Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1111

 

                                                 

 

 

 

 

 

 

 

Э.Ундармаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00808 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Ундармаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Юу би эйч проперти” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 021 100 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Ундармаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Мөнхдаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Юу би эйч проперти” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол хаягт байрлах “Хаппи таун” орон сууцны ХД-71 дугаар байр, 2-р орцны 12 давхарт 62,56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ийн үнэ 1 880 000 төгрөгөөр буюу нийт 117 612 800 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гарсан болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  заасан үүрэг болох орон сууцны төлбөрийг цаг хугацаанд нь зуун хувь төлж барагдуулсан болно. Хариуцагч “Юу би эйч проперти” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу худалдан авагчид эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй атал хариуцагч гэрээний зүйл болох орон сууц 62,56 м.кв талбай бус 58,34 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгсөн нь “Инженер геодези” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хариуцагч “Юу би эйч проперти” ХХК нь 4,26 м кв дутуу талбай бүхий орон сууц худалдан авагчид хүлээлгэн өгснийг биет байдлын доголдолтой эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихөөс гадна Иргэний хууль тогтоомж болон орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг илт зөрчсөн нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахдаа доголдлыг мэдэх боломжгүй байсан тул одоо шаардах эрхтэй. Иймд 4,26 м.кв-ын зөрүү төлбөр 7 933 600 төгрөг, хэмжилтийн зардал төлсөн 87 500 нийт 8 021 100 төгрөгийг “Юу би эйч проперти” ХХК-иас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан бөгөөд гэрээ байгуулах үед орон сууц баригдаж дууссан байсан тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байна. Манай компани нь уг хотхоны барилгыг “Өндөр буянт холдинг” ХХК-аас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр худалдан авсан бөгөөд барилгыг худалдаж авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрөлд үндэслэн хүлээн авсан. Уг орон сууцыг чанар, стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 сард улсын комисс ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Барилгын ажил 2008 онд эхэлсэн бөгөөд зураг төсөл нь үүнээс өмнө хийгдсэн, талбайн хэмжээ тухайн зураг төсөлд заагдсан хэмжээгээр баригдсан, бид уг хэмжээнд үндэслэж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Стандарчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009.12.24-ний өдрийн Үндэсний стандарт шинээр болон шинэчлэн батлах, хүчингүй болгох тухай 52 дугаар тогтоолоор батлагдсан МNS 6058:2009 стандарт нь 2010 оноос хэрэгжиж эхэлсэн тул үүнээс өмнө зурагдсан зураг төслийг үндэслэн ажил эхэлсэн барилгад мөрдөгдөх боломжгүй гэж үзэж байна. Хэрэв стандарт батлагдсан хойно барилгын зураг хийгдэж, ажил эхэлсэн бол стандартад заагдсаны дагуу хэмжээг тодорхойлж, тухайн хэмжээгээр гэрээг байгуулах байсан. Бид м.кв-ын хэмжээ зураг дээрхээс дутуу болохыг мэдсэн байсан бол борлуулж байсан үеийн м.кв-ын үнэ ханшийг жаахан өсгөх байдлаар асуудлыг шийдэх боломжтой байсан. Барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх үед Амгалан цахилгаан станцаас эрчим хүч авах техникийн нөхцөл биелэх боломжгүй болсон бөгөөд энэ нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хойшлогдож, улмаар улсын комисс ажилласны дараа 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орон сууцыг Э.Ундармаад хүлээлгэн өгсөн. Худалдах, худалдан авах гэрээний 1 тал Э.Ундармаа нь орон сууцыг хүлээн авснаас хойш м.кв-ын зөрүүтэй холбоотой аливаа гомдлыг манайд гаргаагүй, шүүхэд гомдлын шаардлага гаргах хуульд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн хойно хандсан. Тэрээр орон сууцаа хүлээн авахдаа доголдлын талаар мэдэх боломжтой байсан, манай компанийн зүгээс доголдлын талаар нуун дарагдуулсан зүйл байхгүй, өөрсдөө ч мэдэх боломжгүй байсан. Иймд доголдлын талаар мэдэх боломжтой байсан учир шаардах эрхээ алдсан, дээр нь гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасныг тус тус баримтлан “Юу би эйч проперти” ХХК-аас 8 021 100 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Ундармаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 000 төгрөгөөс 143 288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 712 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

                Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч "Юу би эйч проперти" ХХК нь Иргэний хуулийн 243.1, 251.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу худалдан авагчид эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй атал хариуцагч гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай 62.56 м.кв талбай бус 58.34 м.кв байр хүлээлгэн өгсөн нь "Инженер геодези" ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-д зааснаар илүү төлсөн төлбөрөө хариуцагчаас шаардах эрхтэй байх тул зөрүү 4.26 м.кв, төлбөр 7 933 600 төгрөг, хэмжилтийн зардал төлсөн 87 500, нийт 8 021 100 төгрөгийг "Юу би эйч проперти" ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх орон сууцыг хүлээн авах үедээ байрны м.кв дутуу болохыг мэдэх боломжтой гэж үзсэн нь хууль бус байна. Тухайн үед барилгыг улсын комисс хүлээн авсан, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй хэмжилтийн компани нэгэнт хэмжилт хийсэн байхад нэхэмжлэгч дахин хэмжилт хийх шаардлага байхгүй болно. Гэтэл гэрээнд заагдсан м.кв-ийг дутуу өгч нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн тул илүү төлсөн м.кв зөрүү төлбөрөө шаардсан билээ. Иймд шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг буруугаар үнэлсэн хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Э.Ундармаа нь хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 021 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Юу би эйч проперти” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Хаппи таун” хотхоны ХД-71 дүгээр байрны 139 тоотод байрлах 62.56 м.кв, 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Э.Ундармаа нь 117 612 800 төгрөгийн хөлс төлөх үүргийг хүлээсэн байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

 

  Талуудыг дээрх гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох орон сууц нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу биш боловч  нэхэмжлэгч Э.Ундармаагийн гаргасан  “Инженер геодези” ХХК-иас  орон сууцны талбайн хэмжээг 62.56 м.кв бус 58.34 м.кв гэж тогтоосон актыг хариуцагч няцааж, талбайн хэмжээг шүүхийн журмаар шинжээч томилуулж тогтоолгох хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар гаргажээ.

 

Талуудын маргааны зүйл нь талбайн хэмжээтэй холбоотой доголдол байгаа эсэх талаар байхад шүүх шинжээч томилох зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэхгүй  хэмээн хуульд байхгүй үндэслэлээр  дүгнэлт хийж хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т  заасан хэргийн оролцогчийн эдлэх эрхийг зөрчсөн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн огноог “2016” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3  дахь заалтад заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00808 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ