Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/337

 

 

                                                           

           

 

 

 

 

2021          06        07                                   2021/ШЦТ/337

                                                                                     

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гурван богд овогт Г.Бт холбогдох эрүүгийн 2009 00913 1337 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Гурван богд овогт Г.Б, Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 13ы өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цэргийн ерөнхий инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол 11-35 тоотод оршин суух хаягтай,

Урьд: 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9 тоот шүүгчийн захирамжаар 11 сар 18 хоногийн өмнө хугацааны өмнө тэнсэн суллагдсан /хх-113-124х/, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар ......................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдснаар/;

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд “Гаалийн ерөнхий газар ажилладаг. Гааль дээр хураагдсан машиныг жилд 3 удаа өөрийн нэр дээр хямдхан авч болно. Машин авч өгье” гэж хуурч С.Паламаас 2.350.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Ш.Болдбаатарт өөрийгөө “Тагнуулын ерөнхий газарт ажилладаг хурандаа Гэндэнжавын Төрманлай хэмээн танилцуулж, танай сургуульд хөгжмийн зэмсэг бэлэглэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 120.000 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн 10090046385 тоот дансаар шилжүүлэн залилан мэхэлж авсан,

2020 оны 02 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Золбаярт өөрийгөө “Тагнуулын ерөнхий газарт ажилладаг Гэндэнжавын Төрманлай хэмээн танилцуулж, танай сургуульд хөгжмийн зэмсэг бэлэглэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 220.000 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн 100900463285 тоот дансаар, Юнителийн 5000 нэгжийг тус тус шилжүүлэн залилан мэхэлж авч, бусдад 225.000 төгрөгний хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Алтанцацралын 99936782 дугаарын утас руу өөрийн 80120830 дугаарын утаснаас залгаж “Өөрийгөө Арвай генералын хүү Баатар байна, эрүүл мэндийн болон соёлын төвд тоног төхөөрөмж хандивлаж байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 197.600 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2020 оны 06 сард 98131722 дугаарын гар утас ашиглан “11.000.000 төгрөгний өртөг бүхий иж бүрэн цахилгаан хөгжим хандивлана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дарга албан тушаалтай С.Ариунжаргалыг хуурч 500.000 төгрөгийг залилан авсан,

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн захирагч С.Анхбаяр руу утсаар холбогдож “Тариалан сум руу тусламжийн гэр ачуулах гэж байна. Ачуулах хөлс нь 200.000 төгрөг болох юм байна. ATM ажиллахгүй чи мөнгө шилжүүлчих, би Тариалан суманд очиж байгаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан мэхэлж авсан,

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хүүхдийн секторын харьяа “Алтан харгана" цэцэрлэгийн эрхлэгч Д.Бадамгаравтай 80120830 дугаарын утаснаас залгаж “Танай цэцэрлэгт хөгжмийн зэмсэг хандивлана. Жолооч нарын замын хүнс бэлдэж өгөөрэй” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 1 дүгээр ангид хэсгийн мастер ажилтай Ц.Батцэнгэлийг ажил дээрээ байхад нь 95116836 дугаарын утас руу залгаж “Би танай Замын орлогч дарга Хүрэлбаатартай танай ажилчдыг урамшуулахаар явж байна, Төрийн банкны 100900463285 дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлчих, очоод өгье, танай байгууллагын ажилчдад хандив тусламж үзүүлэх гэж байна” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж 100.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлэн авч залилсан мэхэлсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад 3.792.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...С.Палам нь надад цувуулан өгсөн, нэг дор бөөн өгөөгүй, эхлээд 350.000 төгрөг авсан, дараа нь 1.650.000 төгрөг авсан. Энэ мөнгийг би гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан юм ...” гэх мэдүүлэг /2хх-37-38х/, “...Би Дарханаас найз Хүрэлбаатартайгаа хамт явж байна. Танай барилга орон сууцанд хандив өгөх гэж байгаа юмаа гэж яриад хэсэг хугацааны дараа дахин залгаад энэ данс руу мөнгө хийгээд өг гээд өөрийн Төрийн банкны данс руу 100.000 төгрөг хийлгэж очоод бэлнээр нь өгье гэж хэлээд авсан ...” гэх мэдүүлэг /1хх-240-242х/, “...Би С.Ариунжаргалтай холбогдон хөгжмийн зэмсэг нийлүүлнэ гэж хэлээд замын зардал хэрэгтэй байна гэж хэлээд шилжүүлэн авсан юм ...” гэх мэдүүлэг /2хх-69-70х/, “...С.Анхбаяраас тухайн үед би тусламжийн гэр ачуулах гэж байна, тээврийн хөлс хэрэгтэй гэж хэлээд тэгээд дансаар мөнгө шилжүүлэх талаар хэлж 200.000 төгрөгийг авсан, би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийн талаар ямар нэг маргах зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /2хх-232-233х/,  “...86844046 дугаарын гар утсаар УБ лавлах 1900-1617 руу залгаж Говь-Алтай аймгийн Шарга сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын гар утасны дугаарыг нь авсан. Би Говь-Алтай аймгийн Шарга сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын гар утас руу залгахад нэг эрэгтэй хүн утас авахаар нь би өөрийгөө Гэндэнжавын Төрманлай гэж танилцуулаад мөн тухайн хүний нэрийг асуухад Золбаяр гэж байсан. Би тухайн хүнтэй гар утсаар ярихдаа танай сургуульд хөгжмийн зэмсэг бэлэглэх гэж байна аавынхаа нэрээр өгөх гэж байгаа юм, танай сургуулийн хөгжмийн зэмсгийг Онцгой байдлын машин гарна, түүнд өгөөд явуулна гэж хэлсэн. Мөн 6 хүн явж байгаа талаар ярихад хоол унд бэлдэх үү, яах уу гэж асуухаар нь би тэр хүмүүс хоол унд идэхгүй байх гэж хэлэхэд мөнгө шилжүүлэх үү гэж хэлэхээр нь амыг нь дагуулаад тэгье тэгье гэж хэлсэн. Удалгүй миний эзэмшдэг Төрийн банкны 100900463285 дансанд 120.000 төгрөг орсон. Маргааш нь миний дугаар руу нөгөө сургуулийн захирал залгаж хаана явж байгаа талаар асуухаар нь би замдаа машин эвдэрсэн мөнгө байвал 100.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Миний утас руу 5000 төгрөгийн нэгж хийж өгсөн” гэх мэдүүлэг /3хх-193-194х/, “...2020 оны 02 сард Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Хангай хотхоны 3-12 тоотод нийтийн байранд амьдарч байхдаа тухайн үед барьж байсан 86844046 дугаарын гар утсаар УБ лавлах 19001617 руу залгаж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын гар утасны дугаарыг авсан ...гар утас руу залгахад нэг эрэгтэй хүн утас авахаар нь би өөрийгөө Гэндэнжавын Төрманлай гэж танилцуулаад мөн тухайн хүний нэрийг асуухад Болдоо гэж байсан. Би тухайн хүнтэй гар утсаар ярихдаа Говь-Алтай аймгийн таван сургуульд хөгжмийн зэмсэг бэлэглэх гэж байна. Аавынхаа нэрээр өгөх гэж байгаа юм. Би тагнуулын ерөнхий газар ажилладаг хүн байгаа талаар ярьж, мөн Онцгой байдлын Буянхишиг гэдэг хүнээр өгч явуулж байгаа талаар хэлсэн ...Болдоо гэх хүн хоолны мөнгө шилжүүлэх үү гэж хэлэхээр нь амыг нь дагуулаад тэгье тэгье гэж хэлсэн. Удалгүй миний эзэмшдэг Төрийн банкны 100900463285 тоот дансанд 120.000 төгрөг орсон байсан” гэх мэдүүлэг /3хх-200-203х/,  мөн шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Арвай генералын хүү Баатар байна гэсэн чинь тэр эмэгтэй надад хоёулаа ойн дээр таарч байсан гэхээр нь би тэр дарга эмэгтэйд танай сумын хоёр байгууллагуудад техник, төхөөрөмж өгөх гэсэн юм, танайхаас Улаанбаатар хотод явж байгаа таньдаг унаа тэрэг байна уу гэж асуусан чинь тэр дарга эмэгтэй за би сураглая гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дарга эмэгтэй эргэж миний 80120830 дугаарын гар утас руу залгаад Улаанбаатар хотод таньдаг хүн байхгүй байна гэхээр нь би одоо тэгээд яах уу гэсэн чинь тэр дарга эмэгтэй Замын-Үүдийн вагон явж байгаа тэрний тээшинд хийчих гэж хэлэхээр нь би за тэгье, та нар тээшнийхээ мөнгийг өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр дарга эмэгтэй ямар данс руу тээшний мөнгө хийх үү гэж асуухаар нь би төрийн банкны 100900463285 дугаартай дансны дугаараа өгсөн. 140.000 гаран мянган төгрөгийг данс руу хийлгэж авсан. Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас надтай ярьсан дарга эмэгтэй миний 80120830 дугаарын гар утас руу залгаад хэдэн хүн техник, төхөөрөмж авч ирж байгаа вэ гэж надаас асуухаар нь би хоёр хүн явж байгаа, энэ хоёр хүнд хоолны мөнгө төгрөг явуулах уу гэсэн чинь хэдэн төгрөг болох уу гэж тэр дарга эмэгтэй асуухаар нь 50.000 төгрөг байхад болно гэж хэлээд 50.000 төгрөгийг Төрийн банкны өөрийнхөө данс руу хийлгээд гар утсаа салгасан ...”, “... 2020 оны 08 дугаар сард UB лавлах 1900-1617 руу залгаад Замын-Үүдийн төмөр замын цэцэрлэгийн эрхлэгчийн гар утасны дугаарыг нь өгөөч гээд утасных нь дугаарыг авсан, одоо дугаарыг нь санахгүй байна. Лавлахаас авсан дугаар луу 98811947 дугаарын гар утаснаасаа залгаад Замын-Үүдийн төмөр замын цэцэрлэгийн эрхлэгч мөн үү гэж асуусан чинь тийм байна гэсэн. Би Гэндэнжав, Түмэндэлгэр гэж төмөр замын хүний хүүхэд байна, танай цэцэрлэгт хөгжим, тоглоом, ойр зуурын юм өгөх гэсэн юмаа гэж хэлсэн чинь өө за баярлалаа гэхээр нь Улаанбаатар хотоос албаны машин урагшаа явж байгаа юмаа энэнд дайгаад явуулъя, та харин жолоочийн хоолны мөнгө төгрөгийг зохицуулаад өгөөрэй гэж хэлсэн. Төмөр замын цэцэрлэгийн эрхлэгч хэдийг явуулах уу гэж асуухаар нь 50.000 төгрөг байхад болноо гэж хэлсэн. 30-40 минутын дараа миний 98811947 дугаарын гар утас руу төмөр замын цэцэрлэгийн эрхлэгч залгаад эгч нь 100.000 төгрөг хийсэн шүү гэж хэлсэн. 1 цагийн дараа бэлэн мөнгөний машин дээр очоод виза картаа хийж дансны үлдэгдлээ шалгасан чинь 100.000 төгрөг орсон байхаар нь бэлэн мөнгөө авсан ...” гэх мэдүүлэг /1хх-80-86х/,

          Шүүгдэгч Г.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.Паламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Буянхишиг нь надад яаралтай мөнгөний хэрэг байна. Чамд зээлэх мөнгө байна уу, гаалиас яаралтай машин худалдаж авах гэсэн юм. Чамд одоо 300.000 төгрөг байна уу гэхээр нь би “Хэзээ өгөх юм бэ” гэж асуухад Буянхишиг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буцааж өгнө гэж хэлэхээр нь за тэгвэл дансаа өгчих дансаар шилжүүлье гэж хэлэхэд надад Төрийн банкны данс өгсөн. Тухайн өгсөн данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Буянхишигтэй уулзахад надад жилдээ 3 удаа гааль дээрээс машин татварыг нь төлөөд авах боломж байдаг чи тэрнээс нэг машин авалдаа гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.650.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь дахиж залгаад чиний авах гэж байсан рав 4 загварын машинаа больж тоёота гэх нэртэй машин авахаар болсон. Дахиад 300.000 төгрөг шилжүүлээч гэж хэлэхээр нь эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-20-21/,

Хохирогч Г.Алтанцацралаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр миний 99936782 дугаарын утас руу 80120830 дугаарын утаснаас Арвай генералын хүү Баатар гэж хүн байна Улаанбаатар хотоос танай суманд эмнэлгийн тоног төхөөрөмж, соёлын төвд хөгжим хандивлах гэж байгаа юм гээд вагоны тээшинд хийхэд зардал нь 147.600 төгрөгийг эмнэлгийн дарга Цэцэгсүрэнгийн данснаас 100900463285 дугаарын Буянхишиг гэдэг хүний данс руу 147.600 төгрөгийг шилжүүлсэн. Би тоног төхөөрөмж авч ирэх хүмүүсийн хоолны мөнгө болох 50.000 төгрөгийг эмнэлгийн дарга Цэцэгсүрэнгийн данс руу шилжүүлэн Цэцэгсүрэн 100900463285 дугаарын Буянхишиг гэдэг хүний данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-87-90/,

 

Хохирогч С.Цэцэгсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шиг санагдаж байна. Манай сумын засаг дарга миний 91687568 дугаарын утас руу өөрийн 99336782 дугаарын утаснаас залгаад Улаанбаатар хотоос манай суманд тоног төхөөрөмж хандивлах гэж байгаа юм байна гээд энэ 80120830 дугаартай хүнтэй холбогдоход танай суманд эмнэлгийн лабораторын тоног төхөөрөмж явуулж байгаа юм. Вагоны тээшинд хийхэд зардал нь 147.600 төгрөг болж байна гээд 100900463285 дугаарын Буянхишиг гэдэг хүний данс руу 147.600 төгрөгийг шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлээд эргэж залгаад хэдэн хүн ирж байгаа юм гэж асуухад 2 хүн ирж байгаа хоолны мөнгө өгөөрэй гэхээр нь би 50.000 төгрөгийг би дахин 100900463285 дугаарын Буянхишиг гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Маргааш өдөр нь би тоног төхөөрөмжөө хаанаас авах талаар 80120830 дугаартай хүнтэй холбогдож асуухад Сайншанд сумаас очиж тээшнээс ав гэж хэлсэн тул Сайншанд суманд өөрийн эмнэлгийн машинаараа очиход 80120830 дугаарын утас холбогдох боломжгүй болсон байсан. Бүтэн өдөр хүлээгээд Төмөр замын ажилчдаас ачаа тоног төхөөрөмж ачуулсан талаар асуухад Улаанбаатар хотоос нэг ч ширхэг тоног төхөөрөмж ирээгүй гэж надад хэлсэн тул залилуулсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-93-94х/,

Хохирогч Д.Бадамгараваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 80123195 дугаарын утаснаас нэг хүн залгаад би мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Энхбаатар байна зангилааны дарга Тэнгис чам руу ярьсан уу гэхээр нь яриагүй гээд утсаа тасалсан. Удалгүй зангилааны дарга Тэнгисээс Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын Энхбаатар гэдэг хүн ээжийнхээ насны ойгоор цэцэрлэгт хандив тусламж өгнө гэсэн 80123195 дугаарын утсаар холбогдоорой гэсэн мэссэж ирсэн. 80123195 дугаарын утсаар Энхбаатар гэгч над руу холбогдоод манай ээж, аав маань төмөр замд ажилладаг хүмүүс ээжийнхээ 100 насны ойгоор хүүхдүүд нь буян хийх гэсэн юм, танай хуучин дарга Халтартай ярилцаад танай цэцэрлэгийг сонгосон юм. Танай цэцэрлэгт юу хэрэгтэй байна гэхээр нь би хүн хандив тусламж өгч байхад би тийм юм гэж хэлэхэд хэцүү байна. Та өөрөө мэд гэсэн. Удалгүй нөгөө хүн залгаад би хөгжмийн зэмсэг болох касио 1 ширхэг, мандалин 5 ширхэг, хөгжмийн энгийн зэмсгүүд авчихлаа одоо мэргэжлийн хяналтын машинд тавьж өгөөд явуулъя гэсэн. Орой 16 цагийн үед нөгөө Энхбаатар гэх хүн залгаад манай машин явсан, та жолооч нарын замын хүнсийг нь бэлдээд өгөх үү гэхээр нь би тэгье, та дансаа явуулчих гэхэд 100900463285 Буянхишиг гэсэн данс өгөхөөр нь 100.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-19-21х/,

Хохирогч Ц.Батцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би ажилчдаа цуглуулсан байсан болохоор 100.000 төгрөг шилжүүлэх боломжтой хүн байна уу гэхэд орлогч Цагаандарь надад байгаа гээд уг данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад бэлэн 100.000 төгрөг байсан болохоор Цагаандарьд шууд бэлнээр тухайн үед шилжүүлснийг хараад өгсөн. Уг мөнгө нь миний өөрийн хувийн мөнгө байсан. ...Тухайн үед 98811947 дугаараас залгасан хүн замын орлогч дарга Хүрэлбаатартай хамт явж байна, одоо очиж хурал хийх гэж байгаа, хандив туслалцаа үзүүлэх гэж байгаа гээд манай дүү онгоцоор нисэх гэж байгаа, онгоцны буудал дээр байгаа дүү рүүгээ мөнгө шилжүүлэх шаардлагатай байна, 100.000 төгрөг шилжүүлчих үү гээд цаанаа Хүрэлбаатар даргатай яриад байх шиг байсан. Би тэгэхээр нь Хүрэлбаатар даргатай явж байна гэхээр нь итгээд өөрийн хувийн мөнгөнөөс 100.000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-160-165х/,

Хохирогч С.Ариунжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13 цагт 98131722 дугаарын утсаар миний 86023233 дугаарын утас руу эрэгтэй хүн залгаад би Гэндэнжав генералын хүү Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа Болдбаатар гэдэг хүн байна. Танай театрт 11.000.000 төгрөгний үнэтэй цахилгаан иж бүрэн хөгжим хандивлах гэж байгаа юм. Энэ хөгжмийг ачих зардал болон хүмүүсийн хоол хүнсний мөнгө хэрэгтэй байна гэхээр нь эхлээд өөрийнх нь хэлснээр 350.000 төгрөгийг 100900463285 дугаарын Гэндэнжавын Буянхишиг гэсэн нэртэй данс руу нягтлан бодогч Батнасангаас шилжүүлсэн. Түүний дараа нь маргааш нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дахиж надтай яриад манай ачаа ачиж яваа машин Говь-Алтай аймаг дээр ирэхэд пүрш хугарсан байна. Энэ пүрш нь 150.000 төгрөг гэдэг юм байна. Миний дансанд бэлэн мөнгө алга өчигдрийн данс руугаа 150.000 төгрөг шилжүүлээд өгөөч би очиж байгаад буцаагаад өгье гэхээр нь дахиж Батнасантай холбогдоод 150.000 төгрөгийг 100900463285 дугаарын дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-82-87х/,

Хохирогч М.Золбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний үдээс хойш миний 99222670 дугаарын утас руу 86844046 дугаараас Гэндэнжавын Төрманлай гэж хүн нэрээ хэлээд манай аав Шарга сумын Сондуулт багийн харъяат хүн байсан. Насны ойг нь тэмдэглэх гэж байгаа. Цэцэрлэг сургуульд нийт 27 төрлийн хөгжим өгнө одоо эндээс онцгой байдлын машин гарна түүнд ачаа явуулна гэж хэлсэн. Тэр машинд 6 хүн яваа хөгжмөө үнэгүй ачуулж байгаа учир тэр хүмүүст замын хоолны мөнгө гээд тус бүр 20.000 төгрөг нийт 120.000 төгрөг шилжүүлчих, ахалж яваа хүн нь Буянхишиг гэдэг хурандаа байгаа тэр хүний данс руу хийчих гээд Төрийн банкны 100900463285 гэсэн данс руу мессежээр явуулсан. Тэгэхээр нь 120.000 төгрөг өөрийнхөө утаснаас мобайл банкаар шилжүүлсэн юм. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр над руу дахиж залгаад ачаа ачуулсан минь маань Баянхонгор ороод АТМ-ээр буцаагаад шилжүүлье дансныхаа дугаарыг мессежээр явуулчих гэхээр нь дансаар дахиад 100.000 төгрөг шилжүүлсэн. Ингэж ярьснаас хойш удалгүй замд гарчихсан явж байна над руу Юнителийн 5000 нэгж миний дугаар руу хийгээдэх гэхээр нь утас руу нь 5000 төгрөг дэлгүүрээс явуулсан ...” гэх мэдүүлэг /2хх-248-249х/,

Хохирогч Ш.Болдбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр над руу 86844046 дугаараас өөрийгөө Гэндэнжавын Төрманлай гэж танилцуулаад Говь-Алтай аймгийн 5 сургуульд хөгжмийн зэмсэг бэлэглэх гэж байна. Аавынхаа нэрээр өгөх гэж байгаа юм. Би Тагнуулын ерөнхий газрын хуулийн хэлтсийн гэл үү нэг газар тасгийн дарга хурандаа хүн байгаа юм гэж өөрийгөө танилцуулсан. Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа Буянхишигээр хөгжмийг чинь өгч  явуулж байна. Баян-Өлгий аймаг руу Онцгой байдлын ерөнхий газраас яаралтай ачаа ачаад гарч байгаа юм. Очихоор нь Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Хандмаа та нарт хүлээлгэж өгнө гэж хэлсэн ...яаралтай ажлаар явж байгаа шүү хүмүүсээ та замд нь нэг хооллоод явуулаадахаарай гэж хэлсэн. Дахиад над руу залгаад Буянхишиг хурандаа Аргалант дээр явж байгаа юм байна. Тэндээ хоолонд орж байгаа гэнэ. Би маргааш шилжүүлье та хоолны мөнгийг нь даагаач гэж хэлсэн. Над руу мессежээр данс явуулаад 120.000 төгрөг явуулаарай гэхээр нь Төрийн банкны данс руу шилжүүлж хүүгээрээ тэр явуулсан данс руу нь шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /3хх-104-106х/,

Хохирогч С.Анхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд байх гал унтраах, аврах 46 ангид байх өөрийн ажил дээрээ байж байхад 10 цагийн үед миний гар утас руу 80120830 дугаарын утсаар Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Нямбаяр байна, би амраад хотоос Хөвсгөл аймаг орох гэж байна. Буцахдаа Тариалан сумаар дайраад багийн найзынхаа хүүхдүүд нь тусламж үзүүлэх гэж явна. Тэр асуудал дээр тусалж дэмжээд хамтран ажиллаарай гэж хэлээд утсаа салгасан. Маргааш өглөө нь дахиад залгаад танай Тариалан сум руу тусламжийн гэр ачуулах гэж байна. Ачуулах хөлс нь 200.000 төгрөг болох юм байна. АТМ ажиллахгүй чи мөнгө шилжүүлчих би Тариалан суманд очиж байгаад өгье гэж хэлээд дансаа миний утас руу мессежээр явуулсан ...200.000 төгрөг шилжүүлсэн ...80120830 дугаар руу 4 удаа 10.000 төгрөгөөр нэгж шилжүүлсэн ... 240.000 төгрөгний хохиролтой” гэх мэдүүлэг /2хх-174-178х/, 

Гэрч Тэнгэсээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.../УБТЗ-ын ХНН-ын Замын-Үүд өртөөний дарга/ “2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр миний 86114119 дугаарын данс руу 80123195 дугаарын утаснаас 17 цагийн орчим залгаж би Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын найз Энхбаатар байна би Замын-Үүд рүү явж байна. Саяхан манай эцэг өнгөрсөн буяны ажилд нь зориулж хандив өгмөөр байна. Танайд хэрэгтэй юм байгаа юу гэхээр нь би манайд нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад тоглоом эд хогшил шаардлагатай байж магадгүй гээд холбогдох хүний утасны дугаарыг явуулъя гээд би 80123195 дугаарын утас руу Алтанхаргана цэцэрлэгийн эрхлэгч Бадамгааравын утасны дугаарыг нь мэссэжээр явуулсан” гэх мэдүүлэг /1хх-14-16х/,

Гэрч Ч.Батдэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай найз Бадамгарав ... утаснаас залгаад 100900463285 дугаарын данс руу 100.000 төгрөг хийгээд өгөөч ээ, би эмнэлэгт хэвтэж байгаа болохоор явуулж чадахгүй байна, би дараа нь чамд бэлнээр өгнө хүнд хоолны мөнгө өгөх гэсэн юм. Хотоос юм ирж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-12-13х/,

Гэрч Ц.Цагаандариас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Батцэнгэл мастер орж ирээд надад бэлэн 100.000 төгрөг өгөөд наад мөнгөө энэ хүний данс руу хиймээр байна гээд Төрийн банкны 100900463285 тоот Буянхишиг гэдэг хүний нэртэй данс өгсөн. Би өөрийн интернет банкаар тус данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1хх-165х/,

Гэрч П.Батнасангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ариунжаргал утсаар яриад Улаанбаатар хотоос над руу Гэндэнжав генералын хүүхэд гэнээ Болдбаатар гэдэг Онцгой байдлын гэсэн хурандаа над руу яриад аавынхаа ой тэмдэглэх гэж байгаа гэнээ манай байгууллагад хандиваар 11.000.000 төгрөгийн цахилгаан хөгжим авч өгөхөөр болсон. Тэр хүний авч өгч байгаа цахилгаан хөгжмөө ачуулаад Ховд аймагт ирүүлж байгаа гэнээ шатахууны үнэ болох 350.000 төгрөг шилжүүлэх гээд байна гэхээр нь би өөрөөсөө өгчихье гэж хэлсэн ...Тэр асуудал болсоноос хойш 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг 40 минутын үед Ариунжаргал залгаад нөгөө хүмүүс чинь Говь-Алтай аймагт ирж байгаа машин эвдэрсэн байна гэнээ 150.000 төгрөг шилжүүлчих гээд байна гэхээр нь Буянхишиг гэсэн данс руу дахин шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-90-91х/,

Гэрч Н.Идэрмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 86844046 дугаарын утаснаас Гэндэнжавын Буянхишиг гэдэг хүн байна. Манай аавын төрснийх нь 100 жилийн ой болж байгаа юм. Ойд нь зориулаад манай найзууд Америкаас бэлэг явуулж байгаа юм. Тэр бэлэг нь дандаа хөгжмийн зэмсэг байгаа юм. Уг хөгжмүүдийг нь гааль дээр бууж байгаа би очиж харчихаад эргээд яръя гэж хэлж утсаа таслаад эргээд ярихдаа гааль дээр хөгжимнүүдээ авч байна гэсэн. 10 ширхэг даралтад хөгжим, 3 ширхэг пионо хөгжим, 5 ширхэг шагшуурга гэх мэтчилэн 4 төрлийн хөгжим ирж байгаа юм байна авчихлаа гэсэн. Танайх руу ямар хаягаар явуулах уу гэхээр нь Шарга сумын ерөнхий боловсролын сургууль дээр явуулчихгүй юу гэж хэлсэн ...Би тэр өдөр нь Золбаяр захирал руу яриад ийм хүн яриад байна гэсэн чинь захирал харин тийн тийм хүн бас над руу яриад байна гэж байсан” гэх мэдүүлэг /3хх-7-9х/,

Гэрч Ч.Лувсанжамцаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ангийн дарга Анхбаяр өрөөндөө дуудсан. Би өрөөнд нь яваад орсон чинь ангийн дарга чамд 200.000 төгрөг байна уу, өдөр өгье гэж хэлсэн. Би байгаа гээд хэлсэн ангийн дарга би чамд данс өгье энэ данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Би дансыг нь аваад өөрийнхөө утаснаас интернет банк ашиглаад 200.000 төгрөгийг Буянхишиг гэдэг нэртэй данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-182-183х/,

 Хохирогч С.Паламын Хаан банкны дипозит дансны хуулга /2хх-31-33х/,

Дипозит дансны хуулга /1хх-38-42х/,

Хохирогч М.Золбаярын дипозит дансны хуулга “2020-02-29-нд 100900463285 тоот дансанд 120.000 төгрөг, 2020-03-01-нд 100900463285 тоот дансанд 100.000 төгрөг” гэсэн хуулга /3хх-30х/,

Шүүгдэгч Г.Бийн Төрийн банкны 100900463285 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,

Б.Билэгсайханы Төрийн банкны дипозит дансны хуулга “100900463285 тоот дансанд 120.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн” хуулга /3хх-128-131х/,

Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-151х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-174х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд “Гаалийн ерөнхий газар ажилладаг. Гааль дээр хураагдсан машиныг жилд 3 удаа өөрийн нэр дээр хямдхан авч болно. Машин авч өгье” гэж хуурч С.Паламаас 2.350.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Ш.Болдбаатарт өөрийгөө “Тагнуулын ерөнхий газарт ажилладаг хурандаа Гэндэнжавын Төрманлай хэмээн танилцуулж, танай сургуульд хөгжмийн зэмсэг бэлэглэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 120.000 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн 10090046385 тоот дансаар шилжүүлэн залилан мэхэлж авсан,

2020 оны 02 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Золбаярт өөрийгөө “Тагнуулын ерөнхий газарт ажилладаг Гэндэнжавын Төрманлай хэмээн танилцуулж, танай сургуульд хөгжмийн зэмсэг бэлэглэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 220.000 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн 100900463285 тоот дансаар, Юнителийн 5000 нэгжийг тус тус шилжүүлэн залилан мэхэлж авч, бусдад 225.000 төгрөгний хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Алтанцацралын 99936782 дугаарын утас руу өөрийн 80120830 дугаарын утаснаас залгаж “Өөрийгөө Арвай генералын хүү Баатар байна, эрүүл мэндийн болон соёлын төвд тоног төхөөрөмж хандивлаж байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 197.600 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2020 оны 06 сард 98131722 дугаарын гар утас ашиглан “11.000.000 төгрөгний өртөг бүхий иж бүрэн цахилгаан хөгжим хандивлана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дарга албан тушаалтай С.Ариунжаргалыг хуурч 500.000 төгрөгийг залилан авсан,

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн захирагч С.Анхбаяр руу утсаар холбогдож “Тариалан сум руу тусламжийн гэр ачуулах гэж байна. Ачуулах хөлс нь 200.000 төгрөг болох юм байна. ATM ажиллахгүй чи мөнгө шилжүүлчих, би Тариалан суманд очиж байгаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан мэхэлж авсан,

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хүүхдийн секторын харьяа “Алтан харгана" цэцэрлэгийн эрхлэгч Д.Бадамгаравтай 80120830 дугаарын утаснаас залгаж “Танай цэцэрлэгт хөгжмийн зэмсэг хандивлана. Жолооч нарын замын хүнс бэлдэж өгөөрэй” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 1 дүгээр ангид хэсгийн мастер ажилтай Ц.Батцэнгэлийг ажил дээрээ байхад нь 95116836 дугаарын утас руу залгаж “Би танай Замын орлогч дарга Хүрэлбаатартай танай ажилчдыг урамшуулахаар явж байна, Төрийн банкны 100900463285 дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлчих, очоод өгье, танай байгууллагын ажилчдад хандив тусламж үзүүлэх гэж байна” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж 100.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлэн авч залилсан мэхэлсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад 3.792.600 төгрөгний хохирол учруулсан  болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь хууль бус болох нь илэрхий атал өөрийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр бусдын нийт 3.792.600 төгрөгийг залилан авсан байх тул түүнийг “залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцов.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдаас нийт 3.792.600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.792.600 төгрөгийн хохирол учруулсанаас төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Г.Бээс  хохирлын 2.350.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Паламд, хохирлын 197.600 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Алтанцацралд, хохирлын 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бадамгаравт, хохирлын 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Батцэнгэлд, хохирлын 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Болдбаатарт, хохирлын 225.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Золбаярт, хохирлын 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ариунжаргалд, хохирлын 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Анхбаярт тус тус олгох нь зүйтэй.

 

 

Шүүх шүүгдэгч Г.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал болон насанд хүрээгүй хүүхэд Буянхишигийн Буянтогтохын хамт амьдардаг зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт 2020001140098 /2хх-11х/, 2020000430099 /1хх-58х/, 2003004700417 /1хх-152х/, 20136001350247, 2009018960141, 2016000780113 /3хх-221х/, 2016000630112 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн ба битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гурван богд овогт Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдаас нийт 3.792.600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бээс хохирлын 2.350.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Паламд, хохирлын 197.600 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Алтанцацралд, хохирлын 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бадамгаравт, хохирлын 100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Батцэнгэлд, хохирлын 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Болдбаатарт, хохирлын 225.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Золбаярт, хохирлын 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ариунжаргалд, хохирлын 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Анхбаярт тус тус олгосугай.

5. Энэ хэрэгт 2020001140098 /2хх-11х/, 2020000430099 /1хх-58х/, 2003004700417 /1хх-152х/, 20136001350247, 2009018960141, 2016000780113 /3хх-213-214х/, 2016000630112 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн ба битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ё.ЦОГТЗАНДАН