Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/ШШ2023/0002

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-ын иргэн Б Ч, Э.Ц нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн Б Ч, Э.Ц

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”

Гомдол гаргасан тогтоол: Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоол

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б Ч, Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Б.Б, гуравдагч этгээд Д.А

Иргэдийн төлөөлөгч: М.Эрдэнэсувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 221/2022/0028/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б Ч, Э.Ц нар нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолоор:

2.1. “Өмгөөлөгч Д.Аг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.5, 14.1.12 болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоож,

2.2. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Д.Ад “сануулах” хариуцлага хүлээлгэж ...” шийдвэрлэжээ.

3. БНХАУ-ын иргэн Б Ч нь шүүхэд гаргасан гомдолдоо: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.1. “Б” ХХК нь 2021 оны 11 сард Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ИТХ-ыг урьж манай компанийн баяжуулах үйлдвэртэй танилцах, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санал хэлэлцүүлэг хийхээр уулзалт зохион байгуулсан байдаг. Гэтэл тухайн уулзалт товлогдсон өдөр “Бигом” ХХК-ийн төлөөлөгч залуу н.Цэгмэд болон “Бигом” ХХК-ийн өмгөөлөгч Д.А гэх эмэгтэй намагй эрэн сурвалжлагдаж байгаа, Гадаадын иргэн харьяатын газраас дуудаад очдоггүй гэх мэтээр ор үндэслгүй гүтгэж санаатайгаар төлөөлөгчдөд буруу ойлголт төрүүлж, маргаан үүсгэж ИТХ уулзалтыг зориудаар тараасан. Миний зүгээс яагаад ийм үг хэлж байгаа юм бэ та хоёр бичиг баримтаа үзүүл гэхэд үзүүлээгүй, хуульч хүний хувьд маш ёс зүйгүй, бүдүүлэг, харьцааны соёлгүй зан гаргаж хэл амаар доромжилж байсан, мөн миний гэрийн хаягийг дахин дахин асууж хаягийг чинь мэдчихвэл амархан шүү дээ гэх мэтээр айлган сүрдүүлсэн.

3.2. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасантай зөрчилдөж байгаа төдийгүй хүнийг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж гутаан доромжилсонд маш их гомдож Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандаж хянан шийдвэрлүүлсэн.

3.3. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй, 11.2-д өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой үйл баримтыг тодорхой үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно гэж заасан байдаг. Дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгч Д.Аг БНХАУ-ын иргэн Б Чтай харилцахдаа хууль болон ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хариуцагч талын үйлчлүүлэгч Г.Наранболд, Б.Цэгмид нараас авсан тайлбарт үндэслэн нотлогдоогүй гэж үзэж байгаа нь үйл баримтыг тодорхой үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтоох зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна. Энэ нь Мэргэжлийн хариуцлагын хороо нотлох баримтыг бүрэн үнэлээгүй нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг нэг талын нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэн хуульд нийцээгэүй хариуцагчид давуу байдал бий болгож байгаа мэт харагдаж байна. Тухайн маргаан болсон өдөр хариуцагч талын хүмүүс гадна манай компанийн үйлдвэрийн ажилчид, ИТХ-ын 10 гауй хүмүүс хамт байлцсан ба тэдгээр хүмүүсээс тухайн үйл явдал нөхцөл байдлын талаарх мэдээлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг авах зэргээр нотлох баримт бүрдүүлэх боломжтой байтал хэт нэг талыг баримталсан байна.

3.4. Түүнчлэн уг хэрэг хянан шийдвэрлэх явцад Д.А нь “... иргэн *******ун нь миний үйлчлүүлэгч биш юм. Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэн шалгадаг энэ гомдол надад хамааралгүй” гэж тайлбар гаргадаг. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, хэнд ч хэнийг ч гутаан доромжлох, хүний эрхэм чанарт халдах эрх байхгүй билээ. Гэтэл Д.А энэхүү тайлбараараа миний үйлчлүүлэгч л биш бол хэнийг ч гутаан доромжилж ёс зүйгүй авирлаж болох мэтээр, үйлчлүүлэгч нь биш тул ёс зүйн зөрчилд тооцохгүй гэсэн утгатай зүйл ярьдаг. Мөн өөрийгөө би тэгээгүй худлаа гүтгэлээ гэх мэт өөрийн ёс зүйгүй үйлдлээ үгүйсгэж нэхэмжлэгч зохиомол байдал үүсгэн худал гомдол гаргасан мэт тайлбарладаг, гэтэл тухайн хуульч өмгөөлөгч гэх Д.А нь нэг бус удаа мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж хууль бус үйлдэл гаргаж явдаг нь энэхүү гомдолтой хамт хянан шийдвэрлэгдсэн иргэн Э.Цгийн гомдолд дурьдсанаар мөн харагдаж байгаа юм.

3.5. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд хууль нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэж, олон нийтэд хүндлэл, итгэл хүлээхүйцээр биеэ авч явна. Мөн хуулийн 6 дугаар зүйлд хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангаж ажиллах төдийгүй хуульч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа хараат бус байна гэж тус тус заасан байдаг. Гэтэл Д.А нь энэхүү хуульд заасан үүргээ үл биелүүлж, Б Ч намайг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж гутаан доромжилсон нь хуульч, өмгөөлөгч хүнд байж боломжгүй үйлдэл юм.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү”,

4. Э.Ц нь шүүхэд гаргасан гомдолдоо: “Өмгөөлөгч Д.Ад холбогдох Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолд гомдол гаргаж байна.

4.1. Миний хувьд намайг гүтгэгдэж байгаад гомдолтой байна. Өмгөөлөгч Д.А 2010 оны хурлын нэхэмжлэл гардуулах ажиллагаа огт хийгдээгүй байсан. Хурал хуулийн дагуу явагдаагүй гэдгийг өмгөөлөгч Д.А хамгийн сайнаар мэдэж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч  нэхэмжлэлээ гардаж авах ёстой. Хурал хийх үйл явц дандаа хуурамчаар гарын үсэг зуран хурал хийгдэж байсныг өмгөөлөгч Д.А сайн мэдэж байсан. Хүүхдүүд бид нар өмч хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэх шаардлага байсан. Гэрлэлт цуцлуулах асуудалд шийдэгдэх 3 асуудал байдаг. Үүнд: асрамжийн асуудал, гэрлэлт цуцлуулахад өмч хөрөнгийн асуудал, хүүхдийн тэтгэлгийн асуудал. Эдгээрийг шийдэж байж гэрлэлт цуцалдаг. Шүүх гар утас эвдэлсэн тул салгаад өг гэж хэлэхээр салгаж өгдөг шүүх байхгүй. Хавтаст хэрэгт ямар ч тайлбар байхгүйг өмгөөлөгч Д.А мэдэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Оюутан байхаас эхлэн орон байрны мөнгө би цуглуулж байсан. 2001 онд 3 машин оруулж ирсэн. Оруулж ирсэн талаар баримт болон байрны мөнгө олсон талаар баримт хавтаст хэрэгт байгаа. Өмгөөлөгч Д.Ад энэ талаар хэлэхэд чи маш их зовсон байна, хохирсон байна, би чамд тусална гэж хэлсэн. Би өмгөөлөгч Бадамхандтай байхад надаас төлбөр авахгүй гэж хэлсэн. Төлбөр авахгүй гэж 2019 оны 02 дугаар сард гэрээ хийсэн. Уулзахдаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр орж ирсэн. Шүүгч н.Хангал нэг нь ярь гэхээр нь гайхсан. Өмгөөлөгч Д.А чи их ядарсан хүн байна, чамаас хөлс авахгүй гэж хэлсэн. Өмгөөлөгч Д.Атай байгуулсан гэрээ хавтаст хэрэг байхгүй. Мөнгө авахгүй гэж хэлчихээд бэлнээр 500.000 төгрөг авсан. Хоолонд орсон, дараа нь бэлнээр 300.000 төгрөг авсан. Би энэ хүнийг надад тусалж байна гэж бодоод 2021 он хүртэл энэ хүнд хандсан. 

4.2. 2021 он хүртэл миний бүх мэдээлэл дамжигдаж байна гэж бодоогүй. Хуулийн мэдлэг яваандаа дээшлээд хавтаст хэрэгт тэмдэглэл алга болоод байхаар нь энэ хүн миний төлөө яваагүй гэх заль мэхийг мэдсэн. 10 дугаар сарын 07-ны өдөр над руу утасдсан. Намайг утасдсан гэж хэлж байгаа бол энэ хүн өмгөөлөгч хүн, би өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд орно гэж хүсэлт гаргаад тэр нь тэмдэглэлд тусгагдаагүй. Нотлох баримтын хүрээнд гаргаж баримтыг харах юм бол өмгөөлөгчийн ёс зүйтэй ажиллаж байгаа юу гэдэг нь харагдана. Өмгөөлөгчгүй оролцсон гэж хурлын дараа энэ хүнд хэлж байсан. Миний энэ асуудлыг яагаад авч хэлэлцээгүй юм бэ? яагаад миний эрх ашгийг хамгаалаагүй юм бэ? 

4.3. Р.М салсаны дараа надаас 15.000.000 төгрөгийн зээл авч төлүүлсэн. Шүүх дарамтад байна гэж үзэн 5.000.000 төгрөгийг гаргуулсан. Р.М мөнгө нэхэж дарамталж байна, хуурамч баримт гаргаж дарамталж байна. Эдгээр дарамтаас давж заалдах шатны шүүх хамгаалж өгсөн. Э.Ц мөнгө авч үрдэг гэдэг гүтгэлэг явагдсан. Р.Маас нэг ч төгрөг аваагүй. Мөнгө авсан гэх баримт байна уу? гэдгийг өмгөөлөгч Д.Агаас асуумаар байна. Хуурамч баримт гэмт хэрэг биш үү? 4 удаагийн нэхэмжлэл бүгд хуурамч байсан. 9 жилийн хугацаанд өмгөөлөгч н.Бадамханд, н.Туяа, Д.А нар Э.Цгийн асрамжид хүүхдүүд байна гэсэн. Гэтэл миний хүүхдүүдийг хуурамч баримт бүрдүүлэхийн тулд жилийн хугацаанд авч дарамтад оруулан энд тэнд айлган сүрдүүлсэн. Хүүхэд мэдүүлэгтээ ааваас айгаад ийм мэдүүлэг өгсөн гэж мэдүүлсэн. Төмрийн ременээр хүүхдийг ороолгож зодсон. Р.М миний хүүхдүүдэд ээжийгээ нэхэмжлэлээ тат гэж шаардлага тавьж байсан. Өмгөөлөгч Д.А юу ч дуугараагүй. Өмгөөлөгч н.Бадамханд та өмгөөлөгч хүн байж өөрөө нэхэмжлэл гаргачихаад яагаад хариу өгөхгүй байгаа юм гэдэг асуудлыг ярьж байсан. Энэ болгоны ард хуурамч баримт гаргаж бүрдүүлж байгаа нь гэмт хэрэг гэдгийг 2022 оны 11 сараас мэдсэн. Энэ хүнд тэрнээс хойш гомдол гаргасан. Та өмгөөлөгч байж шүүхээр байж боломгүй шийдвэр гаргуулсан. Хүүхдүүдийг асран хамгаалагч хамгаалдаг байж эхийг нь хасаад гудамжид гаргаж байна. Өнөөдөр байртай болгоно гэж худлаа амлалт өгч, хүүхдийн тэтгэлэг өгөөгүй байж шүүхийн шийдвэрийг гаргуулахын тулд хуурамч баримт бүрдүүлснийг мэдсээр байж өнөөдрийг хүрлээ гэж хэлээд 2022 оноос эхлэн өмгөөлөгч Д.Ад гомдол гаргасан. Өмгөөлөгч Д.Агийн хэлж байгаа баримтыг харахын тулд гэрээнд мөнгө туссан уу? гэдгийг харж энэ хүн намайг үнэгүй өмгөөлнө гэж хэлсэн нь батлагдана. Э.Ц гэдэг хүн 7.000.000 төгрөг авсан зүйл байдаг юм уу? Энэ хүн авах нь бүү хэл Э.Ц өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж, хүүхдээ хамгаалж, дарамт хүчирхийлэл амьдарч, н.Мэндсайхан албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шийдвэр гаргуулсан талаар хэд хэдэн нэхэмжлэл гаргасан баримт хэрэгт байна. Хавтаст хэрэгт маш олон баримтыг хэлж болно. Өмгөөлөгч Д.А намайг бурууртгах гэж байна. Намайг буруутгаж өөрөө өмгөөллийн үйл ажиллагаагаа эрхэлж чадаагүй. 03 дугаар сарын 06-ны өдөр баримт өгсөн. Улсын Дээд шүүхэд баримт өгсөн. Зугтаагүй гэж байна. Өөрөөр хэлбэл Э.Ц гэдэг хүн хуралд орж чадаагүй баримт хурлын бичлэгт харагдана. 10 дугаар сарын 07-ны өдөр над руу утасдчихаад хуралд орсон байсан. Дуудлагыг нь аваад үзэх юм бол болно. Бичлэг хавтаст хэрэгт байгаа. 10 дугаар сарын 07-ны өдөр энэ хүн хуралтай байсан. Би хуралтай байсан, энэ хүн гараад явсан гэх агуулгаар хэлж байгаа боловч Э.Ц шүүх хуралдаанд орох боломжтой байхад өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд орсон байна. Миний хувьд хохирсон байгаагаа нэг ч удаа хэлдэггүй. Энэ хүнд амьдралаа зориулсан миний хохь бол энэ байдал үргэлжлээд хүүхдийнхээ өмч хөрөнгийг хасаж, намайг дарамтад оруулж байгаа тул миний хүүхдүүдийг хамгаалж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж шүүх цагдаагийн байгууллагаар явж байна.

4.4. Т.Одгал эмэгтэй хүн байж хүний зовлонг яагаад ойлгодоггүй юм бэ? гэж хэлсэн болохоос биш н.Мэндсайхантай хардаж сэрдсэн зүйл байхгүй. Цагдаад өгсөн бичлэгээ яагаад өгсөн бэ? гэхээр гүтгүүлж байгаа учраас бичлэгээ өгсөн. Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 15.1.3 дахь заалт, 15.1.9 дэх заалт, 15.1.11 дэх заалт, 14.9 дэх хэсэг, 42.1 дэх хэсэг, 39.1 дэх хэсгийг зөрчсөн. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд гэр бүл хүүхдийг төр хамгаална гэж заасан. 4 жилийн хугацаанд хамгаалах төр олдоогүй. Танил тал, эрх мэдэлтэй хүмүүс бүлэглэн гүтгэж байна гэхээр нотлох баримтаа гаргуулж чадахгүй байна. Би хохирч болно яах вэ? хүүхдийг минь хамгаалж өгнө үү, би насгүй болж байна. Энэ хүүхэд орох оронгүй, над шиг тэмцэж чадахгүй гэдэг. Хууль ёсны өмчлөгч хүүхдүүд гэртээ орж чадахгүй 4 жил болж байна. Өнөөдрийн байдлаар гэртээ орж чадахгүй байна.

4.5. Миний хүүхэд маргааш Хятад улс руу явах гэж байна. Хүүхэд насанд хүрээгүй, чи нэхэмжлэлээ тат гэдэг. Энэ бүхний ард өмгөөлөгч нэртэй хүн нь намайг хамгаалж чадаагүй. Хувилддаг шүүгч нар байж боломгүй шийдвэр гаргасан. Өмгөөлөгч н.Бадамхандын 2019 оны 04 дүгээр сарын 26-нд бичиж өгсөн нэхэмжлэл байгаа. 2019 оны 02 дугаар сард би энэ хүммүүстэй уулзаад н.Бадамханд гэдэг хүнийг шахаж байсан. Гэтэл н.Бадамханд надад гараар надад бичиж өгсөн. Тэр өмгөөлөгч миний бодит байдлыг хараад энэ хуйвалдааны эсрэг сөрж зогссон байна гэдгийг одоо ойлгож байна. Гараар бичсэн баримт устгагдаг. Үүнийг өөрчлөхгүйн тулд 32.000.000 төгрөг нэхэмжилсэн баримт хавтаст хэргийн 241 дүгээр хуудсанд сөрөг нэхэмжлэл гаргасан. 241 дүгээр хуудасны ард н.Мэндсайхантай хамт амьдрах болон салснаас хойш 9 жилийн хугацаанд намайг болон хүүхдүүдийг есөн шидээр дарамтад оруулсан. Гэрлэлт цуцлахад өмчийн асуудал шийдээгүй. Иргэний бүртгэл дээр харах юм бол салахаасаа өмнө өмч шилжүүлсэн нь харагддаг. Өмгөөлөгч энэ талаар хэлээгүй тул 2022 он хүртэл өмч гэдэг зүйлийг мэддэггүй байсан. Хүүхдүүдээ гудманд гаргаснаас болж мэдсэн.

4.6. 2019 оны хуралд хуурамч баримт илрэхэд өмч шилжүүлсэн байсан. 2000 онд гэрлэсэн гэрлэлтээ хүүхэд хөгжлийн төв дээр 2004 он, шүүхэд 2007 он гэж бичсэн байсан. Өмгөөлөгч энэ талаар тайлбарлаж өгөөгүй тул ямар ач холбогдолтой он сар гэдгийг мэдээгүй. Бодит байдлыг нуун далдалж байсан шалтгааныг мэдээгүй тул 2022 онд мэдээд гомдол гаргасан. 242 дугаар хуудасны эхний мөрөнд миний бие Р.Мы дарамтад орохгүйн тулд тусдаа орон сууцанд орох эрхтэй байна гэж бичсэн. Түүнээс оногдох хэсгийг мэдэхгүй. Хавтсыг өөрчилдөг юм байна лээ. Өмгөөлөгч н.Бадамханд ноогдох хэсэг биш баримт байхгүй тул Р.Маас хүүхдүүдийг холдуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан. 2018 оны 07 дугаар сард манай хүүхдүүдийг Австрали улс руу явахад итгэмжлэл үлдээсэн. Энэ талаар өмгөөлөгч н.Бадамханд баримтыг өгсөн. Миний 15.000.000 төгрөг авсан. Энэ талаар өмгөөлөгч Д.А сайн мэдэж байгаа. Хүүхдийнхээ сургалтын төлбөр, өр зээлээ төлүүлсэн. Хүүхдээ асраагүй байж 18 нас хүрэхэд нь ингэсэн байна гэж бичсэн. 04 дүгээр сард энэ талаар бүгдийг мэдэж байж, хуурамч баримт хасуулах талаар мэдсээр байж, худал зүйлийг нуун далдалж байна. Хуралд ганцаараа оролцсон. 10 дугаар сарын 07-ны өдөр эхний хурал зарлагдсан баримт байдаг. 6 дахь хуралд орохоос өмнө надад хэлэх бүрэн боломж байсан. Хурал дээр Э.Ц ирж байгаа гэж хэлсэн байсан. Гэхдээ хурлыг нь гялс хийчихье, сүүлийн хурал байна гэж хэлсэн. Д.А бодит байдлыг нуун дарагдуулсан. Р.Мтай хуйвалдсан. Бодит байдлыг нуухын тулд намайг үг хэлүүлэхгүйн тулд хурал хийсэн. Р.Мтай уулзаж хооллосон талаар 2019 оны 04 сард хэлж байсан. Энэ нь 5.000.000 төгрөгөөр тохиръё гэж хэлсэн. Хүүхдийн тэтгэлэг огт төлөөгүй, надаар өр шир даруулаагүй байж 5.000.000 төгрөгөөр тохиролцоно гэж 23.879.663 төгрөгийн нэхэмжлэл гаргасан өмгөөлөгч н.Туяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4.7. Ингэхдээ Р.М шүүгч н.Хангалын удирдлагад ажиллаж байсан. Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан, тохирсон байна. Тэгэхээр хүүхдээ болон тэтгэлэг авч чадахгүй гэж хэлсэн. Би хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй, дарамтад орж байхад миний хүүхдийг цагдаад хандаж миний хүүхдийг надад авч өгөхийн оронд хууль ёсны миний асран хамгаалалтад байх хүүхдийг авч өгнө гэж мөнгө тохирно гэж хэлэхэд нь би хооллож байсан. 23.879.663 төгрөгийн нэхэмжлэл 2013 оноос 2019 оны 08 дугаар сар хүртэл хүүхдийн тэтгэлэг 19.932.500 төгрөг төлөөгүй хэрэгт авагдсан. Алданг хуулийн дагуу төлөх талаар нэхэмжлэлийг н.Туяа гаргаж байсан. Энэ хүн нэхэмжлэлээ тат гэж байсан шалтгаан надад туслах гэсэндээ биш, намайг бодсондоо биш, шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгуулах гэж бүх шатанд явж байсан. Үндсэн нэхэмжлэгч 19.932.500 төгрөг, хуурамч баримт гаргасныг мэдсээр байсан. Шүүхийн шийдвэрт очдог гэж явуулсан. Баримтыг үзье гэдэг. 2019 оноос хойш Р.М тэтгэлэг төлөөгүй. Шүүхийн шийдвэр биш гэдэг. Шүүх хуралдаан 6 дугаар сард болоход 4 сард Р.М 6.000.000-8.000.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Энэ үйл явцыг харахад тухайн хүн Э.Цд мөнгө өгсөн бүх зүйл илрээд ирэхэд мөнгө шилжүүлсэн. 200.000.000 төгрөгийн зээл авах өгсөн мөнгөндөө хорсоод прокурор, цагдаатай нийлж миний бүх зүйлийг ухаж түнхэж гэрээгээр дээрэмдсэн. Би 100 хэдэн метр квадратад засвар хийсэн байхад гэрээгээр залилж байна гэж байсан. Өмгөөлөгч Д.А намайг дарамт, хүчирхийлэлд олон жил байсныг мэдэж байсан. Бодит байдлыг нуун дарагдуулсан. Төлбөр огт аваагүй хүнийг авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Шүүгч хуйвалдсан байна гэж 2-3 сар тархидсан. Нэхэмжлэлээс татгалзуулсан. Энэ хүнд тархидуулсан. Шүүгч та хүүхдийн тэтгэлэгээ яах юм бэ гэж асууж байсан. Тархидалт эхэлсэн гэж бодоод татгалзах ёстой юм байна гэж бодсон. Энэ хүн татгалз гэж хэлсэн. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Хуралд орохоос өмнө шийдвэр гарсан гэж хэлсэн. Р.Мы хүүхдийг нь өөрт өгч шийдвэрлэсэн. Надад хэлсэн зүйлээ бичсэн байсан. Өмгөөлөгч Д.А ёс зүйтэй эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Би өнөөдөр үхэхэд миний хүүхдүүд ямар ч хамгаалалтгүй болсон. Өөрөөр хэлбэл энэ хүнд амьдралаа зориулсан. Сургуулийг нь төгсгөсөн. Орон байр авах гэж байсан мөнгөө ээж, аав нь нас барахад зориулсан. Энэ болгоныг мэдэж байж тэр талаар дурдаагүй. 2011 оны Р.Мы авсан зээл гэр бүл хамтран амьдарч байхдаа зээл авсан гэж бичсэн. 2011 онд тэр хүн өөр дээрээ зээл аваад надаар 1.390.000 төгрөг төлүүлж байсан баримт байдаг. Үүнийг хүртэл нуун дарагдуулсан. Би 200.000.000 төгрөгийн зээл аваад хүүхдүүдээ орох оронтой болгоё гэж байсан.Өнөөдөр хүүхдүүд орох оронгүй,бизнэс дээрэмдсэн, сургууль соёлгүй болсон, цагдаа шүүхээр гүтгэгдэж байна”,

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд БНХАУ-ын иргэн Б Ч болон иргэн Э.Ц нараас өмгөөлөгч Д.А /ҮД2230/-д холбогдуулан гомдлыг гаргасан байдаг. Гомдол гаргагч нарын гомдлын үндэслэлд дурдсан асуудлын хүрээнд хянан шалгах ажиллагааг явуулан хариуцагч өмгөөлөгч Д.Ад холбогдох асуудлыг маргаан үүсгэн хуралдаанаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн тул Маргаан хянан шийдвэрлэх журамд зааснаар БНХАУ-ын иргэн Б Ч болон иргэн Э.Ц нарын гомдлыг нэгтгэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон маргааны хуралдаанаар гомдол гаргагч Б Ч болон иргэн Э.Ц хариуцагч Д.А нарыг оролцуулан маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар шийдвэрлэсэн.

5.2. Иргэн Э.Цгийн гаргасан гомдлоор өмгөөлөгч Д.Ад Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар “Сануулах” сахилгын шийтгэл хүлээлгэж шийдвэрлэсэн. Ийнхүү сануулах сахилгын шийтгэл хүлээлгэхдээ Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.5, 14.1.12 болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн.

5.3. Шийтгэл хүлээлгэх үндэслэлд: Өмгөөлөгч Д.А нь иргэн Э.Цтэй 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, иргэн, эрүүгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Р.Мы нэхэмжлэлтэй хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцож уг гэрээний дагуу өмгөөлөгч Д.А нь өөрийн үйлчлүүлэгч Э.Цд хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад анхан шатны шүүх хуралдаанд оролцолгүй хурлын дундуур шүүх хуралдааныг орхин гарсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр давж заалдах шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгчгүйгээр оролцож болох эсэх талаар үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөөгүй, үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй болох нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл болон 1781 дүгээр магадлал зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэн өмгөөлөгч Д.Агийн анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй хурлын дундуур шүүх хуралдааныг орхин гарсан, үйлчлүүлэгчдээ хэргийн талаар мэдээлэл, хуул зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсгийн Үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч өмгөөллийн үйл ажиллагаатай нь холбоотой мэдээ мэдээллийг туай бүр цаг алдалгүй өгөх, Өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсгийн үйлчлүүлэгтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах, 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгийн үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглогдоогүй бүхий л арга замаар тууштай хамгаалах, 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсгийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, 14 дүгээр зүйлийн 14.1.12 дахь хэсэгт хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох гэсэн заалтыг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсгийн үйлчилгээний явцын талаар тухай бүрт үйлчлүүлэгчид мэдээлэх гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэн хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзсэн.

5.4. Гомдол гаргагчийн гомдлын үндэслэлд дурдсан хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн шийтгэл хөнгөдсөн тухай асуудал нь хорооны шийдвэрийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн өмгөөлөгч Д.Ад Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасны дагуу “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулахдаа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэгдсэн болно. Иймд тус маргааны материал бүхий үйл баримтад үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээд Д.Агаас шүүхэд гаргасан тайлбартаа: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Д.А миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

6.1. Э.Ц өөрийнхөө тайлбарт хэлсэн. 2022 онд хүртэл Д.Ад итгэж байсан гэхээр 2021 оныг дуустал Э.Ц надтай холбоотой байсан. Надаас зөвлөгөө авахдаа үнэ төлбөргүй авч байсан гэдгийг баталж байна. Намайг ёс зүйгүй гэж яагаад өгч байна вэ гэхээр 2021 онд Э.Ц над руу утасдаад би Р.Мтай үзэлцмээр байна. Өмгөөлөгчөөр орж өгөөч гэж хэлэхэд нь татгалзсан. Татгалзлаа гээд намайг гүтгэж байна. Миний хувьд эсрэг талд ажиллаж, түүнтэй тохиролцох боломжгүй.

6.2. Би шударга хүн. Монголын Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хорооны тогтоолд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хурлын орхин гарсан гэж байна. Гомдол гаргагч надаас татгалзсан гэдгээ хэлсэн. Миний хувьд надаас татгалзсан гэдгийг хэлсэн. Татгалзсан байхад тухайн шүүх хурлыг орхин гарахаас өөр арга байхгүй. Ёс зүйн асуудал яриад чиний үйлчлүүлэгч танаас татгалзсан байхад та энэ хуралд орох ёстой байсан. Туслалцаа үзүүлээгүй гэж шийтгэл оногдуулж болохгүй гэж үзэж байна. Үйлчлүүлэгчдээ тайлбарлаж өгөөгүй гэж байна. Өмчлөлийн талаар миний хувьд юу ч мэдэхгүй байсан. Энэ талаар ямар ч ойлголтгүй, тэр талаар тайлбарлаж өгөөгүй гэж байна. 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Хан-Уул дүүрэгт байрлах Р.Мы өмчлөлийн эд хөрөнгөөс Э.Цгийн 2 хүүхдэд ноогдох хэсгийг тодорхойлуулах Баянгол дүүргийн Голден парк хотхонд байрлах өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага бичсэн. Э.Ц 04 дүгээр сарын 26-ны өдөр буюу 1 сарын дараа сөрөг нэхэмжлэл гаргах нь гэж байгаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

6.3. Хан-Уул дүүрэгт байрлах Р.Мы өмчлөлийн эд хөрөнгөөс 2 хүүхдэд нь ноогдох хэсгийг гаргуулахыг хасаж ганцхан Баянгол дүүргийн Голден паркийн байрнаас ноогдох хэсгээ гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа гараар бичсэн байсан. Э.Цд хууль зүйн туслалцаа үзүүлсэн талаар миний компьютерт хадгалагдаж үлдсэн бүх баримтаа нотлох баримтаар өгсөн. Хавтаст хэрэгт байсан гомдол нь шүүхийн төрөлжсөн архиваас авсан баримтаар нотлогдож байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй оролцсон. Өмгөөлөгчгүй оролцоход та сөрөг нэхэмжлэлээ тайлбарлана уу гэхэд сөрөг нэхэмжлэлээ хэлсэн. Өмчлөлийн ноогдох хэсгээ гаргуулна гэж нотлох баримтаар хэрэгт авагдсан. 08 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах шатны гомдол бичиж өгсөн. Сүүлийн хугацаа гэж өгсөн. Өөр шүүх хуралтай байсан тул модны 2-н хавьцаа таны гомдлыг бичсэн байна, ирээд авчих гэхэд ирээд авсан. Энэ гомдол яасан эсэх нь мэдэгдэхгүй болохоор Э.Ц рүү утасдаад та гомдлоо өгсөн үү гэхэд миний бие өвдсөн байсан тул давж заалдах хугацаагаа сэргээлгэж гомдлоо өгсөн гэж хэлсэн.

6.4. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр давж заалдах шатны шүүхээс над руу утасдаад Р.Мы нэхэмжлэлтэй Э.Цд холбогдох давж заалдах журмаар хэлэлцэх хэрэг 10 дугаар сарын 07-ны өдөр өглөөний 08 цаг 30 минутад болно гэж хэлэхэд би ойлголоо гэж хэлсэн. Дараа нь Э.Ц над руу утасдаад энэ хурал 10 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон байна гэж хэлсэн. Э.Цгээс та анхан шатны шүүх дээр надаас татгалзсан, тэр яасан бэ? Та давж заалдах шатны шүүх хуралд оруулахын тулд намайг оруулах тухай хүсэлт бичиж өгөх байх гэж хэлэхэд шүүх хуралдааны тэмдэглэл үзэхэд өөрөөс тань татгалзсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна. Тийм учраас өөрөө орж болно гэж хэлсэн. 10 дугаар сарын 06-ны өдөр Э.Цтэй маргааш тэдэн цагаас хуралтай гэж хэлсэн. Гэтэл 10 дугаар сарын 07-ны өдөр 08 цаг 30 минутад би хуралд ирэхэд Э.Ц ирээгүй байсан. Би утасдахад надад ажилтай байна гэж хэлсэн. Давж заалдах шатны шүүх ар араасаа ордог тул биеэр оролцоно гэж хүсэлт өгөөгүй бол ямар нэгэн байдлаар хойшлуулах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлд бичигдсэн. Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд биечлэн оролцохыг хүсвэл бичгээр хүсэлт гаргана гэж заасан. Бичгээр хүсэлт гаргаагүй бол давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж заасан. Давж заалдах шатны шүүх хурал 6 дахь хурал гэж байна. Би хэд дэх хурлыг санахгүй байна. Түүн дээр нотлох баримтыг интернэтээс хайхаар олдоогүй. 10 дугаар сарын 07-ны өдөр Улсын Дээд шүүх дээр хуралтай байсан тул энэ хуралд ороод тэр хуралд орохоор байсан. Хуралд ороод гарч ирэхэд Э.Ц ирсэн байсан. Шүүхийн шийдвэрээ сонсоод байж бай, хуралтай тул Улсын Дээд шүүх рүү орлоо гэж хэлээд явсан. Өөрийнхөө нөхөртэй хуйвалдсан, өөрийнх нь эсрэг байсан гэж байна. 2022 оны 03 дугаар сард Монголын Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хорооноос дуудаж надаас тайлбар авсан. Тэр болтол энэ хүнийг гомдол өгсөн гэдгийг мэдээгүй. Энэ талаар Э.Ц надад хэлээгүй. Шүүхийн төрөлжсөн архив дээр очиж хэрэгтэй танилцахад миний гомдлоос өөр гомдол өгсөн байсан. 2010 оны шүүхийн шийдвэрийг хараад нэгэнт хүчин төгөлдөр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу удаа дараа Э.Цд гомдол бичиж өгч байсан. 2019 оны 04 дүгээр сард Р.М Э.Цд 8.000.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлж байна. Надад 7.000.000 төгрөг өгсөн гэж тухайн үед хэлсэн. Р.М хавтаст хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тухай, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдлийг хавтаст хэрэгт хийсэн байсан. Шийдвэр гүйцэтгэх газарт очиж хэрэгтээ танилцахад хэдэн төгрөгийн хүүхдийн тэтгэлэг авах ёстой талаар тооцоо гаргах хэрэгтэй байсан. Энэ талаар баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Би гомдолдоо 32.250.000 төгрөгийг гаргуулах талаар бичсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд миний хэлсэн үг бүрэн эхээрээ байгаа. Энэ талаар нотлох баримтаар авагдсан. Улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах талаар хүсэлт өгч, үүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын дараа магадлалыг 10 дугаар сарын 23-ны өдөр Э.Ц гардаж авсан байсан. Би оролцох ёсгүй гэсэн бол 2022 он хүртэл надтай холбогдохгүй байсан. Энэ талаараа өөрөө хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох ёстой байсан. Э.Ц 2022 он хүртэл энэ хүнд итгэж байсан талаар өөрөө мэдүүлсэн. Өмчлөлийн тухай ямар ч ойлголтгүй хүн гэж байна. Анхан шатны шүүх дээр өмчлөлийн талаар ярьсан. Э.Ц надад ноогдох хэсгийг олгож өгнө үү гэж хэлсэн. Миний хувьд 32.250.000 төгрөгийг гаргуулах талаар бичсэн. Давж заалдах шатны шүүхийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчээс шүүгч асуухад хариу тайлбар хэлсэн. Надад одоо мөнгө байхгүй. Энэ 2 хүүхдийг өмч хөрөнгөтэй болгохын тулд худалдаж авсан гэж хэлдэг тул шүүхээс хэсэгчилж хангасан. Э.Цд ноогдох хэсгийг гаргуулж шийдсэн. 2020 оны 01 дүгээр сард нийслэлийн давж заалдах шатны магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргасныг шүүх хангасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлсэн баримт хэрэгт авагдсан. Тухайн өдөр баяртай байсан. Элбэрэл, Итгэл гэдэг 2 хүүхэд тухайн үед хурал болохын өмнө Итгэлт 2017 оноос, Элбэрэл нь 2018 оноос аавтайгаа амьдарч байгаа тул миний асрамжид байгааг тогтоож өгнө үү гэх Р.Мы сөрөг нэхэмжлэлийг хэрэгт авагдсан. Тухайн үед яагаад хурал хойшлуулах шалтгаан болж байсан бэ гэхээр хүүхдүүд хэний асрамжид байна, түүнд гаргах магадлал өндөр байдаг гэж хэлсэн болохоос биш энэ хүнийг тархидсан зүйл байхгүй. Нотлох баримт бүгд байгаа. Би таны талд байсан. Хэзээ ч Р.Мы талд байгаагүй. 2019 оны 09 дүгээр сарын 30-нд шинээр илэрсэн нөхцөл гэж нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хянуулах гэж хүсэлт өгсөн байна. Энэ хурлыг огт мэдээгүй. 09 дүгээр сарын 30-ны өдөр Хятад улсад явж байсан. 09 дүгээр сарын 30-ны өдөр миний охины төрсөн өдөр байдаг гэж та гомдол гаргасан байсан. Шүүхээс 09 дүгээр сарын 30-ны өдөр энэ хүн Замын-Үүд дээр байсан байна. Замын-Үүд дээр байсан тул энэ хүнд шүүгчийн туслах мэдэгдээгүй гэх баримт үүсгэгдэж байна гэх үйл баримт бичигдсэн. Хэн нь шударга байна, хэн шударга бус байна гэдэг нь харагдаж байна. Би ёс зүйн алдаа гаргаж байгаагүй” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:                                      

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Э.Цгээс “...Өмгөөлөгч Д.А нь ажил мэргэжлээ ашиглан өмгөөлөгч Мэндсайхантай хуйвалдаж, олон сараар тархидаж хуулийг ашиглан худал тайлбараар миний өмчийн талаар ойлголтгүйг ашиглаж асар их хохирол учруулсан гэж гомдолтой явна. Давж заалдах шатны шүүгчийн туслах хурлын товыг худал зарлаж хуралд оролцуулалгүй магадлал 2019.10.07-нд гарахад өмгөөлөгч Д.А надад мэдэгдэлгүй гомдол, хавтастай хэргийн надтай уулзалгүй нууцаар оролцож, надад хэлсэн мэтээр өмгөөлөгч Мэндсайхан, шүүгчийн туслах нартай хуйвалдаж эсрэг талтай яваагаа надад туслаж байгаа сайн хүний дүрээр хуйвалдаж хүүхдүүд бидний амьдралыг хөмөрч чадсанд гомдолтой...” гэж,

Нэхэмжлэгч Б Чгаас өмгөөлөгч Д.Агийн талаар “...Би тухайн үед Баянтал суманд үйлдвэрийн байранд хөл хорионд байсан. Тэгээд шинжээч ажиллаж байх явцад намайг элдвээр хэлж, гутаан доромжилж, намайг хужаа гэж гүтгэн хуульч хүнд байж боломгүй муухай, хуульч хүний ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан. ...Алтантуяа хуульч хүний хувьд ийм увайгүй бусармаг, хууль зөрчсөн үйлдэл хийж Баянталын ард түмний эрүүл мэндэд дайсагнасан үйлдэл хийж байсан. Иймд Д.Агийн ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн гомдлуудыг өмгөөлөгч Д.Ад холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасныг тус хороо нэгтгэн хэлэлцээд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолоор өмгөөлөгч Д.А нь гомдол гаргагч Б Чтай харилцахдаа хууль болон ёс зүйн зөрчил гаргасан болох нь нотлогдохгүй байна, харин Э.Цгийн гомдолтой холбогдуулан түүнд Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.5, 14.1.12 дэх хэсэг болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож, өмгөөлөгч Д.Ад “сануулах” сахилгын хариуцлага хүлээлгэжээ.

3. Уг тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Э.Цгээс өмгөөлөгч Д.Агийн өмгөөлөх эрхийг хасаж өгнө үү гэж, харин Б Чгаас өмгөөлөгч Д.Агийн үйлдлийг бүрэн дүүрэн нотлоогүй, хуулийн хариуцлага хүлээлгээгүй орхисонд гомдолтой байна гэж Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3.1. Нэхэмжлэгч Э.Цгийн хувьд: Хэрэгт авагдсан баримтууд болон маргалдагч талуудын тайлбараар өмгөөлөгч Д.А нь иргэн Э.Цтэй 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, улмаар иргэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Р.Мы нэхэмжлэлтэй хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцжээ. Уг гэрээний дагуу өмгөөлөгч Д.А нь өөрийн үйлчлүүлэгч Э.Цд эрх зүйн туслалцаа үзүүлэх явцдаа анхан шатны шүүх хуралдаанд оролцолгүй, хурлын дундуур шүүх хуралдааны орхиж гарсан болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгчгүйгээр орох эсэх талаар үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөөгүй, үр дагаварыг нь тайлбарлаж өгөөгүй болох нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, магадлалаар тус тус нотлогдож тогтоогджээ.

Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ тодорхой үүрэг хүлээхээр Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зохицуулж, мөн зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах,” 14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах;”, 14.1.3-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах;”, 14.1.5-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх;”, 14.1.12-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох;”-оор тус тус үүрэгжүүлсэн бөгөөд өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмээр мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, шаардлага, ёс зүйн зөрчил, хариуцлагыг тус тус зохицуулж, өмгөөлөгч нь дээрх Өмгөөллийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж, ёс зүйн зөрчилгүй өмгөөллийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхээр тус тус заажээ. Өмгөөлөгч Д.Агийн хувьд дээрх байдлаар Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хүлээх үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тул “сануулах” хариуцлага хүлээлгэсэн тогтоол үндэслэлтэй.  

 

3.2. Нэхэмжлэгч Б Чгийн хувьд: Өмгөөлөгч Д.А нь иргэн Г.Наранболдтой 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр, “Бигом” ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Тавин эх, Олгой цагаан, Соёлмаа, Б Ч нарын гомдлоор шалгагдаж байгаа хэрэгт Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б Чтай хийх уулзалтад оролцохдоо түүнтэй зохисгүй байдлаар харьцсан, доромжилсон, элдэвээр хэлж, ёс зүйгүй байдал гаргасан гэх нөхцөл байдал маргааны хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, Б Чгийн гомдолд үндэслэн хариуцлага тооцоогүй байна.                     

4. Хэрэгт авагдсан 1 минут 57 секунд, 6 минут 14 секундын CD дээрх бичлэг, болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр өмгөөлөгч Д.А нь нэхэмжлэгч Б Чтай хийсэн уулзалтад Б Чг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилсон үг үйлдэл гаргаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б Чгийн “...хянан шалгагч гишүүн зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй...” гэх гомдол үндэслэлгүй.

4.1. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, хянан шалгагч нь Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээ авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 11.2-т “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой үйл баримтыг тодорхой үнэн зөв эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно” гэж заасныг зөрчөөгүй, энэ талаарх нэхэмжлэгч Б Чгийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б Чгаас Г.Наранболд, Б.Цэгмид нарын тайлбарыг үндэслэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа ч тухайн өдрийн үйл баримтын талаар хэрэгт авагдсан CD дээрх бичлэгт өмгөөлөгч Д.А нэхэмжлэгч Б Чг хэл амаар гутаан доромжилсон гэж үзэхээргүй байна.

4.2. Нэгтгэн дүгнэвэл, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос өмгөөлөгч Д.Ад сахилгын шийтгэл ногдуулахдаа хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, түүний гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан нь Өмгөөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасантай нийцсэн байна гэж шүүх үзлээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т “Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан”-ыг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ: гээд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д “Шүүх энэ хуулийн 112.1.4-т заасан маргааныг хянан шийдвэрлэж, дараах байдлаар магадлал гаргана” гэж заасан байх ба 113.6.1-д “шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих”, 113.6.2-т “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах”, 113.6.3-т “шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцаана” гэж зохицуулжээ.

5.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Э.Ц болон нэхэмжлэгч Б Чгийн гомдлын шаардлагын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөлөгч Д.Агийн өмгөөлөх эрхийг хасах буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй тул энэ талаарх гомдлын шаардлагыг хүлээн авах боломжгүй.

 6. Иргэдийн төлөөлөгч М.Эрдэнэсувд дүгнэлтдээ “нэхэмжлэгч Цэцгээ нь нуршуу олон зүйл ярьлаа. Өмгөөлөгч Алтантуяа баримтаар ярьж байна. Гуравдагч этгээдийн ярьсан зүйл үнэн болно” гэж бичсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Д.Агийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмгөөллийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.5, 14.1.12, 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасныг тус тус баримтлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Э.Ц, Б Ч нарын Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МТ/23 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Д.Агийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б Чгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Э.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН