Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2017/00388

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1-7-49 тоотод оршин суух, ВЮ73103061 регистрийн дугаартай, Шангаа овогт Мягмарын Ариунтуяад холбогдох зээлийн гэрээний үүрэг 8.785.003 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч М.Ариунтуяа нь тус банкны Баянхонгор салбарын Номгон тооцооны төвөөс 2013 оны 08 сарын 28-ны өдрийн 175 тоот зээлийн гэрээ байгуулан 17.500.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар хөрөнгө оруулалтын зориулалттай зээлсэн. Зээлийн барьцаанд тээврийн товчооны гуанз, хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий 341м2 талбай бүхий газрын хамт барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 8.778.206 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12.882.337 төгрөг төлсөн байна. Зээлдэгч М.Ариунтуяа нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, банк зээлдэгчийг зэлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 2.4 дэхь хэсгийн заалтыг зөрчин 101 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймд үндсэн зээл 8.394.971 төгрөг, хүү 386.166 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3865 төгрөг, нийт 8.785.0035 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ..

Хариуцагч М.Ариунтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:

М.Ариунтуяа би ХААН банкнаас 2013 оны 08 сарын 28-ны өдөр 17.500.000 төгрөгийн зээл авч жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зээл авч 12.882.337 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 8.778.206 төгрөг төлж барагдуулна. Маргах зүйлгүй, ХААН банкны нэхэмжилсэн нийт 8.785.003 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь М.Ариунтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8.785.003 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөг тус тус гаргуулахыг хүсэн шаарджээ.

М.Ариунтуяа нь 2013 оны 08 сарын 28-ны өдөр ХААН банктай 175 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 17.500.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар хөрөнгө оруулалтын зориулалттай зээлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүрэг 8.785.003 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Ариунтуяа нь зээлийн гэрээний үүрэг 8.785.003 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХААН банк ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 77.755 төгрөг , хариуцагч М.Ариунтуяагаас 77.755 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч М.Ариунтуяа сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ