| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0360/И |
| Дугаар | 131/ШШ2017/00392 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2017/00392
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 3 дугаар багт оршин суух, ВП63042626 регистрийн дугаартай, Тарган дүр овогт Дуламын Бадамхоролын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Бадамхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Бадамхорол шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1963 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн он сар дутуу зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 12 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуутал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? ...гэв.
Шүүх хуралдаанаар Д.Бадамхоролын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 184 дугаар лавлагаа, 1992 оны 06 сарын 30-ны өдөр, 1981 оны 12 сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1985 оны 10 сарын 25-ны өдрийн 63 дугаартай Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, гэрч Д.Чулуунбат, Ч.Жавзан нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Бадамхорол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Бадамхорол нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Д.Бадамхоролын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 184 дугаар лавлагаа, 1992 оны 06 сарын 30-ны өдөр, 1981 оны 12 сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1985 оны 10 сарын 25-ны өдрийн 63 дугаартай Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, гэрч Д.Чулуунбат, Ч.Жавзан нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Тарган дүр овогт Дуламын Бадамхоролын ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тарган дүр овогт Дуламын Бадамхоролын 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Бадамхоролын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ