Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 46

 

Б.П-, Б.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

 

Прокурор                                         Н.Идэр

Яллагдагч Б.П-гийн

өмгөөлөгч                                        Н.Баттунсаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 275 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн П-, Эрүүийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн М- нарт холбогдох эрүүгийн 201509000893 тоот 5 хавтаст хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б- овогт Б-гийн П- /РД: **********/

            Монгол Улсын иргэн, Онц тээвэрчин цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Х- овогт Б-гийн М- /РД: **********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

-Яллагдагч Б.П- нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичиж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж буй 22 айлын орон сууцаьд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр бүхий 9 иргэнийг залилж 36.314.200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

-Яллагдагч Б.М- нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 875 дугаартай  шүүгчийн захирамжаар:

-Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллагдагч Б.П-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагч Б.М-ид тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000893 хэргийг прокурорт буцааж,

-Хэрэг     Прокурорын газар очтол яллагдагч Б.П-, Б.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Хэргийг прокурорт буцаасан дээрх 275 тоот шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Хохирогч Б.М- нь шүүгдэгч Б.П-д залилуулсаны улмаас учирсан бодиг хохирол нь 1.145.000 төгрөг болох нь хэрэгт авагдсан холбогдох бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хохиролд микро автобусны үнэ болох 3.500.000 төгрөгийг нэмж тооцох тухай хүсэлтийг шүүх хүлээн авсан ба энэ дүнг хохиролд нэмж тооцох үндэслэл болж байгаа нотлох баримтаа шүүх тодорхой нэрлэж заагаагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Б.П- нь Б.М-той байрны захиалгын гэрээ байгуулж түүнээс 1.145.000 төгрөгийг авсан үйлдэл нотлогдож байгаа ба харин байрны захиалгын урьдчилгаанд микро автобусыг өгсөн гэх боловч, энэ микро автобусыг Б.П- авч ашиглаж, захиран зарцуулаагүй, мөн Б.М- нь өөрийн өмчлөлийн эд зүйл, хөрөнгийг Б.П-д өгсөн биш, өөр хүний нэр дээр бүртгэлтэй, өөр хүний өмчлөлийн микро автобусыг Б.П-д байрны урьдчилгаанд тооцож өгсөн нь холбогдох нотлох баримуудаар тогтоогдсон.

2002 оны Эрүүгийн хуулиар бол бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг залилсан бол гэмт хэрэгт тооцдог байсан ба харин 2015 оны Эрүүгийн хуульд эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэж заасан ба тодруулбал эзэмшигчид байгаа эд хөрөнгийг залилан авсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчипсан. Үүнээс үзэхэд Б.П-гийн хохирогч Б.М-ийг залилсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн хэрэг учраас Б.П-г Б.М-ийн өөрийнх нь өмч байгаагүй, харин эзэмшил ашиглалтанд нь байсан /микро автобус нь Б.П-д өгөх үед нь тэдний бэрийн нэр дээр байдаг, бэр нь гадаадад явсан/ микро автобусыг залилсан гэж үзэж түүний үнэ 3.500.000 төгрөгийг хохиролд нэмж тооцох хууль зүйн үндэслэлгүй буюу энэ үйлдэлд гэмт хэргийн шинжгүй тул яллах дүгнэлтэнд оруулаагүй буюу эзэмшлийн эд хөрөнгийг залилсан гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хохирлыг нэмж тооцох үндэслэлгүй юм.

Залилж авах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бусдад учруулсан шууд хохирлоор тооцдог тул Б.М-ид шууд учирсан хохирол нь 1.145.000 төгрөг тул энэ дүнгээр хохирлын хэмжээг тооцсон юм. Микро автобус нь Б.М-ийн өмч биш байснаас гадна, Б.П- ашиглаж, эзэмшээгүй, захиран зарцуулаагуй бөгөөд, хүргэн Эрдэнэбат, бэр 2 нь буцааж авч унаж яваад эвдэлсэн байдал нь микро автобусыг залилсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх хэргийн бодит байдал, цугларсан нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, зөвхөн хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтэнд хөтлөгдсөн гэж үзэж байна.

Залилангийн хэргийн улмаас учирсан хохирлоос хохирогчид төлж барагдуулсан дүнг хасч, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх тохиолдол цөөнгүй гарсныг дурдах байна. Шүүхээс буцаасан үндэслэл болж байгаа 3.500.000 төгрөг төлөгдсөн байгаа болно.

-Хэргийг прокурорт буцаасан үндэслэлийн гол агуулга нь дээрх 3.500.000 төгрөгийн хохирлыг нэмж тооцох эсэх асуудал бөгөөд, энэ асуудал нь хохирогч Б.М-, У.Цогзол нарын микро автобусны тапаар өгсөн зөрүүтэй мэдүүлэгтэй ч холбоотой юм. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайлбап Б.М-ийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон тул түүний энэ үйлдпийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 275 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн хурапдаанаар хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Б.П-гийн өмгөөлөгч Н.Баттунсаг гаргасан тайлбартаа:

“...Б.М-, У.Цогзол нар анхнаасаа худал мэдүүлэг өгсөн бөгөөд тэдэнд хууль сануулж мэдүүлэг авсаар байтал анхан шатны шүүх худал мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. 3.500.000 төгрөгийн микро автобусыг Б.М-ийн охин, хүргэн нар унаж явж байгаад осолд оруулж эвдлээд хохирлыг төлсөн. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.П-г 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 29 дүгээр хороололд баригдаж буй 60, 22 айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичиж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт баригдаж буй 22 айлын орон сууцаьд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр бүхий 9 иргэнийг залилж 36.314.200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар, яллагдагч Б.М-ийг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 275 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллагдагч Б.П-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагч Б.М-ид тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000893 хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Идэрийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал:

Яллагдагч Б.П-, Б.М- нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шүүх хуралдаанаас “...Шүүгдэгч Б.П- нь байрны урьдчилгаанд бодож бэлэн мөнгө 1.145.000 төгрөг, 3.500.000 төгрөгний үнэ бүхий микро автобус иргэн Б.Мижидоржоос авсан байна. Гэтэл прокурорын шатанд дээрх микро автобусыг Б.П-д заруулахаар өгсөн тул залилах гэмт хэргийг шинжгүй гэж үзээд Б.Мижидоржийн хохирлоос 3.500.000 төгрөг хасаж тооцжээ.  Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр зүйлчлэгддэг тул Б.П-гээс бусдад учруулсан хохирлыг бодитой тогтоох шаардлагатай” гэж дүгнээд хэргийг прокурорт буцаасан байна.

Прокурор 275 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2002 оны Эрүүгийн хуулиар Б.П-гийн үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэгт тооцдог байсан бол 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар уг үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй болсон түүнчлэн залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бусдад учруулсан шууд хохирлоор тооцдог тул Б.Мижидоржид учирсан шууд хохирол 1.145.000 төгрөг тул захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.

Залилан мэхлэх гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгө, мөн өмчлөх эрхийг хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулж өмчлөх эрхийг олж авах хэлбэрээр илэрдэг. Эд хөрөнгөө алдаж буй этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч, бас эзэмшигч ч байж болдог ба 2002, 2015 оны эрүүгийн хуулиуд залилах гэмт хэргийн талаар үндсэн ойлголт хэвээр байгааг анхаарах нь зүйтэй.

Яллагдагч Б.П- нэр бүхий 9 хүнээс орон сууцтай болгож өгнө гэж “Орон сууц захиалгын гэрээ” бичиж их хэмжээний мөнгө авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохоос гадна хохирогч Б.М- байрны урьдчилгаанд охиныхоо өмчлөлийн тээврийн хэрэгсэл өгснийг уг микроавтобус хохирогч Б.М-ийнх биш гадаадад байдаг охиных нь өмчлөлийн эд хөрөнгө тул залилах гэмт хэргийн шинжгүй гэж прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нар үзсэн нь буруу байна. 

Түүнээс гадна Прокурорын  2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 тоот Яллагдагчаар татах тогтоолд Б.М-ийг 4669 ДГО улсын дугаартай микро автобусаа Б.П-гийн нөхөрт заруулахаар өгсөн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж байцаажээ. /хэргийн 65, 66 дугаар тал/ Гэтэл Прокурорын 09 тоот эсэргүүцэлд яллагдагч Б.М- нь охиныхоо микро автобусыг хүргэн /Э.Баторгил, бэр /Б.П-/ 2-т заруулахаар өгсөн тул гэмт хэргийн шинжгүй гэх агуулга бүхий зүйл бичсэн нь прокурорын эсэргүүцэл, Б.М-ийг яллагдагчаар татсан тогтоол хоёр зөрчилдсөн байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл 09 тоот эсэргүүцлийн агуулгаар бол шүүгдэгч Б.М- үнэн ярьсан байхад прокурор түүнд үндэслэлгүйгээр ял сонсгож, яллагдагчаар татсан болохоор байна.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр /4-р хх-ийн 85 дугаар тал/ яллагдагч Б.П-гийн урьд сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан зүйл ангийг өөрчилж 148 дугаар зүйлийн 148.3 болгохдоо ямар үйлдэл холбогдлыг хассан (хэрэгсэхгүй болсон) тодорхой зааж өгөөгүй боловч хохирлын хэмжээ тооцсон баримтуудаас үзэхэд хохирогч Б.М-ид учруулсан хохирлоос 3.500.000 төгрөг авсан үйлдлийг хасаж тооцсон гэж харагдахаар байна.

Дээрх үйлдэл  холбогдлыг хэргээс хасаж, хэрэгсэхгүй болгосон үндэслэл ойлгомжгүй байхаас гадна хавтаст хэрэг авагдсан гэрч Б.М- /2-р хх-ийн 226 тал/, гэрч У.Цогзол, М.Ганчимэг /5-р хх-ийн 139 тал/ нар “...байрны урьдчилгаанд 3.500.000 төгрөгний үнэ бүхий 4669 ДГО улсын дугаартай микро автобусыг өгсөн” тухай мэдүүлгүүдийн баталж яллагдагч Б.П- өөрийн гараар бичиж өгсөн мөнгөний баримт зэргийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байгаа тул хохирлын хэмжээг бүрэн тогтоох тухай  275 тоот  шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 275 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                            Б.МАНЛАЙБААТАР