос татгалзсан татгалзал гэж үзнэ ...” гэх дүгнэлтүүдийг хийсэн нь “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, ... болохгүй” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааныг харьяалан шийдвэрлэдэг. Энэ тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзэж буцаасан саналыг үндэстэй эсэхийг шалган тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “ ... Шүүхийн тухай хууль /2002 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.1 ... ” гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА

 

                     ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ