МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням
-улсын яллагчаар М.Гансувд
-шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардорж
-шүүгдэгч А.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овгийн А.ийн .Мд холбогдох эрүүгийн 2134000000056 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй “Төв чандмань” ХХК-ийн халаалтын 7 дугаар уурын зууханд галч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, тоотод оршин суух хаягтай, урьд нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тогтоогдож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг “хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, бие эрүүл гэх Их Монгол овгийн А.ийн .М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, Усны аж ахуйн 218 тоот хашаанд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Б.Пүрэвтогоогийн зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, Усны аж ахуйн 218 тоот хашаанд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Б.Пүрэвтогоогийн зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 32 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 72 тал/
- Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 27-28 тал/,
- Хохирогч Б.Пүрэвтогоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би ТӨв аймгийн Эрдэнэсант сумаас 2019 онд Төв аймгийн Зуунмод суманд амьдархаар нүүж ирсэн албан ёсны хаягаа шилжүүлж амжаагүй байгаа. Би Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 218 тоотод айлын хашаанд эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг юм. 2021 оны 01 дүгээр 14-ний орой манай ээжийн төрсөн ахын охин нь Э.Эрдэнэцоожийн нөхөр н.Бор гэж дууддаг А.М над руу утсаар залгаад манай гэрт ороод ир гэсэн. Тэгээд би гэрт нь яваад ортол А.М, Э.Эрдэнэцоож хоёр хоёулахнаа гэртээ байсан. Тэгээд А.М 0.75 литрийн архи гаргаж ирээд бид гурав бага зэрэг согтсон. Тэгээд би А.Мд хандан согтуурхаад битгий миний дүү Э.Эрдэнэцоожийг дарамтлаад байгаарай, хайрлаж яваарай гээд амьдралд нь оролцоод бага зэрэг үг хаясан юм. Тэгтэл А.М хоёулаа гэрээс гараад уулзая гээд гадаа гараад миний нүүр рүү 1 удаа мөргөсөн. Би мөргүүлээд газар унасан. Тэгтэл дээрээс толгойн дух хэсэг рүү нэг зүйл цохих шиг болсон. Миний толгойноос цус гарсан. Тэгээд миний уруул руу гараараа дахин 1 удаа цохиод, цээж хэсэг дээр дэвссэн. Намайг зодож байх хугацаанд одоо болио гэхэд чамайг ална гээд тоохгүй цохиод зодоод байсан. Тэгээд эхнэр нь болох Э.Эрдэнэцоож болиоч гэж хориод дийлэхгүй аавыгаа дуудсан. Тэгээд Э.Эрдэнэцоожийн аав буюу хадам аавыгаа гараад иртэл А.М зугтаагаад явсан. Тэгээд би түргэн дуудаад оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
- Хохирогч Б.Пүрэвтогоо мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “...Би өмнө нь зүүн талынхаа эрүүг хугалж байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр томографт харуулахад хугаралтай гарч ирсэн юм. Харин 2021 оны 01 дүгээр сарын 14-с 15-нд шилжих шөнө А.Мд зодуулаад миний баруун талын эрүү хугарсан. Тэгтэл А.М намайг би чиний эрүүг хугалаагүй биз дээ, чиний эрүү өмнө нь хугархай байсан биз дээ гээд байгаа юм. Хүн хоёр эрүүтэй байдаг. Миний зүүн талын эрүү өмнө нь хугарсан. Харин баруун талын эрүүг 2021 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө А.М намайг зодож байхдаа хугалсан юм. Надад өмнө нь зүүн талынхаа эрүүг хугалаад томографт авхуулсан шинжилгээ нь байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
- Гэрч Б.Эрдэнэжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой телевизороор гарсан киног үзчихээд эхнэр н.Сүхцэцэг бид хоёр унтаад өгсөн. Тэгээд үүрээр шахуу 03-05 цагийн үед л байх манай эхнэр н.Сүхцэцэгийн утас дуугараад утсаар ярьсан. Тэгээд намайг зүүн гэрт юм болоод байх шиг байна, чи ороод хараадах гэсэн. Тэгээд би дээгүүрээ юм нөмрөөд зүүн гэр болох хүргэн А.Мын гэрт ортол хүргэн А.М охин Э.Эрдэнэцоож, Б.Пүрэвтогоо нар халамцуу архи уусан шинжтэй А.М, Б.Пүрэвтогоо хоёр хоорондоо маргалдаад байж байсан. Б.Пүрэвтогоогийн дух, хөмсөг хэсгээс цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд би уурлаад, загнаад Б.Пүрэвтогоог гэр рүү нь явуулсан. Хүргэн охин хоёроо загнаад байж байтал эхнэр н.Сүхцэцэг орж ирээд бас загнасан. Тэгээд өглөө цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
- Гэрч Ц.Сүхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гэртээ нөхөр н.Эрдэнэжавын хатаар унтаж байтал цагийг нь санахгүй байна шөнө дунд байх, үүрээр ч юм уу утас дуугараад утсаа автал охин Э.Эрдэнэцоож ороо ир гэсэн. Тэгээд би нөхрийгөө ороодох гэж хэлээд манай нөхөр босоод А.Мын гэр рүү орсон. Би гэртээ үлдсэн. Тэгээд нөхөр орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь А.Мын гэр рүү ортол манай нөхөр Э.Эрдэнэцоожийг загнаад зогсож байсан. Би юу болоод байгаа юм бэ гэж асуухад архи уусан, тэгээд А.М Б.Пүрэвтогоо хоёр зодолдсон гэж байсан. Манай нөхөр Б.Пүрэвтогоог гэр рүү нь хүргэж өглөө гэж байсан. Тэгээд би охиноо бас архи, дарс уулаа гэж загнаад өнгөрсөн. Тэгээд өглөө нь цагдаа ирээд А.Мыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
- Гэрч Э.Эрдэнэцоожийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө ойролцоогоор 1 цагийн үед Б.Пүрэвтогоо ах манай гэрийн хаалгыг нүдээд байсан. Тэгээд гэртээ оруулахад Б.Пүрэвтогоо ах бага зэрэг согтуу байсан. Тэгээд гэрт байсан хугас шил архиа гаргаад Б.Пүрэвтогоо ахтай нөхөр бид хоёр хувааж уусан. Тэгээд мөн гэртээ эсгэж байсан брашигаа Б.Пүрэвтогоод өгч уулгасан. Тэгээд Б.Пүрэвтогоо ах нь шоронд орох юм шиг байна гээд уйлаад байсан. Тэгээд манай нөхөр А.М би өглөө ажилтай, би унтлаа гэхэд Б.Пүрэвтогоо ах гэртээ харихгүй, гэрээс гарахгүй манай нөхрийг шоронгийн банди минь босоод ир гэсэн. Тэгэнгүүт манай нөхөр босоод Б.Пүрэвтогоо ахыг гэрийн хаалгаар түлхээд гаргачихсан юм. Тэгтэл Б.Пүрэвтогоо ах эргэж орж ирээд манай усны саван дээр суугаад манай нөхөртэй хэрэлдээд байсан. Б.Пүрэвтогоогийн дус хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд би зодоон болж магадгүй гээд аавыг дуудсан. Аав орж ирээд Б.Пүрэвтогоог гэрт нь хүргэж өгөөд намайг архи, дарс уулаа гэж загнасан. Араас нь ээж орж ирээд юу болоод байгаа юм бэ гэж бас загнасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
- Шүүгдэгч А.Мын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед манай эхнэрийн талын хамаатан ах болох Б.Пүрэвтогоо манай гэрт надаас тамхи асууж орж ирсэн. Орж ирэхдээ согтуу орж ирсэн, тэгээд би 0.75 литрийн тал шил архи гаргаж ирээд хувааж уусан. Тэгээд архи дуусаад манайд байсан 25 литрийн бараашиг байсныг талыг нь бид гурав хувааж, Б.Пүрэвтогоо ах намайг хэл амаар доромжлоод гараад ир чамтай зодолдмоор байна гээд байсан. Тэгэхээр нь би Б.Пүрэвтогоо ахыг гэрээс түлхэж гаргаад, гэрийн үүдэнд 2-3 удаа нүүр, толгой хэсэг рүү нь гараараа цохисон. Тухайн үед өглөөний 05 цаг болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
- Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтэд “...Б.Пүрэвтогоогийн биед баруун доод эрүүгийн зөрүүгүй хугарал, дус, хамрын нуруу, дээд уруул, цээжинд зулгаралт, хүзүү, зүүн эгэм, зүүн хөх цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,
- Шүүгдэгч А.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 01-02 цагийн үед байх манай гэрийн хаалгыг Б.Пүрэвтогоо ах нүдээд байсан. Тэгээд гэртээ оруулахгүй гээд унтаж байна, яах гээд байгаа юм бэ, гэхэд тоохгүй манай гэрийн хаалгыг нүдээд ормоор байна гээд байсан. Тэгээд би гэрийн хаалгаа тайлж өгөөд Б.Пүрэвтогоо ахыг гэртээ оруулсан. Б.Пүрэвтогоо ах шал согтуу байсан. Тэгээд Б.Пүрэвтогоо ах ах нь шоронд орох гээд байна гээд байсан. Тэгэхээр нь гэрт байсан тал шил архиа гаргаж өгөөд бид хоёр хувааж уусан. Тэгээд манай эсгэж байсан бараашигийг бас уусан. Тэгээд би маргааш ажилтай гээд у нтах гэтэл Б.Пүрэвтогоо ах шоронгийн банди миний босоод ир гээд байсан. Тэгэхээр нь босоод Б.Пүрэвтогоо ахыг хаалгаар түлхэж гаргасан. Тэгтэл довжоо дээр бүдэрч унасан, дээрээс нь хоёр удаа гараараа цохисон. Эхний цохилт нь толгойн үсийг нь шүргэсэн. Хоёр дахь цохилт нь толгойн ар талд нь хүрсэн. Тэгээд гэрийн хаалгаа дотор талаас нь түгжсэн. Тэгээд гадаа хашиграад байсан. Тэгээд цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 67 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 12 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 77 тал/ 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч А.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч А.Мд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч А.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч А.Мд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Их Монгол овгийн А.ийн .Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Их Монгол овгийн А.ийн .Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА