Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

Улсын яллагчаар М.Гансувд,

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтангэрэлийн .Эарт холбогдох эрүүгийн 2034000000050 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээнд ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтангэрэлийн .Эар

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг 800 гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Дагвадоржтой харилцан зодолдож, улмаас С.Дагвадоржийн зүүн гарын хурууг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Э: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хохирогч С.Дагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 5-6, 8-9 тал/, гэрч З.Оюуны мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, шүүгдэгч А.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 тал/, шүүгдэгч А.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/ зэрэг болно.

шүүгдэгч А.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 45 тал зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг 800 гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Дагвадоржтой харилцан зодолдож, улмаас С.Дагвадоржийн зүүн гарын хурууг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
  • Хохирогч С.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “...Би А.Э гэх хүнийг танихгүй. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өмнө хамтран амьдарч байсан З.Оюун гэх эмэгтэйгийнд яваад ортол А.Э гэх залуу гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Гэрт харанхуй байсан учир би гэрэл асаах гэтэл тэр залуу намайг барьж авсан. Тэгээд бид 2 маргалдсан. Чи хаанахын хэн гэх пизда вэ гэж би хэлэхэд А.Э гэх залуу би Сэлэнгийн пизда байна гээд хоорондоо барилцаж аваад гэрийн гадаа гарсан. Ингээд зууралдаж байхад миний зүүн гарын дунд хурууг А.Э маш чанга хазаж зажилсан. Тэгээд би хуруугаа салгаж аваад цохиж унагааж байгаад цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн юм. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагад А.Эын гэр бүлээс хандаж би шүүх хурлаар ороод А.Э гэх залууд дахин өөрийн зүгээс хуруу хазсан гэх гомдлыг гаргах болсон... Дахин өгсөн мэдүүлэгтээ: А.Э гэх залуу миний зүүн гарын дунд хуруунаас маш хүчтэй хазсан. Тэгээд би уурандаа А.Э гэх залууг цохиж унагааж байгаад цээж хэсэг рүү нь хөлөөрөө хэд хэд өшиглөсөн. Тэгээд би гэрт ороод энэ пизда миний хурууг хазчихлаа гээд хэлсэн. Тэгээд А.Э босож ирэхгүй гадаа хэвтээд байхаар нь би өөрөө гэрт оруулаад унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8-9 тал/,
  • Гэрч З.Оюунийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт н.Бороо гэх манай дүү А.Э гэгчтэй хамт орж ирсэн. Тэгээд 1 шил 0,75 литртэй  “Хараа” гэх архитай орж ирсэн. Тэгээд н.Бороо, н..Эар бид 3 нөгөө 1 шил архийг хувааж уугаад унтсан. Би н.Дагваа, А.Э хоёрыг хоорондоо зодолдож байхыг хараагүй. н.Дагва шөнө орж ирсэн байсан. Харин өглөө С.Дагвадорж миний хуруу өвдөөд байна, энэ хурууг боогоод өгөөч гэж хэлсэн. Энэ хуруугаа яасан бэ гэж асуухад танай ирсэн энэ А.Э гэх залуу миний хурууг хазсан. Бид 2 шөнө муудалцсан гэж байсан. Ингээд би хурууг харахад бондойгоод улайсан байсан. Тэгээд би хурууг нь нэг даавуугаар боож өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаартай “...С.Дагвадоржийн биед зүүн гарын дунд хурууны 2 дугаар үений бороолсон гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам, зааврын 2.3.1-т заанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Эын ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/ болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч С.Дагвадоржийн биед “зүүн гарын дунд хурууны 2 дугаар үений бороолсон” гэмтэл учруулсан А.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ” мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан ” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч С.Дагвадоржийн биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч А.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт шалгагдвал зохих зүйлсийг бүрэн шалгасан байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч А.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирлын талаар:

            Хохирогч С.Дагвадоржид шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлын баримт ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй тул шүүгдэгч А.Эаас гаргах хохирлын асуудал байхгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.  

 

Шүүгдэгч А.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүх шүүгдэгч А.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний бую 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

            Бусад асуудлаар:

            Эрүүгийн 2034000000050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоногдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн .Эарыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн .Эарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол баримтлан шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Ю.ЭНХМАА