Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

-улсын яллагчаар М.Гансувд,

-хохирогч, шүүгдэгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч Н.Ганбаатар,

   -хохирогч, шүүгдэгч Б.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалцав овогт Батаагийн Оюунцэцэг, Тойн овогт Буджавын Ганболд нарт холбогдох эрүүгийн 2007002670557 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физик-математикийн багш мэргэжилтэй гэх, өндөр насны тэтгэвэрт байдаг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, 23-517 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жалцав овогтой Батаагийн Оюунцэцэг /РД:ЧУ62092565/,

Монгол улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, 23-517 тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Тойн овгийн Буджавын Ганболд /РД:УУ63100316/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Оюунцэцэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Тэрэлжийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хаан” амралтын газарт гэр бүлийн харилцаатай хүн болох өөрийн нөхөр Б.Ганболдыг “дүү н.Бямбадоржийг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Ганболд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилчих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Тэрэлжийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хан” амралтын газарт гэр бүлийн харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Оюунцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Оюунцэцэг нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүгдэгч Б.Ганболд нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Оюунцэцэгийн өгсөн: “Би гүйгээд очиход энэ тэнд цохиж, хөшиглөсөн. Ер нь гараараа хайр найргүй зоддог. Энэ явдлаас хойш дахиад хэд хэдэн удаа зодсон. Ер нь их гар нь хурдан. Гэхдээ гэмтлүүд нь эдгэсэн. Хамгийн гол зүйл нь болсон хэргийн талаар худлаа ярьж байгаад маш их гомдолтой байна” гэв.

Хохирогч Б.Ганболдын өгсөн: “Би гомдол саналгүй гэж ярьсан. Би шүүх эмнэлгээр орохгүй гэсэн. Тэгээд байцаагч намайг шүүх эмнэлгээр ор гэсээр байгаад намайг оруулсан” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Хохирогч, шүүгдэгч Б.Ганболд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/, хохирогч, шүүгдэгч Б.Оюунцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 421 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 тал/, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 416 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 тал/, хохирогч, шүүгдэгч Б.Оюунцэцэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-85, 86-87/, гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/ зэрэг болон шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай.

Мөн яллагдагч, хохирогч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Оюунцэцэг, Б.Ганболд нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

а/Гэм буруугийн талаар.

 

Улсын яллагч шүүгдэгч Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Лхагвадоржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.Ганболдыг “ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй- гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Оюунцэцэгийг “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн нөхөр Б.Ганболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй “ гэх дүгнэлтийг,

Хохирогч Б.Оюунцэцэг, Б.Ганболд нар “ гэм буруутайд хэлэх зүйлгүй “ гэх саналыг,

Шүүгдэгч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч И.Отгонсүрэн “ Б.Оюунцэцэг нь 2020 оны 06 сарын 13-аас 14-н шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Тойрол хан амралтын газар гэр бүлийн хүн болох Б.Ганболдыг н.Бямбадоржийг зодсон гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйчлэгдэж орж ирсэн байгаа. Б.Ганболдыг зодож хөнгөн хохирол учруулсандаа Б.Оюунцэцэг нь маргадаггүй. Зүйчлэлийн хувьд өмгөөлөгч нарын зүгээс хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцоно. Улсын ялагчаас гэр бүлийн хамаарал бүхий хүнийг гэж хүндрүүлж орж ирсэн байгаа. Б.Оюунцэцэгийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, Б.Ганболдод төлөх хохирол төлбөргүй. Энэ байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Ганболдын өмгөөлөгч Н.Ганбаатар “ Хоёр талаас тухайн үед байсан хүмүүсийн мэдүүлгийг харж байхад хувийн таарамжгүй харьцаанаас янз бүрийн нөхцөл байдал үүссэн байгаа. Өөрөөр хэлбэл зүйчлэлийн хувьд маргаад байгаа зүйл байхгүй. Б.Оюунцэцэгийн хувьд анхнаасаа Б.Ганболдын биед гэмтэл учруулсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас Б.Б.Оюунцэцэгийг 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруутай гэх саналыг шүүхэд гаргаж байна. Б.Ганболдын хувьд мэдүүлэг дээрээ би гэмтэл учруулаагүй гэж ярьж байна. Яг Б.Оюунцэцэгийн биед учруулсан гэмтлийг харах юм бол болсон үйлдэл явдал ойлгомжтой. Б.Оюунцэцэгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг дээр уруул руу цохисон, тархи руу хүчтэй цохисон, бугалга нуруу гуянд үүссэн хохирол нь хэрэгт хамаагүй байгаа. Уруулан дээр цохичхоод бусад биеийн зузаан булчинлаг хэсгүүд хохирлууд арилах ёсгүй. Практикаар ийм байдаг. Энэ дээр шүүгдэгч Б.Ганбод нь маргаад байгаа нь үндэстэй байна гэж үзэж байна. Хавтаст хэргийг харахаар шинжээчийн дүгнэлтээр хүний биед хөнгөн хохирол учирсан гэмтэл гарчихсан. Шинжээч өөрөө цаг хугацааны хувьд энэ гэмтэл гарах боломжтой гэх дүгнэлт гарсан байгаа. Б.Оюунцэцэгийн биед тэнд байсан хүмүүсээс хэн гэмтэл учруулсан гэдэг нь хэрэгт дутуу харагддаг. Хамаатан садны эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг байдлаар тийм зүйл харагддаг. Тухайн үед үүнийг шалгах боломж байсан. Дутуу шалгасан зүйлүүд харагддаг. Анх хуралд орж ирэхэд манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээгээд гаръя гэсэн ярьсан. Орж ирээд манай үйлчлүүлэгч би ийм гэмтэл учруулаагүй гэж байна. Миний үйлчлүүлэгч нь 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруутай байна гэж үзэхэд хэцүү байгаа учраас гэм буруутай эсэхэд шүүх өөрийн дүгнэлтийг хийх байх гэсэн саналыг хэлж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

 

Шүүгдэгч Б.Оюунцэцэг нь 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Тэрэлжийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хаан” амралтын газарт гэр бүлийн харилцаатай хүн болох өөрийн нөхөр Б.Ганболдыг “дүү н.Бямбадоржийг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Ганболд нь 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилчих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Тэрэлжийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тоорил хан” амралтын газарт гэр бүлийн харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Оюунцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “... Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний ажиллуулдаг Тоорил хан амралтад найз н.Мөнхбат ажлынхаа хүмүүстэй 20 цагийн үед ирсэн. н.Мөнхбат надад нэг шил архи өгсөн. н.Мөнхбат нь өөрөө уудаггүй. Би тэр архийг ах н.Будтай хувааж уусан. н.Мөнхбат ажлынхнийгаа үлдээчихээд 23 цагийн үед явсан. Ах бид хоёр тэр архийг 22 цагийн үед ууж дуусгаад би 4 ханатай гэр дотор ороод унтаад өгсөн. 4 цагийн үед сэрээд би босож амралтын газрынхаа бүх үүд хаалгыг түгжсэн. Билльярдны зааланд ороод хэвтэх гэж байхад эхнэр утсаар залгаж хаан байгаа юм бэ гэхээр нь би байгаа газраа хэлсэн. Эхнэр удалгүй халамцуу орж ирээд намайг хардаад, хэрүүл хийгээд хаана хоносон юм бэ гэхээр нь би 4 ханатад хэсэг унтчихжээ гэхэд итгэхгүй байсан. Гэр рүү бид хоёр орсон, тэр үед хардаад миний нүүрийг маажсан. Би гараад н.Болдын ахын машинд суугаад Налайх дүүргийн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Миний нүүрийг нилээн маажчихсан байсан. Одоо эдгэрсэн, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг гэв. /хх-ийн 13-15 тал/,

Хохирогч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “Би Б.Ганболд гэх хүнтэй 1989 оны 12 дугаар сараас нэг гэр бүл болж амьдарч эхэлсэн. Дундаасаа хүүхэд байхгүй, гэрлэлтийн баталгаатай 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нөхрийн ангийнхан найз эхнэр болон ажлын хүмүүстэй манай амралтын газар ирээд 2 гэр авсан. Би болон нөхөр үйлчилж хорхог болон хоол ундыг хийж өгсөн. Дүү н.Бямбадорж тусалж хүлээн авч бид нар хамтдаа архи уусан. Манай караокед орж бөөнөөрөө дуулсан. Тухайн хүмүүстэй караокед н.Болд ах дүү н.Бямбадорж би болон ирсэн хүмүүсээс 5-6 хүн орж дуулсан. Намайг гоё дуулж байна гэж надаа архи хундгалж өгөхөөр нь уусан. Ач хүү уйлж байна гэхээр нь би гэр лүүгээ очсон. Хүүгээ унтуулж байхад араас н.Бямбадорж, н.Болдоо ах нар ирсэн. Н.Болдоо ах унтаад өгсөн, дүү хойд талын орон дээр унтаж амарсан. Ач хүүгээ унтуулаад байж байсан чинь байшингийн хаалга дуугарах чимээ гарахаар нь шагайгаад харсан чинь Б.Ганболд байсан. Би гэрээс гараад Б.Ганболд дээр очоод н.Бямбаагийн хадгалуулсан архи сефендээ байхгүй байна гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлээд хэд хэдэн удаа цохисон. Гэрт орж манай дүү н.Бямбадоржийг оронд нь хэвтээд унтаж байхад нь хэд хэдэн удаа цохихоор нь дүүгээ өмөөрөөд нөхрийн нүүрийг нь маажсан чинь Б.Ганболд гараад явсан. Араас нь н.Болд ах гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

Хохирогч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “ Гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Одоогийн байдлаар миний нөхөр бид хоёр хамт амьдарч байгаа. Д.Ганболд нь дахин зодоогүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй”  гэх мэдүүлэг /хх-9 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 421 дугаартай “Б.Ганболдын биед нүүрэнд зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 416 дугаартай “Б.Оюунцэцэгийн биед баруун бугалга, нуруу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

Гэрч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Тоорил Хан нэртэй амралтын газарт очсон юм. Анх Тоорил хан амралтын газрыг үүсгэн байгуулж байхад миний бие 40 хувийн хөрөнгө оруулалт хийсэн. Миний төрсөн дүү Б.Ганболд 60 хувийг нь гаргаж үүсгэн байгуулж байсан. Тэгээд л би тухайн үед амралтын газарт дүү дээрээ очсон байсан. Тэр өдөр “ЭПС” ХХК-ийн ажилчид нь Тоорил хан амралтын газарт ирээд амарч байсан. би өөрийнхөө машинтай очсон байсан болохоор би машиндаа унтаж байсан. Миний төрсөн дүү том зааландаа ганцаараа унтаж байсан. Би машиндаа унтаж байгаад гадаа сэрүүхэн байсан болохоор жиндээд 4 4 ханатай гэрт ороод хэвтсэн. Гэрт ороход манай дүүгийн эхнэр хүүхдийнхээ хүүхэдтэй байж байсан. Би унтах гээд зүүрмэглээд хэвтэж байтал хүмүүс хэрэлдээд орилох чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Б.Ганболд ахаа намайг Б.Оюунцэцэг ийм болгочихлоо гэж хэлсэн. Б.Ганболдын нүүр улаан нялга цус гарчихсан Б.Ганболд орон дээр Б.Оюунцэцэгийг дарчихсан байж байсан. Тэгээд би боль гээд дундуур нь ороод салгасан. Би дүүгээ аваад явах гэтэл гэрийн үүдэнд эхнэр нь гарч ирээд бас л зууралдаад хэрэлдээд байсан. Тэгээд би дүүгээ аваад явсан, ойролцоогоор үүрээр 4-5 цагийн үед болсон асуудал...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/, шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70,78 тал/ зэрэг хэрэгт  авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан байна гэж шүүх үзсэн.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Тодруулбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч , харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарагдахаар хуульчлагдсан шүүгдэгч, хохирогч Б.Оюунцэцэг, Б.Ганболд нар нь гэр бүлийн хамааралтай бүхий харилцаатай эхнэр нөхөр хоёр мөн боловч шүүгдэгч Б.Оюунцэцэг, Б.Ганболд нар нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байнгын үйлдэл хийж байгаагүй, тухайн өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас нэг удаагийн үйлдлээр бие биенийхээ эрх чөлөөнд нь халдаж хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт гэрч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарагдахаар хуульчлагдсан бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцааны буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйчилж Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Оюунцэцэгийн, нөхөр Б.Ганболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг /байнгын шинжтэй/ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэргийн зүйчлэлийг хүндрүүлэн зүйчлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн тайлбарлаж байгаагаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр нөхөр байх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж хүндрүүлэн дүгнэх боломжгүй бөгөөд хууль тогтоогч гагцхүү гэр бүлийн хамаарал бүхий  харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хувиарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гурав буюу түүнээс дээш бие даасан шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.Оюунцэцэг, нөхөр Б.Ганболдыг зодсон, дарамталсан, догшин авирласан, тарчлаан зовоосон гэх байнгын шинжтэй үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулсан гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэргийн хэмжээнд нотлох баримтаар хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг үндэслэн Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ганболд, шүүгдэгч Б.Оюунцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчилж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйчлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгчөөс “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас зүйлчлэлийг өөрчилж өгнө үү “ гэсэн хүсэлт нь шүүгдэгч Б.Оюунцэцэгийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцогдох тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын доод хэмжээг оногдуулсан болно.

Харин шүүгдэгч Б.Ганболдын өмгөөлөгчийн гаргасан “хохирогчийн биед учирсан гэмтэл эргэлзээтэй” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюунцэцэг нь болсон үйл баримтын талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нар нь “ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нар Б.Ганболд, Б.Оюунцэцэг нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

б/Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

-улсын яллагчаас “шүүгдэгч Б.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Оюунцэцэгт 450.000 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын дүгнэлтийг,

-шүүгдэгч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс “Шүүгдэгч Б.Оюунцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг оногдуулж байна ” гэх саналыг,

-шүүгдэгч Б.Ганболдын өмгөөлөгч Н.Ганбаатараас “Торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Оюунцэцэгийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Шүүгдэгч Б.Оюунцэцэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Ганболд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

     Бусад асуудлаар:

Эрүүгийн 2007002670557 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2

дахь хэсэгт зааснаар Төв аймгийг Прокурорын газраас шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Тойн овгийн Буджавын Ганболд, Жалцав овогтой Батаагийн Оюунцэцэг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Тойн овгийн Буджавын Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунцэцэгийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ганболдод оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Оюунцэцэгт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нарт шүүхээс оногдуулсан торгох ялын

биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ганболд, Б.Оюунцэцэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол тан уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА