МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
-хохирогч Ш.Соёл-Эрдэнэ /онлайн/,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
-шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Б.гийн .Бд холбогдох эрүүгийн 2034000000638 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Гөрөөчин овогт Б.гийн .Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Дуган хад” гэх газарт иргэн Ш.Соёл-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Н нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ш.Соёл-Эрдэнэ нь мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би н.Бархас-Одынд сууж байсан. Б.Н эхнэртэйгээ орж ирсэн. Би согтуу архи уучихсан байсан. Тэгээд орж ирээд л шууд зодоод эхэлсэн. Зодож нүдээд байсан. н.Шүрэнцэцэг салгасан тэгээд би цааш гэр рүүгээ явган алхаад явсан тийм л зүйл болсон” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ш.Соёл-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/, гэрч А.Одсайханы мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/, гэрч Д.Шүрэнцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/, гэрч Д.Ёндонгийн /хх-ийн 15 тал/ Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22 тал/, хохирлын баримт зэрэг болон шүүгдэгч Б.Ны хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Дуган хад” гэх газарт иргэн Ш.Соёл-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Ш.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Төв аймгийн Борнуур сумын нутаг “Дуган хад” гэх газарт малтай малчин юм. Тэгээд 2020 оны 10 сарын 05-ны өдөр сумын төв орох гээд алхаад явж байсан чинь сумын иргэн Б.Н эхнэрийн хамтаар машинтай явж байсан. Тэгээд би сумын төв орох талаар асуусан чинь орно гэсэн. Тэгээд суугаад сумын төв ороод буугаад тэгээд сумын төвөөр ажлаа амжуулаад мөн гэрийн ойролцоо байдаг н.Бархасбадь гэр рүүгээ явна гэхээр нь машинд суугаад яваад гэрт нь ороод сууж байсан чинь Б.Н ирээд н.Бархасбадийнд орж ирээд намайг энэ яахаараа энд сууж байдаг юм гээд намайг учир зүггүй цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан. Намайг н.Бархасбадийнд сууж байсан чинь Б.Н орж ирээд учир зүггүй энэ цагаач энд яахаараа сууж байдаг юм гээд гараараа цохиод би газарт унасан. Тэгээд намайг хөлөөрөө өшиглөж зодсон юм. Намайг цохиж зодсон Б.Нтай ямар нэгэн хамаатан садан холбоо байхгүй, ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. Миний зүүн нүдний ухархайны яс цөмөрсөн, зүүн төмсөг няцарсан, толгой тархи хавдсан гэмтэл учирсан одоо төмсөг өвдөж байна, хамар зүүн нүд хэсэг мэдээгүй байна. Улаанбаатар хот нэгдүгээр эмнэлэгт зүүн нүдний ухархайн хагалгаанд орсон, төмсгөнд шимэгтүүлдэг эмчилгээ хийлгэж байна. Тухайн үед би архи согтууруулах ундаа уусан согтуу байсан. Тэгэхдээ болж байсан үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Б.Н архи, согтууруулах ундаа уугаагүй байсан. Тухайн үед Б.Ны эхнэр, дүү болон н.Бархасбадийн эхнэр байсан. Би эмчилгээ хийлгэсэн талаар баримтаа өгч байна. Хэдэн төгрөг байгаа талаар мэдэхгүй байна Б.Н эмчилгээний зардал мөнгө өгөөгүй байна. Тухайн өдөр Б.Н эхнэрийн хамтаар сумын төв явж байхад Б.Ны тээврийн хэрэгслийн шатахуун нь шатахуун түгээх станцын ойролцоо дууссан. Тэгээд Б.Н алхаад шатахуун түгээх станц ойрхон байсан. Тэр үед би Б.Ны эхнэрийг хэл амаар доромжилсон болон биед нь халдсан зүйл байхгүй. Гомдолтой байна, эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээ хийлгэх хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг / хх-4-5 хуудас /
- Хохирогч Ш.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад гаднаас Б.Н гэдэг залуу орж ирээд 1 шил 0.75 литрийн савлагаатай дундуур архитай орж ирээд хувааж уусан. Тэгээд түүнийгээ дуусаад Б.Н одоо чи нэг архи олоод ир гэж надад хандсан. Тэгэхээр нь би архи авахаар “Цагаан булаг” гэх амралт руу гарсан. Тэгээд тэндээс 1 шил “Соёрхол” гэх 0.75 литрийн архи аваад гэртээ ирсэн. Түүнийгээ Б.Нтай хувааж ууж байхад Б.Ны хүү н.Мөрөн ирээд аавыгаа аваад явсан. Тэгээд маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байхад дахин Б.Н эхнэр н.Оогийгийн хамт ирсэн. Тэгээд бид 3 Б.Ны машинтай Борнуур сумын төв рүү орж ирсэн. Тэгээд би салаад явсан. 17 цагийн орчимд би Б.Ны дүү н.Бархас-Одтой таараас н.Бархас-Одийн гэрт очсон. Тэднийд ороод удаагүй байж байтал Б.Н араас орж ирээд “муу цагаач” чинь юу хийж яваа юм гээд шууд зодоод эхэлсэн. Тэгээд би зугтаад гэр рүүгээ харисан. Намайг н.Бархас-Одын эхнэр н.Шүрэнцэцэг авраагүй бол намайг алах байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,
- Шүүгдэгч Б.Ны мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өпөо бт Борнуур сумын төв рүү орох гэж явахад н.Соёлоо согтуу таараад би урьхан орж архи авмаар байна гээд миний машинд дайгдан суусан. Тэгээд замд миний машины түлш дуусан цаашаа би явган сав аваад клонкоос түлш аваад буцаад машинд дайгдан явсан. Тэгэхэд н.Соёлоо надтай явган зөрөөд явж байсан. Би машин дээрээ ирэхэд манай эхнэр энэ н.Соёлоо чинь ёстой балай хүн байна. Яах гэж ийм согтуу балай хүн авч байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи уухгүй ээ, машин бариад явж байна гэхэд н.Соёлоо чи архи уулдаа би эхнэртэй чинь унтмаар байна гэж хэлсэн. Миний уур хүрээд би өтөлсөн болохоос үхээгүй шүү пизда минь гэж хэлсэн. Тэгээд би аваад төв оруулаад орхисон. Н.Соёлоо төв дээр миний машинаас гараад явсан. Би төвөөр ажлаа амжуулаад буцаад харих гэж яваа дүү н.Бархас-Одынд очсон. Тэгсэн н.Соёлоо сууж байсан. Тэгээд н.Бархас-Одынд бид хоёр муудалцаад би 2 удаа толгой руу нь гараараа цохисон. Тэгээд н.Соёлоо гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
- Гэрч А.Одсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нөхөр бид 2 Борнуур сумын төв рүү хөдөлж байсан тэгээд н.Соёлоо таараад манай дайгдан урьхан орно гээд суусан. Тэгээд явж байхад замдаа манай машины түлш дууссан тэгээд манай нөхөр 20 литрийн сав аваад урьхан орж түлш авна гээд алхаад явсан. Тэгээд н.Соёлоо бид 2 манай машинд үлдсэн. Тэгтэл н.Соёлоо надад хандан би их том эрхтэнтэй чи намайг үзэх үү гээд сонин юм ярьж байснаа намайг татаж чангааж байгаад миний цамцыг урсан. Тэгээд би уурласан чинь н.Соёлоо надад хандан халхийн шоронгийн атман би чамайг явуул ч яана гээд намайг хэд хэд хатгасан. Тэгээд би өөрийн хүү рүүгээ залгаад аавыгаа хурдан ир гэж хэлсэн чинь н.Соёлоо буугаад яваад өгсөн. Тэгээд манай нөхөр түлшээ хийгээд урьхан дээр очиход н.Соёлоо ирсэн байсан. Тэгээд бас манай машинд суугаад Борнуур сумын төв рүү орж ирээд салаад явсан. Нөхөр бид 2 төв дээр ажлаа амжуулаад харьж явахдаа нөхрийн дүүгийнд очсон. Тэгсэн н.Соёлоо сууж байсан. Тэгээд манай нөхөр н.Соёлоотой маргалдаад 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд н.Соёлоо гараад яваад өгсөн. Тэгээд бид 2 гэртээ очсон. Манай нөхөр Б.Н, н.Соёлоо, н.Шүрэнцэцэг тэгээд би байсан. Толгой руу нь 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 11 тал /
- Гэрч Д.Шүрэнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би нөхөр болох н.Бархас-одтой Борнуур сумын төв дээр орж өөрийн хүүхдээ, мөн засаг даргаас бичиг авах гэж төв орсон, төвийн махны дэлгүүрийн өмнө н.Соёлоотой таарсан, Соёлоо тэр үед согтуу байсан тэгээд цуг гэр лүүгээ харина гээд манай машинд суусан тэндээс цагаан булаг гэх газар очих байхад н.Соёлоогийн машин замд цасанд суусан байсан. Тэгээд Соёлоо машин дээрээ буугаад хоцорсон. Бид хоёр шууд гэртээ ирсэн ардаас Соёлоо манай гэрт өөрийн машинтайгаа хүрээд ирсэн тэгээд н.Соёлоог дөнгөж орж ирэхэд ардаас нь .Б ах ороод ирсэн тэгээд тэр хоёр маргалдаж байгаад эвлэрээд гар барьсан тэгээд мөрөө зөрүүлээд Соёлоо, .Бы хоолойноос боогоод авсан тэгээд .Б уурлаад н.Соёлоог гараараа хэдэн удаа цохисон... Соёлоо Борнуурын төвд бид хоёртой таарахад нүд ам нь зүгээр байсан... .Б зөвхөн гараараа цохисон... Би гал түлээд сууж байсан нэг мэдэхэд түс тас гээд бөөн юм болсон тэгээд би очоод салгасан тэрнээс хойш яг хэдэг удаа хаана цохисныг би сайн хараагүй. Б.Н, эхнэр н.Одсайхан, н.Соёл-эрдэнэ, тэгээд би байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 тал/
- Гэрч Д.Ёндонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Б.Н, Ш.Соёл-эрдэнэ нарыг танина ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй, нэг сумын, нэг багийн иргэд байгаа юм. Б.Н, Ш.Соёл-эрдэнэ нар хоорондоо зодолдсон талаар мэдэхгүй байна. Тухайн өглөө ш.Соёл-эрдэнийн тээврийн хэрэгсэл цасанд суусан байдалтай хөдөө таарсан. Тэгэхэд н.Соёлоо биед учирсан ил харагдах гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг / хх-15 хуудас /
- Гэрч П.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... “...Хоорондоо зодолдсон талаар мэдэхгүй байна. Төв аймгийн Борнуур сумын “Дуган” хад гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Д.Ёндон үхрээ гаргаад явж байсан чинь Ш.Соёл-Эрдэнэ машин нь цасанд суусан хөдөө байна, гаргаж өглөө гээд малдаа явсан. Тэгээд Ш.Соёл-Эрдэнэ архи согтууруулах ундаа уусан орж ирээд намайг хөөш хөгшин төгцөг минь чамайг яасан ч чадна шүү гэх мэтээр доромжлоод байсан тэгээд би найз Б.Дэжиймааг дуудаад тэгтэл Ш.Соёл-Эрдэнэ гэрээс гараад намайг ганцаараа байхад яавал яах санаатай хүн байсан... “ гэх мэдүүлэг / хх-ийн 16 хуудас /
- Гэрч Б.Дэжиймаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б.Н, Ш.Соёл-эрдэнэ нарыг танихгүй. Б.Н, Ш.Соёл-эрдэнэ нар хоорондоо зодолдсон талаар мэдэхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өглөө гэртээ байсан чинь манай урд айлын Алтанцэцэг утсаар залгаад би гэртээ ганцаараа байна нэг согтуу хүн орж ирээд намайг айлгаад байна гэсэн би гэрт нь орсон чинь танихгүй архи уусан залуу хөл дээрээ зогсож чадахгүй согтуурхаад байж байсан юм...” гэх мэдүүлэг / хх-17 хуудас/
- Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Батчимэгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаартай дүгнэлтэд: “...Ш.Соёл-эрдэнэ-н биед зүүн ухархайн яс хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн чих, зүүн суга, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 21 тал /
- Шүүгдэгч Б.Ны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Манайх Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр “Дуган хад” гэх газарт байдаг. Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Борнуур сумын төв рүү орох гэж байхад Ш.Соёл-эрдэнэ согтуу таараад би “Урьхан” орж архи авмаар байна гээд миний машинд дайгдан суусан тэгээд замд миний машины түлш дууссан цаашаа би явган сав аваад клонкоос түлш аваад буцаад машинд дайгдан явсан. Тэгэхэд Ш.Соёл-эрдэнэ надтай явган зөрөөд явж байсан. Тэгээд би машиндаа түлшээ хийгээд урьхан ороход Ш.Соёл-Эрдэнэ авто зогсоол дээр зогсож байгаад над руу ирээд н.Сайханаа ямар архи уух юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи уухгүй ээ машин бариад явж байна гэхэд Ш.Соёл-эрдэнэ чи архи уулдаа би эхнэртэй чинь унтмаар байна гэж хэлсэн миний уур хүрээд би өтөлсөн болохоос үхээгүй шүү гэж хэлсэн чинь Ш.Соёл-эрдэнэ уучлаарай найзаа би сумын төв орно гэхээр нь машиндаа суулгаад Борнуур сумын төв ороод айлын гадаа очоод айлд ирсэн чинь Ш.Соёл-Эрдэнэ төвөөс миний машинаас гараад явсан. Би төвөөр ажлаа амжуулаад буцаад харих гэж яваад дүү н.Бархас-одынд очсон тэгсэн Соёлоо сууж байсан би тэгэхээр нь Соёл-эрдэнийг чи яасан сайхан гар вэ одоо болтол хариагүй байгаа юм уу гэсэн чинь Соёл-эрдэнэ босож ирээд намайг уучлаарай гээд гар бариад гар тавихгүй нөгөө гараараа өмсөж байсан хувцасны захаар боогоод би тэгэхээр нь Соёл-эрдэнийг боль тавь гэсэн чинь тавихгүй байсан тэгэхээр нь би барьсан гараа тавиулаад зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхэд Ш.Соёл-Эрдэнэ газарт унасан, тэгээд Ш.Соёл-Эрдэнэ өндийгөөд ирэхээр нь би гараараа зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа давраад байгаарай гээд нэг удаа алгадсан. Тэгтэл н.Бархас-одын эхнэр салгаад намайг гар гээд гэрээсээ гаргасан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан Ш.Соёл-эрдэнэ архи согтууруулах ундаа уусан их согтуу байсан. Төв аймгийн Борнуур сумын нутагт дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ш. Соёл-эрдэнийг цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмтэл учруулахаар цохиж зодоогүй. Шанаа тус газарт нь нэг удаа цохиод мөн шанаанд нь нэг удаа алгадсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Хохирогч Ш.Соёл-Эрдэнийн биед “зүүн ухархайн яс хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн чих, зүүн суга, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцралт” гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ш.Соёл-Эрдэнийн биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Н нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Н нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ш.Соёл-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд 2.454.190 төгрөгийн, нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Соёл-Эрдэнэд 1.150.000 төгрөг төлж, нэхэмжлэлийн шаардлагын 1.293.300 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учраас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, үлдэгдэл 101.890 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Наас 101.890 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Соёл-Эрдэнэд олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас шүүгдэгч Б.Ныг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 мянган төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “Шүүгдэгч Б.Ны хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа. үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэрэг байдлуудыг мөн шүүгдэгч Б.Ны 2 гар нь мэдээгүй. Одоо грүппт орох материалууд нь хангагдсан байгаа. Грүппт ороогүй учраас би материалуудыг нь авчирч өгсөнгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Ны холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Гөрөөчин овогт Б.гийн .Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Гөрөөчин овогт Б.гийн .Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ныг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Соёл-Эрдэнэд 1.150.000 төгрөг төлж, нэхэмжлэлийн шаардлагын 1.293.300 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учраас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, үлдэгдэл 101.890 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Наас 101.890 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Соёл-Эрдэнэд олгож шийдвэрлэсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА