Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.З, Ч.О нарын бүрэлдэхүүнтэй[1] тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Равжих 10-14 тоотод оршин суух Т овогт Г.М

Хариуцагч: Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: “Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч А.Ц, прокурор Г.Х, нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М миний бие 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын ард иргэдийн /Элгэн багийн засаг дарга А бусад малчдын/ буюу чоно хонь мал руу дайраад амар байлгахаа байлаа ирж агнаж өгөөч гэсэн хүсэлтээр очиж нутгийн иргэдийн хамтаар 2 чоно агнасан юм. Миний хувьд буу эзэмших болон ан агнах зөвшөөрөлтэй, цагдаагийн байгууллага болон татварын хэлтэст жил бүр бүртгэгдэж явдаг. Гэтэл Их газрын чулууны уулын тусгай хамгаалалттай газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц гэдэг хүн дээрх үйлдэлд зөрчлийн хуулиар хариуцлага оногдуулжээ. Би тухайн үед ард иргэдийн хүсэлтээр очсон гэдгээ хэлж шалгаж өгөхийг хүссэн боловч энэ талаар нутгийн иргэдтэй уулзаж шалгалгүйгээр хариуцлага тооцсонд гомдолтой байна.

Мөн хариуцлага оногдуулахдаа бүрдүүлсэн нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан гэдэгт мөн эргэлзэж байгаа тул дээрх нотлох баримтуудыг шалгаж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй эсэхийг хянаж өгнө үү.

Түүнчлэн уг шийдвэр нь албан тушаалтнаас үйлдэх актад тавигдах шаардлага, агуулга хэлбэрийн шаардлагыг хангаагүйгээс гадна ямар албадлагын арга хэмжээг ямар үндэслэлээр оногдуулж байгаа нь тодорхойгүй, мөн 2 чонын үнэлгээг яагаад 2 дахин өсгөж нөхөн төлбөр оногдуулж байгаа нь тодорхойгүйгээс гадна уг албан тушаалтан нь зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, оногдуулсан хуулийн зүйл заалт зөрчилтэй тохирсон эсэх зэргийг шалгаж, төрийн тусгай хамгаалалттай газрын буюу Их газрын чулууны уулын Байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  ...Би нэг л чоно буудсан. Тухайн үед ард иргэдийн хүсэлтээр очсон гэдгээ хэлж шалгаж өгөхийг хүссэн боловч энэ талаар нутгийн иргэдтэй уулзаж шалгалгүйгээр хариуцлага тооцсонд гомдолтой байна...” гэв. 

Хариуцагч А.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.М нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу “Элгэн” багийн Засаг дарга Ц.А, үргээлгэ хийхэд оролцсон малчин Б.Ч, Х.Н, Л.М, Ч.О нараас мэдүүлэг авч зөрчлийн хэрэгт хавсаргасан. Багийн Засаг дарга Ц.А мэдүүлэгтээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагт Г.М нь над руу утсаар ярьж Чойр явлаа, замдаа Их газрын чулууны уул ороод цаашаа явнаа гэж ярьсан байсан. Хариуд нь Багийн Засаг дарга Ц.А нь өнөөдөр багийн хуралтай амжихгүй гэж хэлсэн байдаг.

Г.М нь улсын тусгай хамгаалалттай Их газрын чулууны уулын Ёрвонгийн амнаас зөвшөөрөлгүй хууль бусаар эр-1, эм-1 нийт 2 чоно агнасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйл заалт, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын горим дэглэм зөрчсөн.

Уг хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт  зааснаар 150000 төгрөгийн торгууль, Амьтны тухай хуулийн 37.1, 37.2, 37.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын дагуу Амьтны Экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж Эр чоно -1 /510000 төгрөгийн үнэлгээтэй/ 1,020,000 төгрөг, Эм чоно-1 /600,000 төгрөгийн үнэлгээтэй/ 1,200,000 төгрөгийг  2 чоно агнасан зөрчилд 2,220,000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан.

Иймд Г.Мын гаргасан нэхэмжлэлд дурьдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч А.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...2017 оны 11 сард нэхэмжлэгч Г.М нь тусгай хамгаалалттай газар болох Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын буюу хориотой бүсэд эр, эм 2 чоныг агнасан өөрийнх нь өгсөн мэдүүлгээр нотлогдсон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагааг заасан.

 Үүнд нь ан амьтан агнах, барих, үргээх, тусгай хамгаалалттай газар буу авч явахыг хүртэл хориглосон байдаг. Гэтэл энэ хүн тусгай хамгаалалттай газар буу авч яваад чоно агнасан нь хууль зөрчсөн үйлдэл. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Мөн тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэсэн байдаг.

Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан саарал чонын үнэлгээгээр эр нь 510 мянган төгрөг, эм нь 610 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг 2 дахин өсгөж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Г.М Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс хөнгөлж чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлж байсан.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Тодорхой нутаг дэвсгэрт ан амьтны тоог сийрэгжүүлэх, хүйсийн харьцааг зохицуулах, заазлах зорилгоор болон соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнахад төлбөрийг 80 хувь хүртэл хөнгөлж болно” гэж заасан байдаг. Хууль зөрчсөн тохиолдолд ямар ч хөнгөлөлт байхгүй.

Тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохойг устгах мөрдөх, журам гэж байгаа. Энэ журмын дагуу явагдсан байх юм бол

хөнгөлж, чөлөөлж болох зүйл заалттай...”гэв.

             Прокурор Г.Х шүүх хуралдаан дээр: “...Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч А.Цийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 1172200003 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох” юм. Иргэн Г.Маас авсан мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан баримтууд, өнөөдрийн шүүх хуралдаан дээр өгч байгаа мэдүүлгээс үзэхэд Г.М нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа, гол маргаад байгаа зүйл нь гаргасан зөрчилд нь оногдуулсан торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Монгол Улсын нутаг, дэвсгэрт мөрдөгдөж байгаа дүрэм, журам хуулиудыг мэдэхгүй байгаа нь өөрөө хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Ийм учраас Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.М нь Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цт холбогдуулан “Их газрын чулууны уулын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэг: Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот тогтоолоор[2] Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Их газрын чулууны уулыг байгалийн цогцолборт газар болгон өөрчилж, улсын тусгай хамгаалалтад авчээ[3].

Их газрын чулууны Байгалийн цогцолборт газарт чоно байнгын нутагшиж байсан зүйлгүй бөгөөд анх 2016 онд  Саарал чоно[4] /Canis Iupus/  1 азарган, 1 гичий, 3 бэлтрэг нь ирж суурьшиж нутагшсан боловч тэдгээрийн тоо толгой нь зөрчил гарах цаг хугацаанд нэмж өссөн зүйлгүй байсан.

Тодруулбал, Хэрэгт авагдсан Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээс үзвэл[5] “...2016 онд чонын сүргийн бүтцийг зохицуулах талаар эрх бүхий байгууллагад хүсэлт хүргүүлэхэд[6] Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас”...чонын сүрэг нь тархац нутгаа тэлж, шинэ эзэмшил нутагт ирж суурьшин популяцийн тоо толгойн нягтшилаа хадгалж байгаа гэдэг нь харагдаж байна. Иймд тус байгалийн цогцолборт газарт чонын болон хөхтөн амьтдын тоо толгойн судалгаа хийх ажлыг зохион байгуулах, чононд бариулсан малын тоог өрх тус бүрээр гарган баримтжуулах, малчид малынхаа хариулга, маллагааг сайжруулах  тал дээр анхаарах хэрэгтэй...” гэж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 06/2592 дугаар албан бичгээр[7] хариу мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл тус газар нутагт Монгол Улсын Байгаль орчны сайдын 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №18 дугаар тушаалаар баталсан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохойг устгахад мөрдөх журамд[8] заасан “чонын тоо толгойг зохицуулах агналт явуулах” хэмжээнд хүрээгүй байжээ.

Гэтэл иргэн Г.М нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Их газрын чулууны Байгалийн цогцолборт газар нутагт, хуульд заасан амьтан агнах, барих  зөвшөөрөлгүй, өөрийн дур зоргоор аашилж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1 эр, 1 эм чоно буудан агнасан болох нь зөрчлийн материалд авагдсан түүний “...Чойр явах замд Их газрын чулууны ууланд нутгийн иргэд чонын үргээлгэ хийж байгаатай тааралдан эр, эм  2 чоно агнасан нь үнэн...” гэх тайлбар[9], 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ”...би өөрийн эзэмшлийн буугаар эр, эм  2 чоно агнасан ...” гэх мэдүүлэг[10], гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл[11], хууль бус агнуурын координат[12], 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл[13] зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Энэ үйлдэл нь Амьтны тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-т “ан агнах зөвшөөрөл бүхий иргэн ан хийхдээ дараах шаардлагыг хангасан байна, 21.1.1-21.1.5-д заасныг болон 32 дугаар зүйлийн 32.1 ”Иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах, барихад төлбөр, хураамж төлнө”, 37 дугаар зүйлийн 37.1 “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2.Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”  заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэвч Зөрчил гаргагч Г.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...би нэг л чоно агнасан, нөгөөг нь хэн агнасан болохыг мэдэхгүй...,[14] шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...чонын үргээлгэд олон хүн оролцсон учраас би ганцаараа хариуцлагыг хүлээж чадахгүй. Торгуулийн төлбөрийг ан хийхэд оролцсон хүмүүс бүгд л хуваагаад төлөх ёстой...”[15] гэж маргаан бүхий актаар тогтоосон шийтгэлийг үгүйсгэн тайлбарласан болно.

Энэ талаар шүүхээс нэмэлт тодруулгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргагч Г.Мын нэрлэн заасан гэрчүүдээс авахад гэрч Л.О “...Үргээлгэ хийнэ гэдгийг сүүлд нь сонссон, Ц.О бид хоёр үргээлгэд оролцоогүй...,[16] гэрч Ц.А “...Үргээлгэ хийхэд оролцоогүй. Тухайн өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-р багийн иргэдийн нийтийн хуралтай байсан тул очоогүй. Хурал тарсны дараа чоно агнасан талаар сонссон. Г.Мт чоно үргээгээд өгөөч гэж нэг удаа утсаар хэлж байсан. Гэхдээ тухайн чоно агнах өдөр өөрөө би дуудаагүй. Өөрөө ирсэн үү, хүн дуудсан уу гэдгийг мэдэхгүй...”[17], гэрч Х.Н “...Үргээлгэд оролцсон, ...Г.Мыг дуудаагүй...”[18], гэрч Л.М “...Г.Мыг дуудаагүй, Чойр явах замдаа ирсэн гэсэн. Нэг л мэдэхэд л ирчихсэн байсан...”[19] гэж мэдүүлсэн.

Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Ч “...Мыг ирэхэд үргээлгэ хийж байсан. Мягмар чоно гарч ирэхэд л алсан байх...”[20],гэрч Ц.О “...Чоно агнасан гэж сонссон...”[21], гэрч Г.Н “...Буун дуу өгч цочроо өгөх гэж үргээлгэ хийсэн. Үргээлгэ хийгээд чоно гараад ирэхэд нь алсан...”[22]  гэж мэдүүлсэн бол хавтас хэрэгт зөрчил гарахаас өмнө Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Элгэн” багийн засаг дарга Ц.Аээс чонотой холбоотой албан бичиг, өргөдөл ирж байгаагүй болох тодорхойлолт [23] авагдсан байна.

Иймд дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болон зөрчил гаргагчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс өмнөх “...2 чоно буудан алсан...” гэх тогтвортой өгсөн тайлбар мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар[24] Г.Мын тайлбар үндэслэлгүй болохын сацуу нутгийн малчин иргэд чоныг буудан агнах санаа зорилгогүйгээр үргээлгэ хийсэн, тэдний энэ үйлдэл зөрчил мөн эсэхийг тогтоох нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал бөгөөд энэ шалтгаан нөхцлөөр зөрчил гаргагч Г.Мт оногдуулсан торгууль болон нөхөн төлбөрийн мөнгөн дүнг багасгах боломжгүй.

Хоёр: Энэхүү маргааны үйл баримтаас үзэхэд иргэн Г.М нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа”-г зөрчин түүнд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-д заасан шийтгэл оногдуулах боломжтой мэт байх боловч уг зүйлд заасан санкц нь түүний эрх зүйл байдлыг хүндрүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1722000003 тоот шийдвэрээр иргэн Г.Мт “...Тусгай хамгаалалттай газар нутаг болох Их газрын чулууны уулын Ёрвонгийн ам гэх газарт эр, эм 2 чоно агнасан...” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.4 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу оногдуулсан шийтгэл үндэслэл бүхий байх бөгөөд төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад эр саарал чоно 510000, эм саарал чоно 600000 төгрөг гэж чонын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон нь зөв байна.

Товчхондоо Г.Мыг зөвшөөрөл, төлбөр, хураамж төлөлгүй чоно буудан агнасан үйлдэлийг зөрчилд тооцон шийтгэл оногдуулах нь зүй ёсны бөгөөд түүний үйлдсэн зөрчлийн нөхцөл байдал, зөрчлийн шинж нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасантай нийцсэн, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” нөхцлийн хангажээ.

            Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Г.Мын “Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

            Эцэст хэлэхэд “ Чоно” бол экологийн тэнцвэртэй байдлыг хангаж, сэг зэмийг устгаж өгдөг байгалийн цэвэрлэгч амьтан бөгөөд чонын тоо толгойг нь тогтсон хэм хэмжээнд бодлогоор барьж чадвал байгаль экологийн тэнцвэр алдагдах, мал, амьтны гаралтай элдэв халдаврт өвчин дэлгэрэхээс сэргийлэн хамгаалах сайн талтай.

            Манай орны хувьд тал хээрийн Саарал чонын  тоо толгой маш ихээр цөөрч, магадгүй зарим газар аль хэдийнээ устаж, үгүйрэх аюулд ч өртсөн байж болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Амьтны тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мын “Их газрын чулууны уулын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.Б

                                   ШҮҮГЧ                              Д.З

                                   ШҮҮГЧ                             Ч.О

 

 

 

 

 

 

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохойг устгахад мөрдөх журмын 16-д “чоно авлах, зэрлэгшсэн нохой устгах тухай энэхүү журмыг зөрчиж, хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр хамгаалагдсан нутаг дэвсгэрээс чоно авлаж, нохой алсан иргэдийг Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2-т “Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөрчигчдөд эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага хүлээлгэнэ”, 43 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 7-д улсын байцаагч нь “Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах” эрхтэй  байхаар тусгажээ.

 

 


[1] Хавтас хэргийн 215 хуудас

[2] Хавтас хэргийн 55-58 хуудас

[3] Хавтас хэргийн 63 хуудас

[4]  https://mn.wikipedia.org/wiki/Саарал_чоно

https://ikon.mn/n/1lfr

[5] Хавтас хэргийн 140 хуудас

[6] Хавтас хэргийн 141-143, 145 хуудас

[7] Хавтас хэргийн 144 хуудас

[8] Хавтас хэргийн 237-245 хуудас

[9] Хавтас хэргийн 41 хуудас

[10] Хавтас хэргийн 37-38 хуудас

[11] Хавтас хэргийн 29  хуудас

[12] Хавтас хэргийн 31-35 хуудас

[13] Хавтас хэргийн 43-45 хуудас

[14] Хавтас хэргийн 194 хуудас

[15] Тэмдэглэлийн 13 хуудас

[16] Хавтас хэргийн 196 хуудас

[17] Хавтас хэргийн 198-199 хуудас

[18] Хавтас хэргийн 200-201 хуудас

[19] Хавтас хэргийн 203-204 хуудас

[20] Хавтас хэргийн 72 хуудас

[21] Хавтас хэргийн 70 хуудас

[22] Хавтас хэргийн 74 хуудас

[23]  Хавтас хэргийн 140  хуудас

[24] Хавтас хэргийн 30-36, 44-45, 106-110 хуудас