| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/0161/и |
| Дугаар | 1457 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 1457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 101 дүгээр байрны 38 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХГ 62022700, Олхонууд овогт Дамдингийн Алтанцэцэгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаад: Хүсэлт гаргагч Д.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бчигийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1985 оноос Монгол гутлын үйлдвэрт ажилд орж улсад нийт 8 жил ажилласан ба үүнээс 1988 оны 8 сарын 04-ний өдрөөс 1990 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл нийт 2 жил ажилласан байдал тогтоогдохгүй байгаа, 1985 онд ажилд ороход гутлын үйлдвэрийн трест нэртэй байсан байгууллага маань 1988 оны 8 сарын 1-ний өдрөөс шинээр өөрчлөн байгууладаж Гутал захиалгын засварын үйлдвэр нэртэй байгуулагдсан энэ үед ажлаас түр чөлөөлж 1988 оны 8 сарын 04-ний өдөр монгол гутлын тасагт улалгаачнаар дахин ажилд томилдогдож 1990 оны 9 сарыг 1-ний өдөр ажлаас халагдсан юм.Энэ хугацаанд ажилд авсан болон ажлаас халагдсан даргын тушаал олдохгүй байгаа бөгөөд 2 жил ажилласан байдал тогтоогдохгүй архиваас лавлагаа мэдээлэл гарч ирэхгүй байна.Иймд намайг 1988 оны 8 сарын 4-ний өдрөөс 1990 оны 09 сарын 1-ний өдрийг хүртэл гутал захиалгын засварын үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Алтанцэцэгийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой байна.
Д.Алтанцэцэг 1988 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Монгол гутлын үйлдвэрт улалгаачнаар ажиллаж байсан болох нь 1986 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Октябрийн районы нийтийн хоолны трестээс олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт 1988 оны 4 дугаар сарын 04-ний өдөр Монгол гутлын тасагт улалгаачаар авч ажиллуулсан тухай Гутал захиалга засварын даргын 1988 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 190 тоот тушаалын бичилт, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон учир Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Монгол гутлын үйлдвэрт шилжүүлсэн тухай Гутал захиалга засварын даргын 1990 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 231 тоот тушаалын бичилт,гэрч Л.Отгонбаяр, Р.Нямжав нарын шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхонууд овогт Дамдингийн Алтанцэцэгийг 1988 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Монгол гутлын үйлдвэрт улалгаачнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар Д.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН